2024/02/14

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. MMC “Баян Хөндий” алтны төслийн бүтээн байгуулалтад 80 сая ам.доллар хүртэлх зээлийн санхүүжилт олгоно.

  2. Эрсдэл өндөртэйд тооцогддог хайгуулын бизнесийг Монголд улам эрсдэлтэй болгож буй хүчин зүйлсийг энэ дугаарт онцоллоо.

  3. БНХАУ-ын хөрөнгийн зах уналтад орсны улмаас MSCI Хятадын индексээсээ 60 гаруй компанийг хасав.

Хайгуул ба харам сэтгэл

“Дэлхий нийтэд дахиад хэд хэдэн Оюутолгой хэрэгтэй” гэж Bloomberg өнгөрсөн онд Оюутолгойн гүний уурхайн нээлтийн үеэр бичиж байв. Тэгвэл Монголд дараагийн Оюутолгой болохуйц томоохон төслүүдийг хэрэгжүүлье гэвэл хууль эрх зүйн орчин, тэр дундаа хайгуулын лицензийн зохицуулалтыг өрсөлдөхүйц түвшинд аваачих шаардлага маш их байна.

Хөдөлж эхэлж буй нь сайн хэрэг

Монголын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 72 хувь нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, газрын тосны салбарт орж ирдэг ч сүүлийн жилүүдэд хайгуулын тусгай зөвшөөрөл зогсонги байдалд орсныг салбарынхан шүүмжилсээр ирлээ. Монгол Улс 80 гаруй төрлийн ашигт малтмал олборлох боломжтой ч өдгөө зөвхөн 5-6 төрлийг нь л олборлож байгааг Монголын Геологийн Холбооноос өмнө нь мэдээлж байв.

“Хайгуулын суурь судалгааны төсөлд 20 орчим тэрбум төгрөг зарцуулж байна. Ийм хэмжээний төсвөөр дараагийн Оюутолгой, Тавантолгойг олох ямар ч боломжгүй” хэмээн тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Одхүү онцолсон юм. Хайгуулын салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байгаа нь хөрөнгө оруулагч олдохгүйдээ биш харин төр хайгуулын тусгай зөвшөөрлөө “харамладаг”-т гол учир байна гэж хэдэн жилийн “Дисковер Монголиа” чуулга уулзалтын үеэр хөндөгдөж байлаа.

Хувийн хөрөнгөөр хийсэн геологи, хайгуулын ажлын нийт зардал 2016 оноос хойш тасралтгүй буурсны эцэст 2022 оноос сэргэснийг Ашигт малтмал, газрын тосны газрын сүүлийн тайлан харуулж байна. Тодруулбал 2021 онд 99.1 тэрбум төгрөг зарцуулагдсан нь доод түвшин болсон бол 2022 онд 182.56 тэрбум төгрөг болж өсжээ.

Тэгвэл Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаас гадна өргөдлөөр олгоно, мөн эрлийн ажлыг хувийн хөрөнгөөр хийж болно гэсэн заалтууд орсон салбарын ирээдүйг тодорхойлох маш чухал өөрчлөлт болж магадгүйг мэргэжилтнүүд тодотгож байна. Түүнчлэн цаашид хайгуулын тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгох бодлого баримтална гэж УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлсэн юм.

Боломж нээлттэй

Тэртээ тэргүй эрсдэл өндөртэйд тооцогддог хайгуулын бизнесийг Монголд улам эрсдэлтэй болгож буй гол хүчин зүйл нь асар өндөр татвар болохыг худалдааны танхимууд тодотгодог.

“Компаниуд хайгуулын, олборлолтын лицензээ зарахад борлуулалтын үнэд биш, харин төслийн үнэлгээ, зардал зэрэг өөр өөр үнэлгээнд суурилсан татвар ногдуулдаг. Ингэснээр заримдаа хайгуулын лицензээ зарж буй төлбөрөөсөө илүү өндөр дүнтэй татвар төлөх тохиолдол гардаг. Үүнээс гадна татвар авахдаа хайгуулын зардлыг хасахгүй, бохир ашгаас нь тооцож авдаг нь буруу гэж бид үзэж байгаа” хэмээн “ЕвроЧам Монгол”-ын Гүйцэтгэх захирал Б.Зандан бидэнд өмнө нь ярьж байлаа.

