2024/02/09

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Инфляц 7.6 хувь болон саарч, Төв банкны зорилтот түвшинд дахин хадгалагдлаа.

  2. БНХАУ-д дефляц гүнзгийрч, үүдэх эрсдэл нь ноцтой түвшинд хүрэв.

  3. Говь ХК өнгөрсөн онд 3.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.

Эргэн эрчимжих эрсдэл

Нэгдүгээр сард Монгол Улсын инфляцын түвшин 7.6 хувь болж саарч, хоёр дахь сардаа дараалан Төв банкны зорилтот түвшинд хадгалагдлаа. Инфляц ийнхүү 2021 оны VII сараас хойших доод түвшиндээ хүрсэн ч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022 оны ашгаас 351 тэрбум төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр тараасан нь инфляц эргэн хөөргөдөх эрсдэлийг нэмэгдүүлээд буй. Тиймдээ ч Монголбанк бодлогын хүүгээ яаран бууруулахгүй байх байр сууриа хадгалсаар байна.

Харин манай урд хөршид…

Хятадын дефляц

БНХАУ-ын хэрэглээний үнэ өнгөрсөн сард дэлхийн санхүүгийн хямралаас хойших хамгийн огцом дүнгээр унаснаар тус улсын эрх баригчдад сэргэлт нь хэт удааширч, зах зээлийн бүхий л хэсгийг хойш чангааж буй эдийн засгаа дорвитой дэмжих арга хэмжээ авах шахалтыг нэмэгдүүллээ.

16 сар үргэлжилсэн дефляц

Нэгдүгээр сард БНХАУ-ын хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 0.8 хувиар буурч, 2009 оны есдүгээр сараас хойших доод цэгтээ хүрснийг тус улсын Үндэсний статистикийн товчоо мэдээлэв. Харин үйлдвэрлэгчийн үнийн индекс нь 2.5 хувиар унаж, 16 дахь сардаа дефляцын бүсэд хадгалагдсан байна.

Шинэ тоо мэдээлэл нь Хятадын ЗГ эдийн засгийн идэвхийг өдөөж, хөрөнгийн зах зээлийн уналтыг зогсоохын тулд хийх зүйлс олон байгааг харуулж байна. Дотоодын эрэлт нь буурч, хэрэглэгчийн итгэл суларч буйтай зэрэгцэн тус улсад өнгөрсөн жилийн ихэнх хугацаанд үнийн уналт асуудал болоод байсан юм.

Гадаадын хөрөнгө оруулагчдын үзүүлэх итгэлд сэв суулгаад буй хөрөнгийн зах зээлийнхээ гурван жил дараалсан уналтыг зогсоохын төлөө Хятадын эрх баригчид чамлахааргүй олон арга хэмжээ авсан. Сүүлд л гэхэд Ерөнхийлөгч Ши Жиньпин тус улсын Үнэт цаасны зохицуулах хорооны даргыг сольсон нь салбарыг доргиосон үйл явдал болжээ.

Bloomberg-ийн Эдийн засагч Эрик Жу “БНХАУ-ын зах зээлд эрэлтийг дэмжиж, итгэлийг сэргээхийн тулд илүү хүчтэй бодлогын арга хэмжээ шаардлагатай. Гол асуулт бол хэр хүчтэй байх вэ гэдэг байна. Түүнчлэн арилжааны банкнууд бага хүүтэй зээл илүү их хэмжээгээр олгох эсэх нь анхаарал татаж байна” гэжээ.

Дефляцаас үүдэх эрсдэл нэлээн ноцтой байх юм. Хэрэв Хятад улс уг трэндийг даацтай эргүүлж чадахгүй бол иргэдийн дунд үнийн уналт цаашид ч үргэлжилнэ гэсэн хүлээлт бий болж, худалдан авалтаа улам багасгах “чөтгөрийн тойрог”-т орох аюул бий. Энэ нь нийт хэрэглээг ихээхэн багасгаж, бизнесүүд рүү халих боломжтой аж.

Корреляц алдарсаар

АНУ-ын технологийн салбарын алтан мөчлөгийг даган дэлхийн хувьцааны зах зээл рекорд дээд түвшиндээ ойртож, эрсдэлгүй хөрөнгө оруулалтын хэрэгслүүд сонирхол татах нь багасаад байна. Гэтэл Хятадын хувьцаанууд энэ нөлөөллөөс ангид байж, эсрэг зүгт хөдөлж байгаа нь 2015 оны Хятадын хөрөнгийн захын хөөсрөлт, 2018 оны АНУ, БНХАУ-ын худалдааны дайны үед ч харагдаагүй тохиолдол аж.

