- Business newsletter
- Posts
- 2024/01/29
2024/01/29
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Citibank-ийн эдийн засагч: 2024 онд Монгол Улсын гол сорилт сонгууль хэвээр байна.
Тавантолгой ХК-ийн хувьцааны ханш 2023 онд 119.74 хувиар өсөж, ТОП-20 индексийн компаниудыг тэргүүлжээ.
Дэлхийн төдийгүй Монголын зах зээлд барууны компаниудын араас нэхэж буй Хятадын брэндүүдийг энэ дугаарт онцлов.
Шуурхай
Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлийнхэн Йорданд дрон ашиглан халдлага үйлдсэний дараа газрын тосны үнэ өслөө. Сирийн хилийн ойролцоо болсон уг халдлагын улмаас АНУ-ын 3 цэрэг амь үрэгдэж, 25 цэрэг шархаджээ. Ийнхүү тус бүс нутагт нөхцөл байдал улам хурцдаад байна.
Хятад брэндүүдийн эрин
Урд хөршийн энтрепренерууд гадаад зах зээлийг онилох нь урьд урьдынхаас илүү нэмэгджээ. Ужгирсан инфляцаас залхсан гадаад хэрэглэгчдээр шинэ баазаа бүрдүүлэх, мөн орон зай багатай, асар их өрсөлдөөнтэй дотоодынхоо зах зээлээс зайлсхийх нь тэдний зорилго болохыг Bloomberg-ийн нийтлэлч, Шули Рен (CFA ) онцолж байна.
Хятад брэндүүд борлуулалтаараа цахиур хагалаад зогсохгүй ялангуяа залуу үеийнхний дунд нэр хүндээрээ барууны томоохон брэндүүдийн араас нэхэж байна. Үүний жишээ Монголд ч харагдах болжээ.
BYD
Хятад улс хэдхэн жилийн дотор суудлын автомашины экспортоор АНУ, БНСУ, Германыг ардаа орхиж, өдгөө дэлхийд тэргүүлэх байр суурийн төлөө Японтой өрсөлдөх болов. Арваад жилийн өмнө үүнийг таамаглаж хэлсэн бол итгэх хүн ховорхон байх байлаа.
Шинэ технологи, боломжийн үнийг хослуулсан цахилгаан автомашин хөгжүүлэхэд БНХАУ хол тэргүүлж буй нь тус улсын BYD, Chery, SAIC тэргүүтэй үйлдвэрлэгчдийн амжилтаас харагдаж байна. Түүнчлэн Украин дахь эзлэн түрэмгийллээс нь болж ОХУ-ын зах зээлийг орхиод буй барууны автомашин үйлдвэрлэгчдийн орон зайг эзэлсэн нь Хятад брэндүүдийн огцом өсөлтийн бас нэг шалтгаан юм.
Япон автомашин давамгайлсан Монголын зах зээлд ч урд хөршийн брэндүүд хүч түрэн орж ирж байна. ГЕГ-ын мэдээллээс харвал өнгөрсөн оны эхний 10 сарын байдлаар манай улс 400 орчим цахилгаан автомашин импортолсноос 306 нь зөвхөн БНХАУ-аас орж ирсэн бөгөөд тэр дундаа BYD компанийн 121 автомашин орж ирсэн нь бусад брэндүүдээс хол давсан үзүүлэлт болохыг Монголын Автомашины Дистрибьюторуудын Ассоциаци ТББ мэдээлж байлаа.
Huawei
Ухаалаг утасны зах зээлд сүүлийн хэдэн жилийн турш чимээгүй байсан Huawei өнгөрсөн онд технологийн дэвшлээр ч, борлуулалтаараа ч томоохон үсрэлт хийгээд байна. Наймдугаар сард тус компани Хятадад бүтээгдсэн 7 нанометрийн дэвшилтэт чип бүхий ухаалаг утсаа танилцуулсан нь тус улсад технологийн экспортын хориг тавиад байгаа АНУ-ын эрх баригчдыг шоконд оруулж байв. Энэ нь Хятад улсын дэвшилтэт технологи үйлдвэрлэх чадамж урьд байгаагүй түвшинд сайжирч, бие даасан чипийн үйлдвэрлэлтэй болоход ойртсоныг харуулсан хэрэг байлаа.
“Huawei Technologies” компани Улаанбаатарт албан ёсны салбар дэлгүүрээ өнгөрсөн онд нээсэн бөгөөд дотоодын зах зээлд 2024 онд борлуулалт нь 2-3 дахин өсөх орон зай байна гэж харж байгаагаа Монголыг хариуцсан менежер нь мэдээлж байв.
Miniso
Тренд дагасан, хямдхан гэр ахуйн бараа худалдаалдаг Miniso-ийн Монгол дахь анхны дэлгүүр долоон жилийн өмнө нээгдэж байв. Тэгвэл Гуанжоуд төвтэй тус компани өдгөө гадаад улсуудад 2,000 гаруй дэлгүүртэй болж, өнгөрсөн тавдугаар сард Нью-Йоркийн Times Square-д дэлгүүрээ нээснээр АНУ-ын зах зээлд хөл тавиад байна.
