2024/02/26

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. BYD компани Lamborghini, Ferrari-тай өрсөлдөх, $233 мянгын үнэтэй супер цахилгаан автомашинаа танилцууллаа. 

  2. Энэтхэгийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2030 он гэхэд 10 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй.

  3. ОБЕГ: Зудын байдалд үнэлгээ хийхэд 13 аймгийн 58 суманд мөсөн зудын нөхцөл бүрджээ

Биднийг амрах хойгуур

Уоррен Баффет өөрийн хамтрагч Чарли Мангер агсны хамгийн агуу зөвлөгөөг дахин санууллаа. Үүнээс гадна түүний удирддаг Berkshire Hathaway компанийн бэлэн мөнгөний нөөц $167.6 тэрбум болж өссөн нь шинэ дээд үзүүлэлт болсон бөгөөд үүнд боломжийн үнэлгээтэй хэлцэл ховор байсан нь нөлөөлжээ.

Өгөөжөөр тэргүүлэгсэд

Сүүлийн хоёр долоо хоногийн турш хувьцаат компаниуд ногдол ашгийн шийдвэрүүдээ шил даран гаргацгааж, аль нь хамгийн өндөр дүнтэйг, аль нь хамгийн өндөр өгөөжтэйг, аль нь цэвэр ашгийнхаа хамгийн их хувийг хувьцаа эзэмшигчдэдээ хүртээж буй нь анхаарал татлаа.

2024 онд хувьцаат компаниудын ногдол ашгийн хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 22 гаруй хувиар өсөж, 799.22 тэрбум төгрөгт хүрснийг МХБ мэдээлээд байгаа. II сарын 23-ны байдлаар ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн 40 компанийн 15 нь ТОП-20 индекст бүртгэлтэй компаниуд байна. Эдгээр 15-ын ногдол ашиг тараах нийт үнийн дүнгийн 37 хувь буюу 271 тэрбум төгрөгийг ХААН Банк, 36 хувь буюу 263 тэрбумыг Тавантолгой ХК эзэлж буй юм.

Харин цэвэр ашигт эзлэх харьцаагаар Газар шим үйлдвэр ХК (80 хувь), Тавантолгой ХК (70 хувь), Төрийн банк (56.7 хувь) гэсэн компаниудын ногдол ашиг тэргүүлж байна.

2023 оны хаалтын ханшаар тооцоолбол ТОП-20 индексээс ногдол ашиг тараах шийдвэр гаргасан 15 компанийн ногдол ашгийн дундаж өгөөж 6.9 хувьтай байна. Таван толгой ХК 28.1 хувь, ХААН Банк 11.8 хувь, Төрийн Банк ХК 11.8 хувь, Голомт банк 9.9 хувийн ногдол ашгийн өгөөжтэйгөөр бусад компаниа тэргүүлж байгаагаас хөрөнгийн зах зээлд банкнуудын хувь нэмэр хэр өндөр байгааг харж болно. Дашрамд дурдахад Худалдаа Хөгжлийн Банк ХК аудитлагдсан санхүүгийн тайлан гарсны дараа ногдол ашгийн дүнгээ мэдээлэх юм.

Харин банк, санхүүгийн байгууллагаас бусад салбарт Газар шим үйлдвэр ХК-ийн ногдол ашгийн өгөөж хамгийн өндөр буюу 9.4 хувь байгааг онцлох нь зүйтэй. Мөн Инвескор ББСБ ХК-ийн ногдол ашгийн өгөөж хэдий бага байгаа ч өсөлтийн үе шатандаа яваа компанийн хувьд ханшийн зөрүүнээс өндөр өгөөж хүртэх боломжтой бөгөөд 2023 онд компанийн хувьцааны ханш 40 хувь өссөнийг ТиДиБи Секьюритис ҮЦК онцолж байна.

Trafigura-ийн алдагдал юу болов?

