- Business newsletter
- Posts
- 2024/01/10
2024/01/10
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Aranjin Resources компани Австралид зэсийн гурван төслийн 80 хувийг эзэмших болсноо мэдэгдэв.
2024 он бодлогын хүүгийн бууралтын жил болох төлөвтэй. Томоохон төв банкнууд хэрхэх талаар энэ дугаарт онцоллоо.
Hyundai компани агаарын таксигаа танилцууллаа. Туршилтын нислэгийг нь энэ оны сүүлээр хийх аж.
Бодлогын хүү буурах жил
Ирэх 12 сарын турш дэлхий даяар бодлогын хүүгийн буурах цикл давамгайлах төлөвтэй. 2022, 2023 онуудад сүүлийн олон арван жилд байгаагүй эрчтэйгээр мөнгөний бодлогоо чангаруулсан Төв банкнууд инфляц тогтвортой саарч буй энэ үед бодлогын хүүгээ удахгүй бууруулж эхлэх хүлээлттэй байна.
Энэхүү эргэлтийн цэгийг Bloomberg Economics нарийвчлан харж, дэлхий даяар бодлогын хүү энэ оны турш нийт 128 нэгж хувиар буурна гэж тооцоолсон бөгөөд үүнд хөгжиж буй орнууд түүчээлэх төлөвтэй аж. Харин олон улсын үнэт цаас, бондын зах зээлд томоохон нөлөөтэй гол Төв банкнуудын бодлого хэрхэх вэ?
АНУ-ын Холбооны нөөцийн банк
Одоогийн бодлогын хүүгийн түвшин (дээд хязгаар): 5.5%
Bloomberg-ийн төсөөллөөр 2024 оны эцэс гэхэд: 4.25%
Холбооны нөөцийн банкны бодлого тодорхойлогчдын дийлэнх нь сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд хамгийн эрчтэй өссөн бодлогын хүү энэ оноос буурч эхэлнэ гэсэн хүлээлттэй байна. Гэхдээ үнийн өсөлт саарах чиглэлд цаашид хэр ахиц гарахаас дараагийн алхам нь шалтгаалах бөгөөд эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг хөтөч болгохоо тэд мөн тодотгож буй.
12 дугаар сард гарсан медиан төсөөллөөс харвал бодлого боловсруулагчид 2024 онд бодлогын хүүг 75 суурь нэгжээр бууруулж, 4.6 хувьд хүргэх төсөөлөлтэй байгаа аж.
Европын Төв банк
Одоогийн бодлогын хүүгийн түвшин: 4%
Bloomberg-ийн төсөөллөөр 2024 оны эцэс гэхэд: 3.25%
Холбооны нөөцийн банкнаас ялгаатай нь Европын Төв банк бодлогын хүүг бууруулах боломжийн талаар ярих тун дургүй байгаа. Хэдийгээр инфляц төсөөллөөс өндөр дүнгээр саарсан ч Евро бүсийн 20 оронд цалин өсөж байгаагаас үүдэлтэй болгоомжлол хэвээр байна. Эдгээр трендүүд нь 2024 оны хоёрдугаар улирлаас өмнө арилах магадлал бага байгаа юм. Тиймээс Европын Төв банк бодлогын хүүгээ бууруулах эхний шийдвэрээ зургаадугаар сард гаргах төлөвтэй гэж Bloomberg Economics-ийн эдийн засагчид үзжээ.
Японы Төв банк
Одоогийн бодлогын хүүгийн түвшин: -0.1%
Bloomberg-ийн төсөөллөөр 2024 оны эцэс гэхэд: 0%
Японы Төв банк дэлхийд цор ганц хасах утгатай бодлогын хүүгийн циклээсээ гарах уу гэдэг бус, харин хэзээ гарах вэ гэдэг нь чухал болоод байна. Тэргүүн Казүо Уэда ажлаа авсан эхний жилдээ бондын өгөөжийн муруйн хатуу хяналт болон хасах утгатай мөнгөний бодлогоос гарах нөхцөлийг бүрдүүлэхээр идэвхтэй ажилласан. Харин одоо тэрбээр удахгүй гарах эдийн засгийн үзүүлэлтүүдийг нягталж, инфляцын тогтвортой тренд үүссэн эсэхийг үнэлэхээр байна.
