- Business newsletter
- Posts
- 2024/02/27
2024/02/27
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Хашир хөрөнгө оруулагчид юунаас хамгийн том сургамж авснаа хуваалцсаныг энэ дугаарт онцоллоо.
Zijin Mining Төвөд дэх уурхайг өргөтгөж, БНХАУ-ын хамгийн том зэсийн уурхай болгоно.
Унгарын парламент дэмжсэнээр Швед улс NATO-д элсэх сүүлийн даваагаа давлаа. Тус улс элсэх хүсэлтээ хүргүүлснээс хойш ийнхүү 21 сар өнгөрөөд байна.
Топ Хөрөнгө оруулагчдын сургамж
Хашир хөрөнгө оруулагчийн яриаг удаан сонсох тусам олон зүйлс ил болдог. Мэдээж та тэдний ялалтуудын талаар сонсохоос гадна хамгийн их гэмшдэг алдаануудыг нь мэдэж авна. Bloomberg санхүүгийн “про” тоглогчдоос карьерт нь арилшгүй мөр үлдээсэн үйл явдал юу болох, гол нь тэдгээрээс юу суралцсанаа хуваалцахыг хүсжээ. Ингээд танд тэдгээр дурсамжуудаас сорчлон хүргэе.
Таны карьерын хамгийн хатуу сургамж?
“Арилжааны хөшүүргийн аюулын тухай нэлээн үнэтэй сургамж авч байсан. Pimco дахь карьераа эхлүүлэхээс хэдхэн сарын өмнө АНУ-ын ЗГ-ын бондыг 1:10 хөшүүрэгтэйгээр авсан юм. Өмнө нь би blackjack тоглоод 10 мянган ам.долларын хувьцааны хадгаламжтай болчихсон байлаа. Тэр үед би ямар ч мөрий чиний хөрвөх чадвартай нийт хөрөнгийн 3 хувиас хэтрэх ёсгүй гэдгийг ухаарсан байсан л даа.
ЗГ-ын 30 жилийн бондыг $100 мянгаар авахдаа би үүнийг бүрэн умартсан. Хэдхэн долоо хоногийн дараа бондын үнэ унаж, хадгаламжийн маань тэн хагасыг арчиж байсан юм. Сургамж нь юу вэ гэж үү? Бооцоо, мөрий зөвхөн казинод л байх ёстой. Хөрөнгө оруулалт хийх нь капиталыг оновчтой ашиглах, хэтэрсэн хөшүүргээс зайлсхийхийг шаарддаг”
“Хөрөнгө оруулалт бол багийн спорт болохоос хэн нэгэн солиотой гоц ухаантны ганцаараа хийх ажил биш. Хэнтэй түншлэх нь маш чухал. Баффет бүрд Мангер хэрэгтэй, Хоровиц бүрд Андреессен хэрэгтэй”
“Хувьцаанд эерэг зүйлс ажиглагдах нь тэр хувьцаа заавал өснө гэсэн үг биш гэдгийг би олон жилийн өмнө ухаарсан. Сайн мэдээ хувьцаанд аль хэдийн нөлөөлсөн эсэхийг мэдэх нь маш чухал. Би утасгүй технологийн компаниудыг хариуцсан үнэт цаасны шинжээч байлаа. Олон цагаар загварууд дээр ажиллаж, ашгийн сайн үзүүлэлт тайлагнах магадлалтай гэж үзсэн компаниудынхаа хувьцааг санал болгодог байв. Гэхдээ маш өндөр ашигтай ажилласан компаниудын хувьцаа төдийлөн өсөөгүй нь элбэг байсан. Жирийн мэдээлэл хөрөнгө оруулагчдын хүлээлтээс ямар ялгаатай болохыг би үүнээс сурч авсан”
“Хөрөнгө оруулагчийн хувьд тэвчээртэй байх нь маш хэцүү. Манай венчур сангийн төвлөрч буй шинээр гарч ирсэн салбар бол урт наслалт. Эрүүл мэнд, санхүүгийн үйлчилгээ зэрэг зохицуулалт өндөртэй зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хүлээн зөвшөөрөгдөх хүртлээ нэлээн уддаг. Зах зээлд хурдацтай гарах, хэрэглээнд нэвтрэхтэй холбоотой бодит бус амлалт, таамаглалуудаас бид болгоомжилж сурсан. “Байхад гэмгүй” бус “заавал байх ёстой” бизнесүүдийг онилж, яаралтай асуудлуудыг шийдэх хэрэгтэйг бас мэдэж авсан”
“Хөрөнгө оруулалтын капитал, хүн капитал хоорондын хамаарлыг ойлго. 45 жилийн өмнө би залуухан нейрологч байхад миний хүн капитал бол найдвартай ажлын байр байсан. Бондтой адил харьцангуй эрсдэлгүй хөрөнгө гэсэн үг. Нас явсан хойно буюу хурааж хуримтлуулснаа зарцуулах мөчлөгт хувьцаа маш эрсдэлтэй болж ирнэ. Өгөөж багасах эрсдэл хөрөнгө оруулалтын ямар ч “зузаан” багцыг үгүй хийх боломжтой. Харин хурааж хуримтлуулах шатанд яваа хүний хувьд бол хувьцаа эрсдэл багатай сонголт.
