2024/01/17

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Oxfam: Ирэх 10 жилийн дотор дэлхийн анхны долларын их наядтан төрөх магадлалтай.

  2. МХБ-ийн ТОП-20 индекс шинэчлэгдэж, 50 хувийг нь банк санхүүгийн байгууллагууд бүрдүүлэхээр боллоо.

  3. БНХАУ 2023 онд “эдийн засгаа дэмжих өргөн хүрээний арга хэмжээ” хэрэгжүүлэлгүйгээр ДНБ-ээ 5.2% өсгөснийг Ерөнхий сайд нь зарлав.

ТОП-20 шинэчлэгдэв

Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс шинэчлэгдэж, 50 хувийг нь банк санхүүгийн байгууллагууд бүрдүүлэхээр боллоо.

Үлдэх 15, шинэ 5

Биржийн журмын дагуу бүртгэлтэй бүх компанийг зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээ гэсэн хоёр үзүүлэлтээр эрэмбэлж, жил бүрийн эхэнд ТОП-20 индексийн багцыг шинэчлэн тогтоодог. Тэгвэл энэ онд өмнөх багцад багтаж байсан 15 компани хэвээр үлдэж, ХААН Банк, Худалдаа Хөгжлийн банк, Монложистикс Холдинг, Газар шим үйлдвэр, Монголын хөрөнгийн бирж гэсэн 5 компани шинээр нэмэгдэж байна. “Шинэ цэргүүд” бүгд өнгөрсөн онд IPO хийсэн компаниуд гэдгээрээ мөн онцлог болжээ.

2023 оны багцад зөвхөн “Талх чихэр” ХК нэмэгдэж орж байсны сацуу их наядаас дээш үнэлгээтэй ганцхан АПУ ХК байсан бол энэ онд ХХБ, ХААН Банкаар “их наядтангууд” бүл нэмж байна. Шинэчилсэн багцаас ХААН Банк ХК 2.05 их наяд төгрөгийн зах зээлийн үнэлгээтэйгээр тэргүүлж байгаа юм.

Харин Улсын их дэлгүүр, Бодь даатгал, Эрдэнэ Ресурс Девелопмент, Ард Санхүүгийн Нэгдэл, Ард даатгал гэсэн 5 компани ТОП-20 индексээс хасагдлаа.

ТОП-20 сагсны шинэ бүтцийг салбараар нь авч үзвэл банк, санхүүгийн байгууллагууд 50 хувь, үйлдвэрлэгчид 30 хувийг нь эзэлж байна.

“Санхүүгийн салбар унахад хөрөнгийн зах унахад бэлэн байна. Санхүүгийн зах зээл манай эдийн засгийн тодорхой нэг хэсэг болохоос бүхэлдээ биш. Иймд технологийн салбарын төлөөлөл хувьцаа, индекс бий болох гэх мэтээр төрөлжих хэрэгтэй” хэмээн Ти Ди Би Секьюритис ҮЦК-ийн Дэд захирал Г.Энхбат хэлж байв.

Багтаамж дүүрчээ

Өнгөрсөн онд хувьцаагаа нээлттэй санал болгосон банкнуудын дийлэнхийнх нь хувьцааны ханш IPO хийсэн ханшнаасаа уналттай байсны шалтгааныг ойр ойрхон зайтай хувьцаагаа гаргасан, үүнд нь зах зээл бэлэн байгаагүй, мөн захиалагчдын олонх нь жижиг хөрөнгө оруулагчид байсантай холбон тайлбарлаж буй.

Тоо дурдвал таван банкны IPO-д нийт 72 мянган хөрөнгө оруулагч оролцсоноос бараг 70 мянга буюу 97.5 хувь нь жижиг хөрөнгө оруулагчид байсныг СЗХ мэдээлж байв. Иргэдэд, жижиг хөрөнгө оруулагчдад хэт чиглэсэн зах зээлд хувьцааны ханшийн савлагааны эрсдэл илүү өндөр байдаг аж.

Түлшний импорт

ОХУ-аас Афганистан болон Монгол Улсад экспортолсон шатахууны хэмжээ 2023 оны IV улиралд 28 хувиар өсөж, зургаан сая тонн хүрсэн байх тооцоолол гараад байна. Афганистан болон ОХУ дэлхийн түүхий эдийн дундаж үнээс хямд үнээр бензин, дизель түлш, байгалийн хий, улаан буудай худалдан авах гэрээтэй аж. Монгол Улс өнгөрсөн онд ОХУ-аас 708 мянган тонн шатахууныг төмөр замаар импортолсон нь жилийн өмнөхөөс 12 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Түүнчлэн Монгол Улсын дизель түлшний импорт 39 хувиар өсжээ.

Гадаадыг зоригсод

Шууд нислэг болон визгүй зорчих орнуудын тоо нэмэгдсэний нөлөөгөөр өнгөрсөн онд гадаадад зорчсон Монголын иргэдийн тоо давхардсан тоогоор 2 саяд хүрлээ. Үүнээс 67.6 хувь нь аялал жуулчлалын зорилгоор хилийн дээс алхсан нь өмнөх оноос 3.2 дахин өссөн үзүүлэлт болжээ.

