2024/02/23

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. MMC өөрийн охин компани Khangad Exploration-ийн 20 хувийг БНХАУ-ын компанид худалдах гэрээ байгууллаа.

  2. Bloomberg.com: Франц-Монголын $1.6 тэрбумын ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээ хойшилж магадгүй байна.

  3. “Гайхамшигт 7” компани өнөөгийн давамгай байдлаа удаан хадгалах уу? Хариултыг энэ дугаарт онцлов.

Биднийг амрах хойгуур

Nvidia компанийн хувьцаа бүх цаг үеийн дээд түвшиндээ хүрлээ. Ийнхүү нэг өдрийн арилжаагаар зах зээлийн үнэлгээ нь түүхэн дэх хамгийн их дүнгээр өссөн нь 3 долоо хоногийн өмнө тохиосон Meta Platforms-ийн түүхэн өсөлтийг ардаа орхив.

Чип үйлдвэрлэгч Nvidia-ийн хувьцаа Пүрэв гарагт 16% өссөнөөр зах зээлийн үнэлгээ нь $277 тэрбумаар нэмэгдэж $2 их наядад дөхсөн нь анхаарал татаад байна.

Гайхамшиг үргэлжилсээр

Дэлхийн хөрөнгийн зах зээлийн өнгийг тодорхойлж буй “Гайхамшигт 7”-ийн гялалзсан хүч чадал цаашид хэр удаан хадгалагдах вэ?

Компани биш улс

АНУ-ын хөрөнгийн зах зээл 1920-иод оныг эс тооцвол бараг бүх цаг үеийн хамгийн их төвлөрөлтэй үедээ ирээд байна. Microsoft, Apple, Alphabet, Amazon, Nvidia гэсэн топ таван компани дангаараа S&P 500 индексийн үнэлгээний 25 орчим хувийг бүрдүүлж буй.

“Гайхамшигт 7”-ийн бүрдэлд ордог дараагийн хоёр болох Meta, Tesla-г нэмбэл нийт үнэлгээ нь АНУ-аас бусад дэлхийн бүхий л орны хөрөнгийн зах зээлээс илүү болох юм. Хятадын нийт хөрөнгийн зах зээлээс том, мөн Японы зах зээлээс хоёр дахин, Их Британийн зах зээлээс дөрөв дахин том гэх мэтээр хөвөрнө.

Ашгийг нь харвал “Гайхамшигт 7” жилд нийт $361 тэрбумыг олж байгаа нь Японы бүх компанийн ашгийг нийлүүлсэнтэй тэнцэхээр байна. Тэгэхээр эдгээр 7-ийн хэмжээ, ашиг орлогыг нь харвал компаниуд гэхээсээ илүү улсууд гэмээр аж.

“Гайхамшигт 7”-ийн хувьцаануудыг нэгтгэн тооцдог Bloomberg-ийн индекс өнгөрсөн онд 106 хувиар өссөн бол S&P 500 индекс 24 хувиар өсжээ. Харин компани тус бүрийн ашгийн сүүлийн үзүүлэлтийг харвал холимог дүр зурагтай байна. Meta, Amazon, Nvidia-ийн үзүүлэлт төсөөллөөс давсан бол Apple болон Tesla-ийнх зарим талаараа сул байгаа.

Тэр дундаа 2023 онд 239 хувиар өсөж, энэ онд ч шуургалсан өсөлтөө хадгалж буй Nvidia-ийн хувьцааг Goldman Sachs “дэлхий дээрх хамгийн чухал хувьцаа” гэж тодорхойлжээ.

Хаанчлал дуусах уу?

Тэгвэл “Гайхамшигт 7” харьцуулагдашгүй энэ их хүчээ хэр удаан хадгалж чадах вэ гэдэг гол асуулт болоод байна. Түүхээс харвал хэт их төвлөрлийн мөчлөг бүр хэзээ нэг цагт эргэн дундаж түвшиндээ очдог бөгөөд Америкийн топ 5 компанийн бүрдэл зогсолтгүй өөрчлөгдсөөр иржээ.

1970-аад оны эхээр Nifty Fifty гэгдэх 50 компанийн өсөлт оргилдоо хүрч байсан үед АНУ-ын топ компани индексийнхээ 25 хувийг бүрдүүлж байв. Харин 1970-аад оны сүүлээр энэ хувь 15 руу буурч, 1990-ээд оны дундуур бодлогын хүү өндөр үед бүр 10-д дөхсөн байна.

Саяхан Goldman Sachs-ийн мэдээлснээр хедж сангууд IV улиралд “Гайхамшигт 7”-д эзэмшдэг хувиа бууруулсан нь зах зээлд хэт төвлөрөл үүсэх шинж тэмдэг анзаарагдаж эхэлсний дохио болжээ. Тодруулбал нийт позиц нь 2.6 их наяд ам.доллар хүрэх 722 хедж сангийн арилжаанд шинжилгээ хийхэд Amazon-оос бусад 6 компанид нь тэдний эзэмшдэг хувь буурсан байна.

