- Business newsletter
- Posts
- 2024/01/22
2024/01/22
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Bloomberg Intelligence-ийн шинжээчид энэ онд анхааралдаа авах 50 компанийг нэрлэлээ.
Монголд ТОП-20 индексийг дагадаг ETF үүсвэл жилд дунджаар 19 орчим хувийн өгөөж өгөх боломжтой.
ОХУ-ын Сибагро групп Монголд гахайн фермийн цогцолбор байгуулах ажлаа энэ хавраас эхлэхээр болжээ.
Анхаарч байх 50
Bloomberg Intelligence-ийн шинжээчид банк санхүүгээс хүнсний үйлдвэрлэл хүртэлх бүхий л салбарын 2,000 гаруй компанид дүн шинжилгээ хийж, энэ онд анхаарч байх 50 компанийг нэрлэлээ. Тэд шинжилгээндээ нэгдэн нийлэх, худалдан авах хэлцэл, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний төлөвлөгөө, шинэ удирдлага зэрэг айсуй өөрчлөлтүүдийг сөргөөр нөлөөлж болох хүчин зүйлстэй хамтатган дүгнэжээ.
Ерөнхийдөө энэ онд хиймэл оюуны хөгжил болоод дэлхийн дулаарлын өсөн нэмэгдэж буй үр нөлөө компаниудад ихээхэн нөлөөлөхөөр байна. Мэдээж инфляцын эрсдэл, бодлогын хүү буурах төлөв чухлаас гадна Украин, Газын зурвас дахь дайн дажин, цахилгаан автомашины шилжилт, БНХАУ-ын үл хөдлөхийн салбарын уналтын нөлөөг мөн дурдахгүй өнгөрч болохгүй.
ТЕХНОЛОГИ: IT ҮЙЛЧИЛГЭЭ
Accenture
Зах зээлийн үнэлгээ: 227 тэрбум ам.доллар
2024 оны орлогын өсөлтийн тооцоолол: +5%
Мэдээлэл технологийн компани болох Accenture нь зөвлөх үйлчилгээний шугамаар цөөнгүй компанитай харилцаа холбоотой учраас хиймэл оюуны төслүүдээс ашиг хийх бололцоотой. Албан байгууллагуудын технологийн зарцуулалт буурснаас шалтгаалан тус компанийн ойрын хугацааны борлуулалт бүрхэг харагдаж байгаа ч энэ оны II хагасаас хувьцааных нь ханш эргэж өснө гэж BI таамаглаж байна. Үүлэн технологийн зарцуулалт болон хиймэл оюуны төслүүдийн сэргэлт зэрэг 2023 оны үр дүнтэй харьцуулж харвал тус компанийн шинэ гэрээ, хэлцэл огцом өсөх хандлагатай байна.
ТЕХНОЛОГИ: ПРОГРАММ ХАНГАМЖ
Adobe
Зах зээлийн үнэлгээ: 275 тэрбум ам.доллар
2024 оны орлогын өсөлтийн тооцоолол: +12%
Илүү өндөр үнэ хүрэх төлөвтэй шинэ генератив хиймэл оюуны функц нь ирэх хоёр жилд Adobe компанийн орлогыг $1 тэрбумаар нэмэгдүүлэх боломжтой. Тус функцүүд нь одоогийн хэрэглэгчдийн бүтээмжийг дээшлүүлж, Photoshop, Illustrator, Premiere Pro зэрэг программд энгийн хэрэглэгчдийн сонирхлыг илүү татаж чадна гэж үзжээ.
Хиймэл оюуны нөлөө болон мэдээлэл технологийн салбарын зарцуулалт өсөж байгаа учраас шинжээчид Adobe компанийн орлогын төсөөллөө нэмэгдүүлнэ гэж BI үзэж байна.