Бяцхан санамж
Хувьцаат компаниудын ногдол ашгийн нийт хэмжээ 800 тэрбум төгрөгт дөхөж, огцом өссөн ч хөрөнгө оруулагчдын хувьд өөрт нь ирэх ногдол ашгийн дүн тэр чинээгээр нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байж болохгүйг ТиДиБи Секьюритис ҮЦК анхааруулж байна. Харин та хэдий хэмжээний хөрөнгө оруулалтыг хэзээ хийснээс хамаарч ногдол ашгийн өгөөж харилцан ялгаатай байхыг санах хэрэгтэй аж.
Мөн арилжааны банкнууд энэ онд хуваарилах ногдол ашгийн хэмжээгээр тэргүүлж буй ч уламжлалаар бол банкнууд хувьцааны ногдол ашиг тараах нь тохиромжтой бус болохыг тус ҮЦК-ийн Дэд захирал Г.Энхбат мөн онцолж байлаа. Тодруулбал арилжааны банкнууд ногдол ашиг тарааснаар ирээдүйд зээл олгох боломжоо тэр хэмжээгээр алдаж байдаг байна.
Хүнс үйлдвэрлэгчдийн ашиг
2023 онд Талх чихэр ХК-ийн цэвэр ашиг нь 24.4 хувиар өсөж 7.9 тэрбум төгрөгт хүрсэн бол борлуулалтын орлого нь 21.2 хувиар өссөн байна. Компани цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд 400 төгрөгөөр тооцон 409.4 сая төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлээд буй.
Харин Мах Импэкс ХК өнгөрсөн онд борлуулалтын орлогоо хоёр дахин нэмэгдүүлж, тайлагнасан 62.5 тэрбум төгрөгт хүргэсний сацуу 2.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оноосоо 140 гаруй хувиар өссөн үзүүлэлт болжээ. Тус компани иж бүрэн шинэ үйлдвэртээ 60 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаагаа онцолж байв. Ногдол ашгийн хувьд Мах Импэкс нэгж хувьцаанд 100 төгрөгөөр тооцон 380 сая төгрөг хуваарилах юм.
Агаарын харилцаа өргөжнө
Эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор БНСУ, Монгол Улсын хоорондын нислэгийн тоог нэмэгдүүлэхээр Монголын талтай тохиролцсоноо БНСУ-ын Тээврийн яам мэдээллээ. Тохиролцооны дагуу одоо Монгол руу нислэг үйлддэг БНСУ-ын таван нисэх буудал дээр дахин хоёр буудал нэмэхээр болжээ. Түүнчлэн БНСУ-ын орон нутгийн нисэх буудлуудаас Монгол руу хийх нислэгт онгоцны суудлын тоог 200-аар хязгаарлаж байсныг цуцалж, ямар нэг хязгааргүй болгох аж.
