- Business newsletter
- Posts
- 2024/02/08
2024/02/08
Powered by:
Гурван өгүүлбэрээр
ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрлээ.
Монгол Улсын ядуурлын түвшин 2022 оны байдлаар 27.1 хувьтай гарлаа.
Tesla компани нэгдүгээр сард БНСУ-д ердөө ганцхан автомашин борлуулжээ. Юу буруугаар эргэв?
Ядуурлын түвшин ба хэрэглээ
ҮСХ, Дэлхийн банкны хамтарсан судалгаагаар Монгол Улсын ядуурлын шугамыг 2022 оноор шинэчлэн тогтоож, насанд хүрсэн нэг хүний сарын хэрэглээ нь 418,090 төгрөгөөс бага байвал ядууралд өртсөн гэж тооцохоор боллоо.
Буурав уу, өсөв үү
Ингэснээр нийт хүн амын 914.2 мянга нь ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй буюу 2022 оны байдлаар Монгол Улсын ядуурлын түвшин 27.1 хувьтай гарч байна. Хоёр жил тутам гаргадаг энэ түвшин 2020 онд 27.8 хувь, 2018 онд 28.4 хувь байснаас харвал сүүлийн жилүүдэд 1 нэгж хувьд ч хүрэхгүй дүнгээр ялимгүй буурсаар иржээ.
Гэхдээ энэ удаагийн тооцооллыг гаргахдаа аргачлалыг нь шинэчилсэн учраас өмнөх жилүүдийнхтэй шууд харьцуулах боломжгүйг Дэлхийн банкны Ядуурал, тэгш байдал хариуцсан эдийн засагч Лидиа Ким онцолсон юм. Тухайлбал удаан эдэлгээтэй бараа бүтээгдэхүүний хэрэглээ, ядуурлын шугамын хоногийн тооцоолол, насанд хүрсэн нэг хүнд ногдох хэрэглээ гэх мэт асуумж, хэмжүүрүүдийг шинэ аргачлалаар тооцсон байна.
Бүсчилж харвал баруун бүсэд ядуурлын түвшин хамгийн өндөр буюу 36.5 хувь, харин Улаанбаатар хотод хамгийн бага буюу 21.6 хувь байгаа юм. Гэхдээ ядууралд өртсөн нийт иргэдийн 57 хувь нь хотод (Улаанбаатарт 37%), 43 хувь нь хөдөө амьдарч байна.
Хэрэглээ сайтай Монголчууд
Судалгаанд онцолсноор Монгол Улсын насанд хүрэгчдийн сарын дундаж хэрэглээ 657 мянган төгрөг байгаагаас 30 хувь нь хүнсэнд, 42 хувь нь хүнсний бус хэрэглээнд зарцуулагддаг аж. Түүнчлэн дунджаар өрхийн нийт хэрэглээний 70 орчим хувийг хүнсний бус хэрэглээ, үлдсэнийг нь хүнсний хэрэглээ эзэлж байгаа нь Мьянмар, Камбож, Лаос зэрэг ойролцоо орнуудаас харьцангуй өндөр үзүүлэлт болж байна. Уламжлалт онолоор бол орон сууц, автомашин, боловсрол, эрүүл мэнд тэргүүтэй хүнсний бус хэрэглээ нэмэгдэх нь тухайн оронд амьдралын чанар дээрдэж, эдийн засгийн нөхцөл сайжирч буйн эерэг дохио болдог.
Гэхдээ энэ ахиц нь бас орлогын ялгаатай бүлгүүд хоорондын зааг улам тэлснийг илтгэх магадлалтай тул яарсан дүгнэлт хийж болохгүйг Дэлхийн банкны өмнөх судалгаанд онцолжээ. Монгол дахь хүнсний бус бүтээгдэхүүний өндөр хэрэглээг хүйтэн цаг уур, хүн амын сийрэг суурьшил зэрэгтэй холбон тайлбарлах боломжтойг ҮСХ, Дэлхийн банк судалгааны танилцуулгадаа дурдаж байлаа.
5 дахь стратегийн түнш
ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрлээ. Ингэснээр Герман улс Монголтой стратегийн түншлэлтэй Европын анхны улс болж байна. Мөн айлчлалын эхний өдөр талууд 9 төрлийн баримт бичигт гарын үсэг зурсны сацуу ХБНГУ Монгол Улсад 2025 он хүртэл 300 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний хөгжлийн санхүүжилт хийхээр боллоо.
Цаашид хоёр улс уур амьсгалын өөрчлөлт болон сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарч ажиллахаар төлөвлөж байгааг Ерөнхийлөгч нарын хамтарсан мэдэгдлийн үеэр Ф.В.Штайнмайэр хэлсэн юм. Түүнчлэн ирэх III сард тус улсын Дэд бүтэц, цахим харилцааны сайд болон бизнес эрхлэгчид Монголд ирж хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүлээлттэй байгааг онцолж байв.
Тэлэлтийн жил
Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 11 их наяд төгрөг давж, системийн нөлөө бүхий банкнууд хувьцаагаа нээлттэй арилжаалсан 2023 онд Монгол Улсын санхүүгийн салбарын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 3.1 хувиар өсөж, 26.3 хувьд хүрчээ.
СЗХ-ны жилийн эцсийн тоймд дурдсанаар өнгөрсөн онд 787.2 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсанаас 66.7 хувийг нь хувьцаа, 17.5 хувийг компанийн бонд эзэлсэн байна. 7 компани IPO хийж нийт 338.2 тэрбум төгрөг, мөн 7 компани бонд гаргаж 107.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлжээ. Харин хувьцааны хөрвөх чадвар 2022 онд 2.4 хувь байсан бол 2023 онд 1.5 хувь болж буурсан нь анхаарал татаж байна.