АВТО
BYD
Зах зээлийн үнэлгээ: 75.1 тэрбум ам.доллар
2024 оны орлогын өсөлтийн тооцоолол: +28%
Өндөр зэрэглэлийн загварууд нь олширч, экспорт нь улам нэмэгдэж байгаа тул БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгч BYD-ийн борлуулалт энэ онд эрчимтэй өсөхөөр байна. Компанид орлогын шинэ эх үүсвэр бий болохоос гадна үйлдвэрлэлийн цар хүрээ, мөн цэнэг хураагуур, хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн босоо бүтэц нь Хятад, Европын өрсөлдөгчдөөс үл хамааран ашгийн маржинаа тогтвортой хадгалахад дэм болно гэж BI үзэж байна.
ХАРИЛЦАА ХОЛБОО: ИНТЕРНЭТ
Alphabet
Зах зээлийн үнэлгээ: 1,719 тэрбум ам.доллар
2024 оны орлогын өсөлтийн тооцоолол: +11%
Alphabet компанийн үйл ажиллагааны ашгийн маржин 2024-2025 онд шинжээчдийн таамаглалыг 200-аас 300 суурь нэгжээр давна гэж BI үзэж байна. Компани Bard нэртэй хиймэл оюунт программ танилцуулсан нь хайлтын системтэй холбогдох зар сурталчилгааны эрэлтийг өсгөж буй. Мөн ойрын хугацаанд үүлэн тооцооллын хөгжилд хиймэл оюун жинтэй хувь нэмэр оруулахаар байна. Үүн дээр нэмэгдээр Google-ийн ажлын байрны цомхотгол тус компанийн тогтмол зардлыг $3 тэрбумаар бууруулах төлөвтэй.
ЭРҮҮЛ МЭНД: ЭМ БЭЛДМЭЛ
Eli Lilly
Зах зээлийн үнэлгээ: 550 тэрбум ам.доллар
2024 оны орлогын өсөлтийн тооцоолол: +16%
Eli Lilly компани тураах үйлчилгээтэй Zepbound эмийг танилцуулснаар энэ зах зээлд олны анхаарал нэмэгдэхээр байна. Бүтээгдэхүүн нь илүү сайн үйлчилгээтэй, арай хямд үнэтэй зэргийг нь авч үзвэл нийлүүлэлт нь Novo Nordisk компанийн Wegovy-ийг гүйцэж түрүүлэх магадлалтай. BI-ийн тооцооллоор Eli Lilly 2024 онд $1.5 тэрбумын орлоготой ажиллах бөгөөд дийлэнхийг нь АНУ-ын зах зээлээс бүрдүүлэх төлөвтэй аж. Түүнчлэн компани хэрэв Zepbound-ийг Европт борлуулах зөвшөөрлөө энэ оны эхээр авч чадвал борлуулалтад нь бүр ч том дэм болно.
Бүрэн жагсаалттай ЭНДЭЭС танилцана уу.
Финландын үлгэрлэл
Цөмийн эрчим хүчийг эрчим хүчний системийнхээ чухал бүрэлдэхүүн болголгүйгээр нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа цэвэр дүнгээр тэглэх боломжгүйг Финланд улсын Уур амьсгал, байгаль орчны сайд Кай Мюккянен Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр бидэнд өгсөн тусгай ярилцлагадаа онцолж байлаа.
“Финланд улс 20 жилийн өмнө одоогийн Монгол Улстай адил тээвэрлэлт, халаалт, эрчим хүчний салбартаа их хэмжээний нүүрс, газрын тос зэрэг шатах түлш хэрэглэдэг байсан. Харин өнгөрсөн оны байдлаар манай улсын цахилгаан эрчим хүчний 90-ээс дээш хувь нь шатах түлшнээс хамааралгүй болсон. 2010 оноос хойш цахилгаан эрчим хүчний салбарын нүүрстөрөгчийн хийн ялгарлыг 90 гаруй хувиар бууруулаад байна.
Цөмийн эрчим хүч бол манай цахилгаан эрчим хүчний системийн маш чухал нэг хэсэг. Аюулгүй байдлаа сайтар хангаж ашиглавал цөмийн эрчим хүч бол тогтвортой шийдэл” хэмээн тэрбээр өгүүлсэн юм.
