2024/01/15

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Ойрын хугацаанд Монголд болон дэлхий дахинд хамгийн том нөлөө үзүүлэх магадлалтай эрсдэлүүдийг энэ дугаарт онцоллоо.

  2. МИК: $225 саяын “Хулан“ бондыг олон улсын зах зээл дээр амжилттай арилжааллаа

  3. Дэлхийн эдийн засгийн чуулган өнөөдөр эхэлж байна. Энтони Блинкен, Ли Цян, Э.Макрон, В.Зеленский зэрэг дэлхийн удирдагчдын оролцох тус арга хэмжээг Bloomberg TV Mongolia сурвалжилж байна.

Айсуй эрсдэлүүд

Томоохон сонгуулиуд болон эдийн засгийн хүндрэл давхцахаар байгаа ойрын хоёр жилд дэлхий нийтэд учирч болох хамгийн том эрсдэл нь хуурамч, ташаа мэдээлэл байхыг Дэлхийн эдийн засгийн форумын судалгаа харуулж байна.

Таагүй давхцал

Дэлхийн элитүүд Швейцарын Давост чуулахын өмнө жил бүр гаргадаг “Олон улсын эрсдэлийн судалгаа”-нд энэ онд 1,400 гаруй эксперт, бодлого тодорхойлогч, салбарын манлайлагчид хамрагдаж, ойрын хугацаанд дэлхийн эдийн засагт заналхийлж буй гол эрсдэлүүдийн нэгдүгээрт хуурамч, ташаа мэдээллийг эрэмбэлсэн байна. Харин ирэх арван жилийн эрсдэлүүдийн тоонд эрүүл мэнд, байгаль орчинтой холбоотой санаа зовнил давамгайлсан нь өмнөх судалгаануудад ч ажиглагдаж байсан хандлага юм.

Энэ онд 3 тэрбум давсан хүн саналаа өгөх бөгөөд тэр дундаа АНУ, Энэтхэг, Их Британийн сонгуулиудын үр дүн олон улсад хамгийн том нөлөөтэй байхаар байна. Инфляцын шок, бодлогын хүүгийн өндөр түвшинд туйлдсан эдийн засаг болон хуурамч контентын ид өсөлт сонгуулийн жилд давхацсан нь ирэх саруудад маш хүндхэн нөхцөл байдал үүсгэж болзошгүйг ДЭЗФ-ын захирал Саадиа Захиди Bloomberg-т өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Монголд ямар эрсдэлүүд тулгарах вэ?

Улс тус бүрд тулгарах богино хугацааны эрсдэлүүдийг эрэмбэлсэн ДЭЗФ-ын судалгаанд Монгол Улсад ирэх хоёр жилийн хугацаанд хамгийн том нөлөө үзүүлэх магадлалтай эрсдэлээр эдийн засгийн уналт буюу ДНБ-ий бууралт нэрлэгдсэн бол ажиллах хүчний хомсдол болон инфляц дараагаар нь оржээ.

Олон улсын байгууллагууд, үнэлгээний агентлагуудын анхааруулсанчлан Монголд макро эдийн засгийн эрсдэлүүд өндөр хэвээр байгаа нь тэргүүлэх 5 эрсдэлийн 4 нь эдийн засагтай холбоотой байгаагаас харагдаж байна.

Эдийн засгийн уналт: Дийлэнх олон улсын байгууллагуудын төсөөллөөр энэ онд эдийн засгийн өсөлт эрчимжих төлөвтэй ч цаашид тогтвортой хадгалахад төсвийн тэлэлт, өрийн дахин санхүүжүүлэлт эрсдэл учруулахаар байгааг анхааруулж буй. Түүнчлэн түүхий эдийн эрэлтээс үүдэлтэй гадаад шокт хэт эмзэг Монгол Улсад БНХАУ-ын үйлдвэрлэл удаашрах нь томоохон сөрөг нөлөө үзүүлэх магадлалтайг Дэлхийн банк сүүлийн тайландаа онцолжээ.

“Түүхий эдийн эрэлт сайн байх жилд л Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт сайн гарч байгаа. Мөчлөгөөс хамаарч төсвийн орлого тогтвортой байхгүй учраас маш оновчтой зарцуулах ёстой” хэмээн Эдийн засагч Н.Энхбаяр өгүүлж байлаа.

Ажиллах хүчний хомсдол: Цар тахлаас хойш дийлэнх салбарт, ялангуяа хөдөлмөр их шингээдэг, эдийн засагт үзүүлэх хувь нэмэр сайтай уул уурхайн бус салбарт тулгарч буй гол асуудлуудын нэг нь ажиллах хүчний хомсдол болоод байгаа.

