- Business newsletter
- Posts
- 2024/02/15
2024/02/15
Powered by:
Гурван өгүүлбэрээр
ББСБ-уудын нийт зээл өмнөх оноос 35 хувиар өсөж, 3.6 их наяд төгрөгт хүрэв.
АНУ-ын суурь инфляц хүлээлтээс давж өссөнөөр Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулж эхлэх магадлалтай хугацаа хойшилж байна.
Үе дамжсан хөрөнгө хуримтлуулахад хамгийн тохиромжтой орноор Швейцарыг нэрлэв.
Буух нь өгсөхөөс хэцүү
Инфляц хүлээлтээс давж эрчимжсэн тайлан мэдээлэл гарснаар Уолл Стритийнхэн бодит байдалтай нүүр тулгарав. Ийнхүү Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулж эхлэх магадлалтай хугацаа хойшилж, дэлхий даяар бонд болон хувьцааны зах зээлд уналт давамгайллаа.
Донсолгоотой зам
АНУ-ын суурь инфляц буюу хүнс, эрчим хүнсний үнийг хасаж тооцсон хэрэглээний үнэ нэгдүгээр сард 0.4 хувиар өссөн нь сүүлийн найман сард байгаагүй өндөр дүн болсны сацуу шинжээчдийн голч таамгаас давсан байна. Суурь инфляц ийнхүү 3.9 хувь болоход автомашины даатгал, эрүүл мэндийн үйлчилгээ болон үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Тэр дундаа үл хөдлөхийн салбар дахь үнийн өсөлт нийт өсөлтийн 2/3-ыг бүрдүүлсэн нь анхаарал татаж байна.
Холбооны нөөцийн банк инфляцыг зорилтот түвшин болох 2 хувьд хүргэх зам нь нэлээн хэцүү, донсолгоотой байна гэдэгт эдийн засагчид удаан хугацаанд санаа зовнисоор ирсэн. Гэхдээ инфляц өргөн хүрээгээрээ буурах чиглэлтэй, мөн I сарын энэ үзүүлэлт нь Холбооны нөөцийн банкны гол чухалчилдаг хэмжүүр болох хувийн зарцуулалтын индекст нөлөөлөхгүй гэж үзэж буй эдийн засагчид бас олон байна.
Independent Advisor Alliance-ийн шинжээч Крис Заккареллигийн хэлснээр дээрх өсөлт нь зөвхөн нэг сарын үзүүлэлт бөгөөд хэрэв дараа сард инфляц буурвал ердөө л “замын нэг овон товон” болж хувирах аж. “Олон хөрөнгө оруулагч Төв банк бодлогын хүүгээ бууруулж эхлэх гэсээр хэр удаж байгаа талаар маргалдсаар байсан. Гэхдээ тэд инфляц тэсвэртэй байх, бас шулуун шугамаар буурахгүй байх боломжтой талаар анхаараагүй” хэмээн тэрбээр өгүүлжээ.
Өсөлт баяртай
АНУ-ын инфляцын шинэ тайлан өнгөрсөн XII сард Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах дохиог анх өгсний дараа эхэлсэн дэлхийн бондын зах зээлийн өсөлтийг бүрэн арчиж хаяв. Bloomberg-ийн дэлхийн бондын индекс он гарсаар 3.5 хувь буурсан нь XII сарын 12-ноос хойших бүх өсөлтөө алдсан үзүүлэлт болжээ.
Сүүлийн арилжаагаар АНУ-ын ЗГ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж Азид 14 суурь нэгжээр өсөж 4.31 хувь болсон бол Японы ЗГ-ын ижил хугацаатай бондын өгөөж 4 хүртэлх суурь нэгжээр мөн өсжээ.
Арилжаалагчдын хувьд одоогоор Холбооны нөөцийн банк энэ онд гурван удаа бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлттэй байна. Хэдий энэ нь тус банкны өөрсдийн төсөөлөлтэй нийцэж байгаа ч дөнгөж сарын өмнө бүр долоон удаа ч бууруулж магадгүй гэсэн хүлээлт своп зах зээлд байсан билээ.
Тэгвэл үүнтэй зэрэгцэн АНУ-ын эдийн засгийн өсөлт сайн, эрсдэлтэй хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийг дэмжихээр байгаа тул ЗГ-ын бондууд яг одоогоор хөрөнгө зөв сонголт болохгүй гэж Pendal Group-ийн шинжээч үзжээ.