Дашрамд дурдахад удаан хугацаанд дефляцтай тэмцсэний эцэст тус улсад өсөлт эргэн ирэх эерэг хүлээлт бий болсны нөлөөгөөр Nikkei 225 индекс сүүлийн 34 жилийн дээд цэгтээ хүрч өсөөд байна.
Citigroup-ийн төсөөлөл ба Монгол
Инфляцын үргэлжилсэн бууралт нь Монголбанканд оны эхний улиралд бодлогын хүүгээ бууруулах орон зай гаргаж өгч магадгүй гэж Citigroup үзэж байна. Тодруулбал хэрэглээний үнийн индекс зорилтот түвшин 8 хувь руу буух үед Монголбанк байгууллагын зээл олголтыг дэмжихийн тулд бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр бууруулах боломжтой аж.
Гэхдээ сонгууль угтсан төсвийн тэлэлт оны сүүлээр дахин инфляцын өсөлтийг өдөөж, улмаар Монголбанк бодлогын хүүгээ эргүүлэн 13 хувьд хүргэх шаардлага гарч магадгүйг анхааруулжээ.
Газрын тосны худалдаа
Монгол Улсын экспортолсон түүхий газрын тосны үнийн дүн импортолсон нефтийн бүтээгдэхүүний 40%-тай тэнцлээ. Тухайлбал 2023 онд 4.7 сая баррель, 738 сая ам.долларын боловсруулаагүй газрын тос экспортолсон бол 1.86 тэрбум ам.долларын нефтийн бүтээгдэхүүн худалдан авсан байна. Импортыг задлаад харвал дизель түлшний импорт 37.2 хувиар өсжээ.
Нөлөөллийн хөрөнгө оруулалт
“Монголд одоогийн байдлаар нөлөөллийн хөрөнгө оруулалтын тогтолцоо хараахан бүрэлдээгүй, чадамж хангалтгүй байна. Гадаадын байгууллагууд, олон улсын банкнууд хөрөнгө оруулахын тулд нөлөөллөө хэмжиж чаддаг байх ёстой. ХК-иудын БОНЗ-ын тайлагналыг сайжруулж, хөрөнгө оруулалтын компаниуд болон шинжээчдийн чадамжийг хөгжүүлсний дараа Монголд БОНЗ-ын индекс бий болгох боломжтой. Гэхдээ одоогоор exclusion strategy буюу муу нөлөөлөлтэй компаниудад хөрөнгө оруулахгүй байх стратеги баримталж болно” хэмээн Ашид Ассет Менежмент ҮЦК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Золжаргал “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа онцолж байлаа.
Aranjin Австралид
Баянхонгор аймаг дахь Баян-Өндөр зэсийн төслийг эзэмшдэг, Торонтогийн Венчур биржид бүртгэлтэй Aranjin Resources компани Австралид зэсийн гурван төслийн 80 хувийг эзэмших болсноо мэдэгдэв. Хэлцлийн хүрээнд тэдгээр төслийг эзэмшигч Metals of Australia, Western Wood Capital компаниудад нийт 55 сая нэгж хувьцааг Aranjin шилжүүлэхээр болж, Торонтогийн биржээс урьдчилсан зөвшөөрлөө авчээ.
Хэлцэлтэй холбоотойгоор “Aranjin Resources” дээрх компаниудтай хамтарсан компани байгуулахаар болж байгаа аж.
Төгрөг яав?
Экспортын орлого нэмэгдэж, гадаад валютын цэвэр орох урсгал жил гаруйн хугацаанд эерэг байгаа нь төгрөгийн ам.доллартой харьцах ханш өнгөрсөн оны сүүлийн хагаст тогтвортой байсны шалтгаан болохыг Монголбанк онцолж байна. Сүүлийн байдлаар байдлаар төгрөгийн ханш өмнөх оны мөн үеэс ам.долларын эсрэг 1.7 хувиар, юанийн эсрэг 0.7 хувиар, еврогийн эсрэг 8.6 хувиар суларсан бол рублийн эсрэг 32.0 хувиар чангараад байна.
