- Business newsletter
- Posts
- 2024/02/28
2024/02/28
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Монголын цахилгаан холбоо ХК FPO хийж, 11.2 сая хувьцаагаа нээлттэй зах зээлд нэмж гаргана.
Цар тахлаас хойш зүрх судасны өвчлөл эрс нэмэгдсэн нь эрдэмтдийн тархийг гашилгаж байна.
Японы хөрөнгийн зах зээлийн өсөлт 1989 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрэхэд юу нөлөөлсөн талаар энэ дугаарт онцоллоо.
Биднийг амрах хойгуур
Apple цахилгаан автомашины хөтөлбөрөө цуцалсныг ойрын эх сурвалж мэдээллээ. Ийнхүү тус компани өөрийн түүхэн дэх хамгийн амбицтай төслүүдийнхээ нэгийг хэрэгжүүлэхээргүй болж байна. Цахилгаан автомашины төсөл дээр ажиллаж байсан 2,000 ажилтны зарим нь генератив хиймэл оюуны баг руу шилжих аж.
Баатарлаг эргэн ирэлтийн цаана
Ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн ХК-иуд санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу 4-р сарын 30-ны өдрөөс өмнө ногдол ашгаа хуваарилж дуусган, тайлангаа СЗХ-нд ирүүлж байх үүрэг хүлээхээр болоод байна. Компанийн хариуцлага, засаглалыг сайжруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн энэ мэтийн алхмууд нь гадаадын хөрөнгө оруулалттай хосолсноор өсөлтөд хэрхэн түлхэц болдгийг Японы Nikkei 225 индексийн жишээн дээр харцгаая.
Түүхэн өсөлтийн хөдөлгөгч хүчин зүйлс
Япон улс дефляцаас эцэст нь гарч, тогтвортой өсөлтийн замдаа орсон гэж мөрийцсөн хөрөнгө оруулагчид тус улсад мөнгөө цутгаснаар Nikkei 225 индекс өнгөрсөн долоо хоногт 34 жилийн өмнө хүрч байсан дээд цэгээсээ давсан юм.
Nvidia-ийн борлуулалтын төсөөлөл зах зээлийн хүлээлтийг эвдсэний дараа технологийн компаниуд, чип үйлдвэрлэгчдийн хувьцаа өссөн нь Nikkei-ийн үсрэлтийг өдөөжээ. Их Хямралын үеийн дараах Уолл Стритийн сэргэлтээс ч илүү удаан хугацааг зарцуулсан энэхүү баатарлаг эргэн ирэлт нь нэг ёсондоо Японы хувьцааны зах зээл дахин төрснийг илэрхийлж буй.
Өсөлт түр зуурынх байж магадгүй гэсэн зарим болгоомжлолыг эс тооцвол дийлэнх шинжээчид, хөрөнгө оруулагчид өдгөө Японы хөрөнгийн зах зээл илүү бат бөх суурин дээр зогссон гэдэгт итгэлтэй байгаа юм. Мөн хөрөнгө оруулагчдад илүү ээлтэй компанийн соёл бүрэлдэж, өсөлт тогтворжсон нь Хятад тэргүүтэй ороо бусгаа зах зээлүүдэд туйлдсан томоохон сангууд Японд илүү найдлага тавихад нөлөөлж байна.
Японы хөрөнгийн захын түүхэн өсөлтийн цаана дараах хөдөлгөгч хүчнүүд байсан гэж үзэж болох юм.
Өрсөлдөгч зах зээлүүдийг илүүрхэв: Инфляцын дохио ажиглагдаж, тус улс энэ оны сүүлээр хасах утгатай бодлогын хүүгийн мөчлөгөө дуусгавар болгох хүлээлт үүссэн нь компаниудад Японд бизнесээ өргөжүүлэхэд төвлөрч их хэмжээний мөнгө хаях урам өгчээ. Домогт хөрөнгө оруулагч Уоррен Баффет Японы хамгийн том компаниудад эзэмшдэг хувьцаагаа нэмэгдүүлсэн нь Токиог чиглэсэн сонирхлыг улам асаасан байна.
2024 он гарсаар Nikkei индекс 16 хувь өссөн нь бусад голлох зах зээлүүдээс давуу үзүүлэлт болоод зогсохгүй сүүлийн 12 сарын хөдөлгөөнийг нь харвал бүр ч том дүнгээр илүүрхэж байгаа юм.
ГХО-ын урсгал: Nikkei-ийн өсөлт ердөө моментын тоглолт болж, мөнгөний урсгал дахин Хятадыг чиглэхтэй холбоотой эргэлзээ, болгоомжлол байгаа ч гадаадын хөрөнгө оруулагч үүнд огт санаа зовоогүй байна. Тэд илүү өргөн хүрээг хамарсан Topix Prime Index-ийн нийт арилжааны 70 хувийг бүрдүүлж, өсөлтийн хөдөлгөгч хүч болоод зогсохгүй дотоодын хөрөнгө оруулагчдын сул идэвх, зарах хандлагыг нөхжээ.