Гахайн ферм
ОХУ-ын Сибагро групп Монголд гахайн фермийн цогцолбор байгуулах ажлаа энэ хавраас эхлэхээр болжээ. Одоогоор Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэх ажлыг эцэслэн боловсруулж байгааг тус компани мэдээлсэн байна.
Жилд дунджаар 18 мянган тонн гахайн мах боловсруулах хүчин чадалтай байх тус байгууламжийг хоёр үе шаттайгаар ашиглалтад оруулах цаашдаа түүгээр дамжуулан БНХАУ, Зүүн Өмнөд Азийн зах зээлд нэвтрэх боломжтойг мөн онцолжээ.
Ж.Даймоны цалин $36 сая
2023 онд АНУ-ын банк санхүүгийн салбарын түүхэн дэх хамгийн өндөр ашгийг олсон JPMorgan Гүйцэтгэх захирлынхаа жилийн цалинг 36 сая ам.доллар болгож нэмэгдүүлжээ. Банкны ТУЗ Жэйми Даймонд үндсэн цалин болох 1.5 сая ам.доллароос гадна гүйцэтгэлд суурилсан урамшуулал болгож 34.5 сая ам.доллар олгосныг өнгөрсөн пүрэв гарагт гаргасан тайландаа дурджээ. Энэ нь 2022 онтой харьцуулбал Даймоны жилийн цалин 4.3 хувиар өссөн гэсэн үг аж.
Холбооны нөөцийн банкны бодлогын хүүгийн өсөлт, мөн уналтад орсон First Republic банкийг ЗГ-ын зуучилсан дуудлага худалдаагаар худалдан авсан нь JPMorgan өнгөрсөн онд 49.6 тэрбум ам.долларын ашигтай ажиллахад нөлөөлжээ. Мөн жилийн турш хувьцааны ханш нь 27 хувиар өссөн нь бүх томоохон өрсөлдөөсөө давсан үзүүлэлт болсон байна.
Bloombergtv.mn танд санал болгож байна
OPEC: 2025 онд газрын тосны эрэлт эрс өсөж, нийлүүлэлтээ давах төлөвтэй
BHP никель олборлолтын бизнесийнхээ үнэлгээг шинэчлэхээр судалж байна
Ижил гараанаас хөдөлсөн Киргиз улс Монголоос бараг 15 дахин их жуулчин хүлээн авч байна. Юу нөлөөлөв?
Онцлох чарт
ТОП 20 индекс 2016 оны эцсийн арилжааны өдрөөс хойш жилд дунджаар 19 хувиар өссөн байна. Тэгвэл энэ нь Монголд ТОП-20 индексийг дагадаг ETF буюу биржээр арилжаалагддаг сан үүсвэл жилд дунджаар 19 орчим хувийн өгөөж өгөх боломжтой гэсэн үг болохыг Ти Ди Би Секьюритис ҮЦК-ийн Хөрөнгө оруулалтын зөвлөх Б.Билэгжаргал онцолсон юм.
Эцэст нь товчхон
ЗГ: Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалын арга хэмжээ зохион байгуулж, аялал жуулчлалыг идэвхжүүлэх “GoMongolia” брэндийг томоохон зочид, оролцогчдод танилцууллаа.
МХБ: ХААН Банк 2023 онд 558.5 тэрбум төгрөгийн татварын дараах ашигтай ажиллажээ. Ингэснээр энэ онд МХБ-ийн ТОП-20 ангилалд багтаж байгаа тус ХК-ийн нэгж хувьцаанд ногдох ашиг 292.2 төгрөг болж байна.
Өнөөдрийн онцлох зураг
Бельгийн загвар зохион бүтээгч Валтер Ван Бейрендонк Парисын загварын долоо хоногийн үеэр коллекцоо танилцуулж байгаа нь
Geoffroy Van Der Hasselt/AFP/Getty