2024/01/11

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. АНУ-ын зохицуулах байгууллага биткойнд шууд хөрөнгө оруулдаг ETF буюу биржээр арилжаалагддаг санг анх удаа бүртгэлээ. Энэ нь $1.7 их наядаар хэмжигдэж буй виртуал хөрөнгийн салбарт томоохон үйл явдалд тооцогдож байна.

  2. МХБ: “Хамтын Биржээр Арилжаалагддаг Хөрөнгө Оруулалтын Сангийн Нэгж Эрхийн Бүртгэлийн Журам” батламжлагдлаа

  3. Олон улсад нүүрс экспортлогч компаниудын хувьцааны үзүүлэлтийг энэ дугаарт онцлов.

Нүүрсний компаниуд

Өнгөрсөн онд БНХАУ нүүрсний импортоо түүхэн дээд хэмжээнд хүргэж, Монгол улс ч түүхэндээ байгаагүй их хэмжээний нүүрс экспортолсон. Тэгвэл олон улсад бүртгэлтэй нүүрс экспортлогч компаниудын хувьцаа шинэ оныг өсөлтөөр эхлүүллээ.

2023 онд Монгол Улс 15.1 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг олон улсад нийлүүлснээс 8.7 тэрбум буюу 57.7 хувийг нь чулуун нүүрсний экспорт дангаараа бүрдүүлснийг ГЕГ-ын тайлангаас харж болно. Экспортолсон нүүрсний биет хэмжээ 2022 оныхоос хоёр дахин өсөж, түүхэн дээд түвшин буюу 66.7 сая тоннд хүрсэн ч хилийн дундаж үнэ нь 73.6 ам.доллароор буурчээ.

Mongolia Energy Corporation

Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд гол олборлолтоо явуулдаг Mongolia Energy Corporation-ийн хувьцааны ханш 5 өдөр дараалан өсөж, 250 өдрийн дундаж ханшаа сэтэлжээ. Энэ хугацаанд хувьцаа нь 96 хувиар өсөж хагас жилийн дээд цэгтээ хүрсэн байна.

Тус компанийн борлуулалтын орлого 2023 оны IX сараар эцэслэсэн зургаан сарын хугацаанд өмнөх оны мөн үеэс 16.6 хувиар буурч, 1.56 тэрбум хонгконг доллар болсон нь коксжих нүүрсний үнэ унасантай холбоотой болохыг өмнөх тайландаа дурдаж байв.

SouthGobi Resources

Цар тахлын хязгаарлалт суларснаас хойш экспорт нь эрчимтэй сэргэж буй SouthGobi Resources-ийн хувьцааны ханш он гарсаар 60 гаруй хувь, сүүлийн гурван сард бараг 400 хувиар огцом өсөөд байна. 2023 оны есдүгээр сараар эцэслэгдсэн улиралд 46.3 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллаж, өмнөх оны мөн үеэс 13 дахин өсгөснөө тайлагнасан нь SGR-ийн хувьцаа оны сүүлээр “пуужиндахад” түлхэц болсон юм.

Mongolian Mining Corporation

Жилийн экспортын өсөлтийн хувь нь гурван оронтой тоонд байгаа ээлжит компани болох MMC-ийн хувьцааны ханш он гарсаар 2.5 хувь, сүүлийн нэг сарын хугацаанд 68 орчим хувийн өсөлттэй байна. Зээлжих зэрэглэл, бондын санхүүжилттэй нь холбоотой эерэг мэдээлэл тасраагүй 2023 онд компанийн хувьцааны ханш 270 гаруй хувийн өсөлттэй байсан бол Хонгконгийн Hang Seng индекс энэ хугацаанд 14 хувиар унажээ.

Тааварлашгүй жил хүлээж байна

2024 онд БНХАУ 100 сая гаруй тонн коксжих нүүрс импортлохоос 55-60 сая тонныг Монгол Улсаас авах төлөвтэй гэж “Монгол нүүрс ассоциаци” тооцоолж буй. Тэгвэл БНХАУ-тай худалдааны гүнзгий харилцаатай улс орнуудад тус улсын эдийн засгийн удаашрал сөрөг нөлөөлөл дагуулна гэж Дэлхийн банк дэлхийн эдийн засгийн төлөвийн шинэ тайландаа онцолжээ.

Иймд Монгол, Индонез, Мьянмар зэрэг бүс нутгийн түүхий эд экспортлогч орнууд эрэлт болон үнэ буурах эрсдэлтэй тулгарч болзошгүйг анхааруулсан байна. Мөн БНХАУ нэгдүгээр сарын 1-нээс нүүрсний импортод ногдуулах татвараа сэргээсэн нь ОХУ, Монголд экспортын зардал нэмэгдэх сорилт болж магадгүйг SxCoal мэдээлж байсан юм.

Өөрсдийн бий болгосон эрсдэл

“Сүүлийн арваад жилийн хугацаанд бид дахин нэг шинэ эрсдэлийг өөрсдөө бий болгосон нь улсын өрийн асуудал. Өмнө нь зөвхөн түүхий эдийн зах зээлийг харж, төсвийн орлогыг бүрдүүлж чадах эсэхийг ярьдаг байсан бол өдгөө өрийн асуудал биднийг гадаад нөхцөлд илүү эмзэг, хамааралтай болгож байна. 2024 онд бид гадагшаа харахаас илүүтэй дотогшоо харж, тогтвортой байдлыг дотооддоо бий болгох хэрэгтэй байна. Зохицуулалт, хууль байсаар байтал ийм нөхцөл байдалд орж, улам тогтворгүй болж байгаагийн шалтгаан нь хуулиа бид дагаж мөрдөхгүй байна гэсэн үг” хэмээн NRCC-ийн Гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг бидэнд өгсөн ярилцлагадаа онцолж байв.

