2024/01/23

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Дэлхийн банк: Ойролцоо эдийн засагтай орнуудтай харьцуулахад Монголын гадаад худалдаа маш нээлттэй ч энэ давуу талаа ашиглаж чадахгүй байна.

  2. Xanadu Mines компани STSM-тэй гэрээ байгуулж, Монгол дахь хоёр хайгуулын лицензийн 80 хувийг эзэмшихээр боллоо.

  3. Mongolian Mining Corporation-ийн нүүрсний гарц 2023 оны IV улиралд 3.1 сая тн болж, өмнөх оны мөн үеэс 7% өсжээ.

Гадаад худалдаа

Монголын бараа бүтээгдэхүүн экспортын зах зээлд гарсан ч тогтвортой худалдаагдах байдал, мөн гадаад худалдааны түншүүдтэй харилцаагаа удаан үргэлжлүүлэх магадлал бага байгааг Дэлхийн банк саяхан гаргасан Монгол Улсын гадаад худалдааны өрсөлдөх чадварын шинжилгээндээ анхааруулжээ.

Эдийн засгийн бүтэц ойролцоо орнуудтай харьцуулахад Монголын гадаад худалдаа маш нээлттэй боловч түүхий эдийн экспорт нийт экспортын 83 хувийг эзэлж, уул уурхайн бус экспортыг хөгжүүлэхэд шаардагдах нөөцийг хязгаарлаж байна. Түүнчлэн мөчлөг дагасан макро эдийн засгийн бодлогo хэрэгжүүлсээр ирсэн нь түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үүдэж эдийн засагт үүсэх тогтворгүй байдлыг улам даамжруулах болов.

Иймд гадаад худалдааг төрөлжүүлэх, өргөжүүлэхэд саад болж буй хүчин зүйлсийг тус шинжилгээнд тодорхойлж, бодлогын зөвлөмж бэлтгэснийг товчоор хүргэж байна.

Эхний саад - Логистик

Монгол Улсын хил дамнасан худалдааны гүйцэтгэл 2015 оноос хойш сайжраагүйн дээр харьцуулж болох бүх улсуудаас хоцорч байна. Судалгаанд дурдсанаар хил дамнасан худалдааны зардал хэдий бага ч экспортод шаардлагатай бичиг баримт, гаалийн бүрдүүлэлтийг хангахад бараг 134-168 цаг зарцуулагддаг аж. Энэ нь Лаос, Азербайжанаас 11-15 дахин, Казахстан, Вьетнамаас 2-4 дахин урт хугацаа юм.

Боомт дээрх хүлээлгийн хугацаанаас гадна дэд бүтцийн дутагдалтай байдал, бараа бүтээгдэхүүнд тавих хяналт, логистикийн чадавх зэрэг бусад чухал үзүүлэлтээр ч хоцрогдолтой байгаа нь далайд гарцгүй, газарзүйн хувьд алслагдсан сул талд улам нэрмээс болж буй.

Иймд дунд хугацаанд логистикийн гүйцэтгэлд чухал нөлөө үзүүлэх дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилтийг хурдасгах, ингэхдээ төлбөрийн тэнцэлд ихээхэн дарамт учруулахгүйгээр үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатайг Дэлхийн банк зөвлөжээ.

Дараагийн саад - Тарифын зохицуулалт

Хил гаалийн татвар, хураамж дийлэнхдээ 5 хувь буюу нэн тааламжтай, мөн гадаад худалдааны бодлого харьцангуй нээлттэй боловч Монгол Улс худалдааны хэлэлцээрээр үүсэж буй давуу талаа бүрэн ашиглаж чадахгүй байгаа нь Дэлхийн банкны хөндсөн бас нэг сорилт. Манай улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад элссэн ч түүнээс хойш байгуулсан худалдааны гэрээний тоогоор дэлхийд сүүл мушгиж буйг тодотгожээ. Тодруулбал Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Ази-Номхон далайн худалдааны хэлэлцээр (APTA) гэсэн хоёрхон гэрээ өдгөө мөрдөгдөж байгаа аж.

Цахим үйлчилгээний боломж

Гадаад худалдаанд үүсэж буй дээрх саад бэрхшээлийг дэлхийд цахим худалдаа хурдацтай хөгжиж буй энэ үеийг ашиглан даван туулах боломжтойг Дэлхийн банк тусгайлан онцолсон байна.

Үүний тулд одоо байгаа нөөц бололцоондоо тулгуурлан цахим үйлчилгээний чиглэлээр гадаад худалдаагаа өргөжүүлэх стратеги боловсруулан, хэрэгжүүлэх боломжтой. Монголын залуу, өсөн нэмэгдэж буй хүн ам (иргэдийн 59 орчим хувь нь 30-аас доош насныхан) цахим үйлчилгээний холбогдолтой ажлын байранд гараад ур чадвараа хурдан хугацаанд хөгжүүлэх бүрэн бололцоотой гэж үзжээ.

Тиймээс нэн түрүүнд харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэх, цахим үйлчилгээний экспортод шаардагдах ур чадварын ажиглалтын төвийг байгуулах, синтетик өгөгдлийн үндэсний хөтөлбөр боловсруулах, үндэсний блокчэйн дэд бүтцийг бий болгох зэрэг бодлогын арга хэмжээнүүдийг санал болгосон байна.

Савлагаатай жил болох уу?

“Монголын худалдааны гол түнш гэдэг утгаараа БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарах нь гол эрсдэл. Эдийн засгийн төрөлжилт тааруу, Хятадтай хийх түүхий эдийн худалдаанаас өндөр хамааралтай Монголын хувьд өсөлтийн өндөр савлагаатай байдал гарах болов уу хэмээн Moody’s Sovereign Risk Group-ийн Дэд ерөнхийлөгч Анушка Шах бидэнтэй ярилцахдаа онцолж байлаа. 

