2024/01/19

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. EBOWWN: Монголд хөрөнгө оруулагчдын маргааныг шийдвэрлэх шүүхийн процесс дунджаар 6.2 жил үргэлжилж байна

  2. NRCC: Судалгаанд оролцсон иргэдийн 49.5 хувь нь валютын ханш өснө гэж үзсэн.

  3. Дэлхийн эдийн засгийн чуулган өнөөдөр өндөрлөнө. Гол зочдын байр суурийг энэ дугаарт онцоллоо.

Давос 2024 - Хэн юу хэлэв?

“Итгэлцлийг сэргээх нь” сэдвээр зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулган өнөөдөр хөшгөө хааж байна. Улс төрийн халуун үйл явдлууд дайн дажинтай давхцахаар байгаа ч энэ онд дэлхийн эдийн засаг “тэсвэр сайтай” байх нь гэсэн ерөнхий мессежийг Давост чуулсан элитүүд өгч байлаа.

1,400 гаруй эксперт, бодлого тодорхойлогч, салбарын манлайлагчид ойрын болон дунд хугацаанд дэлхийн эдийн засагт заналхийлж буй гол эрсдэлүүдийг уламжлал ёсоор тодорхойлсныг бид өмнө нь танилцуулсан. Харин энэ удаа бид Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр Bloomberg TV Mongolia болон Bloomberg News-ийн сурвалжлах багт тусгай ярилцлага өгсөн эрхмүүдийн онцлох байр сууриудыг багцлан хүргэхээр бэлтгэлээ.

“Финланд улс 20 жилийн өмнө одоогийн Монгол Улстай адил тээвэрлэлт, халаалт, эрчим хүчний салбартаа их хэмжээний нүүрс, газрын тос зэрэг шатах түлш хэрэглэдэг байсан. Харин өнгөрсөн оны байдлаар манай улсын цахилгаан эрчим хүчний 90-ээс дээш хувь нь шатах түлшнээс хамааралгүй болсон. Одоо Финландын төвлөрсөн халаалтын системийг цахилгаан халаалтад шилжүүлж байна.

Салхины эрчим хүч одоогийнх шиг Финландын хоёр дахь том эрчим хүчний эх үүсвэр болно гэдэгт 10 жилийн өмнө итгэх хүн байгаагүй. Мөн аюулгүй байдлаа сайтар хангаж ашиглавал цөмийн эрчим хүч бол тогтвортой шийдэл.

“MCI Carbon бол хүлэмжийн хийн ялгарал өндөртэй үйлдвэрлэлийн салбаруудаас нүүрсхүчлийн хийг шүүж, үүгээрээ байгальд ээлтэй барилгын материал хийх технологи юм. Үнэнийг хэлэхэд энэ бол маш том салбар. Тооцооллоор 5.9 их наяд ам.доллароор үнэлэгдсэн. MCI Carbon шиг технологийг Монгол Улсад ашиглах бүрэн боломжтой”

“Ногоон шилжилтийн тал дээр бол БНХАУ олон чиглэлд дэлхийд тэргүүлж байна гэж хэлнэ. Хятад улс ногоон зорилтоосоо ухарвал энэ нь томоохон эрсдэл байх болно.”

“Швейцар бол экспортод түшиглэсэн улс. Швейцарын эдийн засгийн үзүүлэлтүүд тун сайн байгаа. Ажилгүйдлийн түвшин маш доогуур буюу 2%, инфляц бусад орнуудтай харьцуулахад өндөр биш буюу 1.7%-тай байна. Худалдааны гол түнш болох ЕХ, түүний ард бичигддэг АНУ, БНХАУ-ын эдийн засаг сайн биш байвал мэдээж энэ нь Швейцарын эдийн засагт эрсдэл болно”