Trafigura Group Монгол дахь газрын тосны бизнест нь асуудал тулгарч, олон сая ам.долларын алдагдал хүлээж магадгүй байгаа талаар бид өмнө нь хөндсөн. Компанийн зүгээс асуудал байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч буй ч асуудлын цар хүрээ болон нийт алдагдлын хэмжээгээ тодорхой мэдээлээгүйг Bloomberg News-ийн Жак Фарчи мэдээллээ.

“Дэлхийн газрын тосны зах зээлийн томоохон компанийн өнцгөөс харвал Монгол Улс бол зах зээлд харьцангуй жижиг тоглогч. Монголын газрын тосны эрэлт өдрийн 35 мянган баррель. Trafigura-ийн санхүүгийн тухайд бидний мэдээлж байгаачлан Монголд хамгийн муугаар бодоход олон зуун сая ам.долларын алдагдал хүлээх нь. Компанийн хувьд энэ нь зохицуулж болохуйц хэмжээний алдагдал. Тэд өнгөрсөн жил 7.5 тэрбум ам.долларын ашигтай ажилласан шүү дээ. Гэхдээ л Монгол шиг жижиг зах зээлд ийм хэмжээний алдагдал хүлээх нь тааламжтай зүйл яавч биш” хэмээн тэрбээр бидэнтэй ярилцахдаа онцолсон юм.

Ураны хэлцэл, улс төрийн саад

Франц Улсын Монгол Улстай байгуулахаар хэлэлцэж буй 1.6 тэрбум ам.долларын ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээ улс төрийн саадуудтай тулгарч байна. Улсын стратегийн нөөцүүдийг хамгаалахтай холбоотой маргаанаас шалтгаалан Монгол улсын Засгийн газар болон Францын “Orano” компани хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэх ажил VI сард болох сонгуулийн дараа хүртэл хойшлох эрсдэлтэй байгааг ойрын хоёр эх сурвалж мэдээлжээ.

Гэрээ байгуулах ажил хойшлохтой холбоотой асуудлаар Монголын Засгийн газрын төлөөлөл Bloomberg News-т хараахан тайлбар өгөөгүй байна. Харин Orano компани “Хэлцэл үргэлжилж байгаа бөгөөд Монголын ЗГ гэрээг боломжит хамгийн ойрын хугацаанд эцэслэх хүсэл эрмэлзлээр дүүрэн байгаа” гэсэн мэдээлэл өгчээ.

Зорилт ба хэрэгжилт

Монголын ААН-үүд тогтвортой хөгжлийн чиглэлийг баримталж буй ч бодлого боловсруулалт, хэрэгжүүлэлт дээр зөрүү гардгийг Sustainable Business Consulting-ийн судалгаа харуулав. Судалгаанд хамруулсан Топ 100 ААН-ийн 81 хувь нь тогтвортой хөгжлийн чиглэлээ гаргасан, 52 хувь нь энэ чиглэлд бодлого боловсруулсан, харин 33 хувь нь хэрэгжүүлсэн гэсэн үр дүн гарчээ. Тиймээс цаашид компаниуд, тэр дундаа компанийн удирдлагын түвшинд ойлголтын зөрүүгээ арилгах нь чухал болохыг онцолсон байна.

Бэлтэй хүний унаа

Aston Martin компанийн танилцуулсан супер спорт загвар Valkyrie-ийг өөрийн болгохын тулд халаас зузаантай худалдан авагчид багадаа 3 сая ам.доллар төлөөд зогсохгүй цаашид арчилж тордон унахдаа бүр ч илүүг зарцуулахаар байна. Тансаг Valkyrie-ийн засвар үйлчилгээ хийлгэх зардал гурван жилийн 450 мянган ам.доллар болохоор байгаа нь янз бүрийн асуудлын улмаас автомашинаа хүлээн авах хугацаа нь хойшилсоор байсан чинээлэг хорхойтнуудын тэвчээрийг шалгаж магадгүй аж.