Монголд яарах шаардлагагүй
Холбооны нөөцийн банкны мөнгөний бодлого өндөр хэвээр байх нь Монгол зэрэг хөгжиж буй орнуудад капиталын гарах урсгалын дарамт нэмэгдүүлэх муу нөлөөтэй. Ялангуяа манай улс уул уурхайн экспортоос ихээхэн хамааралтай учир гадаадын шууд хөрөнгө оруулалт маш тогтворгүй байх магадлал нэмэгдэх юм.
Харин Монголын эдийн засгийн өсөлт сайн байгаа энэ үед Монголбанкны хувьд нийлүүлэлт унах гэх мэт томоохон зүйл болохгүй л бол бодлогын хүүгээ бууруулах гэж яарах шаардлага байхгүйг Bloomberg Intelligence-ийн Бодлогын хүүгийн ахлах стратегич Стефен Чу бидэнтэй ярилцахдаа хэлж байв. Хэрэв Монголбанк Холбооны нөөцийн банкнаас урьтаж бодлогын хүүгээ бууруулбал хоёр улсын мөнгөний бодлогын хүүгийн зөрүү тэлж, эргээд төгрөгт муугаар нөлөөлөх эрсдэлтэй аж.
“Төв банкнаас хэрэгжүүлж буй инфляцыг онилсон бодлого энэ жилд ч хэвээр хадгалагдах төлөвтэй. Учир нь эдийн засаг өндөр өсөж байгаа ч нөгөө талд бизнесийн зээлийн өсөлт хангалттай бус, мөнгөний нийлүүлэлт маш их өсөлттэй, төсөв тэлэлттэй байгаа тул инфляцыг бууруулах зорилтдоо хүрэхийн тулд Монголбанк хатуу бодлого барихаас өөр аргагүй” хэмээн эдийн засагч Ч.Дэлгэрсайхан Bloomberg TV Mongolia-д ярилцлага өгөхдөө онцолсон юм.
Цахим зээл ба ББСБ-ууд
Зээлдэгчдийн тоо жил бүр өсөж, зээлийн эрэлт өндөр байгаатай холбоотой Банк бус санхүүгийн байгууллагууд нэмэлт зээлийн санхүүжилт татахаар бонд гаргах хөдөлгөөн сүүлийн жилүүдэд идэвхтэй байна. Өнгөрсөн онд л гэхэд ЛэндМН болон Сэндли ББСБ-ууд нийлээд 18 тэрбум орчим төгрөг татан төвлөрүүлж байв. Тэгвэл 2023 онд ББСБ-уудын нийт зээл өмнөх оноос 35 хувиар өсөж, 3.6 их наяд төгрөг хүрснийг СЗХ тайлагналаа. Харин нийт харилцагчдын тоо давхардсан тоогоор 4.5 сая хүрсний 94.1 хувийг финтекийн харилцагчид дангаараа бүрдүүлжээ.
Монголд 522 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаа нь эдийн засгийн хэмжээг авч үзвэл, мөн бусад хөгжиж буй орнуудын санхүүгийн салбарын бүтэцтэй харьцуулахад маш их тоо болохыг Mongolian Investment Rating Agency-ийн Хамтран үүсгэн байгуулагч Мохаммед Тажул Ислам бидэнтэй ярилцахдаа хэлж байлаа.
Хаусны зах зээл тэлж байна
Цар тахлын улмаас иргэдийн амьдралын хэв маягт өөрчлөлт орж, гэрээс ажиллах боломжтой шийдлүүд гарч ирснээр хүн амын төвлөрөл хотын зах руу чиглэх хандлагатай болж буй. Тиймдээ ч Улаанбаатар хотод хаусны зах зээл сүүлийн хоёр жилд эрс тэлж, нийлүүлэлт нь 53.1 хувиар өссөнийг Тэнхлэг зууч ХХК мэдээллээ. Үүнийг даган хаусны дундаж үнэ тасралтгүй өсөж, 2023 оны эцсийн байдлаар захиалга авч буй хауснуудын дундаж үнэ 4.7 сая төгрөгт хүрсэн нь сүүлийн 10 жилийн хугацаанд 85.6 хувиар нэмэгдсэн дүн болжээ.