Мөн сүүлийн цөөн хэдэн жилд өрийн удирдлага харьцангуй сайжирсан ч төсвийн тэлэх бодлого үргэлжилсэн хэвээр байна. 2024 онд нүүрсний үнийн нөхцөл байдал 2023 онтой харьцуулахад тийм ч таатай байхгүй болов уу гэж бодож байна” хэмээн тэрбээр өгүүлсэн юм. Тус агентлагаас мөн Монгол Улсын инфляцын түвшин 2024 оны 12 дугаар сар гэхэд 6.5 хувь болох тооцооллыг гаргажээ.

Xanadu-ийн чухал алхам

Xanadu Mines компани STSM компанитай заавал биелүүлэх гэрээ байгуулж, Завхан аймагт байрлалтай “Сант толгой” болон “Оюут” хайгуулын лицензийн 80 хувийг эзэмшихээр боллоо. Зэс, никелийн нөөцтэй байх өндөр магадлалтай тус бүсэд лиценз эзэмшсэнээр Xanadu Mines-ийн “Horizon 3” буюу ирээдүйд эрэлттэй байх металлуудын төслөө тэлэх стратегитай нийцсэн алхам болж байгааг тус компани тайландаа дурджээ.

Үүнээс өмнө тус компанийн үндсэн төсөл болох зэс, алтны “Хармагтай” төслийн ашигт малтмалын нөөц шинэ тооцооллоор 1.3 тэрбум тонн хүрээд байсан юм.

Махны экспорт дээд цэгтээ

2023 онд Монгол Улсын малын мах, дайвар бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2023 онд өмнөх оноосоо 2.5 дахин өсөж, экспортын хэмжээ нь 3.9 дахин нэмэгдэж 46.8 мянган тоннд хүрчээ. Том зургаар харвал боловсруулах үйлдвэрлэл 2023 онд харьцангуй сайн үзүүлэлттэй байж, 37 хувиар өссөн байна.

Өсөлтийн анатоми

Технологийн салбарын компаниудын өсөлт гол түлхэц үзүүлснээр S&P 500 индекс 2022 оны уналтаасаа сэргэж, шинэ дээд түвшиндээ хүрсэн. Харин энэ өсөлт цаашид үргэлжлэх үү гэдэг асуулт шинжээчдийн дунд маргаан дагуулж байна. Нарийн харвал S&P 500 сүүлд шинэ рекорд эвдэх хүртлээ арилжааны 512 өдрийн турш өмнөх дээд түвшин нь хадгалагдсан нь сүүлийн 10 жил орчмын хамгийн урт хугацаанд хадгалагдсан үзүүлэлт болжээ.

Тус индексийн хамгийн том 7 компани буюу “Гайхамшигт 7”-ийн өсөлт 2023 оны сэргэлтийнх нь дийлэнх хувийг бүрдүүлэхэд хөрөнгө оруулагчид хиймэл оюунд ихээхэн найдлага тавьсан нь нөлөөлсөн байна. Оны эхний хагаст “Гайхамшигт 7” S&P 500-ийн бусад бүх компанийг өсөлтөөрөө тэргүүлсэн бөгөөд Apple л гэхэд өнгөрсөн онд 50 хувиар өсөж, 12 дугаар сард үнэлгээ нь дахин $3 их наяд давсан юм.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • Сэм Олтмэн хиймэл оюуны чипийн үйлдвэр байгуулах санхүүжилт босгохоор зорьж байна

  • 2024 онд анхаарч байх 50 компани: "Alphabet", "BYD", "Eli Lilly" ба бусад

Онцлох чарт

Эдийн засаг нь гүйцэд хөгжөөгүй орнуудад өдгөө амьдарч буй хэдэн тэрбум хүнд хүргэх таагүй мэдээг Bloomberg Opinion онцолжээ. Улс орон нь хөгжингүй түвшинд хүрэх хамгийн сүүлчийн боломж зөвхөн тэдний үед тохиох магадлалтай аж. Үүний гол шалтгаан нь төрөлтийн түвшний хямрал байхаар байна.

Тэгвэл Монгол Улсын хэмжээнд 2023 онд 63.9 мянган эх амаржсан нь өмнөх оноос 1.2 хувиар буурсан үзүүлэлт бол шинэ төрсөн хүүхдийн тоо мөн 1.3 мянгаар буурч 64.3 мянга болсныг ҮСХ мэдээлжээ.

Эцэст нь товчхон

SEND: Sendly-ийн ашиг 2023 онд 2 дахин өсөж ₮6 тэрбумд хүрсэн байна. Хүү болон шимтгэлийн орлого нь 83.6% өсөж ₮21 тэрбумд хүрсэн нь үүнд нөлөөлжээ.

ЗТХЯ: Иран улстай автотээврийн хэлэлцээр байгуулж, экспорт, импортоо нэмэгдүүлнэ

The Korea Herald: Өнгөрсөн онд БНСУ-ын кимчиний экспорт шинэ дээд цэгтээ хүрсэн байна. 155.6 сая ам.доллартай тэнцэх хэмжээний кимчи экспортолсон нь 2022 оныхоос 10.5 хувиар өссөн дүн болжээ.

Өнөөдрийн онцлох зураг

Парисын загварын долоо хоногийн үеэр Balmain Menswear-ийн намар-өвлийн коллекцын загварыг толилуулж буй модель

Alain Jocard/AFP/Getty