- Business newsletter
- Posts
- 2024/01/16
2024/01/16
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Голомт банкны IV улирлын цэвэр ашиг 180.8 тэрбум төгрөгт хүрчээ.
ОУВС: Хиймэл оюун дэлхийн нийт ажлын байрны 40 орчим хувьд ямар нэгэн байдлаар нөлөөлнө.
Хүн капитал, түүний суурь болох чанартай боловсролын хүртээмжийн нөхцөл байдлын талаар энэ дугаарт онцоллоо.
Хүн капиталын суурь нь боловсрол
“Ядуурлаас хүнийг сайн боловсрол л аварна. Өнөөдөр Монголд ядууралд өртсөн таван хүн тутмын хоёр нь хүүхэд байхад сайн боловсрол олох боломжийг үргэлж хаасан шийдвэр гаргаж байна” гэж өдгөө анхаарал татаж буй “Баавгай болохсон” киноны найруулагч П.Золжаргал бидэнд өгсөн ярилцлагадаа хэлж байлаа.
Улс орны эдийн засгийн хөгжлийн чухал хүчин зүйл болох хүн капитал, түүний анхдагч суурь болдог чанартай боловсролын хүртээмжийг Дэлхийн банк судалгаандаа хэрхэн дүгнэж, бодлогын ямар зөвлөмжүүд өгснийг эмхэтгэн хүргэж байна.
Халамж нэмэгдсэн ч байдал дээрдээгүй
Монгол Улсын боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын зарцуулалт хөгжлөөр дүйцэхүйц бусад оронтой харьцуулахад өндөр байгаа ч иргэд гадаад шокт өртөмтгий, ядуурлын түвшин төдийлөн буураагүй хэвээр байгаа нь эн тэргүүнд анхаарал хандуулах ёстой бэрхшээл болохыг Дэлхийн банкнаас гаргасан “Монгол Улс: Хүн капиталд оруулах хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх нь” судалгаанд онцолжээ.
Нийгмийн хамгааллын зарцуулалтын өсөлт, нийгмийн халамжийн тогтолцоо нь иргэдийн аливаа “шок”-оос хамгаалж чадахгүй байгаа нь гол статистикуудаас харагдаж буй. Тухайлбал арван жилийн мөчлөгөөр харвал 2000-2010 оны хооронд Монгол Улсын Хүний хөгжлийн индекс 1.6 хувиар өсөж байсан бол 2010-2021 онд ердөө 0.48 хувиар өссөн байна.
Тулгамдсан асуудлын гол зангилаа болох ядуурал нь хүүхэдтэй, ялангуяа өсвөр насны хүүхэдтэй өрхүүдэд ихээхэн нөлөөлж байгаа нь ирээдүйн хүн капитал төлөвшихөд саад болж буйг тус судалгаанд тодотгожээ.
Дэлхийн банкны тооцоолсноор Монгол Улсын хүн капиталын индекс 63 хувь байгаа нь өнөөдөр Монголд төрж буй хүүхэд эрүүл өсөж бойжин, бүрэн боловсрол эзэмшсэн тохиолдолд 63 хувийн бүтээмжтэй байна гэсэн үг юм. Гэтэл Монголд сургуульд суралцах дундаж жилийг (13.6 жил) чанартай нь уялдуулан тооцож үзэхэд зөвхөн 9.4 жил нь суралцсан жилүүд болж байна. Өөрөөр хэлбэл хүүхдүүд сургуульд хамрагдсан хугацааныхаа ойролцоогоор 4.2 жилд нь суралцахгүй байна гэсэн үг болохыг судалгаанд тайлбарлажээ.
Үүнээс дүгнэвэл Монгол Улсад боловсролын үйлчилгээний үр нөлөөг сайжруулж, бүтээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага маш их байна.
Онцлох зөвлөмжүүд
Өнөөг хүртэл байгалийн нөөц баялагтаа түшиглэн хөгжиж ирсэн Монгол Улс гагцхүү хүн капитал болон инновацад хөрөнгө оруулж байж л илүү тогтвортой, бат бэх суурьтай эдийн засгийн хөгжилд хүрч чадна гэж үзсэн байна.