1989 онд Японы хөрөнгийн захад гадаадын хөрөнгө оруулагчдын эзэмшил 5 хүрэхгүй хувийг бүрдүүлж байсан бол өдгөө 30 хувьд хүрээд байна.
Ижил үнэ, өөр бүрдэл: 1989 онд зах зээлийн үнэлгээгээр дэлхийд тэргүүлэгч 50 компанийн 32 нь Япон компани байсан бол өдгөө цор ганц Toyota л дэлхийн топ 50-ийн жагсаалтад тус улсаас багтаж байна. Тухайн үед хувьцааны өндөр үнийн ачаар Японы банкнууд жинхэнэ ноёрхож байсан бол өдгөө зах зээл илүү тэнцвэржиж, төрөлжсөн нь таатай үр дүн авчирчээ.
Өсөлтийн потенциал: Энэ оны огцом өсөлтийг үл харгалзан өдгөө Nikkei-д багтдаг хувьцаануудын 37 хувь нь дансны үнээсээ доогуур үнээр арилжаалагдаж байгаа нь хэрэв бизнесээ зөв жолоодож чадвал өсөлтийн орон зай байгааг харуулж байна. 1989 онд Япон хувьцаануудын үнэлгээ дээд цэгтээ тулаад байсантай харьцуулахад өнөөгийн нөхцөл байдал огт өөр гэсэн үг юм.
Эцсийн хөдөлгөгч хүч - Засаглал
Өмнө нь хувьцаа эзэмшигчид тийм ч чухал биш гэдгээрээ Японы компаниудын менежмент олон улсын компаниудынхаас өөр байжээ. Энэ утгаараа хөрөнгө оруулагчдыг төдийлөн ойшоодоггүй, тэднийг сонсохыг хүсдэггүй байдал олон жил үргэлжилсэн байна. Харин хувьцаа эзэмшигчид компаниудаас ямар хүлээлттэй байгаа талаар байр сууриа илүү идэвхтэй илэрхийлдэг болсноос хойш гадаадын хөрөнгө оруулагчдын хувьцаа эзэмшил ихээр өссөнийг Bloomberg News-ийн Ахлах сурвалжлагч Хидэюки Сано бидэнтэй ярилцахдаа дурдсан юм.
Япон улс 10 гаруй жилийн өмнө компанийн засаглалын реформыг эхлүүлж, ЗГ-ынх нь зүгээс компаниудад хандаж засаглалаа сайжруулах шаардлага тавих болжээ. Компаниуд хөрөнгө оруулагчидтай ярилцаж, хөрөнгө оруулагчид ч тухайн компанийн менежментийн багтай хамтран ажиллах шаардлагатай гэж ЗГ үзсэн байна. Ийнхүү сүүлийн жилүүдэд Японы хөрөнгийн захын өсөлтөд компанийн засаглалтай холбоотой хүчин зүйлс томоохон нөлөө үзүүлснийг тэрбээр онцолж байлаа.
Төрийн өмчит компанийн FPO
“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн нээлттэй хүрээнд нэмж гаргаж буй 11.2 сая ширхэг хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр СЗХ шийдвэрлэлээ. ҮЦТХТ-ийн хувьцааны төвлөрлийн судалгаанаас харахад тус компанийн 94.7 хувийг ЗГ, 5.30 хувийг 4,007 хувьцаа эзэмшигч эзэмшиж байна. Арилжааны үндсэн андеррайтераар ТиДиБи Секьюритис ҮЦК ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх хөрөнгийг техник технологийн шинэчлэл, интернэтийн гурвалсан үйлчилгээ болон хөдөлгөөнт интернет гэсэн чиглэлүүдэд зарцуулахаар төлөвлөжээ.
Тус компани 2023 онд борлуулалтын орлого нь өмнөх оноос 9.3 хувиар, цэвэр ашиг нь 17 хувиар тус тус өссөнийг МХБ-д тайлагнаж байв.
Хөрөнгийн захад
Дархан Нэхий ХК-ийн цэвэр ашиг 2023 онд өмнөх оноосоо 34.2 хувиар өсөж, 4.9 тэрбум төгрөгт хүрснийг тайлагналаа. Харин борлуулалтын орлого нь өмнөх оноос 11.4 хувиар өсөж, 19.3 тэрбум төгрөг болжээ. Тус компани цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд 0.226 төгрөг тооцон нийт 250 сая төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлээд байгаа.
МХБ-ийн II ангилалд бүртгэлтэй Баянтээг ХК цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд 4,400 төгрөгийн ногдол ашиг олгохоор болжээ.
Тогтворгүй байдал
Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлээд жил гаруйн хугацаа өнгөрсөн ч тус хуульд 10 удаа нэмэлт, өөрчлөлт орсон нь тогтворгүй байгааг харуулж байна гэж МҮХАҮТ мэдээллээ. Түүнчлэн тусгай зөвшөөрлийн хүсэлтийг ажлын 10 хоногийн дотор, энгийн зөвшөөрлийг ажлын 5 өдөрт шалгана гэж заасан нь салбарын хуулиудтайгаа зөрчилдсөн учраас зөвшөөрөл олгох үйл явц удаашралтай хэвээр байгааг онцолж байна.
