2024/01/18

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Аялал жуулчлалаар Төв Азидаа толгой цохиж буй Киргиз улсын амжилтыг энэ дугаарт онцоллоо.

  2. Бизнесийн орчин муудсан 2023 онд бүртгэлтэй хуулийн этгээдийн 58.7 хувь нь "хаалгаа барьжээ"

  3. ОУВС: Өрийн хэмжээ маш өндөр байна. Мөн улс орнуудын төсвийн алдагдал цар тахлын өмнөх үеэс өндөр байх төлөвтэй.

Монголын хүсэж буйг Киргиз хийжээ

Нэг хүнд ногдох ДНБ-ээр Монголоос гурав дахин бага Киргиз улс цар тахлын өмнө буюу 2019 онд манай улсаас бараг 15 дахин их тооны гадаадын жуулчид хүлээн авчээ.

Хөгжлийн хувьд Монголтой ойролцоо гэгддэг, мөн зах зээлийн эринд зэрэг гараанаас гарсан гэж болохоор тус улс аялал жуулчлалын салбараа хэрхэн хурдацтай хөгжүүлж чадав?

Гэрлийн хурдаар

Нутаг дэвсгэрийн 90 хувь нь уулархаг, “Төв Азийн Швейцар” гэгддэг Киргиз улс тусгаар тогтнолын эхний 10 жилдээ аялал жуулчлалын салбарынхаа потенциалд төдийлөн анхаараагүй байна. Харин 2003 онд тус улс визийн бодлогоо либералчилсан бөгөөд тухайн жилд ердөө 342 мянган гадаадын жуулчин хүлээн авч байсан бол ердөө зургаан жилийн дараа уг тоог 2.45 саяд хүргэж, улмаар цар тахлын өмнөх 2019 онд 8.5 сая жуулчин хүлээн авсан нь түүхэн дээд амжилт болж байжээ.

Харин 2023 онд 10 сая жуулчин хүлээн авах төсөөллийг тус улсын Эдийн засаг, худалдааны яамны Аялал жуулчлалын газраас өнгөрсөн IV сард гаргаж байсан бөгөөд оны эхний есөн сарын статистикаас нь үзвэл 6.8 сая жуулчин тайлант хугацаанд хүлээн авсан байна.

Дэлхийн худалдааны байгууллагын мэдээлснээр Киргизийн аялал жуулчлалын салбар улсынхаа ДНБ-ий ойролцоогоор 5 хувийг бүрдүүлдэг бөгөөд ковид дэгдсэн 2020 онд ч 2.9 хувьтай байжээ.

Тэд юуг зөв хийсэн бэ?

Жуулчдыг татахад ч, байгалийн өвөө хадгалахад ч “эко аялал жуулчлал” тус улсын амжилтын томьёо болжээ. Барууны жуулчдын зорих гол цэг нь эко бааз, эко амралтын газрууд болж, мөн орон нутгийн малчид нь өөрсдөө гэр кэмпүүд байгуулж, “эко гэр кэмп” хэмээх брэндтэй болсон байна. 2022 онд тус улс 7.5 сая жуулчин хүлээн авснаас тэн хагас нь эко жуулчид байсныг Киргизийн Аялал жуулчлалын газрын дарга мэдээлж байв.

Түүнчлэн 2018 онд Киргизчүүд Дэлхийн нүүдэлчдийн наадмыг амжилттай зохион байгуулж, олон улсын хэвлэлүүдэд чиглэсэн PR кампанит ажлаар нүүдэлчдийн соёл, Торгоны замыг улсынхаа өвөрмөц брэнд болгосон нь жуулчдын тоо урьд байгаагүй эрчтэй өсөхөд түлхэц болжээ.

Цаашдаа ч энэхүү “экожуулах” трэндийг үргэлжлүүлж, Иссык-куль нуурын эрэгт 300 мянган хүнтэй “Asman Eco-City” хэмээх шинэ хот байгуулахаар төлөвлөсөн бөгөөд тус хотыг түшиглэн эмчилгээ, сувиллын аялал жуулчлалын төв байгуулагдахыг Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров мэдэгдсэн.

