- Business newsletter
- Posts
- 2024/02/20
2024/02/20
Гурван өгүүлбэрээр
АПУ ХК 2023 оны II хагас жилийн санхүүгийн үр дүнг харгалзан нэгж хувьцаанд 44 төгрөгөөр тооцож ногдол ашиг олгоно.
Нүүрсний экспорт 70 сая тоннд дөхсөн 2023 онд Монгол Улсын ДНБ 7.0 хувиар өсжээ.
Хамгаалж тоглох уу, довтолж тоглох уу? $10 мянгаа өсгөх шинэ хувилбаруудыг энэ дугаарт онцоллоо.
$10 мянгаа өсгөх хувилбарууд
Хөрөнгө оруулагчид нэгэн томоохон асуулттай тулгараад байна. Хамгаалж тоглох уу, довтолж тоглох уу? Өөрөөр хэлбэл S&P 500 индекс 5,000-ын түвшин давсныг тэмдэглэн технологийн аваргуудын өсөлтийн давлагааг хөлөглөх, эсвэл зах зээлийн “мартагдсан” булангаас дахин сэргэхэд бэлэн харагдаж буй хэрэгслүүдэд мөнгөө хийх хоёр сонголт гарч иржээ.
Уншигч танд цувралаар хүргэдэг “Мөнгөө өсгөх хувилбарууд”-ын энэ дугаарт яг одоо 10 мянган ам.доллароо өсгөх, өгөөж хүртэх ямар боломжууд хаана байгаа талаар хашир туршлагатай мөнгөний менежерүүд юу гэж зөвлөснийг хүргэж байна.
Тогтвортой байдал чухал
Гол санаа: Өнгөрсөн онд инфляц саарч, эдийн засаг хүндрэлүүдийг тэсвэрлэж, мөн хөрөнгө оруулагчид эрсдэл талаа илүү анхаарсан. 2022 онд сүүл мушгигчдын дийлэнх нь өнгөрсөн онд түрүү магнай боллоо. Энэ онд үүнтэй төстэй, гэхдээ тийм ч огцом бус шилжилт явагдаж магадгүй. Хувьцаануудад ээлтэй жил болох хүлээлттэй байгаа ч миний хувьд түрүү жил өсөлтөөрөө тэргүүлэгсдэд нэмж мөнгө хийхээс илүүтэй ханшийн савлагаа бага, ашгийг нь таамаглахад амар компаниудыг харна.
Стратеги: Инфляц, өсөлт хоёул тогтворжиж эхэлж байгаа тул хөрөнгө оруулагчид хэлбэлзэл бага, найдвартай өсөлт үзүүлж чадах компаниудыг илүүд үзэх магадлалтай. Гэхдээ нийтийн үйлчилгээ, хүнс үйлдвэрлэл гэх мэт хамгаалалтын хувьцааг авах бус илүү өргөн хүрээнд, ул сууриараа хэлбэлзэл, эрсдэл багатай компаниудыг илүүд үзэх нь зүйтэй.
Том зургаараа: Бужигнасан дөрвөн жилийг өнгөрөөсний дараа бид цар тахлын өмнөх хэвийн үетэй төстэй орчинд орохоор байна. Энэ шилжилтийн үед найдвартай өсөлтөөр хангах компаниуд зах зээлд манлайлах шинжтэй.
Урт хугацаанд гэвэл зэс
Стратеги: Дотоодын компанийн бондуудын өгөөж 18-20 хувь гэдэг бол маш өндөрт тооцогдоно. Мөн хүү буурвал бондын үнэ ханшид эерэг нөлөө үзүүлдэг хамааралтай тул багцынхаа 50 хувийг бондоор бүрдүүлэх хэрэгтэй. Мөн дотоодын хувьцаанаас өөрийн хөрөнгийн өгөөж болон үнэ, дансны үнийн харьцаагаар нь шүүж, хямдаар үнэлэгдсэн хувьцааг олж, багцынхаа 20 хувийг бүрдүүлж болно.
