2024/02/02

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. БНХАУ-ын дотоодын эрэлт энэ онд сул байвал түүхий эдийн эрэлт нь дагаад буурах эрсдэлтэй.

  2. Нэгдүгээр сард Монголд 34 мянга гаруй жуулчин ирсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1.7 дахин өссөн үзүүлэлт болжээ

  3. Bloomberg Intelligence-ээс гаргасан зэсийн зах зээлийн энэ оны төлөвийг энэ дугаарт онцоллоо.

Биднийг амрах хойгуур

АНУ-ын хувьцаанууд эргэн өслөө. Өнгөрсөн III сараас хойших хамгийн огцом дүнгээр унаад байсан S&P индекс 1% давж өсжээ.

Долларын ханш унаж, газрын тосны үнэ буурав.

Meta-ийн 1-р улирлын орлогын төсөөлөл таамгаас давснаар хувьцааных нь ханш 12% өсжээ. Amazon-ийн ашиг мөн л зах зээлийн хүлээлтээс илүү байснаар хувьцаа нь өсөв.

ОУВС-ийн тэргүүн К.Георгиева: АНУ-ын төв банк бодлогын хүүгээ эрт бууруулснаас хожимдож бууруулсан нь дээр.

Зэс олборлогчдын төлөв

Нийлүүлэлтийн динамик энэ онд зэсийн үнийг дээш татахаар байгааг Tribeca, Terra Capital болон Anaconda Invest зэрэг хедж сангууд мэдээлж байна.

Тэгвэл Bloomberg Intelligence-ээс (BI) зэсийн зах зээлийн 2024 оны ерөнхий төлөв, эрэлт нийлүүлэлт, нөөц бүрдүүлэлтийн төсөөлөл, олборлогч компаниудын үзүүлэлт зэргийг багтаасан дэлгэрэнгүй шинжилгээ гаргажээ. Шинжилгээг багцалбал энэ оны төлөвт гурван гол хөдөлгөгч хүч нөлөөлөхөөр байна.

Нийлүүлэлт талаасаа

BI олборлосон зэсийн нийлүүлэлт 2024 онд 4.5 хувиар өснө гэсэн төсөөллөө 1.5-2 хувь болгон бууруулсан нь First Quantum-ийн Cobre Panama уурхайн олборлолт зогссонтой холбоотой аж. Харин тус уурхайн үйл ажиллагаа дахин эхэлж магадгүй 2025 оноос л нийлүүлэлтийн өсөлт 3 хувьд хүрэхээр байна.

Олборлосон зэсийн нийлүүлэлтийн тасалдал 2023 онд 1.1 сая тонноор хэмжигдсэн тул өнгөрсөн оны нийт гарцын өсөлт 1 хувиас хэтрэхгүй гэж тооцоолжээ. Харин 2024 онд нийлүүлэлтийн тасалдал 1.11 сая тонн орчим байх төлөвтэй байна.

Хятадын үл хөдлөхийн зах зээл

Цар тахлын хөл хорионы дараа барилгын төслүүд эрчимжиж, ашиглалтад оруулах хүчин чармайлт нэмэгдсэн нь БНХАУ-д өнгөрсөн онд зэсийн эрэлтийг өндөр түвшинд хадгалжээ. Гэхдээ ЗГ-аас даацтай дэмжлэг үзүүлэхгүй бол энэхүү өсөлтийн эрч алдагдах төлөвтэй гэж үзсэн байна. Шинэ төслүүд цөөн, борлуулалт тааруу байдал дахин нэг жил үргэлжилбэл цахилгаан бараа, халаалт, хөргөлт зэрэг зэсийн ашиглалт өндөртэй бусад салбаруудад дам нөлөө үзүүлэх эрсдэлтэй аж.

Тиймээс зэсийн эрэлтийн өсөлтийг 2.5 хувьд хэвээр хадгалахын тулд бусад орнуудын хэрэглээ сул зайг нөхөх шаардлагатай гэжээ.

