2024/01/09

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Энэ оны технологийн өнгийг тодорхойлох 8 бүтээгдэхүүнийг энэ дугаарт онцоллоо.

  2. Инфляц I улиралд Монголбанкны зорилтот түвшин рүү орoх боломжтой ч төсвийн тэлэлтийн нөлөөгөөр оны II хагаст эргэн хөөргөдөх магадлалтай гэж Citigroup үзэв.

  3. “GS25”-ын олон улс дахь салбар дэлгүүрийн тоо 518 хүрснээс 273 нь Монголд байна

2024 оныг тодорхойлох 8 бүтээгдэхүүн

Удаан хүлээлгэсний эцэст хэрэглэгчийн зах зээлд чиглэсэн технологийн бүтээгдэхүүнүүдийн “өндөр жил” тохиохоор байна. Apple сүүлийн жилүүдэд байгаагүй олон шинэ бүтээгдэхүүн танилцуулах бол тус компанийн хуучин ажилтнуудын байгуулсан нэгэн стартап ухаалаг утсыг орлох амбиц бүхий зүүж хэрэглэдэг хиймэл оюунт төхөөрөмжөө борлуулж эхлэх юм. Хэд хэдэн консолын шинэ хувилбар видео тоглоомчдын гарт очиж магадгүй байна. Мөн Засгийн газрын хар жагсаалтад тултлаа ширүүссэн АНУ, БНХАУ-ын технологийн өрсөлдөөний үр дүнд зарим онцгой технологи мэндлэхийг үгүйсгэх аргагүй.

Apple Vision Pro

Дэлхийг өөрчилнө гэж гарч ирсэн бүхий л AR, VR төхөөрөмжүүд бүтэлгүйтээд байгаа ч энэ оны эхэн хагаст танилцуулагдах Apple-ийн шинэ төхөөрөмжийн хүлээлт асар өндөр байна. Гэхдээ 3,500 ам.долларын үнэ, мөн нийлүүлэлтээ яаравчлахгүй байх Apple-ийн тактик нь тус төхөөрөмж салбартаа хувьсгал хийх магадлалыг бууруулж байгаа юм. Ямартай ч Vision Pro АНУ-д 2 дугаар сарын 2-нд худалдаанд гарна хэмээн Apple мэдэгдээд байна. 

Дараагийн GPT

iPhone-ийн анхны жилүүдэд шинэ загвар бүр нь технологийн шинэ эринийг эхлүүлж буй мэт байдаг байв. Тэгвэл өдгөө OpenAI компанийн ChatGPT-ийн хиймэл оюуны загварууд яг ийм сэтгэгдэл төрүүлж байна. Энэ онд компани бүтээгдэхүүндээ томоохон шинэчлэл хийж магадгүй ч одоогоор баталгаажсан мэдээлэл алга байна.

Шинэ Nintendo Switch

Хэдийгээр Nintendo-ийн зүгээс тоглоомын консолын төлөвлөгөөнийхөө талаар юу ч дурдаагүй байгаа ч энэ оны өвлийн амралтын үеэр Switch-ийн шинэ загвар гарах бүх шинж тэмдэг бүрэлджээ. Тэгвэл шинэ загвартай холбоотой хоёр асуулт хариултгүй хэвээр байна. Анхны хувилбарынхаа өвөрмөц дизайныг хадгалах уу? Бас одоогийн тоглоомнууд нь таарах уу?

Cybertruck

Анхны нийлүүлэлтүүд нь цөөн тоогоор хийгдэж эхлээд байгаа ч Tesla-ийн шинэ автомашины хувьд 2024 он бол “амьдрах уу, арчигдах уу” гэдгийг шийдэх жил байх юм.

Qi2 утасгүй цэнэглэлт

Зарим ухаалаг утаснууд аль хэдийн утасгүй цэнэглэгч дэмждэг болоод байгаа ч саяхан танилцуулагдсан, илүү хурдан бөгөөд аюулгүй Qi2 технологи нь удахгүй бүх утасны нэгдсэн стандарт болж, хэрэглэгчдийг орооцолдсон залгууруудаас салгах тэмцэлд эцсийн цэг тавих төлөвтэй.

