- Business newsletter
- Posts
- 2024/02/22
2024/02/22
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Rio Tinto-ийн ашиг 2023 онд 12 хувиар буурч, 11.8 тэрбум ам.доллар болов.
Бодлогын хүүг хэр яарч бууруулах вий гэдэг дээр санаа зовж буйгаа АНУ-ын Холбооны Нөөцийн Банкны бодлого тодорхойлогчид илэрхийлжээ.
Түмэн шувуут ХК 2023 оны цэвэр ашгийнхаа 30 хувийг ногдол ашиг (нэгж хувьцаанд ₮17.1) болгон олгоно.
Луу жилийн зуд
Сүүлийн 50 гаруй жил ажиглагдаагүй их цастай өвөл болж, Монгол Улсын нийт орон нутгийн иргэдийн 80 орчим хувийн амьжиргааг хангадаг мал аж ахуйд аюул нүүрлээд байна. Зудын гамшгийн хариу арга хэмжээ, мөн хохирлыг багасгах даатгалын системийн нөхцөл байдлыг харцгаая…
Хүнд үе нь өнгөрөөгүй
Цаг наашлах хүртэл авч хэрэгжүүлэх зудын гамшгийн хариу арга хэмжээний төлөвлөгөөнд нэмж 4.6 сая ам.долларын санхүүжилт хэрэгтэйг НҮБ-аас анхааруулсан. Өөрөөр хэлбэл төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай нийт 6.3 сая ам.доллароос 1.7 сая ам.доллар нь бүрджээ.
Өнгөрсөн 80 жилийн хугацаанд Монгол Улсад агаарын дундаж хэм цельсийн 2.46 хэмээр нэмэгдсэний сацуу байгалийн гамшигт үзэгдлийн давтамж хоёр дахин өсөж, хохирлын хэмжээ нь жилд ойролцоогоор 50-70 тэрбум төгрөг хүрч байгааг НҮБ-ын тайланд дурджээ. Тэр дундаа сүүлийн 10 жилийн 6 нь зудтай байжээ.
Онцгой хахир хатуу байгаа энэ жилийн зудын хамгийн хүнд үе өнгөрөөгүй бөгөөд малын хорогдол оргилдоо хүрэх цаг II-IV сарын хооронд тохиохоор байгааг НҮБ мөн анхааруулсан байна. ОБЕГ-ын сүүлийн мэдээллээс харвал малын хорогдол тав хоногийн өмнө 667 мянга байсан бол өчигдөр 1.55 саяд хүрч огцом өсжээ.
Хэсэг зуурын дулаарал, хүйтрэлтийн нөлөөгөөр цасны өнгөн хэсэгт мөсөн бүрхэвч тогтож, мал бэлчих боломжгүй болохыг хэлдэг шилэн зуд хамгийн сүүлд 2010 онд тохиоход Монгол Улсын нийт мал сүргийн 25 орчим хувь буюу 10.3 сая толгой мал үрэгдсэн.
Хөдөө аж ахуйн салбар нь Монголын эдийн засгийн 13 орчим хувийг бүрдүүлдэг ч ДНБ-ий өсөлтөд эзлэх жин сүүлийн дөрвөн жилийн хоёрт нь хасах утгатай байсан нь байгаль, цаг уураас шалтгаалсан малын хорогдолтой шууд холбогдох юм.
Даатгал хангалтгүй байна
Зудад нэрвэгдсэн малчин өрхүүдийн амьжиргаа эрс муудаж, цаашлаад өрийн дарамтад орохоос сэргийлэхэд даатгалын үйлчилгээ мөн ихээхэн нөлөөтэй. 4.9 сая мал хорогдсон 2023 онд мал, амьтдын даатгалын нөхөн төлбөр өмнөх оноосоо 353.2 дахин өссөн байна.
Хэдий тийм боловч нэг малчны хотонд гарсан хорогдлоор бус харин сумын хэмжээнд гарсан нийт хорогдлоор тооцон нөхөн төлбөрийг олгодог, их хэмжээний хохирлоос урьдчилан сэргийлэх зорилготой даатгалын бүтээгдэхүүн болох малын индексжүүлсэн даатгалд хамрагдалт бага байгааг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тайландаа онцолж байв.
