2024/02/01

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. TMK Energy компани метан хийн “Гурвантэс XXXV” төслийг 100 хувь эзэмшиж эхэлснээ зарлав.

  2. Krutrim тэрбум ам.долларын үнэлгээнд хүрсэн Энэтхэгийн анхны хиймэл оюуны стартап боллоо.

  3. Дотоодын компаниуд санхүүжилтээ шийдэхдээ ямар алдаанууд гаргадаг талаар энэ дугаарт онцоллоо.

Шуурхай

АНУ-ын Холбооны Нөөцийн Банк бодлогын хүүгээ хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Мөн 3 дугаар сард хүүгээ бууруулахгүй байж магадгүй гэсэн дохиог тус банкны тэргүүн Жером Пауэлл өгөв.

Ийнхүү бодлогын хүүгээ 5.25-5.5% буюу 22 жилийн дээд түвшинд хэвээр хадгалах шийдвэрийг Холбооны нээлттэй зах зээлийн хорооны гишүүд санал нэгтэйгээр гаргажээ.

Зах зээл яав? - S&P 500 индекс 1.6%-иар буюу 9-р сараас хойших хамгийн огцом дүнгээр уналаа.

Санхүүжилтээ шийдэхэд гаргадаг алдаанууд

АНУ-ын хөдөлмөрийн статистикийн товчооны мэдээлснээр шинэ бизнесүүдийн 20 хувь нь үйл ажиллагааны эхний хоёр жилдээ, 45 хувь нь эхний таван жилдээ хаалгаа барьдаг аж. Тэгвэл бүдрэх магадлалтай эхний даваа болох санхүүжилтээ шийдэхдээ Монголын компаниуд голчлон ямар алдаанууд гаргадаг тухай олон улсын санхүүгийн мэргэшсэн шинжээч (CFA) М.Мөнхтуяа “Medeenomics” подкастад ярьснаас онцлох өнцгүүдийг маш товч байдлаар хүргэж байна.

Бизнесийн загварт тохирсон санхүүжилт: Дотоодын зах зээлд банкны зээлийн санхүүжилт давамгайлсан хэвээр байгаа энэ үед компаниуд зээлийн шалгуур гэх мэт санхүүжилтийн бүтээгдэхүүний нөхцөлийг эхэлж хараад бизнесээ томруулах боломжоо тодорхойлдог нь алдаа болдог. Угтаа бизнес, төслийн боломжоо эхлээд тодорхойлж, дараа нь түүндээ тохирох санхүүжилтийн бүтээгдэхүүнийг хайх ёстой.

Мөн санхүүжилтийн бүтээгдэхүүн болон тухайн санхүүжилтээр шийдвэрлэж буй төсөл, бизнесийн өгөөжөө өгөх хугацааг зөв тодорхойлох хэрэгтэй. Зарим компаниуд үйлдвэрлэл гэх мэт урт хугацаанд өгөөжөө өгөх төслүүдээ богино хугацаатай бүтээгдэхүүнээр санхүүжүүлэх тохиолдол цөөнгүй.

Бонд уу, IPO юу: Хувьцааны бүтээгдэхүүн бус бондын зах зээлд эхлээд хөл тавих хэрэгтэй. Дотоодын хөрөнгө оруулагчид хадгаламж гэх мэт тогтмол өгөөжтэй хэрэгслүүдэд хөрөнгө оруулаад сурчихсан учраас ханшийн огцом уналт зэрэг хөдөлгөөнүүдэд бэлэн биш байгаа нь ажиглагддаг.

Товчхондоо компаниуд IPO хийхээр төлөвлөж байгаа бол өмнө нь заавал бонд гаргаж, хөрөнгө оруулагчдын өнцгөөс тухайн компанийг хэрхэн харж, үнэлж байгааг “тестлэх” нь зүйтэй. Үүсгэн байгуулагчид, анхны хөрөнгө оруулагчдын хувьд компаниа хэт өндрөөр үнэлэх хандлага их ажиглагддаг.

“Амьдралын мөчлөг”-өө тодорхойлох нь: Монголд одоогоор стартапууд ч бай, 5-10 жил үйл ажиллагаа явуулсан бизнес ч бай санхүүжилтийн бүтээгдэхүүн авахын тулд бүгд ганц л институт буюу банкийг зорьдог. Зөв арга зам гэвэл эн тэргүүнд компани нь ямар үе шатанд, “амьдралын мөчлөг”-т явж байгааг тодорхойлоод шийдвэрээ гаргах хэрэгтэйг М.Мөнхтуяа зөвлөж байлаа.

