- Business newsletter
- Posts
- 2024/01/05
2024/01/05
Powered by:
Гурван өгүүлбэрээр
ОУВС: Монголын Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь 2028 он гэхэд 80.4 болж өсөх төлөвтэй.
Их Британийн Doriemus компани Монголын никель, лити, графитын хайгуулын салбарт нэвтрэхээр төлөвлөжээ.
2023 онд гарцаа 170% нэмэгдүүлсэн Хятадын CMOC Group Glencore-ийг ардаа орхиж, кобальтын топ нийлүүлэгч болов.
Эрсдэлд өртөмтгий салбар
Монгол Улсын ДНБ-ий 13.3 хувийг бүрдүүлдэг хөдөө аж ахуйн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 90 хувийг мал аж ахуйн салбар дангаараа хангаж байна. Мөн нийт ажиллах хүчний 30 орчим хувь нь мал аж ахуйгаас шууд хамааралтай.
Тэгвэл НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан малчин өрхийн гамшгийн эрсдэл даах чадавхын судалгаанд дурдсанаар Монгол Улсын малчин өрхүүдийн гамшгийн эрсдэл даах чадавхын дундаж түвшин 40.45 байгаа юм. Өөрөөр хэлбэл судалгаанд хамрагдсан нийт өрхийн 57 хувь нь эрсдэл даах чадавхаар дунджаас доогуур түвшинд үнэлэгджээ.
Эрсдэл даах чадавх тааруу өрхүүд хөрөнгө, боловсролын түвшин, суурь үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал зэргээс шалтгаалан өвлийн бэлтгэлээ хангалттай түвшинд хийх боломжгүй байдалд ордог байна.
Хүн бүрд хамаатай сорилт
Жишээ дурдвал, 2009-2010 оны зуднаар 10.3 сая орчим мал хорогдсон нь 769 мянган хүн буюу нийт хүн амын 28 хувийн амьжиргаанд нөлөөлсөн байдаг. Ийнхүү зудад нэрвэгдэж амьжиргаагаа алдсан, амьжиргаагаа хамгаалахын тулд өндөр хүүтэй зээлийн дарамтад орсон малчин өрхүүд хөдөөгөөс хот руу шилжих хөдөлгөөнийг нэмэгдүүлдэг. Шилжиж ирсэн иргэд ихэвчлэн хотын захын, дэд бүтэцгүй суурьшлын бус газарт суурьшиж, ядуурлын мөчлөгөөс гарч чадахгүй байдалд ордог нь нийгмийн бас нэг сорилт болдгийг тодотгожээ.
АХБ-наас өнгөрсөн 12 дугаар сард гаргасан судалгаанд дурдсанаар сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд ойролцоогоор 640 мянган хүн Улаанбаатар хот руу шилжсэний 470 мянгыг нь сумын төвүүдэд болон хөдөө мал маллан амьдарч байсан иргэд бүрдүүлсэн байна.
НҮБ-ын зөвлөмж
Малын тооны хэт өсөлт, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө хавсарч нутаг бэлчээр доройтоход хүргэсэн гэж үзэх үндэслэлтэй. Мөн малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний эрэлт сул, үнэгүйдэх болсноор малчид олон малтай байж амьжиргаагаа даатгах сонголтыг хийхэд хүрсэн нь бэлчээрийн даацын хэтрэлийг улам гааруулжээ. Судалгаанд хамрагдсан нийт өрхүүдийн 22 хувь нь л малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан бол 80 хувь нь орон нутгийн малчдын ямар ч хоршоонд гишүүнчлэлгүй байжээ.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас өгсөн бодлогын зөвлөмжүүдээс харвал малчин өрхийн амьжиргаанд гамшгийн эрсдэлийг бууруулах зорилготой зээлийн уян хатан тогтолцоог бий болгох, олон нийтийн эрсдэлийн дундын санг бий болгох эрх зүйн орчин шаардлагатай аж.