Тус компани нийт орлогынхоо гуравны нэгийг гадаад зах зээлээс бүрдүүлдэг бөгөөд III улиралд борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 36.7 хувиар өсөж 342.1 сая ам.долларт хүрсэн амжилтаар 2023 оныг үдсэн юм.
Shein ба Temu
Fast-fashion зах зээлд ноёрхогчдын эгнээнд нүд ирмэхийн зуур багтаж чадсан Shein дэлхийн хамгийн өндөр дүнтэй IPO-нуудын нэгийг энэ онд АНУ-д хийж магадгүй байгаа. Тус компани 2022 оны байдлаар 100 тэрбум ам.доллароор үнэлэгдэж, тухайн үедээ дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй стартапуудын гуравдугаарт бичигдэж байв.
Өнгөрсөн онд хил дамнасан цахим худалдааны зах зээлд Хятадаас бас нэгэн “дисраптор” гэнэтхэн гарч ирсэн нь PDD Holdings-ийн охин компани Temu байлаа. Хямдралтай худалдааны тус платформ 2022 оны есдүгээр сард нээгдсэнээс хойш сарын идэвхтэй хэрэглэгчдийн тоо нь 120 сая давсан бөгөөд тэдгээрийн 43 хувийг нь Америкчууд бүрдүүлжээ.
Гол сорилт бол сонгууль
“2024 онд Монгол Улсад хамгийн гол сорилт сонгууль хэвээр байна. Сонгуулийн жилд урьдын адил зарцуулалт нэмэгдэж, 2024 онд төсвийн зарцуулалт 20 хувиар өснө гэсэн хүлээлттэй байна. Хэрэв Монголбанк оны эхний хагаст бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр бууруулбал магадгүй эргээд 50 суурь нэгжээр нэмэгдүүлэх шаардлагатай болно. Иймд эдийн засагч хүний нүдээр харахад бодлогын хүүг бууруулах шаардлагатай гэж харахгүй байна” хэмээн Citibank-ийн эдийн засагч Адриен Луи бидэнд өгсөн ярилцлагадаа онцолсон юм.
Хойд хөршийн төслүүд
ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх "Сибирийн хүч-2" дамжуулах хоолойн төслийн техник, эдийн засгийн шинжилгээг хийж дуусгаж, нөөцийг нь тогтоосон гэж ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак мэдээлснийг Energy Policy сэтгүүл нийтэлсэн байна.
Бүгд найрамдах Буриад улсын Baikal-Transit компани Наушки төмөр замын өртөөнд логистикийн терминал байгуулахад 1.8 тэрбум рубль буюу 20.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Ингэснээр Хиагт өртөөн дээрх ачаалал буурч, гаалийн нэвтрүүлэлт нэмэгдэх төдийгүй Орос, Монгол, Хятад гурван орны худалдааны эргэлт сайжирна гэж үзсэн байна.
Sponsored
Restore & Unlock
Монгол Улс 2019 онд ФАТФ-ын саарал жагсаалтад орсноор Монголын арилжааны банкнууд дэлхийн ам.долларын гадаад төлбөр тооцооны системээс хасагдсан. Харин энэ нөхцөл байдлыг Худалдаа, хөгжлийн банк эргэн өөрчилж АНУ-ын Bank of New York Mellon банктай хамтран ажиллаж эхлээд байгаа билээ.
Тэгвэл ХХБ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Trade Finance Forum буюу худалдааны санхүүжилтийн форумаа энэ жил “Restore & Unlock” сэдэвтэйгээр 2024.01.30-нд Shangri-La Ball Room-д зохион байгуулагдах гэж байна.
ХХБ нь 1991 онд банкны чөлөөт валютын эх үүсвэрийг гадаадын банканд байршуулан, экспорт, импортын баталгаа гаргах үйлчилгээ буюу худалдааны санхүүжилтийн үйлчилгээг Монгол Улсад анхлан нэвтрүүлж байв. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд ХХБ худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулан 13 их наяд төгрөгийн экспорт, импортын худалдааг корреспондент харилцаатай 300 гаруй гадаадын банкаар дамжуулан түргэн шуурхай, эрсдэлгүй гүйцэтгэжээ.
Онцлох хөдөлгөөн
ТОП-20 индексэд багтдаг ХК-иудаас 2023 онд Тавантолгой ХК-ийн хувьцааны ханш 119.74 хувиар өсөж, бусад бүх компаниудыг тэргүүлжээ. Тус компанийн зах зээлийн үнэлгээ 2023 оны сүүлийн арилжааны хаалтын байдлаар өмнөх оноосоо 510.8 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байв.
Мөн Могойн гол болон Монголын Алт ХК-иудын хувьцааны ханш тус бүр 73 хувиар өссөн нь өнгөрсөн онд уул уурхайн салбар хурдацтай сэргэсний тусгал болжээ.
Харин Голомт банк ХК болон тус сагсад багтаж байсан Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хувьцааны ханш тус бүр 28 гаруй хувиар унасан нь хамгийн огцом уналт болсон байна.