Хятадын зэсийн аварга төсөл
Xanadu Mines компанийн “Хармагтай” төслийг хамтран хэрэгжүүлж буй БНХАУ-ын Zijin Mining Group Засгийн газраасаа зөвшөөрөл авч, Төвөд дэх “Julong” зэсийн уурхайн өргөтгөлийн хоёр дахь үе шатыг эхлүүлж байгаагаа мэдээллээ. 2025 он гэхэд тус компани “Julong” уурхайн нэг өдрийн хүчин чадлыг 350 мянган тонн хүргэх боломжтой болох аж. Өргөтгөл хийснээр тус уурхай жилд 100 гаруй сая тонн хүдэр олборлож боловсруулах хүчин чадалтай болж, улмаар БНХАУ-ын хамгийн том зэсийн уурхай болно гэжээ.
Дээрх төсөлд нийт 17.5 тэрбум юань буюу 2.43 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай болохыг Zijin Mining мөн мэдэгдсэн байна.
Ухаалаг бөгж гэв үү?
Samsung компани эрүүл мэндийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийнхээ хүрээнд энэ сарын сүүлээр Барселонд болох Mobile World Congress-ийн үеэр анхны ухаалаг бөгжөө танилцуулахаар бэлтгэж байна. Galaxy Ring нэртэй тус бүтээгдэхүүн нь хиймэл оюуны технологийн дэвшлийг шингээсэн, хэрэглэгч бүрийн онцлогт тохирсон, бусад төхөөрөмжүүдтэй төгс зохицсон байдлаар ажиллахыг компанийн зүгээс онцолжээ.
Эрүүл мэндийн хяналтын технологи нь ухаалаг утас, ухаалаг цагны борлуулалтад нөлөөлөх чухал хүчин зүйл болж, Samsung, Apple, Google зэрэг компаниуд энэ төрлийн функцүүдийг идэвхтэй ашиглаж буй. Galaxy Ring нь 2024 оны сүүлээр албан ёсоор танилцуулагдах хүлээлттэй байна.
Канад улсын Торонто хотод гуравдугаар сарын 3-наас 6-ны хооронд болох PDAC 2024 чуулга уулзалтад Монгол Улс хөрөнгө оруулалтын Mongolia Day өдөрлөг, форум зохион байгуулж, үзэсгэлэнгийн талбайгаа нээн оролцоно.
Bloomberg TV Mongolia нь PDAC-тай хэвлэл, мэдээллийн түншээр хоёр дахь жилдээ хамтран ажиллаж, чуулга уулзалтын бүхий л мэдээ, мэдээллийг газар дээрээс нь сурвалжлан хүргэж, дэлхийн уул уурхайн салбарын нөлөө бүхий эрхмүүдтэй тусгай ярилцлага хийх болно.
Чуулганаас бэлтгэсэн нэг цагийн тусгай хөтөлбөрийг гуравдугаар сарын 7-нд хүлээн авч үзээрэй.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Катар улс шингэрүүлсэн байгалийн хийн экспортоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байна
Хүн дүрст робот хөгжүүлж буй “Figure AI” $675 саяын хөрөнгө босгоно
Онцлох чарт
Европын хамгийн том эдийн засагтай орон Герман улсын ДНБ өнгөрсөн онд 0.3 хувиар агшсан бол ирэх жилүүдэд ч Европт өсөлтийн хурдаараа сүүл мушгигчдын эгнээнд багтах төлөвтэй. ОХУ-аас авах хямд эрчим хүчний импорт дуусгавар болж, мөн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь байсан үйлдвэрлэлийн салбар нь Хятадын хүчтэй өрсөлдөөнтэй тулгарсан зэрэг хүндрэлүүд тус улсад тулгараад буй.
Тус улсын эдийн засаг хэдий агшсан ч өнгөрсөн онд Японы урд орж, дэлхийн гурав дахь том эдийн засаг болсон билээ.
Эцэст нь товчхон
ОБЕГ: Хоёрдугаар сарын 23-ны байдлаар хорогдсон малын тоо 2 сая давж, өмнөх оны мөн үеэс 85.9 хувиар өсөөд байна.
УУХҮЯ: АНУ-ын Хөдөлмөрийн яамтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хоёр улсын геологи, уул уурхай, газрын тос, хийн салбарын техник, технологийн горимын мөрдөлтийн чиглэлд анхаарахаар тохиролцов.
Өнөөдрийн онцлох зураг
Сөүлд болсон Тэбореум наадмын үеэр түүдэг гал тойрон цугласан оролцогчид
Chung Sung-Jun/Getty Images