2024/02/19

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. ҮСХ: Том малын зүй бус хорогдол 2024 оны 1-р сард улсын хэмжээнд 453.9 мянга болж, өмнөх оны мөн үеэс 59.4% өсөв.

  2. Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн цэвэр ашиг 2023 онд 13.4 дахин өсөж ₮8.69 тэрбум болов.

  3. Өнгөрсөн онд RE/MAX Mongolia борлуулалтаа 1 их наяд төгрөгт хүргэж, үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбартаа тэргүүлжээ.

Биднийг амрах хойгуур

S&P 500 индекс 2024 оны төгсгөл гэхэд 5,200 хүрнэ гэж Goldman Sachs-ийн стратегичид үзэж байна. Ийнхүү хэдэн сарын өмнөх төсөөллөө 2 дахь удаагаа ахиулж тогтооход компаниудын ашгийн хэмжээ нэмэгдэх хүлээлттэй байгаа нь нөлөөлжээ.

Орон сууцны зах зээл 2023 онд

7 их наяд гаруй төгрөгөөр хэмжигддэг Монголын орон сууцны зах зээлийн цар тахлын дараах сэргэлт, мөн үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагуудын ажиллагааг харцгаая.

Үнийн өсөлт саарч байна

Нэг талд барилгын компаниуд төслөө дуусгахад, шинэ төслүүд эхлүүлэхэд санхүүжилтийн хүндрэлтэй тулгарч, нөгөө талд иргэдийн эрэлт хэвээр хадгалагдсанаар сүүлийн 2-3 жилийн хугацаанд Улаанбаатар хотод орон сууцны үнэ бараг урьд өмнө байгаагүйгээр эрчимтэй өсөөд буй.

2022 оны сүүлийн хагасаас хойш Яармаг, Зайсан зэрэг бүсүүдэд нэг болон хоёр өрөө байрны үнэ багадаа 50-80 хувиар, зарим газар бүр 2-3 дахин өссөнийг RE/MAX Mongolia-ийн Бүсийн эзэмшигч Б.Бүжинлхам өнгөрсөн онд бидэнд өгсөн ярилцлагадаа онцолж байлаа.

Харин сүүлийн саруудад үл хөдлөхийн нийлүүлэлт харьцангуй тогтворжиж, үнийн өсөлт ч саараад байгаа нь инфляц, валютын ханшийн өөрчлөлтөөс гадна барилгын өртөг, гол материалын үнэ буурсантай холбогдоно.

ҮСХ-ны мэдээлснээр орон сууцны үнийн индекс 2023 оны эцэст 1.21 нэгж болж, өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өссөн. Шинэ орон сууцны үнийн өсөлт ялангуяа XII сард өмнөх сараасаа 2.1 нэгж хувиар саарч, жилийн 9.9 хувьтай байсан бол хуучин орон сууцны үнийн өсөлт долоон хувьтай гарч, мөн л ялимгүй саарсан байна.

Барилгын өртөг, нийлүүлэлт зэрэг нь орон сууцны үнийн богино хугацааны өөрчлөлтийг тайлбарлах ч том зургаараа эрчим хүч, дулаан хангамжийн дэд бүтцийн дутагдал, түүнээс үүдэлтэй хэт төвлөрлийн асуудлууд нь салбарт урт хугацаанд сорилт хэвээр байх шинжтэй. Тэнхлэг зууч ХХК-ийн тайланд дурдсанаар Улаанбаатар хотод хаусны зах зээл сүүлийн хоёр жилд эрс тэлж, нийлүүлэлт нь 53.1 хувиар өссөний цаана орчны бохирдол, хэт төвлөрөл зэрэг олон хүчин зүйлс бий.

Зуучлалын гол тоглогч

2023 оны III улирлын байдлаар Монгол Улсад үл хөдлөх хөрөнгө зуучлалын 314 байгууллага үйл ажиллагаа эрхэлж байгааг СЗХ мэдээлсэн. Зуучлагч компаниуд тайлант хугацаанд 1.5 их наяд гаруй төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдсан нь 2022 оны мөн үеэс 3.7 хувиар буурсан дүн болжээ.