Харин урт хугацааны хөрөнгө оруулалтад зэс олборлогч компаниудын хувьцаанаас авахыг зөвлөе. 2023 онд зэсийн үнэ тогтвортой байсан нь БНХАУ-ын эдийн засгийн удаашралтай холбоотой. Ирэх 10 жилд хамгийн өндөр эрэлттэй байх түүхий эдийн нэг нь зэс бөгөөд олборлогч компанийн хувьцаанд хөрөнгө оруулах замаар өгөөж олж болно.
Том зургаараа: Монгол Улсын хувьд 2024 онд эдийн засаг, мөнгөний нийлүүлэлт өндөр өсөлттэй, оны II хагаст инфляцын дарамт нэмэгдсэн жил болох хүлээлттэй байна. Төсвийн зардлын тэлэлтээс инфляцад үзүүлэх нөлөөг мөнгөний бодлогоор саармагжуулж байгаа тул Монголбанк бодлогын хүүг дорвитой бууруулах боломжгүй харагдаж байна. Харин зах зээл дээрх мөнгөний хэмжээ нэмэгдсэнээр зээлийн хүү болон бондын хүү бага зэрэг буурах боломжтой. Ам.долларын ханш сонгуулийн дараа өсөх төлөвтэй ч жилийн дүнгээр 5 хувиас илүү өсөх магадлал бага харагдаж байна.
Хөгжиж буй зах зээлийн сэргэлт
Гол санаа: Хөгжиж буй орнуудын хувьцааны өсөлтийн потенциал бидний олон жилийн турш хараагүй сайн түвшинд ирээд байна. Түүхэн доод цэгтээ хүрсэн үнэ, АНУ-тай харьцуулахад өндөр өсөлтийн хувь, мөн бодлогын хүү буурах хүлээлттэй энэ нь холбоотой.
Стратеги: MSCI Emerging Markets Index-т Хятадын эзлэх жин 2020 оны эцэст 39 хувь байснаас 2023 оны эцэст 27 хувь болж буурснаас харвал хөгжиж буй орнуудын зах зээлд БНХАУ болон тус улсын цахим салбарын томчууд ноёлохоо больжээ. Уг зах зээлийг бүрдүүлэгч орнууд илүү тэнцвэртэй болсноор хөрөнгө оруулагчдын сонирхол ч нэмэгдэж байна. Энэтхэг, Тайвань, Персийн булангийн орнуудын зах зээлд арилжааны хэмжээ нэмэгдэж байгаа нь гүйлгээний өртгийг бууруулж, бага үнэлгээтэй хувьцааны хүртээмжийг ч сайжруулах болов.
Альтернатив санаа
Энэтхэг рүү аялж болно. Тус улсын бодит ДНБ-ий өсөлт 2023 онд 7 хувь давж, Их 20-ийн бүлэгт өсөлтөөрөө тэргүүлээд байна. Энэхүү өндөр өсөлт нь эдийн засгийн дийлэнх секторт, тэр дундаа аялал жуулчлалын салбарт өгөөжөө хүртээнэ. Түүхэн дурсгалт газрууд, аялал жуулчлалын бүсүүдээ сайн хөгжүүлж, тээвэр, зочид буудал, ресторан, дэлгүүрүүдэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжиж магадгүй. Энэ бүгд нь жуулчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, тус улсад зочлох өөр нэгэн шалтгаан болно гэсэн үг.
Том зургаараа: Холбооны нөөцийн банк 2024 онд бодлогын хүүгээ бууруулбал өгөөжийн муруй хэвийн болж, дэлхий даяар хөрвөх чадвар сайжирч, ам.долларын ханш суларч эхэлнэ. Түүхээс үзвэл эдгээр бүгд нь хөгжиж буй орнуудын хувьцаанд сайны дохио болдог.
Хэт зарагдсан бүсээс хай
Гол санаа: Болгоомжоо хадгалах нь зөв. АНУ-ын хувьцаануудын үнэлгээ хэт өндөр, мөн ЗГ-ын богино хугацаатай бонд зэрэг эрсдэл багатай хэрэгслүүд өгөөж сайтай хэвээр байна. Гэхдээ зүгээр л хамгаалалтын хувьцаа авахын оронд сүүлийн өсөлтийн гадна үлдсэн, эсвэл хэт их зарагдсанд тооцогдож буй бүсүүдэд хөрөнгө оруулалт хийхийг зөвлөнө.