Мөн мал аж ахуйн үйлдвэрлэлийг технологийн дэвшлээр эрчимжүүлэх, авч ашиглах боломжтой бүх төрлийн бүтээгдэхүүний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, арьс шир, нядалгааны бусад дайвар бүтээгдэхүүнийг орон нутагтаа боловсруулах ажлын байрууд бий болгох замаар орлогын төрөлжилтийг нэмэгдүүлэх зэрэг санааг дэвшүүлжээ.
Орон сууцжуулалтын өртөг
“Монголын үл хөдлөхийн салбарыг үргэлж хойш чангаадаг нэг хүчин зүйл нь ипотекийн зээлийн олдоц юм. Ипотекийн зээл хомс хэвээр байгаа нь зах зээлийн өсөлтийг хазаарлаж байна. Улаанбаатарт хоосон буюу зарагдаагүй орон сууцууд маш их байсаар байна.
Бидний тооцоолсноор гэр хорооллыг дахин төлөвлөхөд ойролцоогоор 5 тэрбум ам.доллар шаардлагатай. Ирэх 5-7 жилийн хугацаанд нэг удаадаа 500 сая ам.долларын зээл олгосноор гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулахад шаардлагатай санхүүжилтийг бий болгоход ойртож магадгүй юм” хэмээн Mongolian Properties компанийн Үүсгэн байгуулагч Ли Кашел Bloomberg TV Mongolia-д өгсөн ярилцлагадаа онцолж байлаа.
ЗГ-ын өр
Монгол Улсын Засгийн газрын өрийн ДНБ-нд эзлэх хувь 2022 онд 76.3 байсан бол 2028 онд 80.4 болж өсөх төлөвтэй гэж ОУВС болон НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын тайланд дурджээ. Мөн тогтвортой хөгжлийн зорилтыг хангах зарцуулалт их байгаатай холбоотойгоор Засгийн газрын өрийн хэмжээ нэмэгдэх магадлалтайг онцолсон байна.
2023 оны III улирлын байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 34 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан бөгөөд 23.1 хувь буюу 7.9 тэрбум ам.доллар нь ЗГ-ын гадаад өр байгааг Сангийн сайд мэдээлж байв.
Хөрөнгийн захын нэг жил
2023 онд хөрөнгийн захаар 725.8 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийсэн нь өмнөх оны арилжааны дүнгээс 25 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Тайлант хугацаанд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 70 хувиар өсөж, 11.6 их наяд төгрөг болсон бөгөөд үүнд системийн нөлөө бүхий банкнууд IPO хийсэн нь голлон нөлөөлжээ. Өнөөдрийн байдлаар 70 гаруй нэр төрлийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөрөнгийн зах зээлд худалдан борлуулж байгаа аж.
Тэгвэл Монголын Хөрөнгийн биржид 2023 онд 14.6 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн 7.5 их наяд төгрөгөөр арилжаалагдсанаас 94.6 хувийг нь нүүрсний арилжаа бүрдүүлжээ. Одоогоор МХБ дээр нүүрс, төмөр, жонш арилжиж байгаа бол энэ онд зэс арилжаалж эхлэх хүлээлттэй байна.
Нүүрсний тарифыг сэргээв
БНХАУ нэгдүгээр сарын 1-нээс нүүрсний импортод ногдуулах татвараа сэргээсэн нь тус улсын зах зээлээс хамааралтай байдаг экспортлогчдод, ялангуяа Украины дайн эхэлсний дараа Хятадад нүүрсээ тарифгүй нийлүүлж эхэлсэн ОХУ-д сорилт болж болзошгүй байна.
Өнгөрсөн онд БНХАУ-ын нүүрсний импорт болон дотоодын олборлолтын биет хэмжээ рекорд дээд түвшиндээ хүрсэн юм. Тиймээс тус улсын Засгийн газар уул уурхайн компаниудаа нийлүүлэлтийн илүүдлээс хамгаалахын тулд бодлогын өөрчлөлт хийж байгаа нь энэ аж.
