2024/02/16

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Голомт банк 2023 оны цэвэр ашгаасаа ₮72.8 тэрбумыг ногдол ашигт хуваарилна.

  2. МОСТ Финтек ХК 2023 онд ₮169.8 саяын ашигтай ажиллажээ.

  3. Trafigura Group Монгол дахь газрын тосны бизнестэй холбоотойгоор их хэмжээний алдагдал хүлээхээр байгааг ойрын эх сурвалж мэдээлэв. 

Биднийг амрах хойгуур

OpenAI компани Sora хэмээх шинэ системийнхээ талаар мэдээлэв. Sora нь хэрэглэгчийн оруулсан бичвэрт үндэслэн 1 минут хүртэлх урттай, бодит мэт видео бүтээх чадвартай аж.

Замынхаа эхлэлд

Дижитал шилжилтийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлсэн шилдэг туршлагад олгодог “Global Government Excellence Award” шагналыг Монгол Улсын ЗГ “E-Mongolia” төслөөрөө хүртээд байна.

Манай улсын насанд хүрэгчдийн 70 гаруй хувь нь ашиглаж буй “E-Mongolia” системд багтдаг цахим үйлчилгээнүүдийн тоо нэмэгдсээр байгаагийн сацуу удахгүй цахимаар төлбөр тооцоо хийдэг болох нөхцөл ч бүрдэх юм. Үүнээс харвал Монгол Улсын цахим шилжилтэд гаргасан ахицын томоохон хэсэг нь уг төсөл гэдгийг үгүйсгэх аргагүй.

Мөн энэ сарын 26-нд Илон Маскийн Starlink хиймэл дагуулын интернэт үйлчилгээг Монголд нээхээр тохиролцсон, ирэх сард VI сард Apple Pay-ийн үйлчилгээ нэвтрүүлэхээр болсон зэрэг тус салбарын таатай мэдээллүүд хөвөрсөөр байна.

Далайд гарцгүйн улмаас тээвэрлэлтийн өртөг өндөр, дэд бүтцийн хөгжил султай Монгол Улсад олон улсын худалдаа, үнэ цэнийн сүлжээнээс ашгаа үлэмж нэмэгдүүлэх ховор боломжийг өнөөгийн дижитал эрин авчирч буйг Дэлхийн банк өнгөрсөн оны тайландаа онцолж байв.

Гэхдээ энэхүү боломжийг авчрах хэмжээнд дижитал шилжилтийг гүйцэлдүүлэхэд бидний туулах зам урт хэвээр байгааг олон судалгаа, үзүүлэлтүүд харуулж байна.

Бид юугаар хоцров?

Дэлхийн Дижитал шилжилтийн индексэд манай улс одоогоор C зэрэглэлд багтаж байгаа нь мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэд бүтэц, ур чадвар ба инновац, бизнесийн орчны тал дээрх сорилтууд арилаагүйн илрэл болжээ.

Тухайлбал Монгол Улс 2021 онд 31.3 сая ам.долларын ICT үйлчилгээ экспортолсон нь ДНБ-ий ердөө 0.2 хувийг, үйлчилгээний экспортын 12 орчим хувийг эзэлсэн байна. Харин харьцуулж болох эдийн засагтай Молдав, Армени улсуудын дижитал үйлчилгээний экспорт ДНБ-ийнх нь 3 орчим хувьд хүрснийг Дэлхийн банкны тайланд дурджээ.

Мэдээж газарзүйн байршил, соёлын хувьд том зах зээлүүдэд ойр байдлаас гадна ур чадвартай ажиллах хүч, өндөр чанартай интернэт холболт, гадаадад ажиллаж амьдарч буй иргэдийнх нь нягт холбоо харилцаа тэдгээр улсуудыг Монголоос илүү гарахад нөлөөлсөн байна.

Монголд сүлжээний хурд удаан, кибер аюулгүй байдал тааруу байгаа нь дэд бүтцийн хүрээнд нэн тэргүүнд шийдэх ёстой хүндрэлүүд юм. 2023 оны III сарын байдлаар манай улс үүрэн интернэт сүлжээний голч хурдаар 180 орноос 109 дүгээрт, суурин интернэтийн хурдаар 75 дугаарт бичигджээ. Мөн Олон улсын харилцаа холбооны эвлэлээс (ITU) гаргадаг кибер аюулгүй байдлын индексийн 2020 оны эрэмбэд Монгол Улс 182 орноос 120 дугаарт жагссан байна.