Монгол Улсад ажилгүйдлийн түвшин 2016 оноос хойших хамгийн бага түвшинд хадгалагдаж буй боловч ажиллах хүчний оролцооны түвшин цар тахлын өмнөх түвшнээс доогуур хэвээр байгааг Монголбанк өнгөрсөн оны инфляцын тайландаа дурдаж байв.

Инфляц: Монголбанкны зорилтот түвшин рүү дөнгөж ороод байгаа инфляц сонгуулийн өмнөх уламжлалт зардлын өсөлт, цалин хөлсний нэмэгдэл зэргээс шалтгаалан оны сүүлээр дахин хөөргөдөх эрсдэл нэлээн өндөр байна.

Швейцарын Давос хотноо энэ сарын 15-19-ний өдрүүдэд болох Дэлхийн эдийн засгийн чуулганыг "Bloomberg TV Mongolia" газар дээрээс нь сурвалжилж, хамгийн гол мэдээллийг нөлөө бүхий зочдын байр суурийн хамт хүргэх болно.

Чуулганы төгсгөлийн өдөр цацагдах “Давос 2024” нэг цагийн тусгай хөтөлбөртэй хамт байгаарай.

АХБ-ны ээлжит зээл

Сангийн сайд Б.Жавхлан, Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Шэннон Ковлин нар “Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн 1-р үе шатыг санхүүжүүлэх 140.2 сая ам.долларын зээл, 28.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

ДНБ 5.8% өснө

Монгол Улсын эдийн засаг 2023 онд 5.8 хувь, 2024, 2025 онд тус тус 6.2 хувь болон 6.4 хувиар өсөх төлөвтэйг Дэлхийн банк сүүлийн тайландаа дурджээ. Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн ихэнх оронд инфляц бага зэрэг саарах төлөвтэй ч Лаос, Монгол зэрэг зарим улсуудад тодорхой хүчин зүйлсээс шалтгаалан инфляцын түвшин өндөр хэвээр хадгалагдах хүлээлттэйг анхааруулсан байна.

Тодруулбал валютын ханшийн сулралт, импортын бараа, бүтээгдэхүүний үнэ өндөр байх зэрэг хүчин зүйлс нөлөөлөхөөр байгаа аж.

Хятадын нүүрсний импорт

Тээврийн дэд бүтцийн сайжруулалт, өрсөлдөхүйц үнийн нөлөөгөөр БНХАУ-ын Монголоос авах коксжих нүүрсний хэмжээ 2024 онд 10 хувь давж өсөх боломжтой гэж Бээжинд төвтэй Нүүрсний биржийн удирдлагаас мэдэгдсэнийг SxCoal онцолжээ.

Тус улсын Монголоос импортлох нүүрсний 60 хувь нь дамждаг, хуурай газрын хамгийн том боомт болох Ганцмод боомтын дэд бүтцэд өнгөрсөн онд 40 сая юанийн хөрөнгө оруулалт хийгдсэнийг Хятадын төрийн хэвлэл мөн мэдээлсэн байна.

Гэхдээ 2023 онд Монголын экспортолсон коксжих нүүрсний дундаж үнэ тонн нь 974 юань байсан нь ОХУ-ынхаас 20 хувь, Австралийнхаас даруй хоёр дахин хямд үнэ болохыг БНХАУ-ын гаалийн тоо баримт харуулж байна.

Одоо, эсвэл…

“Сонгуулийн өмнөх улс төржилтөөс болж хөрөнгө оруулагчдын эргэлзээ нэмэгдэх тул Хөрөнгө оруулалтын шинэ хуулийг цаг хугацааны хувьд одоо л батлах хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдал гэдэг нэрээр Монгол Улсын хөгжилд нэмэр болох төслүүдийг саатуулах олон тохиолдол гарч байсан. Эрүүлээр сэтгэж, хэрсүү байж энэ асуудлыг шийдэх ёстой.

Далайд гарцгүй байдал, нийлүүлэлт, логистикийн сул талуудаа нөхөхийн тулд бидэнд гуравдагч хөршүүдээс хөрөнгө оруулалт татах сонголт л бий. Үүний тулд хөрөнгө оруулалтын таатай нөхцөл санал болгож, хууль эрхзүйн орчноо өрсөлдөх чадвартай болгох нь чухал” хэмээн "Амчам Монгол"-ын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс бидэнд өгсөн ярилцлагадаа онцолж байв.