Хийх зүйл их байна

645 мянга гаруй жуулчин хүлээн авч, салбарын орлогоо 1.3 тэрбум ам.доллар хүргэсэн түүхэн амжилттай жилийг үдээд буй Монголын аялал жуулчлалын салбарт давах ёстой саадууд олон бий. Гол асуудал болох улирлын чанартай байдлыг багасгаж, өвлийн аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх, ямар үйлчилгээ санал болгох тал дээр санал, санаачилгууд ч гарч буй. 2019 онд дулааны улиралд ирсэн жуулчид нийт жуулчдын 70 орчим хувийг эзэлж байсан бол өнгөрсөн онд мөн л энэ хувь хадгалагджээ.

Түүнчлэн жуулчдын дахин ирэх сэдлийг төрүүлж, амьдралдаа ганц удаа очиж үзэх газар байлгахгүйн тулд аялал жуулчлалын гол бүсүүдэд нэгдсэн төлөвлөлт, дэд бүтцийн хөгжлийг эрчимжүүлж, жуулчны баазууд, агентлагууд, амралтын газар, зочид буудлуудыг оролцоог нэмэгдүүлэхээс эхлээд хийх ажил олон байна.

Чухал хуулийг хойшлуулав

Хөрөнгө оруулагчдын дунд хүлээлт үүсгэж, худалдааны танхимуудын дэмжлэгийг аваад байсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын намрын чуулганы хаалтын хуралдаанаар хойшлууллаа. УИХ-д 156 албан бичгээр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хойшлуулах санал ирсэн, “ард түмэн эсэргүүцэж байгаа” учраас энэ асуудлыг хойшлуулсныг УИХ-ын дарга мэдэгдэв.

Эрдэнэс Монгол & Кум Яанг

“Эрдэнэс Монгол” ХХК болон “Кум Яанг” ХХК нь Монгол, БНСУ-ын хооронд уул уурхайн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах гэрээний нөхцлийг бүрдүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр талууд чухал ашигт малтмалын хамтарсан судалгаа хийх, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр сургалт, семинар зохион байгуулж, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх аж.

Сайхан сэтгэлийг хэмжиж болно

“Сайхан сэтгэлийг хэмжиж болно. Мөн энэ нь бизнесийн маш ухаалаг арга барил юм. Хүнлэг сайхан сэтгэлтэй байх нь зөөлөн ур чадварт тооцогдож болох ч энэ бол хэмжигдэж, тоогоор илэрхийлэгдэх боломжтой зүйл. Мөн яагаад маш чухал вэ гэдгийг бид бидэнд цугларсан хангалттай хэмжээний тоо баримтаар баталж чадна. Иймд ямар ч жижиг үйлдэл өөрчлөлт бий болгодог шүү гэдгийг бид хүмүүст дандаа сануулдаг.

Сайхан сэтгэл бол сул дорой, нялцгай зөөлөн байх тухай биш, хүмүүсийн боддогчлон бизнест ач тусгүй биш л дээ. Шинжлэх ухааны үүднээс бодоод үзсэн ч, kindness.org вебсайт дээрх үзүүлэлтээсээ харсан ч тэр сайхан сэтгэл хүний аз жаргал, сайн сайхантай холбогддог. Бид судалгаагаа өөр өөр салбарын зургаан компанид явуулахад үр дүнд нь ажилтнууд цалингаас илүү эерэг сайхан хандлагыг чухалчилж байсан нь харагдсан” хэмээн Kindness.org-ийн Гүйцэтгэх захирал Жаклин Линдси Bloomberg-т өгсөн ярилцлагадаа онцолж байлаа.

Бүс нутагтаа сүүл мушгив

Тогтвортой хөгжлийн төлөв байдлын үзүүлэлтээр Улаанбаатар хот 100 онооноос 55.5 оноо авсан нь Зүүн Хойд Ази, Төв Азийн долоон нийслэлээс хамгийн бага үзүүлэлт болохыг MICC тайландаа онцолжээ.