Үүнээс гадна дижитал үйлчилгээний салбарт ур чадвартай ажиллах хүчний хангалттай байдал, өрсөлдөх чадвар, англи хэлний мэдлэг зэрэгтэй холбогдох хүндрэлүүд бий. Хэдий дээрх асуудлуудад ахиц гаргалаа ч зохицуулалтын орчин сул хэвээр байх нь дижитал салбарын хөгжлийг чөдөрлөх гол хүчин зүйл болох боломжтойг Дэлхийн банкны тайланд хөндсөн байна.

IPO идэвхжил сулрах уу?

Бизнесийн салбарт сонгуулийн нөлөө маш их байгаа тул компаниуд IPO-гоо 2025 он руу хойшлуулж, харин энэ онд бэлтгэл ажлуудаа базаах төлөвтэйг Апекс Капитал ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхамдолгор онцоллоо. “Компаниуд IPO хийх төлөвлөгөөгөө сонгуулийн дараах үе буюу 2024 оны сүүлийн хагас, 2025 он болгож хойш тавьж байгаа. Тэгэхээр энэ онд зах зээлийн идэвхжил төдийлөн өндөр байж чадахгүй болов уу. Бидний хувьд голчлон аялал жуулчлал, хүнс, хөдөө аж ахуйн салбарын компаниуд хөрөнгийн биржид гарах боломжийг бүрдүүлнэ гэж харж байна” хэмээн тэрбээр бидэнд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн юм.

Үүнээс гадна MMCG-ээс сүүлд Монголын топ Гүйцэтгэх захирлуудын дунд явуулсан судалгаанаас харвал тэргүүлэх компаниудын 40 хувь нь ойрын 3 жилд үндсэн болон охин компанийнхаа хувьцааг олон нийтэд нээлттэй болгох төлөвлөгөөтэй байгаа аж.

Өвлийн нислэгүүд

Нэгдүгээр сард Монголын агаарын тээврээр олон улсад 124.5 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 51 хувиар өссөн тоо болжээ. Зорчигчдын хамгийн өндөр буюу 29 хувь нь Сөүл чиглэлд ниссэн бол Бээжин чиглэлд 15 хувь, Вьетнамын Фукуок чиглэлд 8.3 хувь нь тус тус зорчсоныг ЗТХЯ мэдээлсэн байна.

Дашрамд дурдахад, өнгөрсөн 12 дугаар сард Тайланд явсан монголчуудын тоо өмнөх оноосоо 2.7 дахин, Вьетнам явсан монголчуудын тоо 4 дахин өссөнийг iTrip компани мэдээлж байв.

Хөрөнгийн захад

  • Голомт банк 2023 оны үйл ажиллагааны цэвэр ашгийнхаа 40 хувь буюу нийт 72.8 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлэжээ. Ингэхдээ нэгж хувьцаанд 90 төгрөгөөр тооцож ногдол ашиг олгох юм байна.

  • Улсын их дэлгүүр ХК өнгөрсөн онд 106.6 сая орчим төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оноосоо 72 хувиар буурсан үзүүлэлт болжээ.

  • Ард Кредит ББСБ ХК нийтэд нээлттэй хүрээнд нэгж бүр нь 106 төгрөгийн үнэ бүхий нийт 84 сая ширхэг энгийн хувьцааг анхдагч зах зээлд нэмж гаргалаа. Захиалга энэ сарын 21 хүртэл үргэлжилж, нийт 8.9 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх аж.

  • Богд Банк ХК ₮5.3 тэрбумын хувьцаагаа халаасална. Тус банк хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор эргэлтэд гаргасан хувьцааны 5 хүрэхгүй хувь буюу 62.5 сая ширхэг хувьцаагаа худалдаж авах аж. Ингэхдээ нэгж хувьцааг 85 төгрөгөөр авахаар болжээ.

Японы ухралт

Дотоодын сул эрэлтийн улмаас Япон улсын эдийн засаг хоёр дахь улиралдаа дараалан агшиж, албан ёсоор уналтын бүсэд орсон нь шинжээчдийн таамгаас зөрсөн үйл явдал болов. Дэлхийн гурав дахь том эдийн засагтай орны байр сууриа өнгөрсөн онд ХБНГУ-д алдаад байсан тус улсын ДНБ сүүлийн улиралд жилийн дүнгээр 0.4 хувиар буурсан байна.

