2024/01/08

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. УИХ: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалт хойшлов.

  2. Хиймэл оюун эрчээ авч буй энэ үед STEM рүү хэт яарах хэрэггүйг Нобелийн шагналтан зөвлөв

  3. Citigroup: БНХАУ эдийн засгийн хөгжлийн загвараа үл хөдлөх хөрөнгийн салбараас холдуулах хэрэгтэй.

Тогтвортой аялал жуулчлалын хэрэгцээ

2023 онд Монгол Улс 645 мянга гаруй жуулчин хүлээн авч, салбарын орлого 1.3 тэрбум ам.доллар хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт боллоо. Аялал жуулчлалын тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, 2025 он хүртэл 34 улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлж, хэд хэдэн улс руу шууд нислэгтэй болоод буй. 2024 онд Монголыг зорих жуулчдын тоо бүр ч нэмэгдэх прогноз байгаа ч өсөлтийг тогтвортой хадгалахын тулд тооноос гадна чанарын асуудал яригдана.

Монгол Улсыг амьдралдаа ганц л удаа очиж үзэх газар мэтээр тодорхойлдог байдал одоо өөрчлөгдсөн гэж бодож байгаагаа ЕСБХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач бидэнд өгсөн ярилцлагадаа дурдаж байв. Үнэхээр ч жуулчдыг дахин ирэх сэдлийг нь төрүүлж, харж мэдэрсэн зүйлсийг нь дараагийн жуулчид яг тэр байдлаар нь харж мэдрэх нөхцөлийг бүрдүүлэх нь тогтвортой аялал жуулчлалын амин сүнс юм.

Тоо өснө, харин чанар…

Тухайн бүсэд ажлын байр бий болгох, соёлын өвийг хадгалах, сурталчлан таниулах, ан амьтдыг хамгаалах, байгаль орчин нөхөн сэргээх зэрэг нь тогтвортой аялал жуулчлалын гол эерэг нөлөө гэж тодорхойлсон байдаг. Гэхдээ Монголын аялал жуулчлалын гол бүсүүдэд нэгдсэн төлөвлөлт, санхүүжилт дутмаг, дэд бүтцийн хөгжил дорой, нутгийн ард иргэдэд үр ашиг багатай байх нь түгээмэл.

Монголын аялал жуулчлалын холбооноос мэдээлснээр дундаж жуулчны төлж буй зардлын 65 орчим хувь нь тээвэр, байрлах үйлчилгээ, хоол унд гэсэн гурван чиглэлд зарцуулагддаг бол Монголбанкнаас 2019 онд явуулсан “Аялал жуулчлалын түүвэр судалгаа”-наас харвал нийт жуулчдын 60 гаруй хувь нь аяллаа тур агентаар дамжуулан зохион байгуулдаг аж. Тиймээс аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн зорилтод жуулчны баазууд, агентлагууд, амралтын газар, зочид буудлууд чухал үүрэгтэй.

Эко гэрчилгээ

Дотоодын жуулчдын тооны өсөлт нь аялал жуулчлалын цэгүүдийн жуулчин хүлээж авах даац хэтэрч, хог хаягдал ихсэх, байгаль орчин доройтох шалтгаан болж байгааг Хөвсгөл нуурын жишээнээс харж болно.

Чухам энэ шалтгаанаар Азийн Хөгжлийн Банкнаас санхүүжүүлж буй Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн эхний зорилтот бүс нь Хөвсгөл нуурын БЦГ болжээ. Хог хаягдлын менежмент сул, аялал жуулчлал хөгжүүлэх дэд бүтэц хүрэлцээгүй, тогтвортой нэгдсэн төлөвлөлт хийгдээгүй гэсэн гурван асуудлаас үүдсэн аюул тус бүс нутгийн байгальд нүүрлэсэн гэж үзэж байна. Харин сүүлд гарсан сайн мэдээ нь уг төслийн хүрээнд жуулчны баазуудад эко гэрчилгээ олгох туршилтын хөтөлбөрийг эхлүүлж, шалгуур хангасан эхний таван баазад гэрчилгээ гардуулсан байна.

Монгол орны тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэхэд хүйтэн, эмзэг уур амьсгалтай, алслагдмал газар нутагт зориулсан үндэсний загвар нэн хэрэгцээтэйг АХБ онцолжээ.

Халамж ба хамаарал

Монгол Улсад ядуурал, эмзэг байдал өндөр хэвээр байгаа асуудлыг шийдвэрлэхэд нийгмийн халамжийн систем чухал үүрэг гүйцэтгэж байгаагийн сацуу Монгол Улсын иргэд нийгмийн халамжаас хамааралтай болох эрсдэл бага гэж Азийн Хөгжлийн Банк дүгнэжээ.

