2024/01/31

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. ОХУ Курилын арал дээр шинэ зэвсгүүд байршуулна гэж Д.Медведев мэдэгдлээ.

  2. Монгол улс арга хэмжээ авахгүй бол 2035 он гэхэд гадаад руу шилжих хөдөлгөөн 68.9 хувиар өсөх тооцоолол хийгджээ.

  3. "Цагаан алт" ба уур амьсгалын өөрчлөлт: Ингэний сүүн бүтээгдэхүүний зах зээлийг энэ дугаарт онцоллоо.

“Цагаан алт”-ны боломж

Ингэний сүү нь бусад малын сүүг бодвол сахар, холестерины түвшин бага хэрнээ эрүүл мэндэд ашиг тустай амин дэмийн өндөр агууламжтай, хүүхдийн угжны сүүнд ч шууд хэрэглэх боломжтойгоороо онцлог. Дэлхий даяар дэлгүүрүүдийн органик хүнсний лангуунд үзэгдэх нь улам олширч, ойрын хэдэн жилд үнэ цэн нь үлэмж өсөх магадлалтай байгаа ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд Монголын боломж хэр байна вэ?

Дотоодын үйлдвэрлэгчид нэмэгдэж байна

2023 оны байдлаар 473 мянга гаруй толгой тэмээ тоолуулсан Монгол Улс жилд 12 мянган тонн ингэний сүүг дотоодын нөөцөөс гарган авч байна. Ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний идэвхтэй үйлдвэрлэл явуулж буй дотоодын ААН-үүдээс “Милко” ХХК-ийг онцолж болно. 2021 оноос үйлдвэрлэж эхэлсэн “Mongolian Camel” ингэний хоормогны ундаа нь гурван аймгийн 7 сумын 2,500 малчдыг байнгын тогтвортой орлоготой болгож байгааг тус компани мэдээлж байв.

Мөн ингэний сүүг хатааж бэлтгэх технологи нэвтрүүлсэн “Ингэн эрдэнэ” ОНӨААТҮГ нь дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ худалдаалахаас гадна эхний ээлжид БНХАУ-д экспортлохоор төлөвлөж байна. Цаашлаад Европын зарим улс, Арабын Нэгдсэн Эмират улсын зах зээлд ингэний хатаасан сүүн бүтээгдэхүүнээ гаргах судалгаа хийж эхэлжээ.

Ингэний сүүг уламжлалт аргаар боловсруулж, ханасан тосыг нь багасгаж бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ онцлогтой “Ингэн тагш” ХХК мөн энэ зах зээлд гол тоглогчдын нэг аж. Тус компани өдөрт нэг тонн ингэний сүү боловсруулах хүчин чадалтай боловч түүхий эдээс хамааран үйлдвэрлэл зогсонги байдалд орж буйн улмаас 7-10 хоногт нэг тонн бүтээгдэхүүн гаргах болсныг компанийн Гүйцэтгэх захирал Х.Бат-Ирээдүй мэдээлсэн юм.

Ерөнхийдөө салбарын компаниудад бүтээгдэхүүнээ зах зээлд тогтмол гаргахад хүндрэл учруулдаг шалтгаан нь ингэний сүүний нийлүүлэлтийн тасалдал болжээ. Үүнд нөлөөлдөг гол хүчин зүйл нь уур амьсгалын өөрчлөлт аж.

Байгалийн сорилтыг давахын тулд

НҮБ-ын сүүлийн тайланд дурдсанаар Монгол Улсын нутаг дэвсгэрийн дөрөвний гурваас илүү хувь нь тодорхой хэмжээгээр цөлжилтөд өртөж, тал хувь нь эрчимтэй цөлжиж байгаа гэсэн ангилалд аль хэдийн оржээ. Мөн нийт газар нутгийн 71.8 хувийг эзэлдэг бэлчээрийн талбайн 65 хувь нь өдгөө тодорхой хэмжээгээр доройтсон байгаа юм.

Дотоодын зах зээлд өдөрт хоёр тонн ингэний хоормог борлуулах боломжтой ч малчид сэрүүний улиралд сааль авахгүй байгаа нь үүнд саад болдог талаар “Солид Партнерс Групп” ХХК мэдээлж байв. Иймд малчдын хөдөлмөр эрхлэлтийг тогтмолжуулах, бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг жигд болгоход анхаарах шаардлагатайг онцолсон юм.

Олон улс дахь потенциал

Дэлхийн хэмжээнд тэмээний сүү, сүүн бүтээгдэхүүний нийт борлуулалт өдгөө 1.34 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй бөгөөд 2032 он хүртэл жилд дунджаар 4.1 хувиар өсөх төлөвтэйг Straits Research тооцоолжээ. Дээр дурдсан амин дэмийн агууламжаас гадна ингэний сүү нь харшил үүсгэгч бета-лактоглобулин агуулдаггүй тул лактоз шингээх чадваргүйн улмаас малын сүү, сүүн бүтээгдэхүүн бага хэрэглэдэг олон сая хүнд төгс сонголт болох боломжтойг мэргэжилтнүүд тодотгодог.

Харин энэ зах зээлд тулгарч буй гол сорилт гэвэл хөдөлмөр их шаарддаг, зардал өндөртэй үйлдвэрлэл аж. Сүүний чиглэлийн үнээ өдөрт 50 литр хүртэлх сүү өгөх боломжтой байхад ингэний сүүний гарц 7 литрээс хэтэрдэггүй, тиймдээ ч өдгөө зах зээлд ингэний сүү үнээний сүүнээс 7-8 дахин өндөр үнэтэй байгааг Food Dive онцолжээ.