Манай нийслэлийн хувьд хамгийн өндөр буюу 72.9 оноог “Жендерийн эрх тэгш байдлыг хангах” зорилт дээр авсан бол “Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байраар хангах” чиглэлд хамгийн бага буюу 34.9 оноо авчээ.

Сул зогсолт

Дэлхийн банкны тодорхойлсноор өндөр боловч "тэнцвэргүй" өсөлттэй байсан 2023 онд статистикийн бизнес регистрийн санд бүртгэлтэй 234.5 мянган хуулийн этгээд байснаас 58.7 хувь нь үйл ажиллагаа явуулаагүй байна. Түүнчлэн үйл ажиллагаа явуулсан нийт хуулийн этгээдийн 79.5 хувь нь худалдаа, үйлчилгээний салбарынх байгааг ҮСХ мэдээллээ.

2023 онд бизнесийн орчны үнэлгээ 2.68 болж, 2020 онтой харьцуулахад найман хувиар буурсныг МҮХАҮТ мэдээлж байсан юм. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгчид “Цар тахлын өмнөх үетэй харьцуулахад бизнесийн орчин муудсан” гэж үзжээ.

Урам хугалсан үзүүлэлтүүд

Лхагва гарагт танилцуулагдсан БНХАУ-ын эдийн засгийн гол үзүүлэлтүүд холимог дүр зурагтай байж, хөрөнгө оруулагчид дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орны өсөлтийн эрчээ хадгалах бодлогод сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байна.

БНХАУ-ын эдийн засаг өнгөрсөн онд 5.2 хувиар өссөн нь ЗГ-ынх нь албан ёсны зорилтот түвшнийг давсан боловч дотоодын эрэлт, хэрэглэгчийн итгэлд удаан хугацаанд нөлөөлж буй асуудлуудын ихэнх нь дээрдээгүй хэвээр үлджээ. Тухайлбал орон сууцны үнэ, үл хөдлөхтэй холбоотой зарцуулалтын хэд хэдэн үзүүлэлтүүд сул гарсны зэрэгцээ дефляцын эрсдэл хадгалагдсан байна.

БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Циан мягмар гарагт Давосын индэр дээрээс үг хэлэхдээ тус улсын ЗГ эдийн засгаа дэмжих томоохон арга хэмжээнд найдалгүйгээр өсөлтийн зорилтот түвшиндээ хүрч чадсаныг сайшаан тэмдэглэж байлаа.

“Итгэлцлийг сэргээх нь" сэдэвтэйгээр зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулганыг Bloomberg TV Mongolia Швейцарын Давос хотоос сурвалжилж байна.

Чуулганаар хэлэлцэгдсэн гол сэдвүүд, гарсан үр дүн, нөлөө бүхий зочдын байр суурийг багтаасан "Давос 2024" тусгай хөтөлбөрийг баасан гарагт хүлээн авч үзээрэй.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • Transparency International: Монгол Улс авлигын үзүүлэлтээр тасралтгүй муудаж буй 10 улсын нэг

  • В.Зеленский: 2023 онд дайны хажуугаар Украины эдийн засаг 5 хувиас давж, зорилтдоо хүрч өссөн

  • “BYD” автомашины ухаалаг функцүүдэд $14 тэрбумын хөрөнгө оруулна

Онцлох чарт

Apple компанийн iPhone 2023 онд дэлхийн хамгийн өндөр борлуулалттай гар утас болж, 2010 оноос хойш Samsung-ийн ноёрхож байсан байр суурийг булаажээ. Судалгааны IDC фирмийн тооцоолсноор iPhone өнгөрсөн онд 235 сая нэгж борлуулагдаж, дэлхийн зах зээлийн 20 гаруй хувийг бүрдүүлсэн бол 226.6 сая гар утас нийлүүлсэн Samsung хоёрдугаарт, БНХАУ-ын үйлдвэрлэгч Xiaomi гуравдугаарт бичигдсэн байна.

Өнөөдрийн онцлох зураг

Беларусын тамирчин Виктория Азаренка “Australia Open” тэмцээний үеэр давуулалт хийж буй нь

Norgan Hancock/Getty