Үндэсний давхар даатгал ХК-ийн мэдээлснээр 2022 онд 27.5 мянган өрх малаа индексжүүлсэн даатгалд хамруулсан байсан нь нийт малчин өрхийн ердөө 14.4 хувийг эзлээд зогсохгүй хамрагдалт нь өмнөх оноосоо 21 хувиар буурчээ.
“157 мянга гаруй малчин өрхийн 18 мянга нь даатгалд бүртгэлтэй. Зам дээр явж байгаа 100 автомашины 7 нь даатгалтай. Ийм эрсдэлийг хандив тусламжаар биш даатгалын системээр давах ёстой гэж “Мандал Санхүүгийн Нэгдэл”-ийн Ерөнхий эдийн засагч Г.Батзориг байр сууриа илэрхийлжээ.
Давуу байдал, үндэслэлгүй хураамж
IPTV хэрэглэгчид сарын төлбөр дээрээ өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсөнд 2,500-3,500 төгрөгийг нэмж төлдөг. Энэ орлогыг Монголын телевизүүдийн холбоо ТББ-д төвлөрүүлж, гишүүн 18 телевизэд хуваарилдаг байна. Нийт дүн нь эхний жилүүдэд 20 орчим тэрбум төгрөг гэж яригдаж байсан бол энэ онд 30 гаруй тэрбум төгрөг хүрэхээр байгааг хуульч Б.Мэргэн өмнө нь ярьж байлаа.
“Арилжааны ТВ-үүдийн хийхгүй байгаа, түүх уламжлалаа сурталчилсан нэвтрүүлгүүдийг хийж байгаа учраас өргөн нэвтрүүлгийн ТВ-үүд татаас авч байгаа гэсэн тайлбар яригдаж байна. Гэхдээ яамны судалгаагаар өргөн нэвтрүүлгийн ТВ-үүдийн хоёр нь л ийм төрлийн нэвтрүүлэг хийсэн байна. Нөгөө талдаа өргөн нэвтрүүлгийн 18 телевиз IPTV-д эхний 19 дотор жагсана гэж хуульчилсан нь эдгээр телевизүүдэд давуу байдал олгосон. Энэ нь зар сурталчилгааны тал дээр бас давуу тал өгч байна” хэмээн тэрбээр бидэнд өгсөн ярилцлагадаа онцолсон юм.
Нүүрс олборлогчдын тайлан
Эрчим хүчний хэрэглээ өссөнтэй холбоотойгоор чулуун, хүрэн нүүрс олборлолтын компаниудын дотоодын нийлүүлэлт өнгөрсөн онд нэмэгджээ. 2023 онд 1.7 сая гаруй тонн нүүрс олборлосон Шарын гол ХК-ийн цэвэр ашиг тайлант хугацаанд 166 хувиар өсөж, 4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Мөн Багануур ХК нийт 4.6 сая тонн нүүрс борлуулж, өмнөх оны алдагдлаа 3.5 дахин бууруулан 9.5 тэрбум төгрөг болгожээ.
Харин Бэрх уул ХК 2022 онд 5.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол 2023 онд алдагдлаа нөхөж 1.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
Хөрөнгийн захад
Сүүлийн гурван жилийн хугацаанд олон нийтэд нээлттэй болсон 13 хувьцаат компанийн 10 нь энэ онд 457.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлээд байна. Харин одоогоор ногдол ашгийн шийдвэрээ гаргасан 39 компанийн хуваарилах нийт дүн ₮535 тэрбумд хүрээд буй.
Хүнс үйлдвэрлэлийн салбараас Талх Чихэр ХК 409.4 сая төгрөг, Хөвсгөл хүнс ХК 5.2 сая төгрөг, Мах Импэкс ХК 380 сая төгрөгийг тус тус ногдол ашигт хуваарилахаар болжээ.
Rio-ийн ашиг буурав
Rio Tinto-ийн ашиг 2023 онд 12 хувиар буурч, 11.8 тэрбум ам.доллар болсныг тайлагналаа. Өнгөрсөн онд төмрийн хүдрийн үнэ тогтвортой байсан ч эрэлтийн төлөв муу байгаагаас үүдэн энэ долоо хоногт үнэ нь сүүлийн гурван сарын доод түвшинд хүрч унаад байгаа юм. Гол хэрэглэгч БНХАУ-ын цар тахлын дараах сэргэлт удаашралтай байгаа нь цаашид төмрийн хүдрийн үнийн төлөвт гол эрсдэл болж байна.