Гэхдээ цахилгаан автомашины үйлдвэрлэлийн өсөлт, дэд бүтцийн төслүүдийн дэмжлэг хэвээр хадгалагдвал БНХАУ-ын боловсруулсан зэсийн эрэлт 2024 онд 2023 оныхыг гүйцэхгүй боловч эерэг үзүүлэлттэй байх боломжтойг дурдсан байна.

Олборлогчдын үзүүлэлт

2023 оныг сулхан эхлүүлсэн олборлогч компаниуд оны хоёрдугаар хагаст үйлдвэрлэлээ даруй 800 мянган тонноор нэмэгдүүлж чадсан гэж тооцоолсон байна. Өнгөрсөн онд олборлогчдын хувьцааны өсөлт нь зэсийн ханшаас 15 хувиар давснаас гадна бусад дийлэнх индексүүдээс илүү байжээ. Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах хүлээлт, мөн нийлүүлэлт тасалдах эрсдэл нь зэсийн үнийг өсгөнө гэсэн таамаглал үүнд нөлөөлсөн байна.

Хэрэглэгчийн итгэл нэгдүгээрт

БНХАУ-ын бизнесийн орчны ойрын ирээдүйн талаарх АНУ-ын компаниудын өөдрөг хүлээлт нэмэгдсэнийг Хятад дахь Америкийн худалдааны танхим мэдээллээ. Гэхдээ АНУ-ын ихэнх компаниуд Хятадад хөрөнгө оруулахаас зайлсхийсэн хэвээр байна. Тус танхимын судалгаанд оролцсон гишүүн компаниудын 40 хувь нь ирэх хоёр жилийн ашигт ажиллагаандаа өөдрөг хүлээлттэй байсан ч 43 хувь нь энэ онд хөрөнгө оруулалтаа өргөжүүлэх бодолгүй байгаагаа илэрхийлжээ.

“2023 онд Хятадын эдийн засгийг доош татсан зүйл нь хэрэглэгчийн итгэл сул байсантай холбоотой. Энэ оны хувьд ч мөн адил дүр зурагтай буюу хэрэглэгчийн итгэл гол түлхүүр нь байна. БНХАУ-ын дотоодын эрэлт энэ онд сул байвал үйлдвэрлэл нь дагаад эрс агших төлөвтэй. Энэ нь түүхий эдүүдийн үнэ буурах дарамт үүсгэхээс гадна Хятад руу түүхий эд экспортлогч орнуудад сөрөг нөлөө үзүүлэх боломжтой” хэмээн Bloomberg Economics-ийн эдийн засагч Дэвид Цюй бидэнтэй ярилцахдаа онцолсон юм.

Өвлийн жуулчид

Оны эхний сард Монгол Улсад 34 мянга гаруй жуулчин ирсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1.7 дахин өссөн үзүүлэлт болжээ. БОАЖЯ-наас өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд 2024 оны дөрөвдүгээр сар дуустал олон улсын болон үндэсний 26 арга хэмжээ хийхээр төлөвлөснөө мэдээлж буй. Мөн 2024 онд нэг сая жуулчин хүлээн авч, салбарын орлогыг хоёр тэрбум ам.доллар хүргэх зорилт тавиад байна.

Хөрөнгийн захад

  • Монголын хөрөнгийн бирж ХК 2023 оны эцсийн байдлаар IPO-оор татан төвлөрүүлсэн хөрөнгийнхөө 12.4 хувь буюу 1.48 тэрбум төгрөгийг төлөвлөгөөний дагуу зарцуулаад байгаагаа тайлагналаа. Дийлэнх хувийг нь арилжааны системийн сайжруулалтад, 19.5 хувийг хөрөнгийн зах зээлийн сургалт үйлчилгээ, мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх төв бий болгоход зарцуулсан байна.

  • Нэгдүгээр сард МХБ-ээр 727.4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн арилжаалснаас 90 гаруй хувийг нь уул уурхай бүтээгдэхүүн бүрдүүлжээ.

Шинэ өндөрлөг

Novo Nordisk компанийн зах зээлийн үнэлгээ нь 500 тэрбум ам.доллар хүрснээр энэ босгыг давсан Европын хоёр дахь компани боллоо. Хувьцааных нь ханшийн өсөлт үргэлжилсээр лхагва гарагт зах зээлийн үнэлгээгээрээ Европт зөвхөн LVMH-ийн хүрч байсан түвшнийг давсан байна.

