2024/01/12

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Маргаан дагуулаад буй хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хөрөнгө оруулалтын орчны талаар энэ дугаарт онцоллоо.

  2. WEF: Ойрын 2 жилд хуурамч, ташаа мэдээлэл олон улсын хэмжээнд хамгийн их эрсдэл дагуулахаар байна

  3. Aspire Mining: Монгол дахь Овоотын нүүрсний уурхайн нүүрсийг 'FM36 битумтай нүүрс', 'ховор төрлийн коксжих нүүрс' ангилалд орууллаа.

Урагшлах уу, гацах уу

1990 оноос хойш 15 мянга гаруй гадаадын хөрөнгө оруулалттай компани, ААН бүртгүүлснээс өдгөө 5,400 гаруй нь татан буугдсан, 2012 оноос хойш ДНБ-д харьцуулсан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ дорвитой өсөөгүй зэрэг үзүүлэлтүүдээс гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад ямар дүн тавьж буй нь харагдана.

Тэгвэл 2020 оны сонгуулиар байгуулагдсан УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад хагас жил хүрэхгүй хугацаа үлдээд буй энэ үед Хөрөнгө оруулалтын тухай хуулийг тойрсон хэлэлцүүлэг, маргаан дээд цэгтээ хүрээд байна.

Тааруухан орчин

Монгол Улс сүүлийн найман жилийн хугацаанд хөрөнгө оруулалт хариуцсан агентлаггүй явж ирсэн нь хөрөнгө оруулалт татах асуудал хэрхэн орхигдсоныг харуулж байгааг Монголын Бизнесийн Зөвлөлөөс онцолж байв. Дэлхийн банкны судалгаанд дурдсанаар Монголд гурван хөрөнгө оруулагч тутмын нэг нь гэрээ зөрчигдсөнөөс болж хөрөнгө оруулалтын шийдвэрээсээ буцдаг аж. Мөн Монгол Улсын шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар хөрөнгө оруулагч маргаан гомдлоо шийдвэрлүүлэхэд дунджаар 6.2 жилийн хугацаа зарцуулж байна гэсэн судалгааг ХЗДХЯ гаргажээ.

Тэгвэл таван жил гаруй хугацаанд яригдаж, танхим ба мэргэжлийн холбоод, олон улсын байгууллагууд, ААН-үүдээс 700 гаруй санал авсан хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, Төрийн байгууллагуудын уялдаа холбоо, маргаан үүсэхэд шийдвэрлэх арга зам зэргийг тусгасныг хөрөнгө оруулагчид сайшааж буйг “АмЧам Монгол”-оос онцолсон.

Онцлох заалтууд ба эсэргүүцэл

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, гомдлыг шийдвэрлэх асуудлаар уг хуулийн төсөлд нэмэгдсэн гол заалтууд гэвэл шинээр байгуулагдах Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зөвлөл болон тусгай агентлагийн чиг үүргийг тусгаж өгчээ. Мөн харилцагч талууд маргаанаа зургаан сарын дотор шийдвэрлэж чадахгүй бол олон улсын арбитрт хандах эрхийг нь баталгаажуулах заалт оруулсан нь онцлог болж байна.

Харин одоо хэрэгжиж буй хуулиас татварын бүх хөнгөлөлт, урамшууллын заалтыг хасахаар оруулжээ. Татвартай холбоотой асуудал зөвхөн Татварын тухай хуулиар зохицуулагдах ёстой хэмээн Эдийн засаг, хөгжлийн сайд тайлбарласан юм.

Зарим улс төрийн хүчин, УИХ-ын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан өөрчлөлт нь гадаадын хөрөнгө оруулагчдад тавьдаг 100 мянган ам.долларын босгыг халах заалт болов.

Олон улсын жишгээр хөгжиж буй эдийн засагтай орнууд ийм босго тавьдаггүй, газарзүйн байршлын хувьд хүндрэлтэй Монгол Улсад бусад орнуудаас давуу болох таатай нөхцөл хэрэгтэй, мөн илүү оюуны шинж чанартай стартапууд, гарааны бизнесүүдийн хөрөнгө оруулалтыг хаадаг тул $100 мянгын босгыг арилгах нь зүйтэй гэж танхимууд, эдийн засагчид мөн дэмжиж байсан юм.

Эсэргүүцэгчдийн зүгээс үндэсний аюулгүй байдалтай холбон шүүмжилж буй өөр нэг заалт нь газар ашиглалттай холбоотой заалт болж байна. Одоо мөрдөгдөж буй 2013 оны шинэчилсэн найруулгад 60 хүртэл жилээр газар ашиглуулах, эзэмшүүлэх, уг хугацааг нэг удаа 40 хүртэл жилээр сунгах заалттай бол энэ удаагийн шинэчилсэн найруулгад газрыг 15-60 хүртэл жилээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах боломжтой болгон өөрчилжээ. Өөрөөр хэлбэл “эзэмшүүлэх” гэсэн хуулийг хасаж, зөвхөн “ашиглуулах” болгож өөрчилсөн байна.

