- Business newsletter
- Posts
- 2024/02/06
2024/02/06
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Fitch Ratings Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээлээ.
Short арилжааг БНХАУ, БНСУ-д хязгаарласны шалтгаан, мөн Монголд ямар зохицуулттайгаар нэвтрүүлэх нь зохистой талаар онцоллоо.
Meta-ийн ногдол ашгаас жилийн 700 сая гаруй ам.доллар Марк Закербергт хуваарилагдахаар байна.
Богино позиц: Боломж ба болгоомжлол
Хувьцааг зээлээр авч зараад, тэр хувьцаа нь өсчихгүй л бол дараа нь бага үнээр эргүүлэн худалдаж аваад зөрүүнээс нь ашиг хийх стратегийг short арилжаа буюу богино позиц гэдэг. Багагүй маргаан дагуулдаг энэхүү механизмыг БНХАУ, БНСУ-д хязгаарлаж эхэлсний шалтгаан, мөн Монголд ямар зохицуулттайгаар нэвтрүүлэх нь зүйтэй талаар шинжээчийн байр суурийг хүргэж байна.
Хятад, Солонгосын ижил алхам
БНХАУ-ын эрх баригчид дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын арилжаанд тогтоосон хязгаарлалтаа чангатгах арга хэмжээнүүд авсны нэг нь “short” арилжааны хориг болж байна. Өнгөрсөн долоо хоногт стратегийн хөрөнгө оруулагчид зарим хувьцааг зээлдүүлэхийг хориглох шийдвэр гаргасан бол энэ долоо хоногт брокер компаниудын хил дамнасан своп хэлцлийн дүнд дээд хязгаар тогтоож, өөрөөр хэлбэл Хятад дахь хөрөнгө оруулагчид Хонгконгийн хувьцаануудыг “short”-лох боломжийг хумьжээ.
Уналтын мөчлөг нь гурав дахь жилдээ үргэлжилж, үнэлгээнээс нь 7 их наяд гаруй ам.доллар арчигдаж, гадаадын хөрөнгө оруулагчдын үзүүлэх итгэлд сэв суулгаад буй хөрөнгийн зах зээлээ тогтворжуулахын төлөөх Хятадын эрх баригчдын ээлжит алхам нь энэ болж байна.
Азийн өөр нэг том зах зээл БНСУ өнгөрсөн 11 дүгээр сард мөн төстэй арга хэмжээ авч, зээлж авсан хувьцааг арилжаалахыг энэ оны зургаадугаар сар хүртэл хориглосон юм. Гэхдээ зорилт нь зах зээлээ тогтворжуулахад бус, харин “naked shorting” буюу хувьцааг эхэлж зээлэхгүйгээр богино позиц хийх хууль бус арилжааг таслан зогсооход чиглэжээ. Шалгалтаар дэлхийн хоёр ч том хөрөнгө оруулалтын банк тус улсад энэхүү арилжааг явуулж байсныг илрүүлснээ БНСУ-ын санхүүгийн зохицуулах байгууллага мэдээлж байв.
Үр дүнд хүрч байв уу?
Өмнөх тохиолдлуудаас харвал “short” арилжааг хориглох нь тогтвортой өсөлт авчрах магадлал бага аж. 2015 онд Хятадын хувьцааны зах зээлийн хөөс хагарах үед эрх баригчид “short” арилжаалагчдад бурууг тохож, тус стратегийг хязгаарлаж байв. Гэхдээ дараах саруудад нь зах зээл үргэлжлүүлэн унасаар байсан юм.
Өмнөд Солонгост сүүлийн хориг зарлагдсаны дараа хувьцаанууд хэсэг хугацаанд ногоон бүсэд арилжаалагдсан ч удалгүй Kospi индекс энэ өсөлтийнхөө ихэнх хувийг алджээ. Өмнөх хоригуудын үр дүнг нягталсан судалгаанаас үзвэл иймэрхүү арга хэмжээ нь зах зээлийн хөрвөх чадварт муу нөлөөтэй, мөн хувьцааны үнэд дэмжлэг болдоггүй аж.
