- Business newsletter
- Posts
- 2024/01/30
2024/01/30
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Сүүлийн 10 жилийн хугацаанд Монголоос гарсан гадаадын компаниудын талаар энэ дугаарт онцоллоо.
Говь ХК (GOV) 2023 оны санхүүгийн үр дүнг харгалзан ногдол ашиг тараахгүй байхаар шийдвэрлэжээ.
Tesla-ийн хувьцааны ханш энэ сард 26 хувиар унаж, зах зээлийн үнэлгээнээс нь $205 тэрбум арчигдаад байна.
Биднийг амрах хойгуур
АНУ-ын биржүүдэд хувьцаанууд дахин огцом өсөж, S&P 500 индекс 4,900 нэгжийг давж хаагджээ.
Долларын ханш тогтвортой байж, газрын тосны үнэ буурав. Алтны үнэ өсөв.
Илон Маск: Neuralink анхны өвчтөндөө тархины суулгац суулгасан, бие нь тэнхэрч байгаа.
Монголыг орхигсод
Монгол Улсад 1990 оноос хойш 15 мянга гаруй гадаадын хөрөнгө оруулалттай компани, ААН бүртгүүлснээс өдгөө 5,400 гаруй нь татан буугдсаныг маргаан дагуулсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ЭЗХЯ мэдээлж байв. Тогтворгүй бодлого, гэрээгээ биелүүлдэггүй байдал, маргаан гомдол шийдвэрлэх эрх зүйн орчны дутагдалтай талууд нь гадаад валютын орох урсгал татрахад нөлөөлсөн хүчин зүйлсийн дөнгөж эхний хэсэг нь.
Хөрөнгийн урсгалын гол үзүүлэлт болох Монгол Улсын хөрөнгийн ба санхүүгийн данс 2009-2023 оны хооронд дунджаар 171.47 сая ам.долларын алдагдалтай явж ирснийг Монголбанкны тоо мэдээллээс харж болно.
Тэгвэл энэхүү хөрөнгө оруулалтад ээлгүй байдлыг илтгэж, сүүлийн жилүүдэд Монголд идээшиж чадалгүй гарсан, мөн гарахаар төлөвлөж буй гадаадын томоохон компаниудаас танилцуулъя.
Mongolia Growth Group
Үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ эрхэлдэг Mongolian Growth Group өнгөрсөн XI сард Монгол дахь бизнесээ зогсоож байгаагаа мэдэгдсэн юм. Эдийн засаг сэргэлгүй хэт удсанаар өнгөрсөн жилүүдэд алдагдалтай ажилласан нь уг шийдвэрт нөлөөлснийг тус компани онцолсон байна. 2023 оны III улиралд MGG Монголд байршилтай сүүлийн үл хөдлөх хөрөнгүүдээ зарж дуусгасан бөгөөд он дуусахаас өмнө Монгол дахь үйл ажиллагаагаа бүрэн эцэслэж гарахаар байгаагаа мэдээлж байлаа.
Kincora Copper
2.7 тэрбум төгрөгийн татварын асуудлаар Монгол Улсын Дээд шүүхэд хандаж, сунжирсан хуулийн маргаантай нүүр тулаад байсан Kincora Copper Монгол дахь хөрөнгүүдээ худалдахаар төлөвлөснөө өнгөрсөн оны дундуур мэдээлжээ. Тодруулбал Kincora-ийн Монгол дахь 100 хувь эзэмшдэг хөрөнгө, хайгуулын лицензийн багцад хөндлөнгийн стратегийн үнэлгээг эхлүүлэхээр компанийн ТУЗ шийдвэрлэснийг албан ёсны мэдэгдэлдээ дурдсан байна.
Хууль буцаан үйлчилсэн шинжтэй татварын үндэслэгүй ногдуулалт, мөн Татварын Ерөнхий газрын аргачлал, маргаан шийдвэрлэх процесс нь Монгол Улсад цаашид хийгдэх их хэмжээний хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байна хэмээн Kincora-ийн Гүйцэтгэх захирал Сэм Спринг тухайн үед онцолж байлаа.
