- Business newsletter
- Posts
- 2024/02/05
2024/02/05
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Төрийн өмчит компаниудын активын хэмжээ 59.2 их наяд төгрөг байгаа нь Монгол Улсын ДНБ-ээс ч өндөр дүн.
Орон сууцтай болох мөрөөдөл нь алсарсан “Z” үеийнхэн тансаг бүтээгдэхүүнээр сэтгэлээ зогоож байна
АХБ Монгол Улсын газрын ховор элементийн бодлогын хөгжүүлэлтэд 500 мянган ам.долларын техникийн дэмжлэг үзүүлнэ.
Төрийн түмэн оролцоо
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг уламжлал ёсоор сонгуулийн жилд тараасан нь төрийн өмчит компаниудад чиглэсэн анхаарлыг дахин нэмэгдүүлээд байна. Эдийн засгийн томоохон салбаруудад өндөр оролцоотой байж, тэр чинээгээрээ дуулиантай асуудалд байнга орооцолддог ТӨК-иудын ашигт ажиллагаа, хөрөнгийн удирдлагын үзүүлэлтийг ойроос харцгаая.
“Данхар” актив
2023 оны эхний хагасын байдлаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын активын хэмжээ 59.2 их наяд төгрөг болж, 10 жилийн өмнөхтэй харьцуулбал 10 орчим хувиар өсжээ. Харин сүүлийн таван жилийн хугацаанд 29.6 тэрбум төгрөгөөс бараг хоёр дахин өссөн байна. Өөрөөр хэлбэл ТӨК-иудын нийт актив Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс давсан буюу 112 хувь орчимд байгаа аж. Тэгвэл ТӨК-иудын 59.2 их наядын активын багадаа 50 хувь нь зах зээлд бараа бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалт хэлбэрээр нийлүүлэгддэг гэж тооцвол Монгол Улсын ДНБ-ийн 50 хувь нь шууд төрөөс хамааралтай гэж үзэж болохыг Ти Ди Секьюритис ҮЦК онцолсон юм.
“Төрийн өмчит компаниуд маш их хөрөнгө, активыг удирдаж явдаг гэдэг утгаараа эдийн засагт үзүүлэх нөлөө нь ихэссэн. Ялангуяа уул уурхайн салбар дахь оролцоо маш их байна. Гэтэл энэ олон жилийн хугацаанд ТӨК-иудын тоо л нэмэгдээд байхаас асуудлууд нь шийдэгдэж байгаа нь харьцангуй бага байна” хэмээн Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн менежер Н.Дорждарь бидэнд өгүүлж байлаа.
10 компани тутмын 7 нь алдагдалтай
Сангийн яамнаас 2021 онд хийгдсэн судалгаагаар ТОП-100 аж ахуйн нэгжийн ашигт ажиллагаа 7.1 хувь, хөрөнгийн өгөөж 5.0 хувь байсан бол төрийн өмчит 105 компанийн эдгээр үзүүлэлт 5.9 болон 1.3 хувь байжээ. Харин ЭТТ ХК ба Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ыг хасаж тооцвол ТОП-100 болон ТӨК-иудын ашигт ажиллагааны зөрүү 3.1 нэгж хувь, хөрөнгийн өгөөжийн зөрүү 4.1 нэгж хувь болохоор байна.
Борлуулалтын орлогоос нь борлуулсан бүтээгдэхүүний өртөг, мөн удирдлагын, санхүүгийн гэх мэт зардлуудыг хасаж тооцвол ТӨК-иудыг ерөнхийдөө ашиггүй ажилладаг гэж дүгнэж болох аж. Ти Ди Секьюритис-ийн тооцоолсноор Монголын ТӨК-иудын 73 хувь буюу 10 компани тутмын 7 нь алдагдалтай ажиллаж байна.
Хууч хамаарал
ТӨК-иуд ашигт ажиллагаа, хөрөнгийн өгөөжөөр хувийн хэвшлийн компаниудаас хол хоцорч буйн суурь шалтгаан нь удирдлагын асуудал болохыг “Нээлттэй нийгэм форум”-ын судалгаанд онцолжээ. Ялангуяа удирдлагын хүрээнд нь бүрэн эрхт төлөөлөгч томилох, онцгой дэглэм тогтоох зэрэг төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцооны болон шилжилтийн үеийн зохицуулалт, практикууд амь бөхтэй оршсоор байгаа гэж үзсэн байна.