2040 он хүртэл илүү ногоон дэлхийг бүтээхэд зэсийн нийлүүлэлт зургаан сая тонн орчмоор дутна гэж Wood Mackenzie-ийн шинжээчид тооцоолсон нь энэ хугацаанд дахиад Оюутолгой шиг 12 орд үйл ажиллагаагаа эхлэх хэрэгтэй гэсэн үг юм. Гэтэл BloombergNEF-ийн тооцооллоор бол боловсруулсан зэсийн эрэлт 2040 он гэхэд 53 хувиар өсөх бол уурхайн нийлүүлэлт 16 хувиар л өсөхөөр байна.

“Эрэлт нийлүүлэлтийн хувьд маш том зөрүү байгаа. Бусад компанийг худалдан авах нь шийдэл биш гэж харж байна. Яагаад гэхээр зэсийн нийлүүлэлт хэвээрээ л байна. Тийм учраас бид хайгуул хийх хэрэгтэй, уурхай болон процессыг хөгжүүлэх хэрэгтэй. Оюутолгойн жишээнээс их зүйл суралцаж болно” хэмээн Rio Tinto группийн ТУЗ-ын дарга Доминик Бартон Bloomberg TV Mongolia-д ярилцлага өгөхдөө онцолж байв.

MMC-ийн дараагийн санхүүжилт

Эрдэнэ Ресурс ХК “Баян Хөндий” алтны төслийнхөө бүтээн байгуулалтад зориулж Mongolian Mining Corporation-тэй 80 сая ам.доллар хүртэлх төслийн зээлийн санхүүжилтийн гэрээг байгуулснаа мэдэгдлээ. Хувь эзэмшигчийн зээлийн нөхцөлөөр олгогдох энэхүү зээлийн санхүүжилт нь MMC-ийн өмнөх 40 сая ам.долларын хувьцааны хөрөнгө оруулалт дээр нэмэгдсэнээр “Баян Хөндий”-н хөгжүүлэлтэд тус компанийн санхүүжилт 120 сая ам.доллар хүрч байна.

Төслийн бүтээн байгуулалтад хувь эзэмшигчийн зээл хэлбэрээр 50 сая ам.долларын санхүүжилт хийгдэх бөгөөд таван үе шаттай, нэг удаагийн санхүүжилт нь 5 сая ам.доллараас багагүй байх аж.

Зочид буудлуудын орлого

650 мянга гаруй жуулчин хүлээн авсан 2023 онд Монголын зочид буудлын салбарын орлого 534.4 тэрбум төгрөг хүрч, өмнөх оныхоос 41.1 хувиар өссөнийг ҮСХ мэдээлэв. Нийт орлогын дийлэнхийг буюу 72.6 хувийг гурав ба түүнээс дээш одтой зочид буудал бүрдүүлжээ. Харин олон улсад 2023 онд эрчимтэй сэргэж байсан зочид буудлын ор хоногийн орлого 2024 онд саарна гэж Fitch Ratings тооцоолсон байна.

Учир нь инфляцын дарамт өндөр хэвээр, хөдөлмөрийн зах зээл суларч байгаатай холбоотойгоор аялагчид илүү хямд зардлаар аялах сонирхол ихэснэ. Энэ утгаараа зочид буудлын операторуудын үнийг бууруулж, ашигт ажиллагаанд тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлнэ гэж үзжээ.

Хөрөнгийн захад

  • Мандал даатгал ХК-ийн цэвэр хураамжийн орлого 2023 онд өмнөх оноосоо 32.7 хувиар өсөж, 29.1 тэрбум төгрөг хүрчээ. Компанийн хувьцааны ханш 2024 он гарсаар 29 хувиар буурч, зах зээлийн үнэлгээ нь 37 тэрбум төгрөг болоод байна.

  • Монложистикс группын цэвэр ашиг өнгөрсөн онд 9 хувиар буурч 8.6 тэрбум төгрөг болсон ч борлуулалтын орлого нь 213.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 52 хувиар өссөнийг тайландаа онцолжээ. IPO хийснээс хойших 5 сарын хугацаанд тус компанийн хувьцааны ханш 6.6 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 73.5 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Үүнээс гадна 2023 оны жилийн цэвэр ашгийнхаа 35 хувь буюу 3 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлээд буй.