Хоолны дуршил бууруулж, тураах үйлчилгээтэй Ozempic, Wegovy эмүүдийг үйлдвэрлэдэг тус компанийн орлого 6 хувиар, үйл ажиллагааны ашиг нь 29 хувиар өсөх төлөвтэйг мэдээлээд байгаа юм.

Vision Pro яах бол?

Удаан хүлээлгэсний эцэст Apple-ийн Vision Pro өнөөдрөөс худалдаалагдаж эхэлж байна. Өндөр үнэтэй, удаан зүүхэд тухгүй байж мэдэх Vision Pro-ийн борлуулалт хэр байхаас энэ төрлийн бүтээгдэхүүний ирээдүйг тодорхойлж болох юм. Компанийн хувьд урьдчилсан захиалгаар 180 мянган ширхэг Vision Pro борлуулаад байгаа.

Дэлхийг өөрчилнө гэж гарч ирсэн бүхий л AR, VR төхөөрөмжүүд бүтэлгүйтэж, зах зээл нь ч агшиж буй. Өнгөрсөн онд л гэхэд нийлүүлэлт нь 2022 онтой харьцуулбал 8 хувиар буурч 8 сая ширхэгт хүрчээ. Дэмжиж ажиллах сонирхолтой аппликэйшн хомс, зүүхэд тухгүй байдаг зэрэг сорилтууд тэдгээр бүтээгдэхүүний сул үзүүлэлтэд голчлон нөлөөлж байна.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • Зээлдээ тааруулж төслөө хийх үү, төсөлдөө тохирсон санхүүжилт хайх уу? - Компаниудын гаргаж буй алдаа

  • “Tesla” компани “CATL”-ийн төхөөрөмжүүдээр АНУ дахь цэнэг хураагуурын үйлдвэрээ өргөжүүлнэ

  • Уламжлалт хөдөлгүүртэй автомашины борлуулалт 2017 оноос хойш тасралтгүй буурсаар байна

Онцлох чарт

ОУВС дэлхийн эдийн засгийн энэ оны өсөлтийн төсөөллөө нэмэгдүүлэхэд АНУ-ын эдийн засаг тэлж, БНХАУ төсвийн дэмжлэгийн арга хэмжээ авахаар байгаа нь голчлон нөлөөлжээ. Тус байгууллага 10 дугаар сарын төсөөлөлдөө дэлхийн эдийн засаг 2024 онд 2.9 хувиар өснө гэж үзэж байсан бол энэ долоо хоногт гаргасан шинэ төсөөлөлдөө 3.1 хувь болгож нэмэгдүүлсэн байна.

Цар тахлаас өмнөх 20 жилийн хугацаанд дэлхийн эдийн засгийн өсөлтийн дундаж 3.8 хувьтай байв. Гэхдээ цар тахлаас үүдэлтэй үнийн шок, түүнийг дагасан бодлогын хүүгийн өсөлтийг харгалзаж үзвэл нөхцөл байдал бүр ч дор байж болох байсныг ОУВС онцолсон байна.

Эцэст нь товчхон

“Оросын төмөр замууд” нийгэмлэг: Наушки-Сүхбаатар төмөр замын боомтоор тээвэрлэсэн бараа бүтээгдэхүүний хэмжээ 2023 онд өмнөх оны мөн үеэс 40 хувиар нэмэгдэж, 8 сая тоннд хүрсэн байна. Харин өнгөрсөн онд ОХУ-аас Монгол руу төмөр замаар тээвэрлэсэн экспортын ачаа 2.7 сая тонн болж, 12.5 хувиар өсжээ.

Инвескор Капитал ҮЦК уул уурхайн бүтээгдэхүүний биржийн брокерийн эрхтэй болов.

Өнөөдрийн онцлох зураг

Барбара Крюгерийн Untitled (2020) уран бүтээлийг Лондон хотын Serpentine South галерейд толилуулж байгаа нь

Leon Neal/Getty