Корреляц муудсан нь зөвхөн хувьцаагаар хязгаарлагдахгүй аж. Офшор юань болон Bloomberg Asia ам.долларын индекс хоорондын корреляц ердөө 4 сарын өмнө 0.70-аас дээш байсан бол өдгөө 0.47 болж буурчээ.

“Хятад дэлхийн бусад улсаас тусгаарлагдсан мэт байна. Хувьцааны зах зээлд нь гадаад нөлөөлөл бага байгаа нь дэлхийн эдийн засаг Хятадгүйгээр дажгүй байгаатай зарим талаараа холбоотой” хэмээн Interactive Brokers-ийн ахлах стратегич Стив Сосник өгүүлжээ.

Харин Хятадгүйгээр урагшлах боломжгүй Монголд…

БНХАУ-тай худалдааны гүнзгий харилцаатай улс орнуудад тус улсын эдийн засгийн удаашрал сөрөг нөлөөлөл дагуулж, ялангуяа Монгол, Индонез, Мьянмар зэрэг бүс нутгийн түүхий эд экспортлогч орнууд эрэлт болон үнэ буурах эрсдэлтэй тулгарч болзошгүйг Дэлхийн банк шинэ тайландаа анхааруулж байв.

“2023 оны хувьд Хятадын эдийн засгийг доош татсан зүйл нь хэрэглэгчийн итгэл сул байсантай холбоотой. Сайн зүйл нь гэвэл Хятадад төмрийн хүдэр, нүүрс зэрэг түүхий эдүүдийн эрэлт сүүлийн жилүүдэд тогтвортой байсан. Гэхдээ хэрэв онд БНХАУ-ын дотоодын эрэлт энэ онд сул байвал үйлдвэрлэл нь дагаад эрс агших төлөвтэйг анхаарах хэрэгтэй” хэмээн Bloomberg Economics-ийн эдийн засагч Дэвид Цюй бидэнтэй ярилцахдаа онцолсон юм.

Сонирхол нь байна, гэхдээ…

АНУ-ын Элчин сайдын яам 2023 оны Монголын хөрөнгө оруулалтын төлөв байдлыг гаргахдаа “Монгол Улс хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаг. Гэвч уг сонирхлыг бодит хөрөнгө оруулалт болгох тал дээр бэрхшээлтэй” гэж дүгнэснийг АмЧам Монгол-ын ТУЗ-ийн дарга Гари Биондо тодотгож байлаа. Тиймээс сонирхлыг хөрөнгө оруулалт болгох нь АмЧам-ийн ч, сонгууль нь удахгүй болох Монгол Улсын ЗГ-ын ч, Монголын ард иргэдийн ч зорилгын биелэл болох аж.

“Хөрөнгө оруулалтын хуульд дутагдаж байгаа зүйлс бүгд татварын зохицуулалт болон татварын шинэчлэлтэй холбоотой гэж харж байна. Хөрөнгө оруулагчид Монгол улс татварын бүтцээ илүү сайжруулах ёстой гэж үзэж байгаа. Одоог хүртэл энэ хууль батлагдахаа хүлээн УИХ дээр гацсан хэвээр байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахыг хүсэж байвал Хөрөнгө оруулалтын хуулиа эхлээд батал. Дараа нь татварын зохицуулалт, татварын шинэчлэлтэд анхаарлаа хандуулах хэрэгтэй” хэмээн тэрбээр манайд өгсөн ярилцлагадаа онцолсон юм.

Том төсөл, арилдаггүй саад

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн айлчлалаар дотоодын эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах баримт бичгийг байгуулсан нь эрчим хүчний хараат Монгол Улсын хувьд онцлох тохиролцоонуудын нэг байлаа. Өнгөрсөн онд анх удаа нийт эрчим хүчнийхээ 53 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэж түүхэн амжилт үзүүлсэн орон бол ХБНГУ.

Тэгвэл Сайншанд салхин паркын төсөл нь Герман улсын хувийн хэвшлийн Монголд хийсэн хамгийн том хөрөнгө оруулалтад тооцогддог. Харамсалтай нь 120 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар эхэлсэн тус төсөлд гэрээнүүд болон төлбөрийн тодорхойгүй асуудлууд 5 жил үргэлжилж буйг Сайншанд Салхин Парк ХХК-ийн ТУЗ-ийн дарга Оливер Шнорр дурдсан юм.