Хятад компаниудыг цөөлөв

Дэлхийн хөрөнгийн зах зээлийн томоохон индексүүдийг хөтөлдөг MSCI компани БНХАУ-ын 66 компанийг MSCI China Index-ээсээ хасахаар болсон нь сүүлийн хоёр жилд тус индексээс хамгийн олон компани хасагдсан тохиолдол боллоо. Хоёрдугаар сарын 29-ний өдрийн арилжааны хаалтаас хүчин төгөлдөр болох уг өөрчлөлт нь MSCI All Country World Index-д мөн хамаарах аж.

БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбар уналтад орж, хэрэглэгчийн зарцуулалт багассан, мөн тус улсын олон улсад үзүүлэх нөлөө буурахтай зэрэгцэн Энэтхэг зэрэг бусад зах зээл анхаарлын төвд орж байгаа нь үүнд голлон нөлөөлсөн байна.

Цул алтан Piaget

1960, 1970-аад оны гоёлын цагнууд сүүлийн жилүүдэд цагны хорхойтнуудыг хуйлруулах болов. Тэгвэл эргэн ирж буй трендүүдийн дараагийнх нь юу байх вэ? Мэдээж тод өнгөтэй, зоримог бөгөөд донжтой шийдэл бүхий 80-аад оны загварууд.

Тэгвэл Piaget тухайн үеийн хамгийн алдартай загвараа Polo79 нэрээр энэ сард шинэчлэн гаргахаар болжээ. 18 каратын цул алтыг зорж урласан мэт харагдах тус цаг нь 73 мянган ам.доллароор худалдаанд гарах юм байна.

Тэгвэл энэ жилийн валентины баяраар баглаа цэцэг, хайрцаг шоколадаас илүүтэй насан туршийн дурсгалтай бэлгийг хайртай хүндээ сонгохыг Bloomberg-ээс зөвлөж, таван тансаг бэлгийг онцолсон байна. Бэлэгнүүдтэй ЭНД дарж танилцаарай.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • “Rio Tinto”-ийн ус ашиглалт хөрөнгө оруулагчдаас шүүмжлэл дагуулж байна

  • “Aston Martin” $1.4 тэрбумын өрийн асуудлаа шийдвэрлэхээр банкируудтай хэлэлцэж байна

  • Туркийн Станбул хот 2023 онд хамгийн олон жуулчин хүлээн авсан хотоор шалгарав

Онцлох чарт

Нэгдүгээр сард АНУ-ын суурь инфляц буюу хүнс, эрчим хүчний үнийг хасаж тооцсон инфляц 3.7 хувь болж саарах төлөвтэй гэж шинжээчид тооцоолж байна. Энэ нь 2021 оны IV сараас хойших нэг жилийн хамгийн бага өсөлт болох аж.

Тэгвэл Citigroup-ийн шинжээчдийн үзсэнээр Холбооны нөөцийн банк ирэх зургаадугаар сард бодлогын хүүгээ бууруулах эхний шийдвэрээ гаргах төлөвтэй ч хэт яарснаас болж эргэн нэмэгдүүлэх шаардлага үүсэж болзошгүй эрсдэлийг давхар тооцоолох хэрэгтэйг онцолжээ. Түүх сөхвөл 1998 онд ОХУ дефолт зарласнаас үүдсэн хямралын үеэр АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ богино хугацаанд гурван удаа бууруулж байв. Гэсэн хэдий ч 1999 оны VI сараас эхлэн бодлогын хүүгээ буцаан өсгөж эхэлж байсан юм.

Эцэст нь товчхон

МХБ: Зэсийн цахим арилжааг бэлтгэх хүрээнд “Экспортод гаргах зэсийн баяжмалын цахим арилжаа” сэдэвт хэлэлцүүлгийг ирэх гуравдугаар сарын 18-нд зохион байгуулна.

Silver Elephant Mining: Монгол дахь Улаан-Овоо нүүрсний уурхайг эзэмшдэг Silver Elephant Mining компани XII сарын 31-нээр эцэслэгдсэн санхүүгийн улиралд 0.6 сая канад долларын ашигтай ажилласнаа тайлагналаа. Харин өмнөх жилийн мөн үед 0.9 сая канад долларын алдагдалтай ажиллаж байв.

Өнөөдрийн онцлох зураг

Хонгконгийн Цим Ша Цүй дүүрэгт, далайн эрэгт зогсох хос хоёр

Justin Chin/Bloomberg