Энэ удаа байдал өөр гэж үү? Магадгүй тийм. Харилцаа холбоо, дэд бүтцийн салбарт итгэмээргүй хурдан бүтцийн өөрчлөлт явагдаж буй үед бид амьдарч байна. Хиймэл оюуны тэсрэлт дөнгөж эхэн шатандаа яваа. Мөн геополитик, батлан хамгаалахын түвшинд аюул заналхийллийг сөрөхийн тулд АНУ-д технологийн компаниуд нь юу юунаас илүү хэрэгтэй байгаа.

Гэхдээ анзаарах ёстой бас нэг чухал зүйл гэвэл “Гайхамшигт 7” бол 2000-аад оны “dot-com” хөөсрөлтийн үеийн хэт өндрөөр үнэлэгдсэн “бага гарынхан” биш гэдгийг санах хэрэгтэй. Тэд бол түүхэнд хэзээ ч байгаагүй түвшинд хил хязгаарыг эвдэж чадсан жинхэнэ гайхалтай компаниуд болохыг Deutsche Bank-ийн макро стратегич Жим Рейд тодотгожээ.

Мөчлөгөөс гарах ганц арга

Нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрсэн 2023 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 7.0 хувиар өсөөд буй. Энэхүү өсөлтийн 4.4 нэгж хувийг зөвхөн уул уурхай болон тээврийн салбарын өсөлт бүрдүүлсэн юм. Төсвийн тэлэлт, БНХАУ-ын нүүрсний худалдан авалтын нөлөөгөөр Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд мөн 7 хувьд хадгалагдах, эсвэл илүү гарах ч магадлалтайг ЭЗСЭШХ-ийн захирал Б.Түвшинтөгс онцоллоо.

“Уул уурхайн салбарын мөчлөг дагасан эдийн засгийн тогтворгүй байдлаас ангижрах ганц арга хэрэгсэл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль. Харамсалтай нь энэ хуулиа бид 100 хувь хэрэгжүүлж чадахгүй байна. Уул уурхайгаас уламжлагдсан эдийн засаг анхнаасаа хүртээмжтэй байдаггүй. Юу хүртээмжтэй болгодог вэ гэвэл төсвөөр дамжуулж дэд бүтцийн хөгжил, иргэдийн амьжиргаанд нөлөөлөх явдал” хэмээн тэрбээр бидэнд өгсөн ярилцлагадаа онцолсон юм.

MMC-ийн шинэ хэлцэл

Mongolian Mining Corporation өөрийн охин компани болох Khangad Exploration-ийн 20 хувийг БНХАУ-ын тээвэр логистикийн Jiayou International Logistics компанид 88.8 сая ам.доллароор худалдах гэрээ байгуулснаа мэдэгдлээ. Өмнөговь аймгийн “Баруун наран” талбайд коксжих нүүрс олборлодог Khangad Exploration-ийн 20 хувийг зарснаар MMC-ийн эзэмшил 80 хувь болж байгаа аж.

Хөрөнгийн захад

  • Борлуулалтын орлого нь өмнөх оноосоо 43.2 хувиар өсөж, 1 их наяд төгрөг давсныг тайлагнаад буй Тавантолгой ХК 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгаасаа 263.1 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар боллоо. Нэгж хувьцаанд 4,996 төгрөгөөр тооцож олгох аж.

  • Хувьцаат компаниудын ногдол ашгийн хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 22.35 хувиар өсч, 799.22 тэрбум төгрөгт хүрснийг МХБ мэдээллээ. Хоёрдугаар сарын 22-ны өдрийн байдлаар 40 хувьцаат компани энэ онд ногдол ашиг хуваарилахаа мэдэгдээд байна.

Хятадын төрийн “түмэн нүд”

Сүүлийн арваад жилийн хугацаанд БНХАУ-д дэвшилтэт хяналт, тандалтын технологиуд олноор бий болсон нь Хятадын Коммунист намд иргэдээ тагнан мөшгих тал дээр түүхэн дэх ямар ч дэглэмд байгаагүй их хүчийг өгчээ.

Хятад улс хяналтын технологиудаа хөгжиж буй орнуудад зарснаар тэдний энэхүү техно-авторитар жишиг улам дэлгэрэх вий гэдгээс өрнөдийн ЗГ-ууд эмээх болов. Сүүлд АНУ тэрхүү технологиудын хөгжүүлэлт, экспортыг саатуулах зорилгоор Хятадын компаниудад хэд хэдэн хориг арга хэмжээ аваад байгаа юм.