Цар тахлын жилүүд буюу 2020, 2021 онуудад улсын хилээр орсон зорчигчдын тоо гарсан зорчигчдоос илүү байсан бол сүүлийн хоёр жилийн хугацаанд эсрэгээрээ хилээр гарагсдын тоо давамгайлах болсон байна.

Шинэчлэлтийн шуурга

“Өнөөгийн бизнес модель нь ирэх 10 жилд тэсэж үлдэхгүй” хэмээн дэлхий даяарх Гүйцэтгэх захирлуудын бараг тэн хагас нь үзэж байгаа нь PwC-ээс Давосын эдийн засгийн чуулганы үеэр танилцуулсан тайлангаас харагдаж байна.

Хиймэл оюун зэрэг технологийн дэвшлийн хурд, уур амьсгалын асуудал үүнд ихээхэн нөлөөлж байгаа аж. PwC-ийн зүгээс энэ талаар "Бизнесүүд цаашдын ашгийн өсөлтийн тухайд өөдрөг байх нь багасаж, бизнес загвараа сууриар нь шинэчлэх шаардлагатай байгааг хурцаар мэдэрч байна" гэжээ.

Их наядтан төрнө

Ирэх 10 жилийн дотор дэлхийн анхны долларын их наядтан төрөх магадлалтайг Oxfam International байгууллага улс төр, бизнесийн элитүүд Швейцарын Давост чуулж буй энэ үед гаргасан шинэ судалгаандаа онцолжээ.

2020 оноос хойш Илон Маск тэргүүтэй хамгийн чинээлэг таван тэрбумтны хөрөнгө бодитоор хоёр дахин өссөн байхад дэлхийн 5 тэрбум хүний орлогын түвшин энэ хугацаанд улам буурсныг тус байгууллагаас тодотгосон байна.

Энэхүү судалгаа нь дэлхий нийт "хуваагдлын 10 жил"-д орж буйг харуулсан болохыг Oxfam-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Амитаб Бехар хэлж байлаа.

“Ядуурлыг бүр мөсөн үгүй болгоход дор хаяж 230 жил шаардагдахаар байна. Бид энэ тэгш бус байдал, тэрбумтнуудын эрин санамсаргүй болоогүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бол манай эдийн засгийн систем, улс төрийн системийн үр дүн, эдгээрт өөрчлөлт хэрэгтэй. Үүнийг шийдэх бодитой арга замууд бий. Засгийн газрууд компаниудыг татвараа шударгаар төлж байгааг баталгаажуулах ёстой. Мөн хэт чинээлэг хүмүүст татвар тооцох хэрэгтэй” хэмээн тэрбээр Давос хотноо Bloomberg TV Mongolia-д өгсөн ярилцлагадаа онцолсон юм.

“Итгэлцлийг сэргээх нь" сэдэвтэйгээр зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулганыг Bloomberg TV Mongolia Швейцарын Давос хотоос сурвалжилж байна.

Чуулганаар хэлэлцэгдсэн гол сэдвүүд, гарсан үр дүн, нөлөө бүхий зочдын байр суурийг багтаасан "Давос 2024" тусгай хөтөлбөрийг баасан гарагт хүлээн авч үзээрэй.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • БНХАУ-ын ДНБ-ий өсөлт 2023 онд 5.2 хувь болж, зорилтот 5 хувийн түвшнийг давсан байх төлөвтэй

  • "Баавгай болохсон" ба алдагдсан 4.2 жил: Монголд хүн капитал төлөвшихөд юу саад болж байна вэ

  • Ажлын орчны уур амьсгал болон аз жаргалын хамаарал

Онцлох чарт

БНХАУ-ын эдийн засгаа дэмжих бодлогын үр дүнд тус улсын төмрийн хүдрийн эрэлт тогтвортой, үе шаттайгаар нэмэгдэх төлөвтэй гэж Rio Tinto таамаглаж байна. Тус улсын эдийн засагт өнгөрсөн оны IV улирлаас эхлэн тогтворжих шинж тэмдгүүд илэрч эхэлсний сацуу дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбараа дэмжих арга хэмжээнүүдийн үр дүнд үл хөдлөх хөрөнгийн салбар нь мөн сэргэж байгаа гэж үзжээ.

Харин зэсийн олборлолт энэ онд дэлхийн хэмжээнд 5.8 хувиар өсөж, эрэлтээ давснаар зах зээлд бага хэмжээний илүүдэл үүсэх төлөвтэйг Cochilco тооцоолсон байна. Үүнтэй зэрэгцэн тус металлын нийлүүлэлтээр тэргүүлэгч Чили улс зэсийн үнийн төсөөллөө нэмэгдүүлж, энэ онд нэг паунд нь дунджаар 3.8 ам.доллар байна гэж таамаглажээ.

НЗДТГ: Хотын төвөөс 34 км-ийн зайд 130 га талбайд Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулна

ҮСХ: Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 763.4 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2.0 дахин өсөв.

Өнөөдрийн онцлох зураг

Швейцарын Давос дахь ДЭЗФ-ын Конгрессын танхимын гаднах төрийн далбаанууд

Stefan Wermuth/Bloomberg