2024/01/26

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Монголд үйлдвэрлэдэг гэдгийг нь төдийлөн олон хүн мэддэггүй бүтээгдэхүүнүүдийн зарим жишээг энэ дугаарт онцоллоо.

  2. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2024 онд 36.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталжээ.

  3. iPhone өнгөрсөн онд БНХАУ-ын ухаалаг утасны зах зээлд борлуулалтаараа тэргүүлжээ.

Шуурхай

АНУ-ын ДНБ 2023 оны IV улиралд өнгөрсөн оны мөн үеэс 3.3% өссөн бол 2023 оны бүтэн жилийн дүнгээр өсөлт нь 2.5%-тай гарлаа. Ингэснээр Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт нэмэгдэж байна.

Энийг Монголд хийдэг байсан юм уу?

Уул уурхайн бус салбарын бүтээгдэхүүн нийт экспортынх нь 10 хувийг ч бүрдүүлэхгүй байгаа Монгол улсын хувьд дотооддоо нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнээр орлогын сувгаа төрөлжүүлэхэд заавал масс үйлдвэрлэл явуулах шаардлагагүй байж мэднэ.

Тэгвэл Монголд үйлдвэрлэдэг гэдгийг нь төдийлөн олон хүн мэддэггүй бүтээгдэхүүнүүд юу байгааг харцгаая. Эдгээр нь дотоодын үйлдвэрлэлийн салбарт анхдагч, эсвэл хуруу дарам цөөн сонголтуудын нэгт тооцогдож буй гэдгээрээ онцлогтой.

Түүхээ шингээсэн нэхий олбог 🧘

Buuvei нь хадны зургуудыг  зүүмэл урлалын аргаар оёж, нэхий олбог үйлдвэрлэж байна. 3-4 жил туршилт хийсний үндсэн дээр 2017 оноос бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхэлсэн, нэхий олбогоос үс унахгүй, үнэргүй байдгаараа онцлогтой хэмээн тус брэндийн үүсгэн байгуулагч М.Бадамренчин онцолсон.

Галын хор үйлдвэрлэл 🧯

2018 оны 4-р сард үүсгэн байгуулагдсан Эс Жи Нэкр ХХК нь Монгол Улсад анх удаа бүх төрлийн гал унтраагуур үйлдвэрлэж байна. Үйлдвэр нь хоногт 400-500 ширхэг гал унтраагуур үйлдвэрлэх хүчин чадалтай.

Монгол Улсын гал унтраагуурын нийт хэрэгцээ жилдээ 20 гаруй мянган ширхэг байдаг гэж үздэг. Одоогоор тус үйлдвэр Монгол улсын нийт хэрэгцээг хангах хүчин чадалтай боловч нийт хэрэглээний 30 орчим хувийг хангаж байгаа аж. Мөн зөвхөн СЕ стандарт буюу Евро стандартын гал унтраагууруудыг үйлдвэрлэдэг бөгөөд эдгээр нь манай улсын цаг уурын нөхцөлд тохирсон байдгийг мэдээлж байв.

Нохой, муурны хувцас үйлдвэрлэл 🦮

Дотоодын зарим компани нохой, муурны хоол тэжээл үйлдвэрлэж, Япон болон бусад улсуудад экспортолж буй. Тэгвэл таны 4 хөлт найзуудыг “загварлаг” харагдуулах нэгэн брэнд мэндлээд багагүй хугацаа өнгөрчээ. Нохойд зориулсан ноолууран цамцыг цөөн тооны компани туршилтаар гаргасан байдаг. Тэгвэл Нолли брэнд 5 төрлийн ноолууран цамцны коллекц, цүнх, оосор зэрэг 3 төрлийн арьсан бүтээгдэхүүн, дэвсгэр гэх мэт дагалдах бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлж, эцсийн загвараа батлан үйлдвэрлэж байна.

Мөн тэрбээр экспортод гарах бүтээгдэхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэхэд тухайн үйлдвэрүүдийн хүчин чадал дутагдах, бүтээмж бага байх нь Монгол Улсын онцлог гэдгийг дурдаж байлаа.

Хүүхдийн живх үйлдвэрлэл 👶

Сүлд шонхор ХХК нь Монголын анхны хүүхдийн живх Тоди брэндийг хөгжүүлсэн бөгөөд дотоодын хүүхдийн живхний зах зээлийн 25-30 хувийг ханган ажиллаж байна. Тоди хүүхдийн живх 18 төрлийн түүхий эдээс бүтдэг бөгөөд АНУ, Япон, Герман, Тайвань, БНХАУ-аас үндсэн түүхий эдүүдээ оруулж ирдэг аж.

Хүүхдийн живх ерөнхийдөө инфляцтай хамааралтай байдаг буюу худалдан авах чадвар буурах тусам живхний борлуулалт буурах хандлагатай байдаг байна.

Шаазан үйлдвэрлэл 🍚

2018 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа Монгол өв шаазан нь 7-8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд эмээлтэй хос морь, ноён хатан, өндөр гэгээн Занабазар зэрэг шаазан бүтээгдэхүүн урладаг аж. Социализмын үед шаазангийн үйлдвэрт зураачаар ажилладаг байсан Д.Дашдэлгэр энэ үйлдвэрлэлийг эрхлэн явуулдаг байна. 

Эрсдэлийн соёл дутагдаж байна

“ОБЕГ, ЦУОШХ гээд эрсдэлийн институтууд манайд байна. Гол дутаад байгаа зүйл бол эрсдэлийн соёл. Эрсдэлийн соёлын суурь нь эрсдэлийн боловсрол байдаг. Хориод жил эрсдэлийн чиглэлээр ажилласан хүний хувьд дүгнэж хэлэхэд Монгол Улсын эрсдэлийн соёл, эрсдэлийн боловсрол бусад улсуудтай харьцуулахад нэлээн доогуур явж байна. Учир нь үүнийг хийх нэгдсэн ажил санаачилга ер нь хийгдээгүй.