“30 жил Монгол Улсын хуулинд байсан заалтыг одоо гэнэт сөхөж, газрыг 100 жилээр өгөх гэж байна гэж үлгэр зохиоцгоож байна. Тэрбум тэрбум төгрөг зарцуулж Монгол Улсын ирээдүйг харлуулдаг, монголчуудыг хуваадаг явдлыг зогсоох цаг бидэнд өнөөдөр ирээд байна”

“$100 мянгын босгыг арилгаж буйг хөрөнгө оруулагчид эергээр хүлээж авч байна. Оршин суух эрх авсан гадаад иргэдээр дүүрчихнэ гэсэн айдас олон нийтийн дунд байх шиг байна. Үүнийг зөвхөн оршин суух эрх, визтэй холбоотойгоор авч үзэхгүй байх боломжтой гэж харж байгаа. Оршин суух эрх, хөрөнгө оруулах босго хоёрыг тусад нь авч үзэх нь зүйтэй“

Ганц хуулиар шийдэхгүй

Хүлээлт үүсгэсэн хуулийн төсөл хөдөлж эхэлсэн ч Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дангаар нь баталлаа гээд гадаад хөрөнгө оруулагчдыг татах нөхцөл шууд бүрдэхгүй. Хөрөнгө оруулалтын тухай хууль, мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн хууль, Татварын багц хууль, одоо боловсруулж байгаа Ашигт малтмалын хуулийн төсөл бүгд нийлээд цогцоороо хөрөнгө оруулалтад ээлтэй, таатай нөхцөл үүсгэхийг “АмЧам Монголиа” анх уг хуулийн төсөлд санал авч байхад онцолж байлаа.

Мөн олон улсын жишгийг дагаж чухал хөрөнгө оруулагчдад үзүүлэх гааль, татварын хөнгөлөлт, урамшууллын заалтыг нэмэлтээр оруулах зэргээр сайжруулах, цаашлаад энэ завшааныг ашиглан универсал хууль болгох ч боломжтой гэж танхимууд үзэж байна.

“Өмнө нь маш олон найдлага тээсэн хуулийн төслүүд гарч ирээд л алга болоод байсан. Нөгөө л олон талаар дутагдалтай хуулийн зохицуулалт дээрээ эргэж буугаад байна. Мөн шинэ хуулийн төслийн хувьд татварын урамшууллын тухай заалтыг хассанд гайхаж байна. Учир нь энэ бол гадаадын хөрөнгө оруулагчдад чухал дохио болдог заалт.”

“Хөрөнгө оруулагчдын хувьд аюулгүй орчин бүрдсэн гэдгийг баталгаажуулах хэрэгтэй. Дотоодын хөрөнгө оруулагчид болон гадаадын хөрөнгө оруулагчдын хооронд ямар нэг ялгаа зааг байх ёсгүй. Тэд бүгд л адилхан сорилтуудтай тулгарч байгаа”

Ингэхэд ураны төсөл юу болж байна?

“Оюутолгой”-оос хойш Монгол Улсын байгуулсан хамгийн том хөрөнгө оруулалтын гэрээ болохоор байгаа “Зөөвч-Овоо” ураны төсөлд тодорхой ахиц гарсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийсэн төрийн айлчлалын үеэр тус төслийн хөрөнгө оруулалтын гэрээний ерөнхий нөхцөлөөр Монгол Улсын засгийн газар болон “Орано Майнинг” компани урьдчилсан зөвшилцөлд хүрч, хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан юм.

Ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээний яриа хэлэлцээ үргэлжилж байгаа ч анх төлөвлөснөөс урт хугацаа орж буйг БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Себастиен Сүрүн хэлж байлаа.

Sponsored

Монгол Улс 2019 онд ФАТФ-ын саарал жагсаалтад орсноор Монголын арилжааны банкнууд ам.долларын гадаад төлбөр тооцооны системээс хасагдсан. Тэгвэл Худалдаа, хөгжлийн банк Монгол Улсаас анх удаа АНУ-ын арилжааны ТОП банк болох Bank of New York Mellon-той хамтын ажиллагаа эхлүүлж, ностро дансаа нээж байна. Ийнхүү Монгол Улс дэлхийн ам.долларын төлбөр тооцооны системд эргэн нэгдэж чадлаа.

Ингэснээр хоёр орны хооронд бизнес эрхэлдэг компани болон иргэдэд маш том боломж нээгдэх юм. Товчхондоо дэлхийн 100 улс руу ам.долларын гадаад шилжүүлэг илүү ХЯМД, илүү ХУРДАН хийгддэг болно.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • Инфляц 3 сар дараалан нэг оронтой тоонд хадгалагдав

  • Монголбанк: Хэрэглээний зээл өндөр байгаа нь инфляц, төлбөрийн тэнцэлд дарамт болох эрсдэл хэвээр байна

  • Хамгийн хүчирхэг паспортын чансааг Франц, Герман, Итали, Испани тэргүүллээ

  • WEF: Ойрын 2 жилд хуурамч, ташаа мэдээлэл олон улсын хэмжээнд хамгийн их эрсдэл дагуулахаар байна