- Business newsletter
- Posts
- 2024/02/21
2024/02/21
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Зудын гамшгийн хариу арга хэмжээний төлөвлөгөөнд $4.6 саяын санхүүжилт шаардлагатайг НҮБ мэдээлэв.
Монос Хүнс ХК-ийн ашиг 2023 онд 14% өсөж ₮3.6 тэрбумд хүрчээ.
Төрийн өмчит компаниудын хувьчлалаар Төв Азийн зарим орон хэрхэн түүчээлж буйг энэ дугаарт онцоллоо.
Биднийг амрах хойгуур
ОХУ энэ онд хиймэл дагуул устгах зорилгоор сансарт цөмийн зэвсэг байршуулж магадгүйг АНУ холбоотон орнууддаа мэдэгдсэнийг ойрын эх сурвалж мэдээллээ. Цөмийн цэнэгт хошууг тойрог замд байлгах нь ОХУ-ын нэгдэн орсон 1967 оны гэрээг зөрчсөн үйлдэл болох юм байна. Тус улс хиймэл дагуулын эсрэг зэвсэг хөгжүүлсээр байсан хэмээн АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдэгдээд байгаа юм. Түүний хэлснээр тус зэвсэг нь хүний амь насанд шууд аюул учруулахгүй аж. Харин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин дээрх мэдэгдлийг үгүйсгэжээ.
Төв Ази дахь хувьчлалын салхи
Европын Сэргээн босголт, хөгжлийн банк сүүлд Казахстаны үндэсний агаарын тээвэрлэгч Air Astana-д 41.99 сая ам.долларын хөрөнгө оруулж, тус улсын IPO-оор дамжуулан хийж буй анхны хувьчлалд дэмжлэг үзүүлэхээр болоод байна.
Төрийн оролцоо өндөр байдаг Казахстаны эдийн засагт хувьчлалын маш том жишиг тогтоохоор байгаа уг IPO-ийн үр дүнд Air Astana дахь төрийн эзэмшил 50 хувиас доош орж буурах бол ЕСБХБ 5 орчим хувийг нь эзэмших аж. Тус банк Төв Азиас Казахстанд хамгийн удаан хугацааны, хамгийн өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнөөг хүртэл тус улсад 317 төслөөр дамжуулан нийт 10 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.
Харин сүүлийн 4 жилд тус банкнаас авсан санхүүжилтээр бүс нутагтаа тасралтгүй тэргүүлсэн улс бол Узбекистан юм. ЕСБХБ өнгөрсөн онд Төв Азийн улсуудад 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс 760 сая нь Узбекистанд, ялангуяа тус улсын сэргээгдэх эрчим хүч, нүүрстөрөгчийн ялгарал багатай технологийн хөгжүүлэлтэд чиглэжээ. Тодруулбал бараг 900 мВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий гурван нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтыг ЕСБХБ санхүүжүүлсэн байна.
“Узбекистан улс бол бүс нутагтаа эдийн засгаа нээлттэй болгож, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах тал дээр маш сайн шинэчлэл хийж чадсан улсад тооцогддог. Тус улс сэргээгдэх эрчим хүчний салбартаа $3 тэрбумын ГШХО татаж чадсан” хэмээн ЕСБХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач бидэнд өгсөн ярилцлагадаа онцолж байлаа.
Хувьчлал ба ЕСБХБ-ны оролцоо
AAA үнэлгээтэй зээлдүүлэгчдийн нэг ЕСБХБ нь Төв Ази дахь хамгийн том мэргэжлийн хөрөнгө оруулагчид тооцогдож, мөн хувийн секторт түлхүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдгаараа бүс нутгийн хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн төрөлжүүлэлт, хувьчлалын бодлогод чухал нөлөө үзүүлж байна. 2023 онд тус банкны Төв Азид санхүүжүүлсэн 100 гаруй төслийн 70 хувь нь хувийн хэвшлийнх байсныг тайландаа дурджээ.