Олон улсын практикаас харвал сөрөг мөнгөн урсгалтай, эрсдэл өндөртэй учраас стартапуудыг банкны бүтээгдэхүүнээр санхүүжүүлэх боломжгүй гэж хэлж болно. Хэрэв бизнес нь стартапын түвшинд яваа бол банк, хөрөнгийн зах бус хаалттай хувьцааны санхүүжилтийг эхлээд сонирхох хэрэгтэй аж.

Ханшийн эрсдэл: Монгол шиг тогтворгүй нөхцөл байдалтай эдийн засагт ам.долларын бүтээгдэхүүнээр санхүүжилт босгох нь маш эрсдэлтэй алхам. Бага хүүтэй учраас доллароор санхүүжүүлэхийг илүүд үзэх тохиолдол ажиглагддаг. Санхүүжилтийн бүтээгдэхүүний хугацааны туршид валютын ханш хэрхэн хөдлөх вэ гэдгийг маш сайн тооцоолох хэрэгтэй. Ханшид нөлөөлдөг хамгийн чухал зүйл бол хүлээлт байдаг. Ерөнхийдөө орлого нь төгрөгөөр орж ирдэг бол төгрөгт суурилсан санхүүжилтийн бүтээгдэхүүн ашиглах нь зүйтэй.

Гол саад нь эрчим хүч

Хүнд үйлдвэрийн төслүүдийг хөрөнгө оруулагчид сонирхож буй ч эрчим хүчний асуудал дарамт болдог талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хөндлөө.

“Зэс хайлуулах үйлдвэр, гангийн үйлдвэрийн төслийг хөрөнгө оруулагчид их сонирхож байна. Ялангуяа БНХАУ, Канад, Польшийн компаниуд сонирхлоо илэрхийлсэн. Гэхдээ тэдгээр компаниудад эрчим хүчний асуудал дарамт болж байна. Үйлдвэр барьж болно, эрчим хүчний асуудлаа өөрсдөө шийдэх ёстой гэсэн нөхцөлийг бид тавьж байгаа. Энэ нь хөрөнгө оруулагчдад нэлээд хүнд нөхцөл гэсэн үг” хэмээн тэрбээр онцолж байлаа.

Үүнээс гадна "Зөөвч-Овоо" ураны төслийн яриа хэлэлцээ, нүүрсний экспортын зорилт, боловсруулах үйлдвэр, хөрөнгө оруулалтын орчин зэрэг уул уурхайн салбарын ойрын болон дунд хугацааны хүлээлт, сорилтуудын талаар түүний байр сууриа илэрхийлсэн “Ярилцах цаг” нэвтрүүлгийг шинэ дугаарыг ЭНД дарж үзээрэй.

Ипотек өнгөрсөн онд

2023 оны эцсийн байдлаар ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 7.64 их наяд төгрөг болж, өмнөх оноос 17.8 хувиар өссөнийг Монголбанк мэдээллээ. Оны эцсийн дүнгээр хөтөлбөрт хамрагдсан зээлдэгчдийн зээлийн нийт үлдэгдэл 5.19 их наяд төгрөг байгаагаас дөрвөн их наяд нь МИК ОССК-д шилжсэн зээл аж.

Тус хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойших 10 жилийн хугацаанд нийт 115 мянган иргэн зээлд хамрагдсанаас 35 хувь нь гэр хорооллоос орон сууцанд шилжиж оржээ. Харин 2024 оноос ипотекийн зээлийн эх үүсвэрээс орон нутаг руу түлхүү хуваарилна гэж Сангийн сайд мэдээлж байв.

Төслүүдийн ахиц

📍 Баянхонгор аймгийн нутаг дахь “Баян Хөндий” алтны төслийн бүтээн байгуулалт 12 хувийн гүйцэтгэлтэй байгааг төслийн эзэмшигч Erdene Resource Development мэдэгдлээ. Одоогоор суурь нь тавигдаад буй боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2024 оны эцэст дуусгаж, 2025 оны I улиралд ашиглалтад оруулан, II улиралд анхны бүтээгдэхүүнийг гаргахаар төлөвлөсөн аж.

📍 Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй TMK Energy компани метан хийн “Гурвантэс XXXV” төслийн үлдсэн 33 хувийг Talon Energy компаниас авснаар төслийг 100 хувь эзэмшиж эхэлснээ зарлалаа. Мөн туршилтын үйлдвэрлэлийн цооногийн хийн гарц 2023 оны XII өмнөх сараасаа 50 хувиар, X сартай харьцуулахад бараг 3.5 дахин өссөнийг онцолжээ.

