2024/02/29

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Энэ онд өсөлтөд нөлөөлөх гол сорилт нь сонгууль байна гэж Монголын топ компаниудын CEO нарын дийлэнх нь үзжээ.

  2. АПУ ХК-ийн 2023 оны борлуулалтын орлого 1 их наяд төгрөгт хүрсэн ч цэвэр ашиг нь 7.5 хувиар буурав.

  3. Walt Disney болон Мукеш Амбанигийн Reliance Industries Энэтхэг дэх медиа бизнесүүдээ нэгтгэх $8.5 тэрбумын хэлцэл хийлээ.

Биднийг амрах хойгуур

Крипто зах зээлд хөшүүрэг эргээд нэмэгдэж, биткойны ханш сүүлийн 2 жил гаруйн хугацаанд анх удаа $60,000 давлаа. Ийнхүү энэ онд 45% өсөөд байна. Гэхдээ 20 болон түүнээс дээш хувийн коррекц тохиох эрсдэл бий хэмээн AnB Investments мэдээлжээ.

CEO нар юу гэв?

Монголын эдийн засгийг төлөөлөхүйц топ 54 компанийн Гүйцэтгэх захирлуудын дунд явуулсан судалгааны үр дүнг MMCG компани танилцууллаа. Бизнесийн орчны 2024 оны гол трендүүд, тулгарах саад бэрхшээлүүд юу байхыг шийдвэр гаргагчид, удирдлагууд хэрхэн тооцоолж буйг харцгаая.

Өсөлтийн саад - Сонгууль

Хөрөнгө оруулалтын шийдвэрүүд сонгуулийн үр дүнгээс хамаарч хүлээгдэж байгаа нь эдийн засгийн өсөлтийг удаашруулах нэг хүчин зүйл болж байна гэж судалгаанд оролцсон Гүйцэтгэх захирлууд үзжээ. Бизнест улс төрийн хамаарал өндөр, органикаар хөгжих чадамжид нь нөлөөлдөг тухай байнга яригддаг асуудал эндээс мөн л харагдаж байна.

Гүйцэтгэх захирлуудын 72 хувь нь бизнес дэх төрийн оролцоо их байна гэж хариулсан бол 58 хувь нь төлөөллийн байгууллагууд бизнес эрхлэгчдийн дуу хоолойг төрд хүргэх, эрх ашгийг хамгаалах чиглэлд хангалтгүй ажилладаг гэж үзжээ.

Түүнчлэн эрчим хүч, дэд бүтэц, ажиллах хүчний хомсдол зэрэг хувийн хэвшил дангаараа шийдэхэд хүнд бусад сорилтууд хөндөгджээ. Тухайлбал оролцогчдын 64 хувь нь ажиллах хүчний хомсдол буюу ажил хийх хүн олдохгүй байх асуудалтай нүүр тулсан байна.

MMCG болон ХНХЯ-ны хамтарсан судалгаагаар ажиллах хүчний хомсдол ойрын хэдэн жилдээ үргэлжилж, 2028 онд оргил цэгтээ хүрэх бөгөөд үүнд 90-ээд оны хүн амын төрөлт багатай мөчлөг нөлөөлж буйг дүгнэжээ.

Тиймээс энэ мэтийн суурь асуудал дээр ЗГ болон бизнесүүд хамтран ажиллаж байж өнөөгийн эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах нөхцөл бүрдэхийг MMCG-ийн Гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ бидэнтэй ярилцахдаа онцолж байлаа.

Хүнсний салбарын потенциал

Хүмүүсийн амьдралын хэв маяг илүү дижитал хэлбэрт шилжиж буй энэ үед инновац нь өсөлтийг хангах гол чиглэл байна гэж Гүйцэтгэх захирлуудын 55 хувь нь үзжээ. Үүний тулд богино хугацаанд бизнес моделийн шилжилт хийх шаардлага тулгарч, хөрөнгө оруулалт ч нэлээд орох төлөвтэй. Ирэх нэг жилийн хугацаанд Гүйцэтгэх захирлуудын идэвхтэй судалж, хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн технологиудын тэргүүн эгнээнд дата шинжилгээ, хиймэл оюун, робот автоматжуулалт орж байна.