Цаашлаад МХБ-д бүртгэлтэй, хувийн өмчийн оролцоо бүхий ТӨК-иудад онцгой дэглэм тогтоож байгаа нь Үндсэн хуулийн суурь үзэл санаанд харшилсан үйлдэл болохыг сануулжээ.
Transparency International байгууллагаас гаргадаг "Авлигын төсөөллийн индекс"-т Монгол Улс 2023 онд өмнөх оноосоо таван байр ухарч, 121 дүгээрт бичигдээд буй. Оноог хойш татсан гол хүчин зүйл нь авлигын эх үүсвэр болсон төрийн алба болон төрийн өмчит компаниудын шударга бус томилгоо байсан юм. Тэр дундаа ТӨК-иудын компанийн засаглал хангалтгүй, олон нийтийн хяналт, ил тод байдлыг хангах эрх зүйн орчинг бий болгоогүй зэрэг байнга яригддаг асуудлууд дээрдээгүй хэвээр үлджээ.
Ховор элемент ба АХБ-ны дэмжлэг
Азийн Хөгжлийн Банк газрын ховор элементийн бодлогыг хөгжүүлэх, олон улсын сэргээгдэх эрчим хүчний технологийн үнэ цэнийн сүлжээнд Монгол Улсын байр суурийг бэхжүүлэх чиглэлд арга хэмжээ авахад зориулж УУХҮЯ-нд 500 мянган ам.долларын техникийн дэмжлэг үзүүлэхээр болсныг тус банкны Уур амьсгалын өөрчлөлт хариуцсан мэргэжилтэн Дастин Шинн мэдээллээ.
“Цахилгаан автомашин үйлдвэрлэхэд уламжлалт хөдөлгүүртэй автомашинаас зургаа дахин их нөөц шаардагддаг. Эдгээр түүхий эдийг хаа нэгтэйгээс олборлох хэрэгтэй шүү дээ. Тэр тусмаа Монголд байдаг газрын ховор элемент. Тэгэхээр Монгол Улс олон улсын зах зээл дээр энэ давуу талаа ашиглавал асар их нөөц бололцоо байна. Ялангуяа олон улсын сэргээгдэх эрчим хүчний технологид чиглэсэн уул уурхайн салбартаа төвлөрөх хэрэгтэй” хэмээн тэрбээр Bloomberg TV Mongolia-д өгсөн ярилцлагадаа онцолсон юм.
Зорилтоо биелүүлэхэд $11 тэрбум
Монгол Улсын ЗГ Парисын хэлэлцээрийн дагуу 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах зорилт тавиад байгаа. Энэ зорилтдоо хүрэхэд 11 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр үзсэн байна. Түүнчлэн Монгол Улс үндэсний тодорхойлсон тогтвортой хөгжлийн зорилтууддаа 2030 он гэхэд хүрэхийн тулд нэмэлтээр 44.2 тэрбум ам.долларын санхүүжилт татах шаардлагатай гэж тайландаа тодотгожээ.
Хөрөнгийн захад
Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй дотоод, гадаадын биржид бүртгэлтэй компаниудын хувьцааны ханшид сүүлийн гурван жилд өсөх хөдөлгөөн давамгайлсныг АМГТГ тайлагналаа. Тухайлбал МХБ-д бүртгэлтэй компаниудаас Тавантолгой ХК-ийн нэгж хувьцааны дундаж ханш 2021 оноос хойш 112.5 хувиар, Могойн гол ХК-ийн хувьцааны ханш 82.6 хувиар тус тус өсжээ.
Бодь даатгал ХК 2023 оны татварын дараах цэвэр ашгаасаа 615 сая төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлэлээ. Зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор ҮЦТХТ-өөр дамжуулан олгохоо мөн мэдээлсэн байна.
Сэтгэлээ зогоохын тулд…
“Ер нь амьдралд юу чухал юм бэ?” - 24 настай Ниа Холланд хуучны Сhanel цүнхийг 2,500 доллароор худалдан авч, хадгаламжаа шавхсаныхаа дараа ийн боджээ. Докторантаар суралцангаа судалгааны ажил хийн багахан мөнгө олдог тэрбээр мөнгөө илүү хэрэгтэй зүйлд зарцуулах, хадгалах эсвэл хөрөнгө оруулах нь зөв гэдгийг мэдэж л байсан.