УБЕГ-ын тоо баримтаас харвал Улаанбаатар хотод сар бүр ойролцоогоор 3,500-6,500 үл хөдлөх хөрөнгө эргэлтэд ордог байна. Тэгвэл үүний 1,000-1,500 орчмыг нь зуучилдаг RE/MAX Mongolia зөвхөн өнгөрсөн онд борлуулалтаа 1 их наяд төгрөгт хүргэсэн томоохон амжилт үзүүлжээ.

Нэг брокер оффист, нэг агентад ногдох бүтээмж, ашигт ажиллагааг сайжруулах зорилготой ажилласны үр дүнд ашгийн хэмжээ нь өмнөх оны мөн үеэс 33 хувиар өссөн нь салбартаа тэргүүлэх үзүүлэлт болсныг тус компани мэдээлж байлаа.

Тэд Монголд үйл ажиллагаагаа эхлүүлснээсээ хойш 16 мянга гаруй үл хөдлөх хөрөнгийг эргэлтэд оруулаад байгаагийн сацуу агенттай гэрээ хийсэн 4 үл хөдлөх хөрөнгө тутмын нэг нь амжилттай худалдаалагдаж байгааг мөн онцолжээ. RE/MAX-ийн борлуулсан орон сууцны дундаж үнэ 2023 онд 196 сая төгрөг болж өмнөх оноосоо 18 хувиар өссөн бөгөөд хамгийн өндөр дүнтэй борлуулалт хийгдсэн орон сууцны хотхонуудыг Хүннү 2022, King Tower, ZUU Residence тэргүүлсэн байна.

Одоогоор Монголын үл хөдлөх хөрөнгийн хамгийн том дата санг RE/MAX үүсгээд буй. Тус санд одоогоор 243,000 үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй, Монгол улсын 330 төслийн мэдээлэл бүртгэлтэй тул орон сууцны үнийг сүүлийн 9 жилээр харьцуулж, аль хотхон, аль байрлал хамгийн их үр өгөөжтэйг хялбараар тогтоох давуу талтай аж.

TTL тэргүүн эгнээнд

2023 онд Тавантолгой ХК-ийн борлуулалтын орлого нь өмнөх оноосоо 43.2 хувиар өсөж, 1 их наяд төгрөг давсан бол цэвэр ашиг нь 15 хувиар өсөж 375.8 тэрбум төгрөгт хүрчээ. Компанийн хувьцааны ханш өнгөрсөн онд 119.74 хувиар өсөж ТОП-20 индексийн бусад бүх компанийг тэргүүлсэн юм. Түүнчлэн 436 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан нь 2023 онд ХК-иудын тараасан ногдол ашгийн нийт дүнгийн 67.2 хувийг дангаараа бүрдүүлжээ.

Ногдол ашгийн бороо

Дүрмийн дагуу МХБ-д бүртгэлтэй бүх компаниудын ТУЗ жил бүрийн II сарын 19-ний дотор хуралдаж, ногдол ашиг тараах эсэхээ шийдвэрлэдэг. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээр дотоодын “аваргууд” болон IPO хийж, шинээр нэгдсэн компаниуд ногдол ашгийн шийдвэрээ шил даран зарлацгаалаа.

  • ХААН Банк өнгөрсөн оны цэвэр ашиг болох 558 тэрбум төгрөгийн 48.5 хувь буюу 271 тэрбум төгрөгийг нэгж хувьцаа тус бүрд 141.73 төгрөгөөр тооцож;

  • МХБ ХК 8.7 тэрбум төгрөгийн цэвэр ашгийнхаа 50 хувь буюу 4.35 тэрбум төгрөгийг нэгж хувьцаанд 12.41 төгрөгөөр тооцож;

  • Сүү ХК сүүлийн хагас жилийн цэвэр ашиг болох 2.02 тэрбум төгрөгийг нэгж хувьцаанд 5.9 төгрөгөөр тооцож;

  • Улаанбаатар БҮК ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас 131.5 сая төгрөгийг нэгж хувьцаанд 1 төгрөгөөр тооцож тус тус хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашигт хуваарилахаар боллоо.

Trafigura-д юу тохиолдов?