Монголд болгоомжтой хандах хэрэгтэй
Одоогоор зөвхөн ханшийн өсөлтийг дэмждэг механизмтай Монголын хөрөнгийн зах зээлд “short” арилжааг нэвтрүүлснээр хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, гадаадын болон мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татахаас гадна хувьцааны үнийг бодитой түвшинд аваачих, дотоодын ХК-иудын хариуцлагыг сайжруулах олон давуу талтайг шинжээчид хэлдэг. Хөрөнгийн зах зээлийн дүрэм журмын хүрээнд дотоодод short арилжааг нэвтрүүлэх бүрэн боломжтой гэж харж байгаагаа СЗХ-ны дарга Д. Баярсайхан өмнө нь дурдаж байв.
Харин Bloomberg Markets Live Pulse-ийн стратегич Марк Крэнфилд бидэнтэй ярилцахдаа “short” арилжаа нь урт хугацаанд илүү төлөвшсөн зах зээл бий болоход нөлөөтэй ч Монгол мэтийн жижиг зах зээлд тийм ч амархан нутагших зүйл биш болохыг илэрхийлж байлаа. Хэрэв стратегийн томоохон хөрөнгө оруулагч хоёр хувьцаанд зэрэг “short” хийлээ гэхэд жижиг зах зээл энэ шокийг тэсвэрлэхгүй байх эрсдэлтэй аж. Иймд магадгүй зах зээл томрох хүртэл хэдэн жил хүлээж, маш болгоомжтой хандах нь чухал болохыг тэрбээр зөвлөж байсан юм.
B зэрэглэлдээ үлдэв
Fitch Ratings байгууллага Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээлээ. Дунд хугацааны өсөлтийн төлөв, мөн нэг хүнд ногдох орлогын хэмжээгээр ижил зэрэглэлийн бусад орнуудаас сайн үзүүлэлттэй ч гадаад санхүүжилт болон түүхий эдийн экспортоос хэт хараат байдал нь гол хязгаарлагч хүчин зүйл гэж үзсэн байна.
Тус агентлагаас 2024 онд экспорт тогтворжихтой холбоотойгоор Монгол Улсын эдийн засгийн өсөлт дөрвөн хувь болж саарна гэсэн төсөөлөлтэй байна. Оюу Толгойн гүний уурхайн үйл ажиллагаа 2023 оны гуравдугаар сараас эхэлсэн ч гарцын хэмжээ 2025 оноос л эрчимтэй өсөх төлөвтэйг мөн онцолжээ.
ОТ өнгөрсөн онд
Зэс, алтны үнэ зах зээлд өндөр байж, борлуулалтын тоо хэмжээ нь өссөний нөлөөгөөр Оюу Толгой ХХК-ийн борлуулалтын орлого 2023 онд өмнөх оноосоо 9 хувиар өсөж, 5.6 их наяд төгрөгт хүрчээ. Тайлант хугацаанд тус компани 168 мянган тонн баяжмал дахь зэс, 177.3 мянган унц баяжмал дахь алт үйлдвэрлэсэн байна.
Компанийн мөнгөн урсгалын үзүүлэлт 2025 оноос эерэг болохоор байгаа ба нэн тэргүүнд өмнөх зээлүүдээ төлж барагдуулснаар ногдол ашиг хуваарилах асуудал яригдахыг өмнө нь мэдээлж байв. Оюу Толгой 2010 оноос хойш өдийг хүртэл нийт 10.3 их наяд төгрөгийг татвар хураамж болон бусад төлбөрт төлөөд байгаа аж.
Шигшээ тоглолт Нью-Йоркт
2026 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтыг Нью-Йорк орчмын бүс хүлээн авахаар сонгогдлоо. Ийнхүү тус хот Даллас, Лос-Анжелес гэсэн нутаг нэгт өрсөлдөгчдөө ялж, дэлхийн хамгийн олон үзэгчтэй спортын арга хэмжээг зохион байгуулахаар болж байна.