Стратеги: Бидний санал болгож буй хэрэгслүүдийн хоёр нь хамгаалалтын хувьцаа байна. Нийтийн үйлчилгээ ба хүнс, ус, ундаа үйлдвэрлэл. Хэрэв инфляц үргэлжлүүлэн саарч, бодлогын хүү буурвал аль алинд нь ашигтай байх юм. Харин Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулж, оны сүүлээр ам.доллар суларвал хөрөнгө оруулалтаа илүү адал явдалтай болгож болох юм. Магадгүй хөгжиж буй орнуудын хувьцааны ETF авч болно.
Том зургаараа: Томоос жижиг рүү чиглэсэн стратегиар харвал 2023 он хөрөнгө оруулалтын багцаа төрөлжүүлэхэд үнэхээр тааламжгүй жил байлаа. Хиймэл оюунтай холбоотой АНУ-ын технологийн компаниудад хөрөнгө оруулах нь ганц сонголт байсан гэхэд болно. 2024 он гарсаар эдгээр трендүүд ерөнхийдөө үргэлжилж байна.
Эдийн засгийн өсөлт 7%
Нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрсэн 2023 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 7.0 хувиар өссөнийг ҮСХ мэдээллээ. Эдийн засгийн өсөлт ийнхүү 2018 оноос хойших хамгийн өндөр түвшиндээ хүрч, дийлэнх олон улсын байгууллагуудын төсөөллөөс давахад уул уурхай, олборлолтын салбарын сэргэлт голлон нөлөөлжээ. Тодруулбал 7 хувийн өсөлтийн 4.4 нэгж хувийг зөвхөн уул уурхай болон тээврийн салбарын өсөлт бүрдүүлсэн байна.
Уул уурхайн экспортын сэргэлт, түүхий эдийн өндөр үнэ нь мөчлөгийн шинжтэй энэхүү өсөлтийг тайлбарлах бол нөгөө талд уул уурхайн бус салбарын идэвхжил харьцангуй сул хэвээр байгаа нь санаа зовоох асуудал болохыг олон улсын байгууллагууд сануулсаар байна. Тиймээс энэхүү сэргэлтийн үеийг ашиглан төсвөө тэлэхийн оронд эдийн засгийн болзошгүй шокийг зөөлрүүлэх, цаашдын хөрөнгө оруулалтын орон зай гаргахын тулд гадаад валютын болон төсвийн нөөц бүрдүүлж авах хэрэгтэйг Дэлхийн банк, ОУВС зөвлөж байсан юм.
Зудын хохирол
Он гарсаар хоёрдугаар сарын 18-ны байдлаар улсын хэмжээнд 667.8 мянган толгой мал хорогдсоноос байгалийн онц аюултай үзэгдэл болсон зөвхөн сүүлийн хоёр хоногт 160 гаруй мянган толгой мал хорогдоод байгааг ОБЕГ мэдээллээ. Мөн нэгдүгээр сард малын зүй бус хорогдол өмнөх оны мөн үеэс 60 орчим хувиар өссөнийг ҮСХ мэдээлсэн юм.
Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, зарим газартаа 100 см хүртэл зузаан цастай, Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын нөхцөл үүсээд байгаа аж.
Хөрөнгийн захад
АПУ ХК 2023 оны сүүлийн хагас жилийн санхүүгийн үр дүнг харгалзан нэгж хувьцаанд 44 төгрөгөөр тооцож ногдол ашиг олгохоор шийдвэрлэжээ. Эхний хагас жилд тус компани нэгж хувьцаанд 45 төгрөгөөр тооцон 47.8 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилж байсан юм.
IPO хийгээд удаагүй байгаа Инновэйшн Инвестмент ХК 2023 оны цэвэр ашгийнхаа 70.2 хувийг буюу 4 тэрбум төгрөгийг ногдол ашигт тараахаар болов.