Одоогоор Зөвшөөрлийн тухай хуульд нийт 252 тусгай зөвшөөрөл тусгагдсаны 93 нь бүрэн цахимжсан байна.
Чемодан дүүрэн цаг
Тусгайлан бүтээгдсэн хайрцагтай, хязгаартай тоогоор үйлдвэрлэгдсэн MoonSwatch цагны цуглуулгууд хандивын дуудлага худалдаагаар хагас сая гаруй швейцар франкаар зарагдсан нь цагны хорхойтнуудын дунд эрэлт өндөр байгааг илтгэжээ.
Sotheby's-ийн явуулсан 11 багц дуудлага худалдаагаар тус бүрдээ 11 ширхэг Moonshine Gold цагнаас бүрдсэн цуглуулгуудыг худалдсан байна. Тэдгээр дундаас нэг цуглуулга 60,960 франк буюу 70 мянга гаруй ам.долларын үнэ хүрч, дуудлага худалдааны өмнөх төсөөллөөс давсан аж.
Ковидын дуусаагүй аюул
Цар тахал эхэлснээс хойш дөрвөн жилийн дараа сэтгэл түгшээм нэгэн чиг хандлага ажиглагдаж эхэлжээ. Цар тахлын үр дүнд энэ зууны хамгийн олон нас баралт бүртгэгдээд зогсохгүй үхэлд хүргэх өндөр эрсдэлтэй зүрх судасны болон бодисын солилцооны өвчлөлийн давлагаа эхэлсэн байна. Зарим тохиолдлууд цар тахлын эхэн үед бүртгэгдэж байсан ч нөлөөллийн жинхэнэ цар хүрээ нь хэр том байсныг сүүлийн дөрвөн жилийн дата мэдээлэл харуулжээ.
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн тоо баримт дээр хийсэн шинжилгээнээс үзвэл 2020-2022 оны хооронд зүрх судасны өвчнөөр нас барсан 35-аас дээш насны Америкчуудын тоо түүхэн чиг хандлагад суурилсан тооцооллоос даруй 250 гаруй мянгаар илүү байжээ.
“Уул уурхайн Давос" гэгддэг PDAC чуулган Канад улсын Торонто хотноо гуравдугаар сарын 3-нд эхлэх гэж байна.
Дэлхийн уул уурхайн 400 гаруй компани, байгууллагуудын төлөөлөлтэй хөрөнгө оруулалтын боломжийн талаар ярилцаж, мэргэжлийн болон жижиг хөрөнгө оруулагчид, Гүйцэтгэх захирлуудаар хүрээллээ тэлж, салбарын манлайлагчдын үнэ цэнтэй зөвлөмж, дүн шинжилгээг сонсох цор ганц боломж нь PDAC чуулган юм.
PDAC чуулганаар хөндөгдсөн гол сэдвүүд, оролцогчдын онцлох байр суурийг багцалсан тусгай хөтөлбөрийг гуравдугаар сарын 7-нд Bloomberg TV Mongolia-аар хүлээн авч үзээрэй.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Кристин Лагард: Инфляц зорилтот түвшинд хүрнэ гэсэн илүү их баримт нотолгоо шаардлагатай байна
Биткойны ханш 2021 оноос хойш анх удаа $57,000 давлаа
Хүнсний бүтээгдэхүүний ирээдүй гэгдэж байсан шавж өдгөө тэжээвэр амьтдын хоол болжээ
Онцлох чарт
Оны эхний сард олон улсын нислэгийн чиглэлд 124.5 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 51 хувиар өссөн үзүүлэлт болохыг ИНЕГ-ын тайланд онцолжээ. Тэр дундаа Вьетнамын Фукуок чиглэлд явсан, ирсэн нийт зорчигчдын тоо 2023 оны нэгдүгээр сараас даруй 5 дахин өсөж, 10 мянга давсан байгаа нь Монголчуудын өвлийн аялал жуулчлалд Тайландтай өрсөлдөх шинэ чиглэл гарч ирснийг илтгэж байна.
Монгол, Вьетнам улсууд хооронд харилцан визгүй зорчуулах хэлэлцээр ирэх гуравдугаар сарын 7-ноос хүчин төгөлдөр болж, энгийн паспорттой иргэд тус улс руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болох юм.
Эцэст нь товчхон
ХХААХҮЯ: Гурилын хомсдол үүсээд байгаатай холбогдуулан ААН-үүдэд ОХУ-аас улаан буудай худалдан авах квот олгосон байна.
ЕПГ: Боловсролын зээлийн сангаас олгогдсон 4.2 тэрбум төгрөгийн зээл мөрдөн шалгах ажиллагааны явцад төлөгджээ.
УИХ: “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хороо энэ оны III сард “Эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйл”-ийн талаар Нээлттэй сонсгол зохион байгуулна
Өнөөдрийн онцлох зураг
Барселонд үргэлжилж буй Mobile World Congress арга хэмжээний үеэр Etisalat компанийн дэлгэн үзүүлсэн хүн дүрст робот
Pau Barrena/AFP/Getty Images