Doriemus Монголд
Их Британид төвтэй, Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй Doriemus компани Монголын никель, лити, графитын хайгуулын салбарт нэвтрэхээр төлөвлөж, энэ чиглэлд хайгуул хийж буй Asian Battery Minerals-ийг 100 хувь эзэмшихээр төлөвлөжээ. Asian Battery Minerals нь Монголд никель, зэс, цагаан алтны "Ямбат", графитын "Хөх таг", литийн "Цагаан дэрс" төслүүдийг эзэмшдэг Innova Mineral-ийн толгой компани юм.
Энэ хүрээнд Doriemus нэгж хувьцаагаа 0.05 австрали доллароор үнэлж, нийт зургаан сая австрали доллар татан төвлөрүүлэхээр зорьж байгаа аж.
EV vs. Өвөл
Өвлийн жавар цахилгаан автомашины цэнэг хураагуур дахь химийн урвалыг удаашруулснаар хадгалах цэнэгийн хэмжээ нь багасдаг. Ингэснээр тухайн автомашины туулах зай богиносож таарна. Хэр их хүйтэрнэ, тэр хэрээр туулах зай багасдаг. Харин сайн мэдээ байгаа нь энэ бол түр зуурын асуудал.
Америкийн Recurrent компани 12 загварын 10,000 гаруй цахилгаан автомашиныг хамруулан судалгаа хийсэн бөгөөд өнгөрсөн сард гаргасан тайлангаас нь харвал цельсийн 0 хэмд Ford-ийн F-150 Lightning загварын туулах зай жирийн үеийнхтэй харьцуулахад 26%-иар бага байжээ.
Хэт халуун цаг агаар нь явцын дунд цэнэг хураагуурыг ажиллагаагүй болгох хэмжээний нөлөөтэй бол хүйтэн цаг агаараас шалтгаалан цахилгаан автомашины туулах зай богиносох нь түр зуурын асуудал аж. Өөрөөр хэлбэл цэнэг хураагуурт урт хугацааны асуудал үүсгэдэггүй байна.
Тэгвэл энэ асуудлыг хэрхэн хамгийн бага байлгаж, зам зуур саатахаас сэргийлэх зарим зөвлөгөөг хүргэж байна.
Тэрбумтнуудад ээлтэй жил
Дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн хувьд сэргэлтийн жил болж өнгөрлөө. Хөрөнгөөрөө дэлхийд тэргүүлдэг 500 хүний нийт хөрөнгийн хэмжээ 2023 онд 1.5 их наяд ам.доллароор огцом өсөж, 2022 онд 1.4 их наядаар буурч байсан тааруу үзүүлэлтээ нөхсөнийг Bloomberg-ийн тэрбумтнуудын индексээс харж болохоор байна.
Тэдний дундаас Tesla-ийн Гүйцэтгэх захирал Илон Маскийг олз омгоороо давах хүн гараагүй байна. Францын тансаг бүтээгдэхүүний магнат Бернар Арногоос дэлхийн хамгийн чинээлэг эрхмийн байр сууриа буцааж аваад буй тэрбээр 2023 оны эцсийн байдлаар хөрөнгөө 95.4 тэрбум ам.доллароор нэмэгдүүлжээ.
Bloombergtv.mn танд санал болгож байна
2024 онд аялах ёстой газруудын тоонд Мальт, Кени зэрэг 24 байршил багтжээ
2024 он “Wall Street”-ийн нүдээр...
“Samsung”-ийн шинээр танилцуулах гар утас генератив хиймэл оюуны функцтэй байх төлөвтэй
Онцлох чарт
Энэ зууны дунд үе гэхэд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг гурав дахин өсгөх олон улсын амлалт, голлох олборлогчдын нийлүүлэлтийн тасалдал зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж ураны спот үнэ эрчтэй өссөөр байна. Энэ долоо хоногт ураны үнэ паунд нь 92 ам.доллар хүрсэн нь 2011 онд Фукушимагийн АЦС-ын ослын дараа олон орнууд цөмийн эрчим хүчний төлөвлөгөөгөө зогсоосноос хойших шинэ дээд цэг болжээ.
Өнөөдрийн онцлох зураг
БНХАУ-ын Жянши мужийн Руйчан дахь үйлдвэрийн ажилчин LED гэрлийн ажиллагааг шалгаж буй нь
STR/AFP via Getty