Ингэснээр Японы төв банк сөрөг утгатай мөнгөний бодлогоо дуусгавар болгоно гэсэн хүлээлттэй байсан эдийн засагчид дахин тодорхойгүй байдалтай нүүр тулж байна. Өнгөрсөн сард судалгаанд оролцсон эдийн засагчдын дийлэнх нь Японы төв банк бодлогын хүүгээ 2007 оноос хойш анх удаа өсгөх циклийг дөрөвдүгээр сард эхлүүлнэ гэсэн төсөөлөлтэй байжээ.

М.Бьюрригийн хараа Хятадад

“Big Short” киногоор танигдсан тэрбумтан, хөрөнгө оруулагч Майкл Бьюрри өдгөө уналтад ороод буй БНХАУ-ын хөрөнгийн захад найдлага тавьж, технологийн аварга Alibaba, JD.com зэрэг компаниудад эзэмших хувьцаагаа нэмэгдүүлж эхэлжээ. Сүүлд түүний Scion Asset Management фирм Alibaba-д эзэмшдэг хувиа 50 хувиар өсгөж, 5.8 орчим сая ам.доллартай дүйцэхүйц хувьцааг нь эзэмших болсон байна. Он гарснаас хойш Alibaba-ийн хувьцааны ханш 5 хувиар, JD.com-ийнх 20 хувиар тус тус унаад байгаа юм.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • Эмэгтэй удирдлагатай эрүүл мэндийн стартапуудын санхүүжилт өнгөрсөн онд 2000 хувиар өсжээ

  • "Буух нь өгсөхөөс хэцүү" - АНУ-ын Төв банкны бодлогын хүү өндөр хэвээр байх нь Монголд хэрхэн нөлөөлөх вэ

  • “TSMC”-ийн хувьцааны ханш 2020 оноос хойш байгаагүй өндөр дүнгээр өсөв

Онцлох чарт

Bloomberg-ийн хиймэл оюуны индексээс харвал дэлхийн хамгийн чинээлэг 500 эрхмийн 30 нь хиймэл оюунд тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт хийжээ. Үүнийхээ үр шимд тэдгээр тэрбумтнууд өөрсдийн хөрөнгийг он гарснаас хойш нийт 124 тэрбум ам.доллароор өсгөөд байгаа нь Boomberg Billionaires Index-ийн өсөлтийн 96 хувийг бүрдүүлж байгаа юм.

Хиймэл оюуны бизнесээр хөрөнгөө хамгийн ихээр нэмэгдүүлсэн тэрбумтнуудыг Nvidia-ийн Женсен Хуанг болон Meta-ийн Марк Закерберг тэргүүлж байна.

Гэхдээ хиймэл оюуны тэсрэлтээс үүдсэн энэ өсөлт хэр тогтвортой байх нь анхаарал татаж буй. Технологийн компаниудын хувьцааны хошуурал “дот ком”-ын хөөсрөлтэй адилхан болж ирж байгааг Bank of America-ийн стратегич Майкл Хартнэтт анхааруулсан юм.

Эцэст нь товчхон

СЗХ: Биржийн бус зах зээлийн блокчэйн арилжааны систем, хөрөнгө оруулалт, урамшуулал, хандивт суурилсан хамтын санхүүжилтийн платформ болон аж ахуйн нэгжүүдийн богино хугацаат санхүүжилтийн хэрэгцээг шийдвэрлэх В2В зээлийн үйлчилгээний платформ гэсэн шинэ үйлчилгээнүүд сэндбоксын орчинд туршигдахаар болоод байна.

ЦХХХЯ: Мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого 2023 онд 2.1 их наяд төгрөг болж, өмнөх оноос 21.8 хувиар өслөө. Үүнд утасгүй холбоо, компьютер программчлал, зөвлөгөө болон түүнд холбогдох үйл ажиллагааны орлого зэрэг өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Өнөөдрийн онцлох зураг

Москвагийн амьтны хүрээлэнгийн Ру И нэртэй панда хулс идэж буй нь.

Natalia Kolesnikova/AFP/Getty Images