Хөрөнгийн захад
Айтүүлс ХК 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгийнхаа 43 хувь буюу 103.3 сая төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэхдээ нэгж хувьцаанд 3 төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилах аж.
Мөн Богд Банк ХК сүүлийн хагас жилийн цэвэр ашгийн 25 хувь буюу 3.5 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар болжээ.
Өгөөжтэй нутаг
Үе дамжсан хөрөнгө хуримтлуулахад хамгийн тохиромжтой орноор Швейцарыг нэрлэжээ. Өөр улсад шилжин суурьшиж, өндөр орлого олж, мөн өөрсдөдөө болон үр хүүхдэдээ карьерын хувьд маш сайн ирээдүйг бий болгохоор зорьж буй гэр бүлүүдэд тус улс хамгийн таатай боломж олгодог болохыг Henley & Partners-ийн гаргасан шинэ индекст дурдсан байна.
Дэлхийн 27 улсыг боловсролын чанар, орлогын боломж, карьерын өсөлт дэвшил, амьдрахад таатай байдал зэрэг үзүүлэлтээр нь эрэмбэлсэн тус индексийн хоёрдугаарт АНУ, гуравдугаарт Сингапур бичигдсэн бол Австрали, Канад улсууд эхний тавд багтжээ. Швейцар улсад ажилгүйдлийн түвшин ердөө 2 хувь, мөн дэлхийн топ 250 их сургуулийн 7 нь байдаг нь маш том давуу тал болохыг мөн онцолжээ.
Жефф Безос юу төлөвлөв?
Тэрбумтан Жефф Безос лхагва гарагт Amazon-ийн 12 сая ширхэг хувьцааг нэмж эргэлтэд оруулав. Оны эхний өсөлтийн үеийг ашиглаж буй тэрбээр ийнхүү арилжааны сүүлийн 4 өдөрт компанийнхаа 4 тэрбум гаруй ам.доллартай тэнцэх хэмжээний хувьцааг зараад байна. 2021 оноос хойш эзэмшлийн хувьцаагаа зараагүй байсан Жефф Безос дараагийн 12 сарын хугацаанд Amazon-ийн 50 сая шахам хувьцааг зарахаар төлөвлөж буйг тус компаниас энэ сарын 2-нд мэдээлж байсан юм.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Тайланд улс уламжлалт шинэ жилийн баярынхаа амралтыг сунгаж, аялал жуулчлалын салбараа дэмжинэ
Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэв
Эрсдэл өндөртэйд тооцогддог хайгуулын бизнесийг Монголд улам эрсдэлтэй болгож буй хүчин зүйлс
Онцлох чарт
Даваа гарагт Nvidia компани зах зээлийн үнэлгээгээрээ Amazon-ийг гүйцлээ. Хиймэл оюуны тооцоололд ашиглагддаг чипийн үлэмж эрэлтийн нөлөөгөөр жил гаруйн хугацаанд шуургалсан өсөлтийг үзүүлж буй тус компанийн хувьд энэ нь бас нэгэн том амжилт болж байна.
2024 он гарсаар 46 хувиар өсөөд буй тус компанийн хувьцааны үнэ цаашид үргэлжлүүлэн өснө гэж Wall Street-ийн фирмүүд үзэж байна. Хоёрдугаар сарын 21-нд тус компанийн санхүүгийн тайлан гарахаас өмнө хувьцааных нь үнийн төсөөллөө өсгөөд буй хөрөнгө оруулагчдын тоонд Morgan Stanley, Bank of America, Goldman Sachs зэрэг багтжээ.
Эцэст нь товчхон
ГХЯ: Монгол, Вьетнам улсууд хооронд харилцан визгүй зорчуулах хэлэлцээр ирэх гуравдугаар сарын 7-ноос хүчин төгөлдөр болох аж. Ингэснээр Вьетнам руу Монгол Улсын иргэд тухайн өдрөөс эхлэн 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болж байна.
ҮСХ: 2023 онд барилга угсралт, их засварын ажлын нийт дүн 7.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос 17.1 хувиар өссөн байна. Дотоодын барилгын хувийн компаниуд дээрх үнийн дүнгийн 93 хувийг дангаараа хийж гүйцэтгэжээ.
Өнөөдрийн онцлох зураг
БНСУ-ын шумбалтын тамирчин Чой Бюнхва Катарын Доха хотод болж буй усан спортын ДАШТ-ий үеэр
Maddie Meyer/Getty Images