Үүний тулд амьдралын эхний жилүүдэд хүн капиталын суурийг тавьж, салбарт хүний нөөцийн удирдлагын болон хариуцлагын хатуу тогтолцоог бий болгож, үр дүнтэй багшлах арга зүйг дэмжиж, нийгмийн халамжийн тогтолцоотой уялдаатайгаар ядуу өрхийн хүүхдүүдийн хүн капиталд хөрөнгө оруулах зэрэг нь бодлогын зөвлөмжүүдийн тэргүүн эгнээнд бичигджээ.
Цар тахлын үед үүссэн сургалтын хоцрогдлыг арилгах шаардлагатай байгаа энэ үед цахим хичээлийн үр ашигтай холбоотой эргэлзээ өндөр байгаа. Үүнтэй холбоотойгоор төрөл бүрийн зайны сургалтын үр дүнг үнэлэх, сурлагын хоцрогдол арилгах хөтөлбөр болон хоцрогдлыг багш үнэлэх аргачлал боловсруулах богино хэмжээний арга хэмжээнүүд авахыг Дэлхийн банкнаас мөн зөвлөжээ.
Хүн ам буурав
2023 оны эцсийн урьдчилсан дүнгээр Монгол Улсын хүн ам 3.5 сая болж өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар буурснаас гадна 1,000 хүнд ногдох төрөлт өмнөх оноос 0.6 хувиар мөн буурчээ. Ингэснээр Монгол Улсад төрөлтийн түвшин сүүлийн дөрвөн жил дараалан буурч байна.
ҮСХ-ны 2015 оны тооцоолоор хүн ам 2031 онд 4 саяд хүрнэ гэж үзэж байсан бол 2020 оны тооцооллоор тус босго хоёр жилээр хойшилж, 2033 он болж байв.
Sponsored
Гадаад шилжүүлэг саадгүй
Монгол Улс 2019 онд ФАТФ-ын саарал жагсаалтад орсноор Монголын арилжааны банкнууд ам.долларын гадаад төлбөр тооцооны системээс хасагдсан. Тэгвэл Худалдаа, хөгжлийн банк Монгол Улсаас анх удаа АНУ-ын арилжааны ТОП банк болох Bank of New York Mellon-той хамтын ажиллагаа эхлүүлж, ностро дансаа нээж байна. Ийнхүү Монгол Улс дэлхийн ам.долларын төлбөр тооцооны системд эргэн нэгдэж чадлаа.
Ингэснээр хоёр орны хооронд бизнес эрхэлдэг компани болон иргэдэд маш том боломж нээгдэх юм. Товчхондоо дэлхийн 100 улс руу ам.долларын гадаад шилжүүлэг илүү ХЯМД, илүү ХУРДАН хийгддэг болно.
Бөөрөлжүүтийн ЦС яав?
Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт баригдаж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станц энэ оны 10 дугаар сараас Улаанбаатар хотын төвийн эрчим хүчинд 150 мВт хүчин чадлыг нийлүүлж эхлэхээр байгааг НЗДТГ мэдээлэв. Дөрвөн үе шаттай хэрэгжих тус төслийн хоёрдугаар үе шат нь 2025 онд хэрэгжиж, нэмэлт 150 мВт-ыг нийлүүлэх аж.
Голомт Банк ХК-ийн ашиг
Голомт банкны IV улирлын аудитлагдаагүй тайлангаар компанийн цэвэр ашиг 180.8 тэрбум төгрөгт хүрсэн нь IPO зарлах үеийн төлөвлөгөөнөөс нь 44 хувиар давсан үзүүлэлт болов.
2022 оны 11 дүгээр сард IPO хийж, хувьцааныхаа 10.09 хувийг санал болгосон тус компани захиалгын эрэлт өндөр байсантай холбоотойгоор нэмж 12 сая ширхэг хувьцаа гаргаж, нийт 118.8 тэрбум төгрөг татан төвлөрүүлж байв.