Харин цаашид аливаа “шок”-т хариу үйлдэл сайтай нийгмийн хамгааллын тогтолцоог бүрдүүлэхийн тулд хууль тогтоомж, зохицуулалтад өөрчлөлт оруулах, санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, институцийн шаардлагатай үед шуурхай хариу үйлдэл үзүүлэх чадамжийг сайжруулах шаардлагатай гэж АХБ зөвлөсөн байна.

Санал хураалт хойшлов

Хүлээлт үүсгээд буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалт хойшиллоо. ЗГ-аас өргөн барьсан Газрын тухай хуулийн зарим заалтууд Хөрөнгө оруулалтын хуулийн төсөлд тусгагдсанаас гадна ойлголтын хувьд гүйцээж боловсруулах, хэлэлцүүлгийн шатанд сайжруулах шаардлагатайг УИХ-ын дарга онцолж байв. Хуулийн төсөлд тусгасан онцлох өөрчлөлтүүд гэвэл:

  • Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад 100 сая ам.долларын дүрмийн сантай байхыг шаарддагийг болиулах,

  • Зарим салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтад тавьсан шаардлагыг байхгүй болгох

  • Хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор Хөрөнгө оруулагчийг хамгаалах зөвлөл байгуулах

Тооны цаана

128

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин “хамтын хөгжил цэцэглэлт” гэх хэллэгийг 2023 онд багадаа 128 үйл ажиллагааны үеэр хэлсэн нь 2022 онтой харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт болжээ. Түүний энэ үгийн цаад санаа нь БНХАУ-ын ЗГ эдийн засгийн удаан боловч илүү тогтвортой өсөлтийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг гэж олон эдийн засагч үзэж байна.

Цалингаараа тэрбумтан болно

Зөвхөн цалингаараа тэрбумтан болох анхны NBA-ийн тоглогч Виктор Вембаньяма байх боломжтойг Bloomberg тооцоолжээ. 2.24 метр өндөр, 20 настай тэрбээр 2023 оны NBA-ийн драфтын эхний сонголтоор San Antonio Spurs багт орж, дөрвөн жилийн 55.2 сая ам.долларын гэрээ байгуулсан юм.

Иймд одоогийн NBA-ийн цалингийн дээд хэмжээний дагуу тооцоолбол Вембаньяма 33 настайдаа 1 тэрбум ам.долларын орлого олсон байхаар байна.

Үүнээс өмнө сагсан бөмбөгийн хэд хэдэн нэртэй тамирчид брэнд сурталчлах гэрээ зэрэг бусад бизнес, хөрөнгө оруулалтын тусламжтайгаар хөрөнгөжиж чадсан бол Вембаньямагийн хувьд зөвхөн талбайд өнгөрүүлэх цагаараа тэрбумтнуудын эгнээнд нэгдэх төлөвтэй аж.

STEM-д найдах хэрэггүй

Нобелийн шагналт, хөдөлмөрийн зах зээлийн эдийн засагч Кристофер Писсаридес залуу үеийнхэнд STEM боловсрол буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн чиглэл рүү хэт хошуурахгүй байхыг зөвлөлөө. Учир нь хиймэл оюун давамгайлсан ертөнцөд “хүнлэг”, бүтээлч ур чадварууд илүү үнэ цэнтэйд тооцогдох боломжтой гэжээ.

Лондоны Эдийн засгийн сургуулийн эдийн засгийн профессор тэрбээр мэдээллийн технологийн салбарын зарим мэргэжилтнүүд хиймэл оюуныг хэт хөгжүүлснээрээ өөрсдийн ирээдүйг “баллаж” болзошгүйг анхааруулсан юм. Учир нь хиймэл оюун ирээдүйд салбарынх нь ажлыг булааж болох аж.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • Томоохон банкнууд 2023 онд ногоон төслийн санхүүжилтээс $3 тэрбумын орлого олжээ

  • БНХАУ-ын компаниудын шинэ ажилтнуудад санал болгох цалингийн хэмжээ эрс буурав

Онцлох чарт

БНХАУ эцсийн дүнд эдийн засгийн хөгжлийн загвараа үл хөдлөх хөрөнгийн салбараас холдуулж, технологи, дэвшилтэт үйлдвэрлэл, дэвшилтэт дэд бүтэц гэсэн гурван шинэ хөдөлгөгч хүч рүү шилжүүлэх хэрэгтэй гэж Citigroup-ийн эдийн засагчид дүгнэжээ.

Өнөөдрийн онцлох зураг

ZSL London амьтны хүрээлэнгийн ажилтан Жессика Фрайер оцон шувууны усан сангийн дэргэд

Daniel Leal/AFP/Getty