Аваргын төлөөх тоглолт Хадсон голын нөгөө эрэгт орших Нью-Жерсигийн MetLife цэнгэлдэх хүрээлэнд явагдахыг FIFA ням гарагт мэдээлжээ. Хотын төв, Манхэттэн дүүргээс галт тэргээр очих боломжтой, 82,500 хүний багтаамжтай тус цэнгэлдэх нь NFL-ийн "New York Giants" болон "New York Jets" багуудад харьяалагддаг юм. Анх удаа 48 улсын шигшээ баг өрсөлдөх 2026 оны ДАШТ-ий тоглолтууд Канадын 2, Мексикийн 3, АНУ-ын 11 хотод зохион байгуулагдана.
Захирлын хишиг
Meta-ийн анхны ногдол ашгаас жилийн 700 сая гаруй ам.доллар Гүйцэтгэх захирал Марк Закербергт хуваарилагдахаар байна. 2022 онд нийт 27.1 сая ам.долларын цалин авсан түүний хувьд энэхүү ногдол ашиг хөрөнгийг нь чамлахааргүй дүнгээр арвижуулах юм. Гэхдээ энэ дүнд доор дэлгэрэнгүй дурдах Meta-ийн хувьцааны огцом өсөлтийг оруулж тооцоогүй гэдгийг сануулах нь зүйтэй. Закербергийн хөрөнгө сүүлд 28.1 тэрбум ам.доллароор өсөж 170.5 тэрбумд хүрснээр Билл Гэйтсийг гүйцэж, одоогоор Bloomberg-ийн тэрбумтнуудын индекст дөрөвдүгээрт бичигдэж байна.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Сар шинийн баяр дөхсөн ч БНХАУ-д гахайн махны эрэлт сул байгаа нь эдийн засгийн хүндрэлийн өөр нэг илрэл болов
Авто тээврийн орлого 2023 онд хамгийн өндөр дүнгээр буюу ₮1.5 их наядаар өсөв
“Geely”-ийн охин компани дэлхийн нам орбитод 11 хиймэл дагуул хөөргөлөө
Онцлох чарт
Facebook-ийг эзэмшдэг Meta компанийн үнэлгээ нэг өдрийн дотор хөрөнгийн зах зээлийн түүхэнд байгаагүй их дүнгээр арчигдсан тааруу үзүүлэлт ердөө хоёр жилийн өмнө бүртгэгдэж байлаа. Түүнээс хойш компани урт зам туулж, зардлаа танах болон цэвэр ашгаа олон тэрбумаар нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулсны үр дүнд өнгөрсөн долоо хоногт дахин нэг сайн үзүүлэлттэй улирлын тайлангаар хувьцаа эзэмшигчдээ баярлуулсан юм. Зах зээл ч үүнд нь харамгүй шагнал хүртээсэн байна.
Компанийн нэгж хувьцааны үнэ баасан гарагийн арилжаагаар 20 хувийн өсөлттэй хаагдаж, 474.99 ам.доллар хүрсэн нь бүх цаг үеийн дээд түвшин болжээ. Энэхүү цойлсон өсөлт компанийн зах зээлийн үнэлгээг 197 тэрбум ам.доллароор нэмэгдүүлсэн нь үнэлгээний нэг өдрийн өсөлтийн дээд амжилтыг эвдэж, 2022 онд Apple ба Amazon-ийн тогтоож байсан өндөрлөгөөс давсан байна.
Эцэст нь товчхон:
ГХЯ: Итали улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Skytrax: Чингис хаан олон улсын нисэх буудал Монголын иргэний нисэхийн салбарын түүхэнд анх удаа Английн Skytrax байгууллагаас “4 од” зэрэглэлийн нисэх буудлын үнэлгээг авчээ.
Bloomberg: Сөүл хотын шүүхээс Samsung компанийн Ерөнхийлөгч И Жэ Ёны холбогдоод байсан хувьцааны манипуляцын хэргийг хэрэгсэхгүй болголоо.
Өнөөдрийн онцлох зураг
Сар шинийн үзэсгэлэн худалдааны үеэр луун дүрст чимэглэлийн дэргэд зогсох эмэгтэй - Бээжин, БНХАУ
Pedro Pardo/AFP/Getty