Жуулчдын тоо 2 дахин өсөв
ҮСХ-ны мэдээлснээр улсын хилээр 2023 онд гадаадын 644.1 мянган хүн орсон нь өмнөх оноос 343.5 мянгаар буюу 2.1 дахин нэмэгдсэн байна. Тэдний 88.9 хувь нь 30 хоног хүртэл, 0.3 хувь нь 60 хоногоос дээш, 2.0 хувь нь 90 хоног хүртэл, 8.8 хувь нь 90 хоногоос дээш хугацаагаар иржээ.
AI ба ажлын байр
Хиймэл оюун нь дэлхийн нийт ажлын байрны 40 орчим хувьд ямар нэгэн байдлаар нөлөөлөхөөр байгааг Олон Улсын Валютын Сан шинэ тайландаа онцоллоо. Тэр дундаа хөгжингүй орнууд дахь ажлын байрны 60 орчим хувь нь хиймэл оюуны нөлөөнд өртөж болзошгүй байгаа нь хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудтай харьцуулахад өндөр байгаа юм.
“Ихэнх тохиолдолд хиймэл оюун тэгш бус байдлыг улам дордуулах магадлалтай. Тиймээс бодлого боловсруулагчид үүнээс сэргийлэхийн тулд идэвхтэй арга хэмжээ авах ёстой” гэж ОУВС-ийн тэргүүн Кристалина Георгиева өгүүлжээ.
Худал мэдээллийн уршиг
“Ташаа мэдээлэл одоо зарим талаар хяналтаас гарч эхэлж байна. Мөшгихөд улам л хэцүү болж байна. Ялангуяа мөшгих систем, цахим тэмдэглэгээний систем байхгүй, дээрээс нь олон нийт зохиомол, тэр дундаа худал мэдээллийн сөрөг талын талаар мэдээлэл, ойлголт муутай байгаа үед. Олон хүнийг хамарсан эдийн засгийн хүнд нөхцөл байдал, улам газар авч буй хуурамч контент нь ард иргэд удирдагчдаа сонгодог сонгуулийн жилтэй давхцахаар эдгээр нь нийлээд маш уршигтай урьдач нөхцөл болж болно” хэмээн ДЭЗФ-ын захирал Саадиа Захиди Bloomberg-т өгсөн ярилцлагадаа онцолсон байна.
Швейцарын Давос хотноо энэ сарын 15-19-ний өдрүүдэд болох Дэлхийн эдийн засгийн чуулганыг "Bloomberg TV Mongolia" газар дээрээс нь сурвалжилж, хамгийн гол мэдээллийг нөлөө бүхий зочдын байр суурийн хамт хүргэх болно.
Чуулганы төгсгөлийн өдөр цацагдах “Давос 2024” нэг цагийн тусгай хөтөлбөртэй хамт байгаарай.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Ураны үнэ сүүлийн 15 жилийн дээд түвшинд хүрлээ
“Codelco” сүүлийн 10 жилд байгаагүй тааруу жилээ үдэв
Сурагчид өөрийгөө үнэлэх шинэ систем нэвтэрлээ
Онцлох чарт
Улирлын чанартай эрэлт огцом өсөх үед хангалттай нийлүүлэлтийг бий болгох БНХАУ нүүрс олборлолтоо эрчимтэй нэмэгдүүлж байна. 2023 онд тус улс нийт 4 тэрбум тонн гаруй нүүрс олборлосон байх тооцоог БНХАУ-ын Нүүрс тээвэр, түгээлтийн ассоциацаас гаргажээ. Ингэснээр олборлолт нь сүүлийн зургаан жил дараалан тасралтгүй өсөхөөр болж байгаа юм.
Өнөөдрийн онцлох зураг
Исландын Гриндавик тосгоны дэргэдэх галт уул идэвхжиж, үнс нурам, лааваар бялхаж буй нь
Исланд улсын Иргэний хамгаалал, онцгой байдлын удирдлагын газар/Getty