“Дэлхийн Топ 600 компанийн 0.4 хувь нь л нийлүүлэлтийн сүлжээний бүхий л үе шатад амьдралын өртөгт хүрэлцэх хэмжээний цалин олгох амлалт өгөөд байна. Дөнгөж 0.4 хувь. Нөгөө талаас энэ монополь эрх мэдэл бидний амьдралыг ч тодорхойлж байна. Үр тарианы хоёр компани л гэхэд дэлхийн үр тарианы зах зээлийн 40 хувийг удирдаж байна. Тэгэхээр та юу идэхийг энэ компаниуд шийднэ гэсэн үг. 25 жилийн өмнө эмийн 60 том компани байдаг байлаа. Одоо 10 болсон байна. Тэгэхээр эм хүртэл адилхан”

“Уур амьсгалын чуулга, уулзалтууд булхайгаар дүүрэн байгаа нь дэлхий нийтийн тэвчээрийг барж байна. Шатах түлшний салбарынхан хөзрийн гол моднуудыг атгасан хэвээр байна. Хийгдэж буй гэрээ хэлэлцээрүүд нь маш их цоорхойтой. Далд утгатай үгсээр дүүрэн. Бид шатах түлш гэдэг хэллэгийг ашиглах боломжтой болохын тулд 28 жилийн нүүрийг үзсэн. Уур амьсгалын хямрал бол шатах түлшний хямрал юм”

Дэлхийн эдийн засгийн чуулганыг Bloomberg TV Mongolia Швейцарын Давос хотоос сурвалжилж байна.

Чуулганаар хэлэлцэгдсэн гол сэдвүүд, гарсан үр дүн, нөлөө бүхий зочдын байр суурийг багтаасан "Давос 2024" тусгай хөтөлбөрийг баасан гарагт 20 цагаас хүлээн авч үзээрэй.

Тодорхойгүй мөчлөг

2023 оны IV улирлын байдлаар хэрэглэгчийн итгэл өмнөх улирлаас 17 пунктээр буурч 88 нэгж болсон бол өмнөх жилийнхээс 21.1 пунктээр өссөнийг NRCC-ийн тайланд дурдсан байна. Мөн бизнесийн нөхцөл, ажлын байрны олдоц жилийн өмнөхөөс сайжирсан ч улирлын дүнгээр муудсан дүр зурагтай байгаа тул ойрын ирээдүйд бизнесийн нөхцөл, орлого, ажлын олдоц тодорхойгүй гэж үзжээ.

Үүнээс гадна судалгаанд оролцсон иргэдийн 49.5 хувь нь валютын ханш өснө гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлсэн байна.

Гацааг арилгая гэвэл

Монголд хөрөнгө оруулагчдын маргааныг шийдвэрлэх шүүхийн процесс дунджаар 6.2 жил үргэлжилдэг, мөн өнөөг хүртэл нийт маргааны ердөө 10 хувь нь шийдвэрлэгдсэн байгааг Европын бизнесийн байгууллагуудын дэлхийн сүлжээ (EBOWWN) шинэ тайландаа онцолжээ. Иймд бизнес, худалдааны хууль эрх зүйн асуудлаар дагнасан тусгай шүүхтэй болох нь Монголын шүүх тогтолцооны үр ашигтай байдлыг сайжруулах боломжтойг зөвлөсөн байна.

Түүнчлэн ашигт малтмалын лицензийг үнэлэхэд Монголын Татварын Алба томоохон эрх мэдэлтэй оролцдог нь уул уурхайн салбарт арилгах ёстой сул тал гэж дүгнэжээ. Европын 51 бизнесийн байгууллагаас бүрддэг EBOWWN Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн тайландаа дурдсанаар Монгол Улсын эдийн засаг энэ онд 6-8 хувь өсөх төлөвтэй аж.

Өнгөрсөнд үлдсэн ТӨК-иуд

Төрийн өмчит компаниудын ашигт ажиллагаа болон хөрөнгийн өгөөж хувийн хэвшлийн компаниудтай харьцуулахад бага байгаагийн суурь шалтгаан нь удирдлагын асуудал болохыг Нээлттэй нийгэм форумын хэлэлцүүлгийн үеэр судлаачид тодотголоо.