Онцлох хөдөлгөөн
Монгол Савхи ХК 2023 оны IV улирлын байдлаар 89.6 сая төгрөгийн алдагдалтай ажилласнаа тайлагналаа. Мөн Монинжбар ХК өнгөрсөн онд 892.5 сая төгрөгийн алдагдал хүлээжээ.
Цэвэр ашиг нь 260 хувиар өссөнөө тайлагнаад буй ЛэндМН ББСБ ХК-ийн хувьцааны ханш 9.4 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 51.1 тэрбум төгрөгт хүрээд байна.
Борлуулсан автомашины тоо: 1
Tesla компани нэгдүгээр сард БНСУ-д ердөө ганцхан автомашин борлуулжээ. Аюулгүй байдалтай холбоотой болгоомжлол, өндөр үнэ, цэнэглэх дэд бүтцийн хомсдол гээд олон сөрөг хүчин зүйл хавсарсан нь үүний шалтгаан болсон байна. Тодруулбал өнгөрсөн сард нэг ширхэг Model Y загвар борлуулсан нь ганц ч автомашин борлуулж чадаагүй 2022 оны долоодугаар сараас хойших хамгийн муу үзүүлэлт нь болсныг БНСУ-ын Худалдааны яам тайландаа дурдсан байна.
Гэхдээ Өмнөд Солонгост нэгдүгээр сард шинээр бүртгэгдсэн цахилгаан автомашины тоо өмнөх сараасаа 80 хувиар унасан байгаагаас харвал энэ нь зөвхөн Tesla-ийн асуудал биш аж.
Нууц кодоо мартчихвал…
Apple-ийн шинэ Vision Pro-ийн худалдан авагчид хэрэв төхөөрөмжийнхөө нууц кодыг нь мартчихвал бүр ч том чирэгдэл үүсэж магадгүйг олж мэджээ. Компанийн зүгээс нууц кодоо мартсан хэрэглэгч төхөөрөмжөө эргэн хэвийн ашиглахын тулд заавал дэлгүүр дээр авчрах, эсвэл AppleCare хэрэглэгчдэд үйлчлэх төв рүү шуудангаар илгээх шаардлагатайг зөвлөж байгаа аж. Өөрөөр хэлбэл Apple өөрөө төхөөрөмжийн нууц кодыг арилгаж, дахин тохируулах юм байна.
Салалтын өртөг
Гэр бүл салалтаас санхүүгийн тал дээр илүү хүчтэй цохилт авдаг нь эрчүүд болж таарчээ. Салалтын дараа эрэгтэй ажил эрхлэгсдийн орлого дунджаар 17 хувиар буурдаг байхад эмэгтэйчүүдийнх 9 хувиар буурдаг болохыг Холбооны нөөцийн банкны Сэнт-Луис хотын салбарын хийсэн судалгаа харуулжээ.
Түүнчлэн ажил эрхлэгсдийн наснаас хамаарч санхүүгийн нөлөөлөл нь харилцан адилгүй байсан байна. Тухайлбал гэрлэсэн эрчүүд залуу байх тусам хохирол нь өндөр байх хандлагатай бөгөөд ялангуяа 28 орчим насны эрчүүдийн орлого салалтын дараа дунджаар 43 хувиар буурч байжээ. "Салаад удаагүй ажилтнууд яагаад бусдаасаа бага орлоготой болдог вэ гэж үү? Боломжит нэг гаргалгаа гэвэл тэдгээр иргэд ажлын хэв маягаа өөрчилдөг байж болно. Цөөн цагаар ажиллах, эсвэл цалин арай багатай ажилд орох гэх мэт" хэмээн тус банкны эдийн засагч өгүүлсэн байна.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Онцлох чарт
Өнгөрсөн онд дэлхий даяарх нүүрсээр ажилладаг цахилгаан станцын шинэ төслүүдийн дийлэнхийг эрчим хүчний аюулгүй байдлаа бэхжүүлэхээр зорьж буй БНХАУ бүрдүүлжээ. Global Energy Monitor-ийн мэдээлснээр бүтээн байгуулалт нь эхэлсэн ЦС-уудын 96 хувь, ашиглалтад орсон ЦС-уудын 68 хувь нь зөвхөн тус улсад байсан байна. 2021 болон 2022 онд цахилгаан эрчим хүчний хомсдол үүссэний дараа Бээжингээс нүүрсний ЦС-ын хүчин чадлаа үлэмж хэмжээнд нэмэгдүүлэхээр эрчимтэй ажиллаж эхэлсэн юм.
Эцэст нь товчхон:
iTrip: 12 дугаар сард Тайланд явсан монголчуудын тоо өмнөх оноосоо 2.7 дахин, Вьетнам явсан монголчуудын тоо 4 дахин өссөн байна.
ГЕГ: Монгол Улс нэгдүгээр сард 1.3 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргаснаас 1.16 тэрбум буюу 88 хувийг нь эрдэс бүтээгдэхүүн эзэлжээ. Харин уул уурхайн бус экспортын гол бүтээгдэхүүн болох ямааны угаасан ноолуурны экспорт өмнөх оны мөн үеэсээ 25.1 хувиар буурсан байна.
Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК: БНХАУ-ын Чайна Камк Инженеринг ТӨХК-тай Монгол Улсад элсэн чихрийн үйлдвэр байгуулахад хамтран ажиллахаар тохиролцож санамж бичиг байгууллаа.
Өнөөдрийн онцлох зураг
“Доха 2024” усан спортын ДАШТ-д Австралийн уран сайхны сэлэлтийн баг үзүүлбэрээ үзүүлж байна.
Clive Rose/Getty