- Business newsletter
- Posts
- 2024/01/25
2024/01/25
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Роберт Фридланд: Зэсийн үнэ энэ онд тонн нь $9500 хүрч өсөх төлөвтэй
2023 онд Монгол Улсад аюулт үзэгдэл, ослын улмаас ₮52.1 тэрбумын эдийн засгийн хохирол учирсан нь 56.8% өссөн дүн.
Арилжааны хөрвөх чадвараар тэргүүлсэн хувьцаануудыг энэ дугаарт онцоллоо.
Шуурхай мэдээ
АНУ-ын агаарын тээврийн зохицуулах байгууллага 737 Max онгоцны үйлдвэрлэлийг цаашид нэмэгдүүлэхийг хориглосны дараа Boeing-ийн хувьцааны ханш уналаа.
Хөрвөх чадвараар тэргүүлэгсэд
Зах зээлийн шок, өндөр хэлбэлзлээс хөрөнгө оруулагчдыг хамгаалдаг арилжааны хөрвөх чадварын үзүүлэлт дотоодын ХК-иудын хувьд өнгөрсөн онд хэр байсныг Ти Ди Секьюритис ҮЦК дүгнэжээ.
Идэвх өндөртэй жил
2023 онд системийн нөлөө бүхий томоохон банкнууд нээлттэй хувьцаат компани болсон нь хувьцааны арилжааны дүн өмнөх жилүүдээс огцом өсөхөд гол нөлөө үзүүлсэн.
2023 онд хувьцааны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 172 ХК-ийн 1 тэрбум 136 сая ширхэг хувьцааг 518.4 тэрбум төгрөгөөр арилжаалсан байгаа нь нийт үнэт цаасны арилжааны үнийн дүнгийн 71 гаруй хувийг эзэлжээ. Үүнээс 66.42 хувийг анхдагч зах зээлийн, 33.58 хувийг хоёрдогч зах зээлийн арилжаа бүрдүүлж байна.
Анхдагч зах зээлийн арилжааны хувьд нийт үнийн дүнгийн 53.3 хувийг ХААН Банк, 24.3 хувийг Худалдаа, Хөгжлийн банк эзэлсэн бол хоёрдогч зах зээлд арилжааны идэвхээр Инвескор ББСБ ХК тэргүүлсэн байна.
Хөрвөх чадварыг нь харвал…
Гэхдээ арилжааны идэвх хамгийн өндөр үнэт цаасыг үнийн дүн болон ширхэгээр дүгнэх нь учир дутагдалтайг Ти Би Секьюритис ҮЦК-ийн шинжээч Б.Билэгжаргал онцолж байна. Учир нь нэгж хувьцааны үнийн дүн өндөр бол нийт арилжааны дүн өндөр байх магадлал өндөр, харин нийт эргэлтэд байгаа хувьцааны ширхэг өндөр бол олон ширхэг арилжаалагдах магадлал өндөр аж.
Тиймээс үнэт цааснуудын арилжааны үнийн дүнг 2023 оны эцсийн байдлаарх зах зээлийн үнэлгээнд нь харьцуулж хөрвөх чадварыг тооцоолбол дараах дүр зураг харагдаж байна.
Хувьцааны авах, зарах захиалгын тасралтгүй урсгалыг хөнгөвчилдөг хөрвөх чадварын ач холбогдол эдийн засгийн тодорхойгүй байдлын үед улам нэмэгддэг. СЗХ-ны сүүлийн тайлангаас харвал 2023 оны III улиралд үнэт цаасны зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 2.2 дахин өссөн бол харин хөрвөх чадвар нь 2.7 хувиас 1.3 хувь болон буурчээ.
Хөрвөх чадвар бага, төвлөрөл өндөр зэрэг хөрөнгийн зах зээлийн одоогийн зарим асуудлыг шийдвэрлэе гэвэл мэргэжлийн хөрөнгө оруулагчид татах сувгуудыг нэмэх хэрэгтэйг эдийн засагчид хэлдэг.
Зах зээлийн цар хүрээг тэлэхийн тулд удирддаг хөрөнгийн хэмжээг (AUM) өсгөх ёстой ч Монголын дундаж иргэний хуримтлалын хэмжээг авч үзвэл зөвхөн жижиг хөрөнгө оруулагчдад найдахад хэцүүг Ашид Ассет Менежмент ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал А.Батпүрэв онцолж байлаа.