Гэхдээ компаниудын инновац, бизнес, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн процесс алдаатай, судалгаа хангалтгүй, чадавхи тааруу байдаг нь тус судалгааны онцлох өнцгүүдийн нэг байв. Эхлээд зөв зүйлээ загварчилж, дараа нь тэдгээрээ зөвөөр загварчлах зарчимтай байдаг бизнес хөгжүүлэлтийг 7 шатлалт үйл явцыг Монголын бизнесүүд бүгдийг нь алгасах хандлагатай байдгийг MMCG онцолжээ.

Үүнээс гадна Гүйцэтгэх захирлуудын хөрөнгө оруулахад хамгийн тохиромжтой гэж үзсэн салбаруудын хоёрдугаарт буюу уул уурхайн дараа хүнс үйлдвэрлэл, хамгийн сүүлд барилгын салбар орсон нь тус судалгааны сонирхолтой үр дүнгүүдийн нэг байлаа. Цар тахлын дараагаас хүнсээ өөрсдөө үйлдвэрлэдэг болоход илүү анхаарч эхэлсэн нь Монгол Улсын хувьд ихээхэн таатай өөрчлөлт гэж харж байгаагаа Д.Бум-Эрдэнэ илэрхийлсэн юм.

Хүртээмжгүй өсөлт

Эдийн засгийн дөрөвний нэгийг бүрдүүлж буй уул уурхайн салбар ажиллах хүч бага шингээж байгаатай холбоотойгоор Монгол Улсын эдийн засгийн өсөлт болон ажилгүйдлийн түвшний харилцан хамаарал бага байна гэж Нээлттэй нийгэм форум үзжээ. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2022 онд 6.7 хувьд хүрч буурсан ч бусад улстай харьцуулахад өндөр байгаа юм. Нөгөө талаас сүүлийн таван жилд халамжийн зардал 3.2 дахин өссөн байна.

Эдийн засгийн эерэг өөрчлөлтөөс шалтгаалсан орлогын эх үүсвэрээс халамжийн шинжтэй зарим хөтөлбөрийг хавтгайруулан хэрэгжүүлсэн нь төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулах үндэс болж байгааг онцолжээ.

Хөрөнгийн захад

АПУ ХК-ийн 2023 оны борлуулалтын орлого 1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 29.4 хувиар өссөн төдийгүй бүх цаг үеийн дээд үзүүлэлт нь болжээ. Харин цэвэр ашиг нь өмнөх оноос 7.5 хувиар буурч, 116.4 тэрбум төгрөг болсон байна.

Компани Дижитал Концепт ХХК-ийн үйл ажиллагааны тэлэлттэй холбоотой хөрөнгө оруулалт хийж, холбогдох өр төлбөр, гадаад санхүүжилтийн зээлийн хэмжээ өссөнийг өнгөрсөн оны хагас жилийн тайландаа мэдээлж байв.

Дахиад л экспортын хязгаарлалт

ОХУ хаврын улиралд эрэлт нэмэгдэхтэй холбоотойгоор шатахууны экспортоо зургаан сарын турш хязгаарлахаар төлөвлөснийг тус улсын ЗГ-ын орлогч дарга Александр Новак мэдэгдээд байна. Тэгвэл III сарын 1-нээс тогтоохоор байгаа тус хязгаарлалтад Монгол Улс багтахгүй гэсэн урьдчилсан мэдээлэл байгаа ч “баталгаажсан мэдээлэл байхгүй” гэж УУХҮ-ийн сайд тайлбар өглөө.

Хойд хөрш 2023 оны намар үүнтэй төстэй арга хэмжээ авахад Монгол Улс өртөж, шатахууны хомсдол үүсэж байв.

Зэсийн арилжаа биржид

Засгийн газрын хуралдаанаар зэс, молибденийн баяжмалыг уул уурхайн биржээр арилжаалж эхлэх шийдвэр гаргажээ. Эхний ээлжид Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын зэсийн баяжмалын 5-10 хувийг 2024 онд зарах бол Оюутолгойн зэсийг биржээр зарах тухай ирэх долоо хоногт болох PDAC чуулганы үеэр хэлэлцэх аж. Цаашид 2025 оноос Эрдэнэт, ОТ-н зэсийн баяжмалын 30-40 хувийг биржээр арилжих зорилт тавьсан байна.