Хөрөнгийн захад

  • Монгол шуудан ХК өнгөрсөн онд цэвэр ашиг нь 336 хувиар өсөж 1.9 тэрбум төгрөгт хүрснийг тайлагналаа. Тус компани 2016 онд IPO хийж татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө Чингис хаан нисэх буудалд олон улсын шуудан ялган боловсруулах төв байгуулжээ. IPO хийснээс хойш компанийн нэгж хувьцааны ханш 142 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 68.3 тэрбум төгрөгт хүрээд байна.

  • Говь ХК өнгөрсөн онд 3.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж, 2022 оны алдагдлаа 3.1 тэрбум төгрөгөөр бууруулжээ.

  • Пүрэв гарагийн арилжаагаар ХААН Банк ХК-ийн 78.5 мянган хувьцаа 86 сая төгрөгөөр зарагдаж арилжааны идэвх, үнийн дүнгээр тэргүүлэв.

Адани эргэн ирэв

100 тэрбум ам.доллароос дээш хөрөнгөтэй “элитүүдийн клуб”-т эргэн нэгдэхэд Гаутам Адани нэг жил зарцууллаа. Энэтхэг магнатын хувьд 2023 оны эхээр “short” арилжаалагчийн дайралтын дараа огцом буураад байсан хөрөнгийнхөө дийлэнхийг эргүүлэн нөхсөн байна. Hindenburg Research фирм Adani Group-ийг зах зээлийн “ичгүүргүй” манипуляц, луйврын хэрэгт буруутгаж дуулиан тарьсан тэр цагаас хойш Аданигийн нийт хөрөнгийн хэмжээ 2.7 тэрбумаас өдгөө 100.7 тэрбум ам.доллар болон нэмэгджээ.

Bloomberg-ийн тэрбумтнуудын индексээс харвал тэрбээр хөрөнгийн хэмжээгээр дэлхийд 12 дугаарт, нутаг нэгт тэрбумтан Мукеш Амбанигийн яг ард бичигдэж байна.

Цомхотгол дуусаагүй

2024 он гарсаар технологийн салбарт 32 мянган хүн ажилгүй болсныг цар тахлаас хойш тус салбарын ажлын байрны цомхотголын тоон үзүүлэлтийг гаргаж буй Layoffs.fyi стартап мэдээллээ. Хамгийн сүүлд Snap компани ажиллах хүчээ 10 орчим хувь буюу 540-өөр бууруулж байгаагаа даваа гарагт мэдэгджээ.

“Энэ онд технологийн компаниуд цар тахлын дэгдэлтийн үед хэт их ажилтан авснаа залруулах гэж оролдсон хэвээр байна. Учир нь бодлогын өндөр хүү болон салбарын уналт санаснаас урт хугацаанд үргэлжилж байна” хэмээн тус стартапыг үүсгэн байгуулсан Рожер Ли өгүүлжээ.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • Хүргэлтийн үйлчилгээний эрэлт ногоон шилжилт хийх шаардлагыг нэмэгдүүлж байна

  • Монгол хүний сарын дундаж хэрэглээ ₮657,000 байгаагаас 30 хувь нь хүнсэнд зарцуулагдаж байна

  • Санхүүгийн салбарын ДНБ-д эзлэх хэмжээ 3.1 хувиар өсөж, 26.3 хувьд хүрэв

Онцлох чарт

2023 онд дэлхийн хэмжээнд цахилгаан автомашины борлуулалтын орлого 36 хувиар өсөж, 634 тэрбум ам.долларт хүрснээр сэргээгдэх эрчим хүчний салбарын орлогыг давжээ. Нийт цахилгаан автомашины тоо энэ жил 60 сая буюу дэлхий даяарх нийт тээврийн хэрэгслийн 4 хувьд хүрэх төлөвтэйг BNEF тооцоолсон байна.

Харин уламжлалт хөдөлгүүртэй автомашин нийт борлуулалтын дийлэнхийг эзэлсэн хэвээр байгаа ч 2017 оноос хойш борлуулалт нь 23 хувиар буурчээ.

Өнөөдрийн онцлох зураг

Энэтхэгийн Билакуппе хот дахь Дашлхүмбэ хийдэд цам харайж буй Төвд лам нар

Abhishek Chinnappa/Getty