Казахстан улсын эдийн засаг дахь төрийн үүрэг оролцоог багасгах өргөн хүрээний стратегийн нэг хэсэг нь дээр дурдсан Air Astana-ийн хувьчлал юм. Тус улсын үндэсний баялгийн сан Самрук Казына-ийн эзэмшилд байдаг бүх компани энэ оноос эхлэн хувьцаагаа нээлттэй арилжаалахаар болсон аж. Тухайлбал баялгийн сангийн 100 хувь эзэмшдэг QazaqGaz, тус улсын хоёр дахь том арилжааны банк Bereke Bank зэрэг нь жагсаалтын эхэнд байгаа юм.
Тэгвэл Узбекистан улсын ЗГ 2017 оноос хойш төрийн өмчит 100 гаруй банкийг хувьчлах амбицтай төлөвлөгөө хэрэгжүүлж буй. Өнгөрсөн XI сард Азийн хөгжлийн банк тус улсын энэхүү төлөвлөгөөнд дэмжлэг үзүүлэхээр 50 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ байгуулж, ЕСБХБ параллель зээлдэгчээр оролцсон байна.
Бүс нутгийн орнуудын амжилттай жишээнээс суралцах боломж байгаа ч Монгол Улсад мөн төрийн өмчит компаниудыг олон нийтэд нээлттэй болгох үйл явц удаашралтай үргэлжилж байна. 2016 оноос хойш аваад үзвэл хөрөнгийн биржид хувьцаагаа гаргасан төрийн өмчит компанийн тоо хуруу дарам цөөн бий.
2023 оны байдлаар Монгол Улсын ДНБ 68.9 их наяд төгрөгөөр хэмжигдсэн бол төрийн өмчит компаниудын нийт хөрөнгийн хэмжээ оны эхний хагаст 59.2 их наяд төгрөг байсан юм. Уул уурхайгаар тогтохгүй газрын тос боловсруулалт, эрчим хүч, төмөр замын бүтээн байгуулалт гэх мэт хувийн хэвшлийн хийчих бололцоотой бүхий л том төслүүд төрийн мэдэлд орчихоод байгааг Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн дарга Ц.Түмэнцогт онцолж байлаа.
Зудын тусламж
1975 оноос хойш ажиглагдаагүй их хэмжээний цас орж, 20 аймгийн 200 суманд зудын аюул нүүрлээд буй энэ үед НҮБ-аас ирэх тавдугаар сар хүртэл авч хэрэгжүүлэх зудын гамшгийн хариу арга хэмжээний төлөвлөгөөнд 4.6 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай байгааг мэдээллээ. Энэхүү төлөвлөгөө нь туслалцаа шаардлагатай 150 мянга гаруй хүнээс зорилтот бүлгийн 33.4 мянган хүнд чиглэхээр байна.
НҮБ-ын мэдээлснээр Монгол Улсад сүүлийн 10 жилийн хугацаанд зургаан удаа зудын гамшиг тохиосон байна. Харин шилэн зудын нөхцөл байдал 2010 оноос хойш өнөөг хүртэл тохиож байгаагүй аж. 2010 оны шилэн зуднаар Монгол Улсын нийт мал сүргийн 25 орчим хувь буюу 10.3 сая мал үрэгдсэн.
"Магадгүй ган, зудын хор хохирлыг давах гэж л малчид маань мал сүргээ олон тоотой байлгадаг байх. Гэвч малын тоо их байх тусам идэх өвс тэжээл нь хомсодно гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Учир нь Монголд бэлчээрийн талбай хязгаарлагдмал, аль хэдийн доройтоод эхэлчихсэн. Нөгөөтээгүүр малын тоо толгой их ч түүнээс хүртэх ашиг шим нь бага байна. Монгол 6.5 сая толгой үхэртэй. Тэгсэн атлаа Шинэ Зеланд болон ОХУ-аас хуурай сүү импортолж байна шүү дээ" хэмээн Монгол Улс дахь НҮБ-ын Суурин Зохицуулагч Тапан Мишра бидэнд өгсөн ярилцлагадаа хэлж байлаа.