Овоотын нүүрс чанартай

Шинжилгээгээр Хөвсгөл аймгийн нутаг дахь “Овоот” уурхайн нүүрс "FM36 битумтай нүүрс", "ховор төрлийн өндөр чанарын коксжих нүүрс" ангилалд орсныг Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй Aspire Mining компани мэдээллээ. Ингэснээр тус уурхайн нүүрсийг "тосон нүүрс" гэж үзэн илүү өндөр үнээр худалдах боломжтой болж байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Сэм Бауэлс онцолсон байна.

Aspire Mining компани “Овоот” коксжих нүүрсний уурхайг 100 хувь, харин “Нүүрстэй” коксжих нүүрсний уурхайн 90 хувийг эзэмшиж байна.

Sponsored

IT аутсорсинг зогсолтгүй тэлнэ

Аутсорсинг үйлчилгээ нь компанийн хувьд цаг хугацаа болон нөөцийг хэмнэх хамгийн оновчтой аргуудын нэг. Statista-ийн тооцоолсноор мэдээллийн технологийн аутсорсинг үйлчилгээний зах зээл 2024 онд 512.5 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа бөгөөд цаашдаа жил бүр дунджаар 11 хувиар тэлсээр 2028 он гэхэд 777.7 тэрбум ам.доллар хүрэхээр байна. Тэгвэл зөвхөн танд зориулсан мэдээлэл технологийн аутсорсинг үйлчилгээг хамгийн багадаа таван жилийн ажлын туршлагатай инженерийн баг хамт олноос бүрдсэн "Ай Ти Аутсорсинг Монголиа" компани үзүүлж байна.

Брекситийн төлөөс

Лондон хотын захирагч Садик Хан “Брексит”-ийг Их Британийн эдийн засагт 178 тэрбум ам.долларын хохирол учруулсан хэмээн буруутгаж, Европын Холбоотой харилцаагаа яаралтай сэргээн босгох замаар уналтыг сааруулахыг Засгийн газартаа уриалсан байна. Их Британи, ЕХ-ны “салалт”-ын улмаас тус улсын хэмжээнд боломжит ажлын байрны тоо 2 саяар цөөрч, ялангуяа Лондонд 290 мянган ажлын байр үгүй болсныг “Cambridge Econometrics”-ийн судалгаа харуулжээ.

“Бодсоноос хатуу хэрэгжсэн Брексит манай эдийн засгийг доош нь чангааж, амьжиргааны өртгийг нэмэгдүүлж байна” хэмээн тэрбээр онцолжээ.

Airbus дүүлсээр

Цар тахлын дараа түлшний хэмнэлттэй агаарын хөлгийн эрэлт нэмэгдсэн нь Airbus компанийн онгоцны захиалга 2023 онд хоёр мянга давж, дээд амжилт тогтооход нөлөөлжээ. Компани өнгөрсөн онд Turkish Airlines болон энэтхэгийн Indigo, Air India компаниудтай томоохон хэлцэл хийж, тайлант хугацаанд нийт 2,094 онгоцны захиалга авсан нь 2014 онд тогтоож байсан агаарын тээврийн салбарын түүхэн дэх дээд түвшинг давсан байна. Ялангуяа A320 Neo загварын нарийн биет, A350 загварын өргөн биет хөлгүүдийнх нь борлуулалт эрс сайжирсныг онцолжээ.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • МХБ жилийн хугацаанд 15.1 сая тонн нүүрсийг ₮7.4 их наядаар арилжжээ

  • Ирээдүйн бэлэн байдлын индексээр Монгол Улс 124 улсаас 75 дугаарт эрэмбэлэгдэв

  • “Netflix”-ийн идэвхтэй хэрэглэгчийн тоо 8 саяар нэмэгдлээ

Онцлох чарт

Үйлчилгээний өртөг өндөр хэвээр үлдэж, бараа, бүтээгдэхүүний үнэ эргэн өсөж эхэлснээр 2023 оны 12 дугаар сард АНУ-ын хэрэглээний үнийн индекс 3.4 хувьд хүрч өссөн байна. Үүнд мөн орон сууц, автомашин, эрчим хүчний үнэ 2023 оны есдүгээр сараас хойш өсөлтөө хадгалсан нь нөлөөлжээ.

Эдийн засгийн үзүүлэлтүүдийг харгалзан Холбооны нөөцийн банк 2024 онд бодлогын хүүг гурван удаа бууруулна гэсэн хүлээлттэй байгаа юм. Хамгийн эхнийх нь ирэх гуравдугаар сард байх болов уу гэж бизнес эрхлэгчид таамаглаж буй.

Өнөөдрийн онцлох зураг

Тайванийн Гаосюн хотын Pier-2 Art Center төвд сельфи хийж буй эмэгтэй

Yasuyoshi Chiba/AFP/Getty