Сүүлд болсон осол сургамж боллоо. Энэ нь боловсролын системдээ эрсдэлийг оруулах, компаниуддаа, төрийн байгууллагууддаа эрсдэлийн стандарт, соёлыг нэвтрүүлэх дээр анхаарах цаг болжээ гэдгийг л харуулж байна” хэмээн Мандал даатгал ХК-ийн Үүсгэн байгуулагч Ө.Ганзориг бидэнд өгсөн ярилцлагадаа онцолж байв.

Онцлох хөдөлгөөн

  • Монложистикс Холдинг ХК-ийн нэгж хувьцааны ханш 7.15 хувиар өсөж 186.98 төгрөгт хүрээд байна. Тус компани үйл ажиллагаандаа ISO 9001:2015 олон улсын стандартыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэснээ сүүлд мэдээлээд байгаа.

  • Тахько ХК 2023 оны цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд 108 төгрөгөөр тооцон нийт 128.2 сая төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчиддээ олгохоор шийдвэрлэжээ.

ЕСБХБ-ны санхүүжилт

Европын сэргээн босголт, хөгжлийн банк 2023 онд Монгол Улсад 16 төслөөр дамжуулан 143 сая еврогийн санхүүжилт олгосон байна. Үүний дийлэнх нь хувийн секторт, тэр дундаа 44 хувь нь ногоон чиглэлд зарцуулагджээ. Үүнээс гадна ЕСБХБ Хаан Банк, Хасбанктай хамтран нийслэлд хямд үнэтэй ногоон сууцыг нэвтрүүлэх, орон даяар жижиглэнгийн худалдааны шинэ хэлбэрийг хэрэглэгчдэд санал болгон ажиллаж буйгаа онцолжээ.

Аз жаргалгүй ажилтнууд

Ажил дээрээ сэтгэл хангалуун бус байна уу? Тэгвэл та ганцаараа биш...

Хөмсгөө зангидсан ажилтнууд өнгөрсөн онд АНУ-ын компаниудад ойролцоогоор 1.9 их наяд ам.долларын бүтээмжийн алдагдал учруулсан байна гэж “Gallup” компани судалгаандаа онцоллоо. Сэтгэл хангалуун бус ажиллах нь мөнгөн дүнгээр хэрхэн илэрхийлэгдэхийг тогтоохоор Америкийн ажиллах хүчний дунд явуулсан тус судалгаа тааруухан үр дүнг харуулжээ.

Тодруулбал судалгаанд оролцогчдын ердөө гуравны нэг нь л ажилдаа идэвх оролцоотой байдаг гэж хариулсан байна. Gallup-ийн өмнөх судалгаануудыг харвал ажилтнуудын идэвх оролцооны түвшин 10-аад жил өсөлттэй гарсаар 2020 онд оргил цэгтээ хүрч байжээ. Харин сүүлийн хэдэн жилд нийгмийн амьдралд цочир өөрчлөлт гарсан нь ажлын байран дахь сэтгэл ханамжийг бууруулсан байна.

Нутагт нь дийлэв

iPhone өнгөрсөн онд БНХАУ-ын ухаалаг утасны зах зээлд борлуулалтаараа тэргүүлсэн нь тус улсын дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн ширүүсэж, эрх баригчид нь америк компаниудын технологийн эсрэг хоригоо өргөжүүлж буй энэ үед урьдчилан тооцоолоогүй үр дүн болжээ. IDC-ийн үзэж байгаагаар Apple компани цагаа олсон хямдрал, урамшуулал санал болгосон нь Huawei тэргүүтэй хүчтэй өрсөлдөгчдийг давахад дэм үзүүлжээ.

 

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • ТASML Holding: Бидний оролцоогүйгээр генератив хиймэл оюуны тэсрэлт болох боломжгүй

  • Их Британи хүүхдүүдийн дунд таргалалт эрчимтэй нэмэгдэхэд тэгш бус байдал голлон нөлөөлж байна

  • Япон автомашин давамгайлсан дотоодын авто зах зээлд сүүлийн жилүүдэд Хятадын брэндүүд хүч түрэн орж ирж байна.

Онцлох чарт

Лхагва гарагийн арилжаагаар Microsoft-ийн хувьцааны ханш 1.7 хувь өсөж, зах зээлийн үнэлгээ нь 3 их наяд ам.долларын босгыг түр даваад эргэн буурч 2.99 их наяд орчимд тогтов. 2023 оны өсөлтийн мөчлөгийн хөдөлгөгч хүч болсон “Гайхамшигт 7”-ийн нэг болох тус компанийн үнэлгээ одоогийн байдлаар S&P 500 индексийн 7.25 хувийг дангаар бүрдүүлж байга_

Эцэст нь товчхон

ҮСХ: 2023 онд иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 15.6 их наяд төгрөг болж, өмнөх оноос 32.4 хувиар өсжээ. Харин хувийн байгууллагад олгосон зээлийн өсөлт жилийн 13 хувь буюу бараг 2.5 дахин доогуур байгаа нь бодлогын хүү сүүлийн дөрвөн улиралд хэвээр хадгалагдсаны нөлөө гэж эдийн засагчид үзэж байна.

ЗГ: Нийслэлийн газар олголттой холбоотой нээлттэй сонсгол явуулна.

Өнөөдрийн онцлох зураг

Лондонд болж буй CUTE үзэсгэлэнгийн үеэр дэлгэсэн Hello Kitty-ийн чихмэлүүд

Leon Neal/Getty