- Business newsletter
- Posts
- 2024/02/07
2024/02/07
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Лэндмн ББСБ-ийн цэвэр ашиг өмнөх оноосоо 260 хувиар өсөж, 19.8 тэрбум төгрөгт хүрчээ.
ХБНГУ-ын Холбооны ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерийн Монгол дахь айлчлал өнөөдөр эхэлж байна. Айлчлалын ач холбогдлыг энэ дугаарт онцоллоо.
Төлбөрийн тэнцэл 2023 онд 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь дээд үзүүлэлт болов.
Ээлжит дэлхийн удирдагч Монголд
Гадаадын хөрөнгө оруулалт эрс татарсан жилүүдийн эцэст Монгол Улсад айлчлал хийж буй гуравдагч хөршийн төрийн тэргүүнүүдийн буухиаг ХБНГУ-ын Холбооны ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер үргэлжлүүлж байна.
Гадаад харилцааны шинэ хуудас
Монгол, Францын төрийн тэргүүнүүд харилцан айлчлал хийж, Оюу Толгойгоос хойших уул уурхайн хамгийн том гэрээний суурийг тавьсан, Гэгээн ширээт улсаас Монголын эзэнт гүрэнд элч илгээснээс 777 жилийн дараа Ромын Пап манайд айлчилсан гээд 2023 он гадаад харилцааны хувьд түүхэнд бичигдэх жил болж өнгөрлөө.
Тэгвэл Монгол Улс ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр тус улсын төрийн тэргүүн Франк-Вальтер Штайнмайер хүрэлцэн ирж байна. 2014 онд Гадаад хэргийн сайдын хувиар Монголд анх айлчилж байсан тэрбээр энэ он гарсаар гурав дахь гадаад айлчлалаа манай улсад хийж байгаа юм.
Айлчлалаар хоёр улсын холбогдох яам, байгууллагууд эрчим хүч, тээвэр, боловсрол, археологи зэрэг зургаан салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах аж. Мэдээж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн түвшинг ахиулах хүчин чармайлт болохоос гадна уг айлчлал нь геополитикийн хувьд томоохон ач холбогдолтой байхыг Конрад Аденауэр сан онцолжээ. Тухайлбал Герман улс БНХАУ-аас чухал ашигт малтмалын хамаарлаа бууруулах үүднээс энэ чиглэлд сүүлд 1 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна.
Худалдааны орон зай
Европын Холбооны гол хөдөлгөгч хүч, мөн Европын хамгийн том эдийн засагтай орон болох ХБНГУ-аас Монгол Улсад хийсэн хөрөнгө оруулалт сүүлийн гурван жилийн хугацаанд тогтмол буурчээ. Монгол Улсад хийгдсэн нийт ГШХО-ын 0.7 хувийг Герман бүрдүүлсэн бөгөөд 1990-2023 оны хооронд тус улсын 113 компани 279 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Одоогоор Германы хөрөнгө оруулалттай 30 гаруй компани манай улсад үйл ажиллагаа эрхэлж буй.
Хоёр улс хоорондын худалдаа ч мөн төдийлөн өргөн хүрээг хамардаггүй бөгөөд 2023 онд Монгол-Германы гадаад худалдааны нийт бараа эргэлтийн ердөө 6.5 хувийг Монголын экспорт бүрдүүлжээ. Харин хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хүрээнд тус улс 1991 оноос хойш 529.6 сая еврогийн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр Монголд төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.
“Ирэх 50 жилийн хамтын ажиллагааны алсын харааг тодорхойлсон томоохон айлчлал болох гэж байна. Айлчлалаас хүлээх үр дүнг мөнгөн дүнгээр бус, харин улс төрийн ач холбогдлоор хэмжих хэрэгтэй. Европоос Монголын гуравдагч хөршийн хамгийн том потенциалтай орны Ерөнхийлөгч өөрийн биеэр ирж байгаа нь айлчлалын улс төрийн ач холбогдлыг илтгэж байна”
“Зөвхөн Германы хувьд биш Европын хувьд, ялангуяа геополитикийн хүрээнд Монгол бол анзаарах ёстой улс. Харин хөрөнгө оруулалт, эдийн засгийн түншлэлийн хувьд айлчлалаар магадгүй ямар нэг хүрээ, эсвэл урьдчилсан нөхцөл тохиролцож болох юм. Германы томоохон бизнес түншүүд, жишээ нь Deutsche Bundesbahn гээд бүгд хувийн хэвшлийнх байдаг. Германаас хийх гадаад хөрөнгө оруулалт, гадаад худалдаагаа тэд бие даан шийддэг”
Хамгийн өндөр ашигтай жил
Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2023 оны эцсийн гүйцэтгэлээр 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарч, 2022 онд 727 сая ам.долларын алдагдалтай гарч байсантай харьцуулахад гурав дахин сайжирсныг Монголбанк мэдээллээ. Экспортолсон нүүрсний хэмжээ түүхэн дээд түвшиндээ хүрсэн нь төлбөрийн тэнцэлд гол нөлөө үзүүлээд зогсохгүй урсгал дансны алдагдлыг бууруулж, оны эцэст 244.54 сая ам.долларын ашигтай гарахад нөлөөлжээ.
2023 онд Засгийн газраас хэд хэдэн бондын төлбөрийг хийж, дахин санхүүжүүлсэн бол Монголбанк БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтаас 210 сая ам.долларын төлөлтийг хугацаанаас нь өмнө төлсөн юм. Гэхдээ ирэх таван жилийн хугацаанд Монгол Улс жилд дунджаар 975 сая ам.долларыг өрийн үйлчилгээнд төлөхөөр байгаа бөгөөд энэ утгаараа өрийн дарамт эрсдэл болж магадгүйг Fitch агентлаг анхааруулж байв.