Тус компани мөн нэгж хувьцаандаа 2.58 ам.долларын ногдол ашиг олгохоор болсноо мэдээлжээ. "Компани цаашид хөрөнгө оруулагчдыг татахуйц ногдол ашиг тарааж, ногоон шилжилтэд чухал ашигт малтмалын салбараа урт хугацаанд бэхжүүлэхэд хөрөнгө оруулна" гэж Rio Tinto компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм өгүүлжээ.
EV-ийг утасгүй цэнэглэнэ
Цахилгаан автомашиныг залгуураар цэнэглэх шаардлагагүй болж магадгүй байна. Жолооч нар автомашинаа цэнэглэх болсон үедээ ердөө л тусгай зогсоолд автомашинаа байрлуулаад хянах самбарт гэрэл ассаны дараа машинаасаа бууж, бусад ажлаа амжуулдаг болох юм.
Соронзон резонанс, цэнэглэгч хавтан ашиглан автомашиныг индуктив холболтоор цэнэглэж, залгуур, утаснуудын хэрэгцээг халах технологи бодит болоход нэлээн ойртжээ. Цахилгаан автомашины нэвтрүүлэлт улам эрчимжиж буй энэ үед хэд хэдэн стартап утасгүй цэнэглэлтийг энгийн хэрэглээ болгохоор ажиллаж, зарим авто үйлдвэрлэгчид ч тус технологийн туршилтуудыг эхлүүлээд байгаа юм.
Тухайлбал WiTricity компани энэ зунаас E-Z-GO, ICON EV гольфын тэрэг, хөнгөн тээврийн хэрэгслүүдэд зориулан утасгүй цэнэглэгчийн системээ гаргахаар болсон аж. Тус компани Mitsubishi, Siemens зэрэг хөрөнгө оруулагчдаас гадна Өмнөд Солонгосын KG Mobility компанитай технологийн хамтын ажиллагаатай аж.
Уул уурхайн Давос
Уул уурхай, хайгуулын салбарын дэлхийн тэргүүлэх арга хэмжээ болох PDAC чуулган энэ онд Канад улсын Торонто хотноо гуравдугаар сарын 3-наас 6-ны хооронд зохион байгуулагдана.
Bloomberg TV Mongolia хоёр дахь жилдээ PDAC-тай хэвлэл, мэдээллийн түншээр хамтран ажиллаж, "PDAC 2024" чуулганы бүхий л мэдээ мэдээллийг нэр хүндтэй зочдын байр суурийн хамт онцгой эрхтэйгээр сурвалжилж, мөн чуулганаас бэлтгэсэн нэг цагийн тусгай хөтөлбөрийг гуравдугаар сарын 7-нд хүргэх болно.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Онцлох чарт
БНХАУ-ын уул уурхайн гол бүсүүд цэвэр эрчим хүчний салбарт чиглэсэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлснээр сүүлийн 7 жилийн турш цойлсон тус улсын нүүрсний гарцын өсөлт саарч эхэлсэн байна. Энэ онд Хятадын нүүрсний гарцын өсөлт нь 1.4 хувь болж саарах магадлалтай байгааг Guosheng Securities тооцоолжээ.
2022 оны эрчим хүчний хомсдолоос шалтгаалан тус улс нүүрсний гарцаа 10 хувиар нэмэгдүүлсэн нь нийлүүлэлтийн илүүдэл үүсгэж, улмаар нүүрсний үнийг бага түвшинд хадгалсан юм. Харин 2023 онд тус улсын нүүрсний гарц шинэ дээд цэгтээ буюу 4.7 тэрбум тоннд хүрсэн нь уул уурхайн осол нэмэгдэх, уурхайн компаниудын ашигт ажиллагаа буурах зэрэг сөрөг үр дагавартай байлаа.
Өнөөдрийн онцлох зураг
Италийн Флоренц хотын “Accademia” галерейд байдаг Микеланжелогийн Давидын баримлыг цэвэрлэж буй ажилтан
Tiziana Fabi/AFP/Getty