Хөрөнгийн захад

  • Оны эхний сард ТОП-20 индекс 2.37 хувиар өсөж, 40 мянган нэгжээс буулгүй тогтвортой хадгалагдлаа. Сарын сүүлийн арилжааны өдөр Материалимпекс ХК 13 гаруй хувиар, IPO хийгээд удаагүй байгаа QPAY мөн 13 хувь давж өссөн үзүүлэлтээр тэргүүлсэн байна.

  • 12 дугаар сарын давтан үнэлгээгээр нийт 56 ХК-ийн засаглалын кодексийн хэрэгжилтийн үнэлгээ дунджаар 15.2 хувиар өссөн байна. МХБ-ийн I ангилалд бүртгэлтэй компаниудын үзүүлэлт 23.8 хувиар өссөн нь бусад ангилалтай харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Энэтхэгийн анхны AI юникорн

Сериал энтрепренер Бхавиш Аггарвалын үүсгэн байгуулсан хиймэл оюуны стартап Krutrim өөрийн их хэлний моделийг танилцуулснаас ердөө нэг сарын дараа "юникорн" ангиллын буюу 1 тэрбум ам.доллароос дээш үнэлгээтэй стартапуудын эгнээнд нэгджээ.

Нэр нь санскрит хэлнээс "хиймэл" хэмээн орчуулагдах тус компани тэрбум долларын үнэлгээнд хүрсэн Энэтхэгийн анхны хиймэл оюуны стартап болж буйгаараа онцлог. Krutrim хэлний моделиос гадна дата төвүүд хөгжүүлдэг бөгөөд ирээдүйд хиймэл оюуны экосистемд зориулсан сервер, супер компьютерүүд бүтээх зорилго тавьжээ.

Бхавиш Аггарвал нь мөн Энэтхэгт цахилгаан скутерийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг, энэ онд IPO хийхээр өндөр хүлээлт үүсгээд байгаа Ola компанийн үүсгэн байгуулагч юм.

Хүүхэд өсгөх зардал

Инфляцаас үүдэн хүүхэд өсгөх зардал дэлхий даяар урьд байгаагүй өндөр түвшинд хүрчээ. Тухайлбал 2023 онд нэг өдөр хүүхэд асрах дундаж зардал өмнөх оныхоос 6 хувиар өссөнийг ECA International мэдээлсэн байна. Ялангуяа хүүхдээ асрах үүрэг хариуцлагын дийлэнхийг үүрдгийнхээ хувьд эмэгтэйчүүдэд илүү их ачаалал оногдож байна.

“Эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлээгүйгээс үүдсэн гарз хохирлыг нийгэм нийтээрээ төлж байна. Хэрэв эрчүүдтэй тэнцүү тооны эмэгтэйчүүд хөдөлмөр эрхэлсэн бол дэлхийн ДНБ одоогийнхоос 10 хувиар өндөр байх байсан” гэж Bloomberg Economic-ийн шинжээч Адриана Дупита онцолжээ

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • "Цагаан алт" ба цаг уурын өөрчлөлт: Ингэний сүүн бүтээгдэхүүний зах зээлийг ойроос харахуй

  • Хагас дамжуулагчийн эрэлт тааруу байгаагаас “Samsung”-ийн цэвэр ашиг 74 хувиар буурав

Онцлох чарт

Дэлхийн далай дахь нийт хуванцар хаягдлын 81 гаруй хувь нь Ази тивээс үүдэлтэй аж. Харин гуравны нэгээс илүү хувь нь зөвхөн Филиппин улсаас гарч байна.

Харин АНУ-аас гарсан хаягдал 0.25 хувийг бүрдүүлж байгаа нь Төв Америкийн Панам, Доминикан улсуудынхаас ч бага үзүүлэлт аж.

Эцэст нь товчхон

МОНЦАМЭ: Дэлхийн шилдэг компаниудын монгол мэргэжилтнүүд технологийн зөвлөл байгуулжээ

ЗГ: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөн УИХ-д өргөн барихаар шийдвэрлэв.

ЕТГ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр хоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Өнөөдрийн онцлох зураг

Тээврийн хэрэгслийн татвар нэмэгдсэнийг эсэргүүцсэн жагсаалд оролцож буй таксины жолооч - Бордо, Франц

Philippe Lopez/AFP/Getty