Сангийн яамнаас 2021 онд хийгдсэн судалгаагаар Төрийн өмчит 105 компанийн ашигт ажиллагаа ТОП-100 аж ахуйн нэгжтэй харьцуулахад 1.2 хувь, хөрөнгийн өгөөж нь 3.7 хувиар бага байжээ.

Билл Гэйтсийн догдлол

Хиймэл оюун нь бүтээмжийг өсгөх гайхамшигтай хэрэгсэл бөгөөд цаашид үүний тусламжтай чинээлэг орнууд болон хөгжиж буй орнуудын хоорондох 20 жилийн заагийг багасгах асар том зорилт тавиад байгаагаа Microsoft-ийн Үүсгэн байгуулагч Билл Гэйтс Швейцарын Давост Bloomberg-т ярилцлага өгөхдөө онцолжээ.

“Дэлхий дахины хувьд ер бусын үзэгдэл болж байна. Дэлхий илүү чинээлэг болно, хүмүүс бага цаг ажиллана, хөрөнгө төвлөрсөн газруудад илүү их ашиг өгнө. Бид аль хэдийнээ Африкт онгоцны нисгэгчдийг сургах чиглэлд санхүүжилт хийсэн. Ингэснээр хамгийн сайн технологийг ашиглаж, дэлхийн чинээлэг орнуудтай эн зэрэгцэж байна. Тэгэхээр энэ бол уралдаан, гэхдээ сайн сайхны төлөөх уралдаан. Би үнэхээр их догдолж байгаа” гэсэн байна.

Гэхдээ хиймэл оюун муу хүмүүсийн бүтээмжийг ч нэмэгдүүлэх тул кибер аюулгүй байдлын эсрэг хамгийн сайн хиймэл оюун, био-терроризмын эсрэг хамгаалалт сайн хүмүүсийн гарт байх ёстойг өдгөө хөрөнгийн хэмжээгээр дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж буй Билл Гэйтс анхааруулжээ.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • OPEC: 2025 онд газрын тосны эрэлт эрс өсөж, нийлүүлэлтээ давах төлөвтэй

  • BHP никель олборлолтын бизнесийнхээ үнэлгээг шинэчлэхээр судалж байна

  • Ижил гараанаас хөдөлсөн Киргиз улс Монголоос бараг 15 дахин их жуулчин хүлээн авч байна. Юу нөлөөлөв?

Онцлох чарт

Өнгөрсөн онд БНХАУ-ын гангийн гарц нэмэгдэж, Бээжингээс нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилгоор тогтоосон албан бус хязгаарлалтаас давах дөхжээ. Хэдийгээр XII сард гарц нь өмнөх оны мөн үеэс 15 хувиар огцом унасан ч тус улсын ган хайлуулах үйлдвэрүүдийн гарц жилийн дүнгээр 1.019 тэрбум тонн болж, 2022 оны гарц болох 1.013 тэрбум тонноос яльгүй илүү гарсан байна.

Эцэст нь товчхон

ҮСХ: Цар тахлаас хойш гурван жил дараалан алдагдалтай байсан улсын нэгдсэн төсвийн тэнцэл экспортын орлого өссөн 2023 онд 763.4 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого урьдчилсан гүйцэтгэлээр 23.2 их наяд төгрөг хүрч, өмнөх оноос 35.6 хувиар өсжээ.

ЗГ: Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй уулзжээ. Газрын ховор металлын хамтарсан судалгааны төв байгуулах төсөл амжилттай хэрэгжиж буйг БНСУ-ын Ерөнхий сайд үнэлсэн байна. 

НЗДТГ: Нийслэл дэх бүх авто зогсоолуудыг нэгдсэн системд бүртгэнэ

Өнөөдрийн онцлох зураг

29 жилийн өмнө болсон Ханшиний их газар хөдлөлтөөр амь үрэгдэгсдийн дурсгалд зориулсан дэнлүү өргөх ёслол - Кобэ, Япон

STR/Jiji Press/AFP/Getty