Nissan жолоочгүй такси нэвтрүүлнэ

Япон улсад таксины жолооч хүрэлцээгүй байгаагаас Nissan компани 2027 оны санхүүгийн жилд автомат удирдлагатай буюу жолоочгүй автомашины үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байна гэж тус компанийн Судалгаа болон дэвшилтэт технологийн албаны Дэд ерөнхийлөгч мэдээлжээ.

Мөн тэрбээр аюулгүй байдлын талаарх холбогдох яриа хэлэлцээрийг Японы Засгийн газартай шат дараалан хийнэ гэдгийг дурдсан байна. Төслийн дагуу жолоочийн суудлын хэсэгт аюулгүй ажиллагааны хяналтын систем суурилуулсан 20 автомашиныг Японы Йокохама хотод туршихаар болжээ.

“Уул уурхайн Давос" гэгддэг PDAC чуулган Канад улсын Торонто хотноо гуравдугаар сарын 3-нд эхлэх гэж байна.

Дэлхийн уул уурхайн 400 гаруй компани, байгууллагуудын төлөөлөлтэй хөрөнгө оруулалтын боломжийн талаар ярилцаж, мэргэжлийн болон жижиг хөрөнгө оруулагчид, Гүйцэтгэх захирлуудаар хүрээллээ тэлж, салбарын манлайлагчдын үнэ цэнтэй зөвлөмж, дүн шинжилгээг сонсох цор ганц боломж нь PDAC чуулган юм.

PDAC чуулганаар хөндөгдсөн гол сэдвүүд, оролцогчдын онцлох байр суурийг багцалсан тусгай хөтөлбөрийг гуравдугаар сарын 7-нд Bloomberg TV Mongolia-аар хүлээн авч үзээрэй.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • “Baidu” хиймэл оюуны давуу талаа ашиглаж уналтаа зогсоох сорилттой тулгарч байна

  • “China Shenhua Energy” 2024 оны олборлолтын зорилтот хэмжээгээ бууруулав

  • Японы компаниуд засаглалаа сайжруулж, Nikkei 225 "баатарлагаар" эргэн ирсний цаана...

Онцлох чарт

Дэлхийн эдийн засаг уналтаас зөөлөн газардах боломж нэмэгдэж буйг Их 20-ийн удирдагчид Бразилд хуралдах үеэрээ тэмдэглэсэн байна. Үүнд нөлөөлөх эерэг хүчин зүйл нь төсөөллөөс хурдацтай саарч буй инфляц болохыг онцолжээ.

Түүнчлэн Европын Парламентын чуулганы хуралдаанаар Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард цалин хөлс инфляцад нөлөөлөх гол хүчин зүйл болоод байгааг тодотгосон байна. Евро бүсэд үнийн дарамт харьцангуй хурдан саармагжиж байгаа учраас мөнгөний зах ч Европын Төв банкийг АНУ-ын Холбооны Нөөцийн банкны долоодугаар сарын шийдвэрээс нэг сарын өмнө бодлогын хүүгээ бууруулж эхлүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа юм.

Эцэст нь товчхон

ЗГ: Хилийн чанадаас эх орондоо эргэн суурьших Монгол Улсын иргэдэд чиглэсэн Засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээг судлан хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах үүрэг бүхий Үндэсний хороог байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа.

СЗХ: Киргиз Улсын Үндэсний банк (Төв Банк)-тай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэлээ.

Baidu: Хиймэл оюуны технологитой холбоотой зарцуулалт ашиг нь 48% буурахад нөлөөлснөөр тус компанийн хувьцааны ханш уналаа.

Өнөөдрийн онцлох зураг

Замын хажууд живх зарж буй Палестин хүүхдүүд - Ал-Магази хуаран, Газын зурвас

Ahmad Salem/Bloomberg