Гэхдээ урсгал тэнцэл алдагдалтай байх тохиолдолд төгрөг бусад валютын эсрэг сулрах эрсдэлтэйг “Bloomberg Intelligence”-ийн ахлах стратегич Стефен Чу онцолж байлаа.
Онгоцноос унасан iPhone
Alaska Airlines компанийн Портлэнд, Калифорнийн Онтарио чиглэлийн нислэгтэй холбоотой айдас хүргэм мэдээллүүдийн дундаас физикийн хуулийг зөрчсөн гэмээр хачирхалтай нэгэн үйл явдал ил болжээ. Boeing 737 Max 9 онгоцны эх биеийн нэг хэсэг нислэгийн үеэр салж унахад гарсан цоорхойгоор шидэгдсэн гар утас 5,000 гаруй метрийн өндрөөс унасан мөртлөө ажиллагаатай хэвээр олдсон байна.
Тэрхүү шинэ үеийн iPhone утсыг Портлэнд хотод, замын хажуугаас олоход бүрэн бүтэн, сэв зураас гараагүй, дэлгэцийг нь түгжээгүй, хагас цэнэгтэй, "airplane" горимыг нь асаасан байдалтай байсныг X платформ дээр тус утсыг олсноо мэдээлсэн хэрэглэгч өгүүлжээ.
Сонсголын аппарат ердийн хэрэглээнд
Зохицуулалт, стандартын сайжруулалт, мөн чихэвч үйлдвэрлэгчдийн шинэ технологиуд нь сонсголын төхөөрөмжийг илүү ердийн хэрэглээнд нэвтрэхэд түлхэц болж байна.
Чих, сонсголын эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд ялангуяа залуу хэрэглэгчдийн дунд эрэлт нь өсөж байгаа аж. Байнга шахуу чихэвч зүүж өссөн Z үеийнхний 17 хувь, мянганыхны 10 хувийнх нь сонсгол тодорхой түвшинд муудсаныг судалгаа харуулжээ.
Хэрэглэгчдийн танил цахилгаан хэрэгслийн брэндүүд болон сонсголын төхөөрөмж үйлдвэрлэгчид сонсголын аппаратыг ердийн харааны шил мэт энгийн хэрэглээ болгох санааг бодит болгохоор хамтран ажиллаж буй. Шинэ үеийн сонсголын аппаратнууд нь хөгжим сонсгох, дуудлага хийх, тэр ч бүү хэл зурагттай холбогдох боломжтой болжээ.
Bloombergtv.mn танд санал болгож байна
БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2021 оноос хойш $4 их наядаар буураад байна
“Rio Tinto” 27 жил саатсан Гвиней дэх төмрийн хүдрийн “Simandou” төслийг эхлүүлнэ
“Apple” компани "Vision Pro"-оо, “Samsung” компани “Galaxy S24”, “Book 4”, “Buds 3”-аа танилцуулна
Онцлох чарт
1962 онд АНУ-д нийт өрхийн ердөө 23 орчим хувь нь хувьцаа эзэмшиж байснаас дийлэнхийг нь чинээлэг өрхүүд бүрдүүлж байжээ. Тэдний хувьд гол зорилго нь хураасан мөнгө аль болох их байлгах явдал байв. Тэгвэл хүмүүсийн дундаж наслалт уртсаж, гэр бүлээсээ бага хамааралтай байхыг хүсэх болсноор хэдхэн арван жилийн дотор өрхүүдийн дийлэнх нь тэтгэвэрт гарсны дараах амьдралдаа зориулж хөрөнгө оруулалт хийдэг болсон байна.
Өнөөдрийн онцлох зураг
Audi Sport багийн Маттиас Экстром, Эмил Бергквист нар Dakar Rally-ийн Саудын Араб дахь уралдааны үеэр
Joaquin Sarmiento/AFP/Getty