Урьд нь хүмүүс эдийн засаг тогтворгүйжээд ирэхэд зардлаа танаж бүсээ чангалдаг байлаа. Гэвч яаж ч хичээсэн санхүүгийн ирээдүй нь бүрхэг байхыг тооцоолсон залуу үе үүний эсрэг алхам хийх нь улам нэмэгджээ. Сургалтын зээл, өсөн нэмэгдэж буй амьжиргааны зардал, хувьсан өөрчлөгдөж буй хөдөлмөрийн зах зээл тэдэнд байр худалдаж авах, тэтгэвэрт гарахдаа зориулж мөнгө хадгалах зэрэг санхүүгийн зорилт тавихад хүндхэн болгож байгаа юм.
Америк залуусын 27 орчим хувь нь эдийн засгийн, олон улсын асуудлаас сэтгэлээ бага ч гэсэн ангижруулахын тулд мөнгөө зоргоороо үрэх сонголт хийснийг “Credit Karma” санхүүгийн компанийн судалгаа харуулжээ. Энэ үзүүлэлт Мянганыхан болон Z үеийнхний дунд илүү өндөр хувьтай буюу 43 ба 35 хувийг тус тус эзэлж байна.
Гүйцэгдэшгүй
БНХАУ 2023 онд суурилуулсан нарны хавтангийн тоогоор бусад бүх улсыг илүүрхэж, дэлхийд аль хэдийн тасархай тэргүүлж буй сэргээгдэх эрчим хүчний нүсэр хүчин чадлаа улам ахиулжээ.
Тус улс өнгөрсөн онд нийт 216.9 гигаваттын нарны цахилгаан эх үүсгүүр нэмж суурилуулсан нь 2022 онд тогтоож байсан өмнөх дээд үзүүлэлт болох 87.4 гигаваттаас хол давсныг БНХАУ-ын Үндэсний эрчим хүчний удирдах газраас мэдээлсэн байна. Энэ нь нарны эрчим хүчний хоёр дахь том зах зээл АНУ-ын одоогоор суурилуулсан нийт хүчин чадал болох 175.2 гигаваттаас мөн давж буйг BloombergNEF тооцоолжээ.
"Medeenomics" подкастын шинэ дугаарт Ochun Investments-ийн Гүйцэтгэх захирал Г.Оргил оролцлоо. Дотоодын эдийн засагт 2024 онд ямар өөрчлөлтүүд гарах магадлалтай байна вэ? Зээлийн хүү буурах уу? АНУ болон БНХАУ-ын зах зээлд хөрөнгө оруулалтын ямар боломжууд байна вэ зэрэг сэдвээр сонирхолтой яриа өрнүүлсэн юм.
Шинэ дугаарыг ЭНД дарж сонсоорой. Мөн "Medeenomics" подкастын бүх дугаарыг Apple Podcasts, Spotify платформуудаас сонсох боломжтой.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Зээлдээ тааруулж төслөө хийх үү, төсөлдөө тохирсон санхүүжилт хайх уу? - Компаниудын гаргаж буй алдаа
“Tesla” компани “CATL”-ийн төхөөрөмжүүдээр АНУ дахь цэнэг хураагуурын үйлдвэрээ өргөжүүлнэ
Уламжлалт хөдөлгүүртэй автомашины борлуулалт 2017 оноос хойш тасралтгүй буурсаар байна
Онцлох чарт
ОХУ-ын газрын тосны өрөмдлөг өнгөрсөн онд Зөвлөлтийн үеэс хойших дээд түвшиндээ хүрсэн байх төлөвтэй нь тус улс барууны хориг арга хэмжээг тэсвэрлэж буйн өөр нэг нотолгоо болжээ. Гэхдээ өрөмдлөг эрчимжихийн хэрээр олборлолтын хэмжээ төдийлөн нэмэгдэхгүй байгаа нь магадгүй зарим урт хугацааны асуудлууд бүрэлдэж буйн дохио байж болно.
Олборлогчдын хувьд хуучин цооногуудынхаа гарцыг хэвийн хадгалахаар шаргуу ажиллахын хажуугаар ирэх жилүүдэд нийлүүлэлт хангах шинэ төслүүдээ тус улсын шинэ нөхцөл байдалд нийцүүлэх шаардлагатай болж байна.
Өнөөдрийн онцлох зураг
Сар шинийн баярыг угтан Сингапурын Gardens by the Bay хүрээлэнд босгосон лууны баримал
Roslan Rahman/AFP/Getty