ЛэндМН-ийн ашиг

2023 оны III улиралд ЛэндМН ББСБ ХК-ийн цэвэр ашиг 4.7 тэрбум төгрөг болж, гурав дахин өсжээ. Есдүгээр сард "Лэнд бонд" өрийн хэрэгсэл гаргаж, анхдагч зах зээлээс есөн тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлж байсан тус компани тайлант хугацаанд харилцагчдадаа 168 тэрбум төгрөгийн дүнтэй зээлийг аппликейшнээрээ дамжуулан олгожээ.

Цэнэглэх станцууд

Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц байгуулахаар ЗГ-аас шийдвэрлэлээ. 2023 оны 12 дугаар сарын байдлаар Монголд 1061 цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.

Цахилгаан автомашины тоог 2030 он гэхэд 30 мянгад хүргэх зорилтоо биелүүлэхэд одоо байгаа цэнэглэгчийн тоог 15 дахин нэмэгдүүлж мянгаас олон болгох шаардлагатай гэж тооцоолжээ. Харин салбарынхны зүгээс цэнэглэх станцууд байгуулах тал дээр Төр өөртөө ачаалал авахаас илүүтэй зах зээлийн зарчмаараа явах нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэйг онцолж байлаа.

Hyundai-ийн нисдэг такси

Автомашин үйлдвэрлэлээр дэлхийд гуравдугаарт бичигддэг Hyundai Motor компани өөрийн үйлдвэрлэсэн цахилгаан хөдөлгүүртэй нисдэг таксины анхан шатны туршилтын нислэгийг энэ оны сүүлээр гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Компани оны дундуур АНУ-д агаарын хөлгөө бүртгүүлэх хүсэлт гаргах бөгөөд 2028 он гэхэд олон нийтэд үйлчлэхэд бэлэн байдлын шаардлагуудыг биелүүлж, үйлчилгээгээ албан ёсоор эхлүүлэхээр зорьж байгааг тус төсөл дээр ажиллаж буй Hyundai-ийн охин компани Supernal-ийн Гүйцэтгэх захирал Шин Жайвон мэдээлсэн байна.

S-A2 нисдэг такси нь нисдэг тэрэг болон онгоцны онцлогуудыг хослуулсан дизайнтай, чанга дуу чимээгүй, эдийн засгийн үр өгөөжтэй байхыг компанийн зүгээс мөн онцолжээ.

Түгшүүртэй тоо

Ердийн нэг литрийн савлагаатай усанд дунджаар 240 мянга гаруй жижиг хуванцрын хэсгүүд агуулагдаж байдгийг шинэ судалгаагаар тогтоожээ. Энэ нь өмнөх тооцооллоос даруй 100 дахин их тоо болж байна. АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны академийн гаргадаг “Proceedings” сэтгүүлд хэвлэгдсэн тэрхүү судалгаа нь савтай усан дахь "нано хуванцар"-ын агууламжийг үнэлсэн анхны судалгаа болсон байна.

Уртаараа нэг микрометрээс бага буюу хүний ширхэг үсний өргөнийг 17 хуваасны нэгтэй тэнцэхүйц хэмжээтэй хуванцрын хэлтэрхийг нано хуванцар гэж нэрлэдэг. Хүний эсүүд, цусны судас руу нэвтэрч, эд эрхтэнд нөлөөлж болохуйц өчүүхэн хэмжээтэй учраас нано хуванцрын эрүүл мэндэд учруулах эрсдэл нь бичил хуванцрынхаас илүү байдаг байна. Мөн эхэст нэвтэрч, ургийн биед орох боломжтойг ч тогтоосон аж.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • Норвег улс Хойд мөсөн далайн гүнд ашигт малтмалын хайгуул хийнэ

  • Fitch: 2024 онд Төв банкнууд бодлогын хүүгээ бууруулах ч энэ процесс маш удаан байна

  • XII сард шинэ орон сууцны үнийн өсөлтийн хурд үл ялиг саарч 9.9 хувь болов

Онцлох чарт

“Boeing биш бол болих уу даа” гэсэн нэлээн хуучны уриа Америкт бий. Тэгвэл өдгөө үүнийг “Airbus биш бол автобусаар явчихъя” гэж өөрчлөхөд болохоор байгааг Bloomberg-ийн нийтлэлч Крис Брайант бичжээ. Үнэхээр ч Европын агаарын хөлөг үйлдвэрлэгч компани бүхий л үзүүлэлтээр Америк өрсөлдөгчөө ардаа орхиж байна.

Өнөөдрийн онцлох зураг

ViXion компанийн бүтээсэн автоматаар фокусладаг ViXion01 нүдний шилийг Лас Вегаст болсон CES Unveiled үзэсгэлэнгийн үеэр танилцуулж байгаа нь

Brendan Simalowski/AFP/Getty