Sponsored
Restore & Unlock
Худалдаа, хөгжлийн банкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Худалдааны санхүүжилтийн форум” энэ жил “Restore & Unlock” сэдэвтэйгээр 2024.01.30-нд Shangri-La Ball Room-д зохион байгуулагдах гэж байна.
Энэ жилийн форум:
Тухайн үеийн гадаад, дотоодын худалдааны чиг хандлага
Комплайнсын бодлого, зөвлөмжүүд
Худалдаа, нийлүүлэлтийг цогцоор нь шийдэх санхүүжилтийн бүтээгдэхүүнүүд
Ам.долларын шилжүүлгийн талаарх боломжууд
Бизнесийн онцлогт нийцсэн зөвлөгөө гэх мэт зүйлсийг харилцагчдадаа таниулан хүргэх юм.
Монгол Улс 2019 онд ФАТФ-ын саарал жагсаалтад орсноор Монголын арилжааны банкнууд ам.долларын гадаад төлбөр тооцооны системээс хасагдсан. Харин энэ нөхцөл байдлыг ХХБ эргэн өөрчилж АНУ-ын топ Bank of New York Mellon банктай хамтран ажиллаж эхэлсэн юм. BNYM нь 240 жилийн туршлагатай, дэлхийн нийт хөрөнгө оруулалтын активын 20%-ийг бүрдүүлдэг банк. Хамтын ажиллагааны үр дүнд дэлхийн 100 гаруй улс руу болон улсаас ам.долларын гадаад шилжүүлэг хоёрхон цагийн дотор, хамгийн ихдээ л 40 ам.долларын шимтгэлтэй хийгдэж эхэлжээ. Харин бүс нутгийн хувьд цагийн зөрүү ихтэй орнуудад ажлын цагаас хамааран 24 цагийн дотор гүйлгээ хийгдэх аж.
Ослын хохирол
Шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан автомашины дэлбэрэлтээс шалтгаалан шатсан 60 айлын орон сууцны хохирлыг тооцоолж, хохирсон өрхүүдийг түр хугацаанд түрээсийн байранд байлгах төлбөрийг нийслэл шийдвэрлэж өгөхийг ЗГ үүрэг болгоод байна.
2023 онд улсын хэмжээнд нийт 4,484 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэж, 9,144 хүн нэрвэгдсэнийг ҮСХ мэдээлээд байна. Харин 320 хүн амиа алдсан нь өмнөх оноос 30 орчим хувиар өссөн үзүүлэлт болжээ. Түүнчлэн аюулт үзэгдэл, ослын улмаас 2023 онд 52.1 тэрбум төгрөгийн эдийн засгийн хохирол учирсан нь өмнөх оноос 56.8 хувиар өссөн дүн аж.
Зэс $9500 давах уу?
Дэлхийн хэмжээнд хомсдол өндөр байх тул зэсийн үнэ энэ онд тонн нь 9500 ам.доллар хүрч өсөх төлөвтэй гэж “Ivanhoe Mines” компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Роберт Фридланд мэдэгдлээ.
“Зэсийн биет зах зээл асар их хомсдолтой байгаа. Ялангуяа Хятадын зэсийн эрэлт одоо ч маш хүчтэй байна. Тус улсын эдийн засгийн 20-25 хувийг бүрдүүлдэг үл хөдлөхийн зах зээл сул байгааг хэн хүнгүй л мэднэ. Үүн дээр нэмээд Хятадын үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт зэсийн эрэлт маш өндөр байна. Харин жилийн II хагаст Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулаад эхлэхээр дэлбэрэх гэж байгаа торхтой дарь шиг болно” хэмээн тэрбээр Bloomberg-т ярилцлага өгөхдөө онцолжээ.
Боомтууд 2023 онд
Монгол Улсын нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрсэн 2023 онд БНХАУ-ыг чиглэсэн нүүрсний нийлүүлэлтийг томоохон боомт тус бүрээр задалж харвал:
Гашуунсухайт-Ганцмод: 2023 онд Хятадын Ганцмод боомтоор 273 мянга орчим автомашин нэвтэрсэн нь 2022 оныхоос 99 хувь өссөн үзүүлэлт болсныг SxCoal мэдээлсэн. Харин дамжин өнгөрсөн биет ачаа тээврийн хэмжээ 36.51 сая тонн байжээ.