Parabellum Resources
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй Parabellum Resources компани Монголын газрын ховор элементийн “Хотгор” төсөлд хамааралгүй болсноо өнгөрсөн сард мэдэгдсэн. 30 хувийг нь эзэмшдэг, гол түнш Temarise нь “Хотгор” төслийн 80 хувийг авах 15 сая ам.долларын хөрөнгийг хугацаанд нь босгож чадаагүйгээс Parabellum Монгол дахь төлөвлөгөөнөөсөө буцжээ.
Sumitomo ба MUFG
Монголд арваад жил төлөөлөгчийн газраа ажиллуулсан Японы Sumitomo Mitsui, MUFG банкнууд сүүлийн жилүүдэд хоёул нутаг буцах шийдвэр гаргасан билээ. Монголбанкнаас өнгөрсөн хугацаанд гадаадын Standard Chartered, ING, Bank of China, ICBC, MUFG, SMBC гэсэн зургаан банкны төлөөлөгчийн газарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон ч өдгөө эдгээрээс Хятадын хоёр банк л тунаж үлджээ.
Гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлэх асуудал удаан хугацаанд яригдсаны эцэст Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлд тусгагдаад буй.
Бүр урагшилбал…
Дээр дурдсан компаниуд, банкнуудаас гадна сүүлийн 10 жилийн хугацаанд Монголыг орхисон дараах компаниудыг онцолж болохоор байна.
Centerra Gold: Канадын уул уурхайн аваргын хувьд 2018 онд “Boroo Gold”, “Gatsuurt Gold” төслүүдийнхээ бизнес нэгжийг худалдаж, Монголоос гарч байв.
Anglo American: 2012 оны Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулга батлагдсаны дараа Монголоос гарсан олборлогчдын хамгийн том нь Anglo American байв. Компани 2012 онд Монголд төлөөлөгчийн газраа нээсэн боловч уул уурхайн чиглэлээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байсаар 2015 онд гарчээ.
Үүнээс гадна MinterEllison, Hogan Lovell тэргүүтэй гадаадын хуулийн фирмүүдийн дийлэнх нь өнгөрсөн арван жилийн хугацаанд Монголыг орхижээ.
Дахин нэг жил
ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх “Сибирийн хүч-2” төслийг энэ онд эхлүүлэхээр төлөвлөж байсан ч хойшлогдож магадгүй болсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Financial Times-т өгсөн ярилцлагадаа дурджээ.
ОХУ-ын Ямалын хойгоос Монголоор дайран БНХАУ хүрэх тус хоолойн жилийн дамжуулах хүчин чадал 50 тэрбум метр куб байхаар төлөвлөгдсөн тул хойд хөршийн хувьд байгалийн хийн экспортын хамгийн том зах зээл нь байсан Европын орон зайг нөхөх амин чухал төсөл болох юм.
ERD MMC-д шилжлээ
Mongolian Mining Corporation болон Erdene Resource Development компаниудын 40 сая ам.долларын стратегийн түншлэлийн гэрээ бүрэн хэрэгжлээ. Ингэснээр Торонто болон Монголын Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй Erdene Resource Development компани MMC-ийн охин компани болж, хувьцааных нь 50 хувийг толгой компани нь эзэмшихээр болж буйг тайландаа дурджээ.
ERD нь Монгол Улсын баруун өмнөд хэсгийн Хөндий алтны дүүрэг дэх “Алтан нар”, “Баян хөндий”, “Хар морь” ордуудын ашиглалтын лицензээс гадна хайгуулын гурван лиценз эзэмшдэг.
Сингапур ба татвар
Сингапурт жирийн Toyota автомашин худалдаж авах нь ихэнх орнуудад Aston Martin худалдаж авахтай дүйцэхүйц өндөр зардалтай болжээ.
Бүртгэгдсэн шинэ автомашины өсөлтийг хязгаарлах ЗГ-ынх нь бодлого хурдацтай тэлж буй чинээлэг давхаргын эрэлттэй хавсарснаар тус хот улсад автомашин эзэмших зардал бүх цаг үеийн хамгийн өндөр түвшиндээ дөхөөд байна.