ЕСБХБ Төв Азид
Европын сэргээн босголт, хөгжлийн банк өнгөрсөн онд Төв Азийн орнуудад хэрэгжиж буй төслүүдэд нийт 1.2 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийснээс 60 гаруй хувь нь ногоон чиглэлд зарцуулагджээ. Тэр дундаа Узбекистан улс 700 сая еврогийн санхүүжилт авсан үзүүлэлтээр дөрөв дэх жилдээ тэргүүлсэн байна.
Харин Монгол Улсад 2023 онд тус банк 16 төслөөр дамжуулан 143 сая еврогийн санхүүжилт олгосныг бид өмнө нь мэдээлсэн билээ.
$1 тэрбумын Mercedes цамхаг
Хурдтай өсөж буй Дубайн үл хөдлөх хөрөнгийн зах зээл улам өнгө нэмсээр байна. Энэ удаад үнэ, тансаг байдлын хувьд босго улам өндөрсөх нь. Дэлхийн хамгийн өндөр барилга болох Бурж Халифаг харахад ямар ч халхлах зүйлгүй байршилд энэхүү $1 тэрбумын бүтээн байгуулалтыг хийж буй компани нь Binghatti Properties бөгөөд Mercedes-Benz-тэй энэ төрлийн төсөл дээр анх удаа гар нийлж байгаа юм байна.
Мөн шинэ цамхагт нэг айлын сууц 10 сая ам.доллар хүртэлх үнэтэй байх аж.
Алдартай брэнд нэрээр хаягласан бүтээн байгуулалтууд зөвхөн энэ төслөөр хязгаарлагдахгүй. Binghatti компани өнгөрсөн онд Bugatti-тай хамтарсан төслийнхөө шавыг тавьсан ба тус бүтээн байгуулалтад автомашины цахилгаан шат багтаж байгаа юм. Өөрөөр хэлбэл оршин суугч өөрийн пентхаусынхаа байрлах давхарт автомашинаа аваачих боломжтой.
Итгэл төгс тэргүүлэл
Хэрэглэгчдийн идэвхтэй зарцуулалтын ачаар АНУ дэлхийн хамгийн том эдийн засагтай орны байр сууриа баталгаажуулж, хоёрдугаарт бичигдэж буй БНХАУ-аас давамгайллаа улам ахиулжээ. Өнгөрсөн онд АНУ-ын нэрлэсэн ДНБ-ий өсөлт инфляцын нөлөөллийг хасаж тооцсон дүнгээр 6.3 хувьтай гарсан бол Хятадынх 4.6 хувь байна. Хэдий уг тэргүүлэл нь зарим талаараа Америкт үнийн өсөлт өндөр байгааг илтгэж буй ч том зургаар нь харвал АНУ-ын эдийн засаг БНХАУ-тай харьцуулахад цар тахлын үеэс илүү хурдацтай сэргэсэн гэж дүгнэж болох аж.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Япон улс дахь гадаадын ажилчдын тоо түүхэндээ анх удаа 2 сая хүрчээ
“Porsche” удаан хүлээлгэсэн цахилгаан “Macan”-аа танилцуулав
НҮБ-ын ХХААБ: Монгол Улс жилд 2.3 мянган тонн тэмээний ноос, 12 мянган тонн ингэний сүү авдаг
Онцлох чарт
Ойрх Дорнодоор дамжуулан Европ-Азийн худалдааны шинэ суваг нээх хэтийн төлөвлөгөө эхлэхээсээ ч өмнө зогсонги байдалд орох эрсдэлтэй тулгарчээ. Энэтхэг-Ойрх Дорнод-Европын эдийн засгийн корридор гэгдэж буй тус төсөл Израил-Хамасын дайнаас шалтгаалан ахиц гараагүй хэвээр байгаа аж. Өнгөрсөн онд Вашингтон болон гол холбоотнууд орнууд уг санаачилгыг танилцуулж, Арабын хойгийг дамнасан шинэ төмөр зам барих боломжийг хэлэлцэж байв.
Хусит бүлэглэлийн довтолгоо Улаан тэнгисээр дамжих тээвэрлэлтийг тасалдуулж, бүс нутаг даяар үймээн самуун даамжирсан нь эдийн засгийн шинэ коридорын төслийг ийнхүү дээсэн дөрөөн дээр аваачсанаар АНУ стратегийн хувьд том ухралт хийхээр болж магадгүй байна.
Эцэст нь товчхон
ЗТХЯ: 2024 оны төлөвлөгөөнд бүх төрлийн тээврээр 120 сая тонн ачаа тээвэрлэхээр тусгаж баталлаа. Түүнчлэн агаарын тээврийн хүрээнд АНУ, Вьетнамын Хошимин, ОХУ-ын Новосибирск, БНХАУ-ын Эрээн хот чиглэлд шууд нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөжээ.
Боомтын Сэргэлтийн Үндэсний хороо: Гашуунсухайт хилийн боомтын 66 га талбайд жилд 10 сая тонн нүүрс экспортлох Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалыг 92 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барьж байгууллаа.
Өнөөдрийн онцлох зураг
Баруун Антарктидын хойгийн Десепшн арал дээрх оцон шувууд
Juan Barreto/AFP/Getty