Шивээхүрэн-Сэхээ: Нэвтрүүлсэн нүүрсний хэмжээ дээд түвшиндээ хүрч, 19 сая тонн давсан нь 2018 оны дээд үзүүлэлтээс 35 хувиар өссөн дүн болжээ.
Ханги-Мандал: Импорт, экспортын нийт ачаа тээвэрлэлт нь 5.3 сая тонн орчимд хүрсэн нь өмнөх оноосоо 80 хувиар өссөн үзүүлэлт болов.
Замын-Үүд-Эрээн: Эрээн хот руу 50,200 вагоноор 1007 багц нүүрс гаргасан нь өмнөх оны мөн үеэс 37 хувиар өсөж түүхэн дээд түвшиндээ хүрсэн байна.
Sponsored
Санхүүжилтийн боломжууд
Апекс Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс шинээр үнэт цаас гаргах, санхүүжилт татан төвлөрүүлэх сонирхолтой компаниудад зориулан “Cанхүүжилтийн Боломжууд”-ын талаар мэдээлэл өгөх зорилготой арга хэмжээ зохион байгуулахаар боллоо. Өмгөөллийн “ХаанЛекс партнерс” ХХН, “Онч аудит” ХХК болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран оролцож буй энэхүү арга хэмжээний зорилго нь үнэт цаас гаргагч байгууллагуудад мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдээс мэдээлэл хүргэж, туршлага солилцох юм.
Та компанийнхаа санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, олон төрөлт санхүүжилтийн талаар мэдээлэл авах хүсэлтэй бол ЭНД дарж тус арга хэмжээнд бүртгүүлээрэй.
Хүнийг орлоход “хэцүү“
Хиймэл оюун одоогоор дийлэнх ажлын байрыг өртөг багатайгаар орлох боломжгүй гэж Массачусетсийн технологийн их сургууль (MIT) судалгаандаа дүгнэсэн байна. Хиймэл оюун олон салбарт хүнийг орлох нь гэсэн болгоомжлолд хариулт олох үүднээс тус сургууль уг судалгааг анхлан явуулжээ.
Тус судалгаанд АНУ дахь багш, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээчин гэх мэт автоматжуулалт нэвтэрч буй олон төрлийн ажил мэргэжлийг хиймэл оюунаар орлуулахад зардал нь хэр гарахыг тооцоолсон байна. Ам.доллароор олгох цалингаар бодож үзэхэд ажилтнуудын ердөө 23 хувийг хиймэл оюунаар орлуулах боломжтой гэсэн үр дүн гарчээ.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Австрали "баяртай". БНХАУ коксжих нүүрсний импортын тал дээр Монгол, ОХУ-ыг илүүд үзэх болов
ЭХЯ: 3 салхин цахилгаан станцын техникийн хүчин чадал 50 хувьд хүрсэн томоохон ахиц гарсан
S&P 500 ба өсөлтийн анатоми
Онцлох чарт
Дэлхий нийт хэзээ анхны “их наядтан”-аа өлгийдөж авах вэ? Oxfam-ийн судалгаагаар ойрын 10 жилийн дотор их наядтан төрөх бөгөөд өдгөө дэлхийн хамгийн чинээлэг 5 эрхмийн хөрөнгийн хэмжээ 2020 онтой харьцуулахад 114 хувиар өсөөд байгааг үүнтэй холбон тайлбарлажээ.
Эцэст нь товчхон
ЭСЯ: Монгол болон Их Британийн ЗГ-ууд агаарын тээврийн хэлэлцээрт гарын үсэг зурж, 2 орны хооронд шууд нислэг үйлдэхээр болов.
Gallup: Аз жаргалгүй ажилтнуудын алдагдсан бүтээмж АНУ-ын компаниудад $1.9 их наядын “өртөг”-тэй байна
Өнөөдрийн онцлох зураг
Мадрид дахь дижитал үзэсгэлэнд алдарт зураач Клод Монегийн уран бүтээлүүдийг сонирхож буй хүмүүс
Thomas Coex/AFP/Getty