Түмэн шувуутын тайлан
Түмэн шувуут ХК-ийн цэвэр ашиг 2023 онд өмнөх оноосоо 59.2 хувиар өсөж, 11.4 тэрбум төгрөг болжээ. Компанийн өндөгний үйлдвэрлэл өнгөрсөн онд 16 хувиар өсөж, 113.2 сая ширхэгт хүрсэн аж. Үүнд өндөглөгч шувууны тоо толгойг нэмсэн болон “Түмэн шувуут 2” фермийн бүтээн байгуулалтын ажил голлон нөлөөлснийг тодотгож байв.
Мөн компани 2023 оны цэвэр ашгаасаа 30 хувийг буюу 3.4 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлэсэн ба нэгж хувьцаанд 17.1 төгрөгийн ногдол ашиг олгох аж.
Хөрөнгийн захад
2024.02.20-ны байдлаар 61 ХК-иас ногдол ашиг хуваарилах эсэх талаарх шийдвэрийг ирүүлснээс 35 ХК нийт 480.24 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилах болсон шийдвэрээ СЗХ-нд хүргүүлж, олон нийтэд мэдээлээд байна. Сүүлд:
ХасБанк ХК өнгөрсөн оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн үр дүнгээс шалтгаалан 26.5 тэрбум төгрөгийн ногдол ашгийг нэгж хувьцаанд 25.25 төгрөгөөр тооцож;
БиДиСек ХК жилийн эцсийн цэвэр ашгийн 40 хувь буюу 464.4 сая төгрөгийг нэгж хувьцаанд 33.9 төгрөгөөр тооцож;
Төрийн банк ХК нэгж хувьцаанд 66.20 төгрөгөөр тооцож, 50 гаруй тэрбум төгрөгийг;
Монгол шуудан ХК цэвэр ашгийнхаа 30 хувь буюу 597.5 сая төгрөгийг тус тус ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлэжээ.
Баффет алдахгүй
12 дугаар сараар дуусгавар болсон улиралд Японы компаниудын улирлын ашиг түүхэн дээд түвшиндээ хүрсний нөлөөгөөр Nikkei 225 индекс бүх цаг үеийн дээд цэгтээ дөхлөө.
TOPIX индекст бүртгэлтэй 500 компанийн цэвэр ашиг 10-12 дугаар сард өмнөх оны мөн үеэс 46 хувиар өсөж, 93 тэрбум ам.долларт хүрсэн байна. АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч, иений ханш үргэлжлэн суларсан нь Toyota зэрэг экспортлогчдод ихээхэн дэм болжээ.
Уоррен Баффетын Berkshire Hathaway-аас эхлээд BlackRock, Robeco зэрэг гадаадын томоохон хөрөнгө оруулагчид Японы хөрөнгийн захын өсөлтөд өөдрөг байр суурьтай байгаагаа илэрхийлээд буй. Баффетын хувьд 2020 онд Японы арилжааны хэд хэдэн компанийн хувьцааг чанартай, хямдхан гэсэн үндэслэлээр худалдан авсан юм. Өнгөрсөн онд тэрбээр зарцуулсан дүнгээ нугалж олоод зогсохгүй тэдгээр компаниудад эзэмшдэг хувьцаагаа нэмсэн билээ.
Экосистем сүйдэх аюул
Аргентины Эль Чалтен тосгонд сантехникийн "хямрал" нүүрлэжээ. Los Glaciares үндэсний паркт, Патагоны сүрлэг оргилуудын дунд орших дээд зэрэглэлийн жуулчны бааз, амралтын газруудаараа алдартай тус тосгоны бохирын систем зарим өдөр ачааллаа даахгүй хальж, улмаар аюултай бактериуд нутгийн онгон дагшин экосистемийг бохирдуулдаг байна.