Инвескор ББСБ ХК 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгаас 4 тэрбум 14 сая төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна. Нэгж хувьцаанд 53 төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилна.
Jade Gas-ийн өрөмдлөг
Jade Gas компани Өмнөговь аймгийн нутагт байрлах байгалийн хийн хайгуулын 45 км орчим хэмжээтэй талбайгаа өргөтгөх энэ оны өрөмдлөгийн төлөвлөгөөгөө танилцууллаа. "Улаан нуур" нүүрсний давхаргын метан хийн төслийн хувьд цооног өрөмдөх, туршилтын үйлдвэрлэл явуулах, үйлдвэрлэлийн түвшинг шалгах арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байна. Үүнээс гадна 104.6 метрийн зузаантай хийтэй нүүрс илрүүлээд буй “Баруун наран” талбайдаа мөн өрөмдлөг хийхээр төлөвлөжээ.
Хамтын хүчээр
Дотоодын аялал жуулчлал, шилжилт хөдөлгөөн нь БНХАУ-д ус агаар мэт хэрэгтэй байгаа хэрэглэгчийн зарцуулалтын өсөлтийг авчрах төлөвтэй болсноор Хятад компаниудын хувьцаа Сар шинийн амралтын дараах долоо хоногийг хүчтэй эхлүүлж байна. Hang Seng индекс лхагва гарагт эргэн нээгдсэнээсээ хойш бараг 4 хувь өсөөд байгаа бол Nasdaq Golden Dragon China индекс мөн огцом өсжээ.
Эдийн засгийн сүүлийн үзүүлэлтүүдээс нь харвал 2023 онд БНХАУ-ыг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт 33 тэрбум ам.доллароор өссөн нь 2022 онтой харьцуулбал 80 хувиар буурсан үзүүлэлт болоод зогсохгүй 1993 оноос хойших хамгийн сул өсөлт болжээ. Харин эдийн засгаа дэмжих арга хэмжээний хувьд өнгөрсөн ням гарагт тус улсын төв банк юанийн ханшийн савлагаанаас сэргийлэх зорилгоор бодлогын хүүгээ 2.5 хувьд хэвээр хадгалсан юм.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Уул уурхайн компаниудын нэгдэн, нийлэх хэлцэл 2024 онд ч идэвхтэй хэвээр байх төлөвтэй
Австрали улс никелийг чухал ашигт малтмалын ангилалд орууллаа
Онцлох чарт
Зээлжих зэрэглэл, бондын санхүүжилттэй нь холбоотой эерэг мэдээлэл тасраагүй 2023 онд Mongolian Mining Corporation-ийн хувьцааны ханш 270 гаруй хувийн өсөлттэй байж, Хонконгийн хөрөнгийн биржид өсөлтөөрөө тэргүүлэгчдийн эгнээнд багтаад байв.
Тэгвэл 2024 он гарсаар MMC-ийн өсөлт улам эрчимжиж, сүүлийн арилжаагаар нэгж хувьцааны ханш нь 10 хонконг доллар давжээ. Ингэснээр сүүлийн 10-аад жилийн хугацаанд анх удаа энэ босгыг давж байна. Нүүрсний үнийн уналтаас үүдсэн алдагдлын нөлөөгөөр компанийн хувьцааны ханш 2013 оноос хойш төдийлөн сэргээгүй байсан юм.
Эцэст нь товчхон
УИХ: Хөрөнгө оруулалтын тухай хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэх төлөвлөгөөгүй байгааг УИХ-ын дарга мэдээллээ. Гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах тухай заалтыг хүчингүй болгох саналыг 100 мянган иргэн дэмжсэний дагуу хуулийн төслийг дахин боловсруулахаар болсон байна.
ХХААХҮЯ: Мал, махыг биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр арилжаалж эхэлсэн нэг сарын хугацаанд нийт 465 тонн буюу 4.2 тэрбум төгрөгийн мал, махны арилжаа хийгджээ.
Өнөөдрийн онцлох зураг
Австралийн нисэх хүчний баг Сингапурын агаарын шоуны үеэр үзүүлбэр үзүүлж буй нь
Roslan Rahman/AFP/Getty