Өдгөө Сингапурт дундаж цалин авдаг нэг ажилтан Toyota-ийн суудлын автомашин худалдаж авахын тулд гурван жилийн цалингаа бүтнээр нь зориулахаар байна. Автомашины үнэд багтдаг зардлуудаас хамгийн их жин дардаг нь Эрхийн гэрчилгээ буюу Сингапурт 10 жилийн турш автомашин эзэмшиж, ашиглах зөвшөөрөл аж.
Эрхийн гэрчилгээ авах үнийг хоёр долоо хоног бүр дуудлага худалдаагаар тогтоодог бөгөөд сүүлийн гурван жилд үнэ нь бараг дөрөв нугарч, өнгөрсөн аравдугаар сард 1.6 литрээс дээш хөдөлгүүрийн багтаамжтай автомашинд 150 мянган сингапур доллар хүрчээ.
Tesla урам хугалсаар
Tesla-ийн хөрөнгө оруулагчдын хувьд уналтын мөчлөг ийм удаан үргэлжлэхийг үзэж байсангүй. Илон Маскийн компанийн хувьцааны ханш энэ сард 26 хувиар унаж, зах зээлийн үнэлгээнээс нь 205 тэрбум ам.доллар арчигдаад байна. Мөн хувьцаа нь зургаан долоо хоног дараалан уналттай хаагдсан нь 2016 оноос хойш байгаагүй урт мөчлөг аж. Гэхдээ тэр үед Tesla компани Model 3-аа ч гаргаагүй байсныг дурдах хэрэгтэй.
“Уналт нь ёроол цэгтээ хүрэх төлөв ойрын хугацаанд харагдахгүй байна. Tesla өөрөө төсөөллөө бууруулж байхад хөрөнгө оруулагчид нь яагаад өөдрөг байх ёстой гэж?” хэмээн 50 Park Investments-ийн Гүйцэтгэх захирал Адам Сархан онцолжээ.
Bloombergtv.mn танд санал болгож байна
BI: Ирэх 10 жилд хиймэл оюун технологийн зарцуулалтын 10-12 хувийг эзлэх төлөвтэй
“TSMC” компани хагас дамжуулагчийн 2 дахь үйлдвэртээ $13.5 тэрбумыг зарцуулна
Хятадын брэндүүд "хаалга тогшив" - Дэлхийн зах зээл дэх өрсөлдөөн Монголд ч мэдрэгдэж байна
Онцлох чарт
80 тэрбум ам.доллароор хэмжигдэх төсөөлөлтэй тураах эмийн зах зээлд Eli Lilly компани анхдагч нь байх боломжтой байв. Тэгвэл өдгөө тэд алдсан цагаа нөхөхөөр эрчимтэй хөдөлж байна. Тураах үйлчилгээтэй GLP-1 төрлийн эмийн шинэ хувилбар болох Zepbound нь одоогоор Novo Nordisk компанийн гаргасан Ozempic ноёлж буй зах зээлийн багагүй хувийг “булаах” төлөвтэй аж.
Таргалалт газар авч, аюулгүйгээр жин хасах шийдлүүд эрэлттэй болж буй энэ үед эм үйлдвэрлэлийн хоёр аварга компанийн үнэлгээ зуузай холбон огцом өсөж байна. Мөн асар их мөнгө тэднийг хүлээж байна.
Эцэст нь товчхон
Сангийн яам: 2023 онд нийт 1,283 төслийг 4.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, гүйцэтгэл нь 92 хувьд хүрчээ. Харин энэ онд 430 төсөл, үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 1,300 нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, 130-ыг нь гадаадын зээл тусламжаар хийх аж.
ЗТХЯ: Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв энэ оны эхний улиралд ашиглалтад орохоор байна. Төслийн хүрээнд 6 багц ажлын гүйцэтгэл 2023 онд 85 хувьтай байсан юм.