Үндэсний паркийн дундуур урсаж, нутгийн оршин суугчдыг цэвэр усаар хангадаг Лас Вуэлтас голд хальсан бохир ус нийлж буйг сүүлийн саруудад голын уснаас дээж авсан шинжилгээний үр дүн харуулжээ. Асуудал нь хэт олон жуулчин, тэдэнд үйлчлэх дэд бүтцийн хомсдол аж.
Эль Чалтений бохир ус цэвэрлэх байгууламж анхандаа 4,300 хүн амтай сууринд үйлчлэхээр баригдсан ч тус тосгон аялал жуулчлалын оргил үе 11-ээс 3 дугаар сар хүртэлх хугацаанд 10 мянга хүртэлх тооны оршин суугчтай байдаг байна. Аргентины Патагоны бүс нутагт зочлох жуулчдын тоо сүүлийн жилүүдэд огцом өсжээ. 2023 оны зөвхөн 12 дугаарт сард Los Glaciares-т 61 мянган жуулчин ирсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 47 хувиар өссөн үзүүлэлт болохыг ЗГ-ын тоо мэдээлэлд дурдсан байна.
Уул уурхай, хайгуулын салбарын дэлхийн тэргүүлэх арга хэмжээ болох PDAC чуулган энэ онд Канад улсын Торонто хотноо гуравдугаар сарын 3-наас 6-ны хооронд зохион байгуулагдана.
Bloomberg TV Mongolia хоёр дахь жилдээ PDAC-тай хэвлэл, мэдээллийн түншээр хамтран ажиллаж, "PDAC 2024" чуулганы бүхий л мэдээ мэдээллийг нэр хүндтэй зочдын байр суурийн хамт онцгой эрхтэйгээр сурвалжилж, мөн чуулганаас бэлтгэсэн нэг цагийн тусгай хөтөлбөрийг гуравдугаар сарын 7-нд хүргэх болно.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Covid-19-ийн халдварын эсрэг вакцин зарим өвчлөлтэй холбоотойг судалгаагаар тогтоов
BHP: Зах зээл дэх никелийн нийлүүлэлтийн илүүдэл урт хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна
Унаагаа шинэчлэх үү, хөрөнгө оруулах уу? #3: 10,000 ам.доллароо өсгөх хувилбарууд
Онцлох чарт
Хөгжингүй орнуудын төв банкнууд мөнгөний бодлого дээр дөрөө харшуулж байснаасаа ухрах шинж тэмдгүүд ажиглагдаж эхлээд байна. Арилжаалагчдын хувьд Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ ойрын хугацаанд бууруулахгүй гэсэн дохиог хүлээн авч, харин Швейцарын төв банк тун удахгүй хүүгээ бууруулна гэдэгт мөрийцөх болжээ.
JPMorgan-ийн стратегичид яг одоо АНУ, Европын өсөлтийн ялгаан дээр тоглолт хийж, Америкийн хувьцаанууд, бондууд, ам.долларыг илүүд үзэх нь зүйтэйг харилцагчдадаа зөвлөжээ. Мөн тэд Канад болон Австралийн төв банк хоёул чанга бодлогоо бусад төв банкнуудаас удаан хугацаанд баримтална гэсэн хүлээлттэй байгаа аж.
Эцэст нь товчхон
ҮСХ: Нэг ажилтанд ногдох ДНБ буюу хөдөлмөрийн бүтээмж өнгөрсөн онд 8.7 хувиар өсөж 24.8 сая төгрөг болжээ. Уул уурхай, үйлчилгээ, аж үйлдвэр, барилгын салбарт өссөн бол хөдөө аж ахуйн салбарт буурсан үзүүлэлттэй байна.
Мөн 2023 оны IV улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 2.3 сая төгрөг буюу 678 ам.доллар орчим болж, өмнөх оны мөн үеэс 23.8 хувиар өсжээ.
Өнөөдрийн онцлох зураг
Европын Холбооны хөдөө аж ахуйн бодлогыг эсэргүүцсэн Чехийн фермерүүд трактороор зам хаан жагсаал хийж буй нь - Прага, Чех
Milan Jaros/Bloomberg