Trafigura Group Монгол дахь газрын тосны бизнестэйгээ холбоотойгоор олон сая ам.долларын алдагдал хүлээж магадгүй байгааг ойрын эх сурвалж мэдээллээ. Энэ нь дэлхийн түүхий эдийн арилжааны топ тоглогчдын нэг болтлоо өргөжсөн тус компанид ирж буй ээлжит цохилт болж байна.

Тус групп Монголд асуудлуудтай тулгараад байгааг сүүлийн саруудад илрүүлсэн гэж нэрээ нууцалсан эх сурвалжаас Bloomberg-т мэдээлсэн бөгөөд тэрхүү асуудал нь олон зуун сая ам.долларын алдагдал дагуулахаар байгааг тодотгожээ. Компанийн хэвлэлийн төлөөлөгч Монголын газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэгчидтэй өрийн эргэн төлөлтийн хуваарийг шинээр тохиролцсоныг дурдсан ч алдагдлын тухай мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Хиймэл оюуны туршилтын талбар

Арабын Нэгдсэн Эмират улсын эрх баригчдад OpenAI-ийн Гүйцэтгэх захирал Сэм Олтмэний санаанууд их тааламжтай сонсогдож буй бололтой. Тус улсыг хиймэл оюуны технологи туршдаг "зохицуулалтын сэндбокс орчин" болгох Олтмэний санааг Хиймэл оюуны сайд нь дэмжсэн байна.

Сэм Олтмэний хувьд Nvidia-тай өрсөлдөх хагас дамжуулагч үйлдвэрлэлийн төсөл эхлүүлэхээр Ойрх Дорнодын хөрөнгө оруулагчидтай уулзаж, дэмжлэг эрэлхийлж байгаа юм. Тус төсөлд дор хаяж 7 их наяд ам.долларын санхүүжилт шаардагдахаар байгааг тэрбээр өмнө нь хэлж байжээ.

АНЭУ сүүлийн жилүүдэд хиймэл оюунд ихээхэн хөрөнгө оруулж, 2021 оноос хойш технологийн салбарын олон мянган мэргэжилтнийг гадаадаас татаад байна.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • Сүүлийн 500 жилд хүний үйл ажиллагаанаас шалтгаалан 2 тэрбум га газар доройтжээ

  • Литийн үнэ 2022 оны дээд түвшнээс 80 гаруй хувиар унаад байна

  • Тогтвортой байдлын тайлангийн шинэ стандартууд дэлхий дахинд хүчээ авч эхлэв

Онцлох чарт

Өнгөрсөн IX сараас хойш өсөх хөдөлгөөн давамгайлсан ТОП-20 индекс баасан гарагийн арилжаагаар 45 мянган нэгж давж хоёр жил хагас орчмын дээд түвшиндээ хүрлээ. Тэгвэл 2021 оны IX сарын 10-нд тус индекс 49,250 нэгжид хүрч байсан нь бүх цаг үеийн дээд түвшин хэвээр байгаа юм. Тухайн жилд ТОП-20 индекс 130 гаруй хувийн өсөлт үзүүлж байсан билээ.

Эцэст нь товчхон

БОАЖЯ: Байгаль орчинд ээлтэй, үйлдвэрлэл үйлчилгээний дэвшилтэт технологи нэвтрүүлсэн 6 компанид “Ногоон гэрчилгээ” олголоо. Сэргээгдэх эрчим хүч, хуванцар дахин боловсруулалт зэрэг чиглэлийн компаниуд энэ удаа тус гэрчилгээг авчээ.

Монгол Базальт ХК: 2023 онд үйлдвэрлэсэн 2,248 тонн чулуун хөвөн дулаан тусгаарлагч материал нь 58,543 тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан.

БиДиСЕК ҮЦК: 2023 онд ₮1.16 тэрбумын ашигтай ажиллалаа. Брокерын үйл ажиллагааны орлого 8 дахин өсөж ₮1.67 тэрбум, үнэт цаасны арилжааны орлого 5.8 дахин нэмэгдэж ₮2.28 тэрбумд хүрсэн нь ашигт нөлөөлөв.

Өнөөдрийн онцлох зураг

ОХУ-ын сөрөг хүчний улс төрч, авлигын эсрэг тэмцэгч Алексей Навальный агсны дурсгалыг хүндэтгэх арга хэмжээний үеэр - Мюнхен, ХБНГУ

Alex Kraus/Bloomberg