Гэхдээ Хятадын төрийн "түмэн нүд" хэт хүчтэй байгаа нь технологийн ач бус, харин ХКН-ын өөр хаана ч байхгүй боловсронгуй зохион байгуулалт, нийт хүн амын бараг 1 хувийг эзлэх болсон мэдээлэгчидтэй холбоотой болохыг Bloomberg-ийн нийтлэлч Пэй Миньшинь бичиж байна.

Nikkei оргилд

Дефляцаас эцэст нь гарч, тогтвортой өсөлтийн замдаа орсон Япон улсад хөрөнгө оруулагчид мөнгөө цутгаснаар Nikkei индекс хамгийн сүүлд 1989 онд хүрч байсан дээд цэгтээ дахин хүрлээ. "Ханш бага зэрэг тогтворжсон энэ үед Nvidia-ийн ашиг таамгаас давсан нь Японы индексүүд дээд цэгтээ хүрэхэд томоохон түлхэц боллоо" гэж Saxo Capital Markets-ийн шинжээч хэлжээ. Мөн иенийн ханш сул хэвээр байгаа энэ үед Японы хувьцаанууд оргилдоо хүрэх хараахан болоогүй, өсөлт нь үргэлжлэх боломжтой гэж таамагласан байна.

Сүүлд Японы хувьцаанууд түүхэн дээд цэгтээ хүрэх үед иенийн ханш 145-150 нэгжийн түвшинд унаж, Японы Төв банк бодлогын хүүгээ өсгөх арга замыг эрэлхийлж байсан гэх мэт одоогийнхтой төстэй нөхцөл байдал үүсээд байсан юм.

Уул уурхайн Давос

Уул уурхай, хайгуулын салбарын дэлхийн тэргүүлэх арга хэмжээ болох PDAC чуулган энэ онд Канад улсын Торонто хотноо гуравдугаар сарын 3-наас 6-ны хооронд зохион байгуулагдана.

Bloomberg TV Mongolia хоёр дахь жилдээ PDAC-тай хэвлэл, мэдээллийн түншээр хамтран ажиллаж, "PDAC 2024" чуулганы бүхий л мэдээ мэдээллийг нэр хүндтэй зочдын байр суурийн хамт онцгой эрхтэйгээр сурвалжилж, мөн чуулганаас бэлтгэсэн нэг цагийн тусгай хөтөлбөрийг гуравдугаар сарын 7-нд хүргэх болно.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • Якоб Стаусхолм: “Rio Tinto” сүүлийн 5 жилд $50 тэрбумын ногдол ашиг олгосон

  • Даатгалд хамрагдалт ба малын хорогдол: МАА-д илүү хүнд үе айсуй...

  • БНЭУ-ын эрчим хүчний салбар дахь нүүрсний эрэлт энэ онд 6.5 хувиар өсөх төлөвтэй

Онцлох чарт

Хятадын эдийн засгийг үл хөдлөхийн салбарын уналт нь хойш татаж байна. Европт Их Британи 2023 оны хоёрдугаар хагаст эдийн засгийн хөнгөн түвшний уналтад орсон бол Германы эдийн засаг 2024 онд дахин агших эрсдэлд орж, улмаар Евро бүсээ бүхэлд нь доош чангаав. Япон улсын эдийн засаг ч өнгөрсөн онд уналттай байсан юм. Тэгвэл дэлхийн хамгийн томд тооцогдох АНУ-ын эдийн засгийн тэлэлт сүүлийн хэдэн сарын турш бусад орнуудаас онцгойрч байна.

“АНУ-ын эдийн засаг энэ онд дэлхийн ихэнх орнуудын эдийн засгийг өсөлтөөрөө давсан хэвээр байх төлөвтэй. Ялангуяа Хятад, Европыг илүүрхэхээр байна” хэмээн Moody’s-ийн Ахлах эдийн засагч онцолжээ.

АНУ-ын эдийн засгийн хүч дангаараа дэлхий даяарх эдийн засгийн гүнзгий удаашралыг нөхөхөд хангалттай байж, улмаар ОУВС нэгдүгээр сард дэлхийн эдийн засгийн энэ оны өсөлтийн төсөөллөө 3.1 хувь болгон нэмэгдүүлэхэд нөлөөлсөн билээ.

Эцэст нь товчхон

ГХЯ: Киргиз улсын Усны нөөц, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн сайд Монгол руу 18 тонн боловсруулагүй ноос экспортолж органик бордоо болгон боловсруулахад бэлэн байгааг мэдэгджээ.

Өнөөдрийн онцлох зураг

Иберийн шилүүсийг Испанийн Сьерра де Арана нуруунд сул тавьсны дараа

Jorge Guerrero/AFP/Getty