Онцлох хөдөлгөөн
Газар шим үйлдвэр ХК өнгөрсөн онд 34.3 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа тайлагнасны дараа нэгж хувьцааны ханш нь 9 хувиар өсөж, мягмар гарагийн арилжаанд өсөлтөөрөө тэргүүлэгчдийн эгнээнд багтав. Тус компани цэвэр ашгийнхаа 80 хувийг буюу 5.6 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлэжээ.
2023 онд Лэндмн ББСБ ХК-ийн цэвэр ашиг өмнөх оноосоо 260 хувиар өсөж, 19.8 тэрбум төгрөгт хүрчээ. Компани цэвэр ашгийнхаа 29.9 хувь буюу 5.9 тэрбум төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон олгох аж. Тайлан гарсны дараа Лэндмн-ийн нэгж хувьцааны ханш 15 хувиар өсөж, 56 сарын дээд түвшиндээ хүрсэн юм.
Гинжин хамаарал
Сар шинийн баяр болон үл хөдлөхийн зах зээлийн хямрал нь БНХАУ-ын эрэлтэд сөргөөр нөлөөлж байгаатай холбоотойгоор төмрийн хүдрийн үнэ сүүлийн гурван сарын доод түвшиндээ хүрч буурлаа. Дэлхийн гангийн зах зээлийн дийлэнх хувийг бүрдүүлэгч БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл уналтад ороод багагүй хугацааг өнгөрүүлээд байна. Тус улсын 25 хотын 1,000 гаруй үл хөдлөхийн төсөлд нийтд 52 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байгааг Bloomberg Intelligence тооцоолжээ.
Зүүн Европын шинэ магнат
Зүүн Европын хамгийн чинээлэг эрхэм нисдэг тэрэгний ослоор амиа алдах үед түүний эхнэрийн нэрийг мэддэг байсан хүн тун цөөхөн байлаа. Тэгвэл Петр Келлнерийн үхлээс гурван жилийн дараа их зүйл өөрчлөгджээ. Гэр бүлийн бизнес нь болох PPF өдгөө Рената Келлнероватой салшгүй холбоотой болсон байна. Прага хотод төвтэй харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл, цахим худалдааны аварга групп PPF одоогоор 25 улсад үйл ажиллагаа явуулж, 61 мянган хүнийг ажиллуулж байна.
Нийт 43 тэрбум ам.долларын хөрөнгийг удирддаг PPF нь БНЧУ-ын шилжилтийн үеийн томоохон “ялагчид”-ын нэг бөгөөд Украины дайн эхэлсний дараа орлогын гол эх үүсвэр нь байсан Орос, Хятадаас бизнесээ гаргаж, барууны зах зээл рүү шилжүүлэх стратеги баримталж эхэлжээ.
Группын гол эзэмшигч Рената Келлнерова бүс нутгийнхаа хамгийн чинээлэг эмэгтэй бөгөөд гэр бүлийнх нь нийт хөрөнгө 11.8 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгааг Bloomberg-ийн тэрбумтнуудын индексээс харж болно.
Улаанбаатар хотын дэд бүтцийн хязгаарлагдмал байдал, хот төлөвлөлтийн стандартаа баримтлаагүй зэрэг нь өнөөгийн ужгирсан асуудлуудыг бий болгожээ.
2040 он гэхэд манай хотын хүн ам 4-5 саяд хүрэхээр байгаа тул хуримтлагдсан асуудлуудыг шийдэх гарц, боломжуудыг "Гол Сэдэв" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар хөндлөө. Нэвтрүүлгийг ЭНД дарж бүтнээр нь үзээрэй.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Онцлох чарт
Цэнэг хураагуураас гал гарах эрсдэл Өмнөд Солонгосын цахилгаан автомашин эзэмшигчдийн хар дарсан зүүд нь болжээ. Олны анхаарлыг татсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэний дараа хэрэглэгчдийн дунд энэхүү айдас нэмэгдэж, улмаар өнгөрсөн онд дотоодын цахилгаан автомашины борлуулалт нь 2017 оноос хойш анх удаа буурсан байна.
Судалгаанд оролцсон жолоочдын 50 гаруй хувь нь цахилгаан автомашины аюулгүй байдлын хамгийн том асуудал бол ослоос шалтгаалж, эсвэл цэнэглэх үеэр гал гарах эрсдэл гэж хариулжээ.
Эцэст нь товчхон:
Монголын ноос ноолуурын холбоо: Нэмүү өртөг шингээснээр Монгол Улсын ноолуурын салбарын нийт бараа эргэлт 2.8 их наяд төгрөгт хүргэх боломжтой. Одоогоор манай улс жилд дунджаар 10.5 мянган тонн ноолуур, 1,400 тонн тэмээний ноос, 200 тонн сарлагийн хөөвөр бэлтгэн олон улсын зах зээлд нийлүүлдэг аж.
Хилийн боомтын захиргаа: Цагаан сарын баяртай холбогдуулан Замын-Үүд, Сүмбэр, Баянхошуу, Гашуунсухайт зэрэг авто замын боомтууд хоёрдугаар сарын 10-12-ны өдрүүдэд түр хааж, 13-наас ажиллах хуваарь гарчээ.
Өнөөдрийн онцлох зураг
Мексикийн матадор (бухтай тулалдагч) Исаак Фонсека Мехико хотод үзүүлбэрээ үзүүлж буй нь
Alfredo Estrella/AFP/Getty