Дискгүй Xbox

Sony-ийн PlayStation 2023 онд зөвхөн татаж авсан тоглоом дэмждэг консол гаргасан бол энэ онд тэдний алхмыг Microsoft мөн дагахаар төлөвлөж буй нь компанийн баримт бичгээс ил болжээ.

Humane-ийн AI Pin

Үнэ нь 700 ам.доллароос эхлэх, энгэртээ зүүж хэрэглэдэг тус төхөөрөмж таны гарын алган дээр мэдээлэл цацан (проектор мэт) харуулахаас гадна дохио зангаа, дуу хоолойгоор удирдагдана. AI Pin үнэхээр ухаалаг утсыг орлож чадах эсэх нь энэ оны эхээр нийлүүлэлт нь эхлэх үед мэдэгдэнэ.

Huawei-ийн дараагийн утас

Huawei компани наймдугаар сард Хятадад бүтээгдсэн чип бүхий ухаалаг утсаа танилцуулж, тус улсын технологийн ололт амжилтыг батлан харуулсан нь АНУ-ын эрх баригчдыг шоконд оруулж байв. Хэрэв Huawei-ийн шинэ утаснууд энэ эрчээрээ АНУ-ын бүтээгдэхүүнүүдтэй зэрэгцсэн хэвээр байвал геополитикийн хувьд энэ оны хамгийн өндөр ач холбогдолтой технологи болох нь дамжиггүй.

Бодсоноос эрт, гэхдээ…

Монгол Улсын инфляц энэ оны I улиралд Төв банкны зорилтот түвшин рүү орж, улмаар Монголбанк бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар бууруулах боломжтойг “Citigroup” шинэ тайландаа дурджээ. Харин сонгуулийн өмнөх уламжлалт зардлын өсөлт, цалин хөлс, дэд бүтцийн зарцуулалт зэргээс шалтгаалан оны хоёрдугаар хагаст инфляц хөөргөдөж, бодлогын хүү 13 хувийн түвшинд хүртэл эргэн өсөж магадгүй гэж таамагласан байна.

Харин гадаад өрийн хувьд Монгол Улс 2023 онд өрийн менежмент сайн хийж, 2024 оны хоёрдугаар хагасаас 2026 оны I улирал хүртэл бодлогын шинэчлэл хийх цонх цаг гаргаж чадсан гэдгийг тайланд онцолжээ.

Бондын зах зээл 2023 онд

2023 онд МХБ дээр нийт 134.3 тэрбум төгрөгийн бондын арилжаа хийгдсэн нь өмнөх оноос 0.2 хувь өссөн буюу бараг өөрчлөлтгүй дүн болов. Гэхдээ 12 дугаар сард анхдагч болон хоёрдогч захаар нийт 18.5 тэрбум төгрөгийн бондын арилжаа хийсэн нь өмнөх сараасаа 4.6 дахин өссөн үзүүлэлт болсон байна. Одоогоор Монголын Хөрөнгийн биржид найман компанийн 24 төрлийн бондын бүтээгдэхүүн бүртгэлтэй байгаа юм.

2024 оны эхний хагаст бондын зах зээл тогтвортой байх төлөвтэй бөгөөд үүнд Монголбанкны бодлогын хүү 13 хувьтай өндөр түвшинд байгаа нь голлон нөлөөлөхийг “TDB Securities”-ийн шинжээч Б.Билэгжаргал онцолж байв.

GS25-ын тэлэлт

БНСУ-ын GS25 компани сүүлийн жилүүдэд Монгол болон Вьетнам улсад сүлжээ дэлгүүрийнхээ тоог эрчимтэй нэмэгдүүлснээ тайлагнасныг Yonhap агентлаг мэдээлжээ. Тус компани Вьетнамын зах зээлд 2018 онд 26 салбартайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө салбарынх нь тоо 245 хүрээд байгаа аж. Харин Монгол Улсын зах зээлд 2021 оны тавдугаар сард анх нэвтрэхдээ 34 салбар дэлгүүртэй байсан бол 2024 оны эхний сарын байдлаар сүлжээ дэлгүүрийнх нь тоо 273 хүрчээ.