Тус загварын нүд орой дээр гаргамаар өндөр үнэ болон засвар үйлчилгээний төлбөр нь 1.4 тэрбум ам.долларын өрийн асуудалд ороод байгаа Aston Martin компанийн борлуулалтын орлогыг өсгөхөд дэм болох аж. Компани өнгөрсөн жилийн эхний гурван улиралд 67 ширхэг Valkyrie-ийг шинэ эздэд нь хүргэсэн байна.

Reddit-ийн нууц ноёнтон

Сошиал платформ Reddit-ийн хамгийн том хувьцаа эзэмшигчдийн нэг нь OpenAI-ийн Гүйцэтгэх захирал Сэм Олтмэн гэдэг нь тус компанийн IPO хийх хүсэлт гаргахаар АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд илгээсэн бичиг баримтуудаас ил болжээ. Энэ оны гол IPO-нуудын нэгийг хийхээр хүлээлт үүсгээд байгаа тус компанийн 8 хувийг Сэм Олтмэн эзэмшдэг аж.

Reddit цаашид хиймэл оюуны бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр ажиллахын сацуу Google зэрэг компаниудтай хамтарсан дата лицензийн хэлцлээрээ дамжуулан бизнесээ өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа онцолсон байна.

Уул уурхайн Давос

Уул уурхай, хайгуулын салбарын дэлхийн тэргүүлэх арга хэмжээ болох PDAC чуулган энэ онд Канад улсын Торонто хотноо гуравдугаар сарын 3-наас 6-ны хооронд зохион байгуулагдана.

Bloomberg TV Mongolia хоёр дахь жилдээ PDAC-тай хэвлэл, мэдээллийн түншээр хамтран ажиллаж, "PDAC 2024" чуулганы бүхий л мэдээ мэдээллийг нэр хүндтэй зочдын байр суурийн хамт онцгой эрхтэйгээр сурвалжилж, мөн чуулганаас бэлтгэсэн нэг цагийн тусгай хөтөлбөрийг гуравдугаар сарын 7-нд хүргэх болно.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • “Teck Resources”-ийн зэсийн олборлолт түүхэн дээд түвшинд хүрэв

  • “VinFast”-ийн алдагдал 2023 оны IV улиралд 3.4 хувиар өсжээ

  • "Дэлхийн хамгийн чухал хувьцаа"-г багтаасан "Гайхамшигт 7"-ийн гайхамшиг үргэлжилсээр. Гэхдээ...

Онцлох чарт

Энэтхэг улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2030 он гэхэд 10 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй байгааг Jefferies тооцоолжээ. Өдгөө 4.5 их наяд ам.долларын үнэлгээтэйгээр дэлхийд тавдугаарт бичигдэж буй тус улсын зах зээл өнгөрсөн сард Хонконгийг хэсэг хугацаанд гүйцэж, дөрөвдүгээрт орж ирж байв. Гэсэн ч Энэтхэгийн хөрөнгийн захын дэлхийн хувьцааны индекст эзлэх хувь 2-оос бага байгаа нь гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх ихээхэн орон зай байгааг харуулж байна гэж шинжээчид дүгнэжээ.

Энэтхэгийн ДНБ сүүлийн 10 жилийн хугацаанд 7 хувиар өсөн 3.6 их наяд ам.долларт хүрснээр тус улс дэлхийн найм дахь том эдийн засагтай улсаас байр ахиж, тавдугаарт жагсах болсон юм.

Эцэст нь товчхон

Yonhap: БНСУ, Монгол хоёр улсын хооронд нислэгийн тоог нэмэгдүүлэх боломжийн талаар хоёр талын төлөөлөгчид хэлэлцэж байна. Одоогоор Korean Air тэргүүтэй БНСУ-ын 8 авиа компани Чингис хаан олон улсын нисэх буудал руу нислэг үйлдэх зохицуулалттай байгаа юм.

НЗДТГ: Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлэг боллоо

Өнөөдрийн онцлох зураг

ӨМӨЗО-ны Бугат хотын ойролцоох нөхөн сэргээсэн бэлчээрийн талбай

Qilai Shen/Bloomberg