Хичээсэн ч ахисангүй

Засгийн газраас өнгөрсөн хугацаанд авлигатай тэмцэх хүрээнд "5Ш" ажиллагаа тэргүүтэй олон арга хэмжээ хэрэгжүүлсэн ч "Transparency International" байгууллагаас гаргадаг "Авлигын төсөөллийн индекс"-т Монгол Улс байраа ахиулж чадсангүй.

Тухайлбал: 2023 оны индексэд Монгол Улс 33 оноо авч, 180 улсаас 121 дүгээрт эрэмбэлэгдсэн байна.

Судалгаанд авлигын эх үүсвэр нь төрийн алба болон Төрийн өмчит компаниудын шударга бус томилгооноос үүдэлтэй гэж үзжээ. Мөн Төрийн өмчит ААН, байгууллагуудын компанийн засаглал хангалтгүй, олон нийтийн хяналт, ил тод байдлыг хангах эрх зүйн орчинг бий болгоогүй нь авлигын индекст сөргөөр нөлөөлсөн байна.

Хармагтайн ахиц

Xanadu Mines компани Монгол дахь “Хармагтай” төслийнхөө зэс, алтны өндөр эрдэсжилттэй бүсээ өргөтгөхөөр хайгуулын өрөмдлөг үргэлжлүүлж байгаагаа мэдэгдлээ. Тус компани 2024 оны IV улирлаас олборлолт хийж эхлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ хүрээнд төслийн хамтарсан компанид 35 сая ам.долларын санхүүжилт хийсэн байна.

Оюунлагууд зугтсаар…

Монголчуудын гадаадад ажиллах өндөр сонирхол цаашид буурах төлөв ажиглагдахгүй байгааг ХНХЯ-ны судалгаанд дурджээ. Энэ асуудалд арга хэмжээ авахгүй бол 2035 онд гадаад руу шилжих хөдөлгөөн 206.6 мянгад хүрч, 2020 онтой харьцуулбал 68.9 хувиар өснө гэж тооцоолсон байна.

“Human Flight - Brain Drain” индексээр Монгол Улс 2023 онд 10 онооноос 4.3 оноо авч, 2017 оноос хойш энэ үзүүлэлт нь тасралтгүй муудаж буй орнуудын тоонд багтаад байгаа юм.

Хүний тархинд чип суулгав

Neuralink хүний тархинд чип бүхий имплант суулгах анхны мэс ажилбараа гүйцэтгэснийг тус стартапын үүсгэн байгуулагч Илон Маск мэдээллээ. Тухайн өвчтөн "хурдан тэнхэрч байгаа" бөгөөд эхний үр дүнгүүд сайн гарах төлөвтэйг тэрбээр X платформ дээр бичсэн байна.

Хүмүүст техник төхөөрөмжийг оюун санаагаараа удирдах боломжийг олгох уг технологийн анхны эмнэл зүйн туршилтад нугасны гэмтлийн улмаас саажилттай болсон, эсвэл Амиотроп хажуугийн склерозтой (ALS) өвчтөнүүдийг хамруулах болохоо Neuralink өнгөрсөн онд мэдээлж байв.

Шинэ албан тушаал

Компаниуд хиймэл оюун хариуцсан удирдах албан тушаалтантай болохоор яаравчилж, Accenture, GE HealthCare тэргүүтэй компаниуд энэ өөрчлөлтөд түүчээлж эхэлжээ. Гэхдээ зарим компаниуд шинэ захирал томилох бус, харин өмнө нь метаверс хариуцаж байсан мэргэжилтнүүдээ хиймэл оюуны эксперт болгож байгаа аж.

Хиймэл оюун хариуцсан захирлын цалингийн багц 1 сая ам.доллароос хангалттай давж байгааг “Heidrick & Struggles” зөвлөх фирмийн судалгаа харуулсан байна.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • “BYD”-ийн цэвэр ашиг 75 хувиар өссөн ч шинжээчдийн таамагт хүрсэнгүй

  • Bye Mongolia: Монголд “идээшээгүй” хөрөнгө оруулагчид ба сургамж

Онцлох чарт

Одоогоор Ойрх Дорнодод АНУ-ын нийт 47 мянган цэрэг албан үүрэг гүйцэтгэж байгааг АНУ-ын Засгийн газар, Олон улсын стратегийн судалгааны хүрээлэн тооцоолжээ. Дийлэнх нь Арабын нэгдсэн Эмират, Кувейт, Катар улсуудад байрлаж байгаа аж.

Олон улсын туслалцаа дэмжлэггүй бол Израил-Хамасын дайны уршгаар Газын зурваст хоёр сая хүн амиа алдаж болзошгүйг Туркийн гадаад хэргийн сайд Хакан Фидан анхааруулж байлаа.

Эцэст нь товчхон

“Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын барилга угсралтын ажлыг энэ оны дөрөвдүгээр сард эхлүүлэхээр болжээ. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замтай холбох 22 км төмөр зам энэ онд ашиглалтад орохоор байгааг ЗТХЯ мэдээлэв.

Өнөөдрийн онцлох зураг

Карнивалд оролцогчид Венец хотын Их сувгаар өөрсдийн чимэглэсэн завьтай зорчиж буй нь

Gabriel Bouys/AFP/Getty