Одоогоор тус компанийн олон улс дахь нийт сүлжээ дэлгүүрийнх нь тоо 518 хүрснээс үзвэл талаас илүү хувийг нь Монгол дахь дэлгүүрүүд бүрдүүлж байгаа гэсэн үг юм.

Азид IPO-ийн жил болох уу?

Ази дахь үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2023 онд төдийлөн сайнгүй байсан бол энэ онд БНХАУ-ын томоохон компаниуд Хонгконгийн биржид гарах нь эргэн идэвхэжсэнээр арилжаа сэргэхэд түлхэц болж магадгүй байна. Үүний зэрэгцээ Энэтхэг, Япон, Индонез зэрэг улсын IPO зах зээлийн өсөлт үргэлжлэх төлөвтэй.

"2024 онд бүс нутгийн зах зээлийн идэвхжил тэнцвэр сайтай байх ба голчлон БНЭУ-ын өсөлт, мөн БНСУ, Зүүн Өмнөд Азийн зах зээлийг чиглэсэн өндөр сонирхол үүнийг тодорхойлохоор байна" гэж “Goldman Sachs”-ийн Азийн хөрөнгийн зах зээл хариуцсан захирал Эдвард Бюн онцолжээ.

Alibaba-ийн логистикийн нэгж Cainiao, Энэтхэгт цахилгаан скутер үйлдвэрлэлээр тэргүүлдэг Ola тэргүүтэй энэ онд Азийн зах зээлд хамгийн өндөр хүлээлттэй байгаа IPO-нуудыг танилцуулж байна.

737 Max-ийн асуудал дуусашгүй нь

Даваа гарагт Boeing-ийн хувьцааны ханш Нью-Йоркийн биржид 8% буурсан нь 2022 оны 10 дугаар сараас хойших хамгийн огцом уналт боллоо.

Alaska Airlines-ийн цоо шинэ Boeing 737 Max 9 онгоцны эх биеийн нэг хэсэг нь нислэгийн үеэр салж унасны дараа АНУ, Панам, Турк зэрэг улсуудын авиа компаниуд дуу дуугаа авалцан тус загварын онгоцоор нислэг үйлдэхээ зогсоож, техникийн үзлэгт оруулж эхэлжээ. Энэ нь 2019 онд олон хүний аминд хүрсэн дараалсан хоёр ослын дараа дэлхий даяар 737 Max онгоцны нислэгийг түр зогсоож байснаас хойших Boeing-ийн хөлгийн аюулгүй байдалтай холбоотой хамгийн том арга хэмжээ болж байна.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Онцлох чарт

Нүүрсний хэрэглээ тооцооллоос давж огцом буурсан нь 2023 онд ХБНГУ-ын нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал сүүлийн 70 жилийн доод түвшиндээ хүрч буурахад нөлөөлснийг Agora Energiewende сүүлийн тайландаа онцолжээ. Тодруулбал нүүрсний цахилгаан станцуудынх нь эрчим хүч үйлдвэрлэл 1960-аад оноос хойших доод түвшиндээ хүрч, дангаараа 44 сая тонн CO2 агаар мандалд ялгарахаас сэргийлсэн байна.

Герман улсын CO2-ын нийт ялгарал өнгөрсөн онд 673 сая тонн байсан нь жишиг он болох 1990 онтой харьцуулахад 46 хувиар буурсан үзүүлэлт аж. Энэ нь мөн тус улсын Уур амьсгалын хамгааллын тухай хуульд заасан CO2-ын ялгарлын хэмжээг жилийн 722 сая тонноос хэтрүүлэхгүй байх зорилтыг биелүүлсэн гэсэн үг юм.

Өнөөдрийн онцлох зураг

Колумбид болдог “Carnaval de Negros y Blancos” буюу “Хар цагаануудын карнавал” баярын жагсаалын үеэр

Joaquin Sarmiento/AFP/Getty