- Business newsletter
- Posts
- 2024/09/23
2024/09/23
Powered by:
Гурван өгүүлбэрээр
McKinsey: 2035 он хүртэл ган болон эрчим хүчний нүүрснээс бусад бүх таваарын эрэлт огцом нэмэгдэнэ.
Монгол Улс дахин сүүл мушгисан Дэлхийн авьяас, ур чадварын тайланг энэ дугаарт онцоллоо.
Fitch Ratings агентлаг ХасБанк ХК-ийн зээлжих зэрэглэлийг нэг түвшин ахиулж “B+” болгов.
Байр ахидаггүй эрэмбэ
Өндөр ур чадвартай ажиллах хүчийг татах, авч үлдэх үзүүлэлт өндөр байх тусам урт хугацааны үнэ цэн бүтээх нөөц бололцоо сайжирч, цаашлаад тухайн улсын эдийн засгийн хөгжил хэр хүртээмжтэй байгааг илтгэх хэмжүүр болдог. Улс орнуудын чухам энэ чадварыг Дэлхийн авьяас, ур чадварын тайланд эрэмбэлжээ.
Дахин сүүл мушгив
Швейцарт байршилтай Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс жил бүр гаргадаг тус тайлангийн 2024 оны эрэмбэд Монгол Улс мөн л сүүл мушгиж, 67 орноос 67 дугаарт бичигджээ. Өнгөрсөн онд 64 орноос 64 дүгээрт жагсаж байсан бол энэ оны эрэмбэд шинээр нэмэгдсэн гурван улс Монголын урд эрэмбэлэгдсэн байна. Харин 2022 онд ардаа ганц улсыг орхисон нь тухайн үед эдийн засгийн хямрал нь дээд цэгтээ хүрч, инфляц нь 155.8 хувьд хүрч байсан Венесуэл байлаа. Ерөнхийдөө сүүлийн жилүүдийн эрэмбэд Монгол Улс дорвитой ахих байтугай сүүлийн байраас холдсон нь тун цөөхөн байжээ.
Тус тайланд улс орнуудыг үнэлэхдээ:
Авьяас, ур чадварыг төлөвшүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт ба хөгжил
Олон улсын болон дотоодын зах зээлээс авьяас чадварыг татах, хадгалах чадвар
Мэргэжилтэн, ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй, бэлэн байдал гэсэн үндсэн гурван бүлгийн мэдээллийг ашигладаг.
Үндсэн бүлгүүд нь дотроо боловсролын систем, ажилчдын хөгжил дэвшил, гадаад хэлний ур чадвар, амьжиргааны өртөг, амьдралын чанар гэх мэт шалгуур үзүүлэлтүүдээр задарна. Монгол Улсын хувьд гурван үндсэн бүлэгт гурвууланд нь ахицгүй буюу байр ухарч, авах ёстой 100 онооноос 26.47 оноо авчээ. Хойгуур эрэмбэлэгдэж, ерөнхий оноог доош татсан шалгуур үзүүлэлтүүдэд боловсролын чанар, нэг оюутанд ногдох төсөв, багш-сурагчийн харьцаа, “brain drain”, ажилтнуудын урам зориг, амьдралын чанар, ур чадвартай ажиллах хүч, санхүүгийн ур чадвар, олон улсын туршлага гээд хөвөрч байна.
Энэ оны авьяас, ур чадварын тайланд Швейцар улс 11 дэх жилдээ дараалан тэргүүн байраа хадгалжээ. Харин Ази тивээс Сингапур зургаан байр ахиж хоёрдугаарт орж ирсэн бол Хонконг долоон байр урагшилж топ 10-т эргэн багтсан байна.
Авьяас тогтдоггүй Монгол
Манай улсад одоогоор гадаадаас ажиллах хүч татахаас илүү дотоодын чадварлаг ажиллах хүчнээ тогтоон барих нь тулгамдсан асуудал гэхэд болно. Тус тайлангийн “brain drain” буюу иргэд амьдарч буй улсаа орхин явах нь эдийн засгийн талаасаа ямар нөлөөтэйг хэмжих шалгуур үзүүлэлтээр 63 дугаарт бичигдсэн байна.
MMCG-ээс 2023 онд явуулсан монголчуудын медиа хэрэглээ, амьдралын хэв маягийн судалгаагаар идэвхтэй хүн амын 67 хувь нь гадагшаа явж ажил хийх сонирхолтой байгаа нь харагдаж байв. Ажиллах хүчний эргэц 10 хувь байх нь хэвийн түвшин гэж үздэг бол Монголд 19 хувь байгаа нь ажлын байрны найдвартай байдлын дутагдал асуудал болж буйг илтгэж байна.
Үүнд цалингаас авхуулаад эрүүл аж төрөх, амьдралын сонголт хийх эрх чөлөө гээд маш олон микро, макро хүчин зүйлс нөлөөлж байх талтай. Мөн компани, байгууллагын түвшинд ч яригдана. Байгууллагууд зөвхөн цалингаас гадна соёлоороо өрсөлдөж, ажиллагчдын хүсэмжит байгууллага байхын тулд ажилтан төвтэй болох нь гол шийдэл гэсэн дүгнэлт MMCG-ийн Гүйцэтгэх захирлуудын судалгаанаас гарч байв.
Гэхдээ “Brain Drain"-ээс зайлсхийх гээд хэрэггүй, харин энэ үзэгдлийг хэрхэн өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх вэ гэдэг нь бодлогын асуудал гэсэн байр суурийг Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судлалын төвийн захирал Жи Вук Шин Bloomberg TV Mongolia-д өгсөн ярилцлагынхаа үеэр онцолж байлаа.
Голлох экспорт, сайн өсөлт
Гангийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эдүүд болох коксжих нүүрс, төмрийн хүдрийн үнэ гол хэрэглэгч Хятадын эрэлт суларснаас болж уналттай байгаа. Харин Монгол Улсын коксжих нүүрс, төмрийн хүдрийн экспорт биет хэмжээгээрээ энэ онд нэлээн өсөлттэй байна. Тухайлбал оны эхний найман сард нийт 4.85 сая тонн төмрийн хүдэр экспортолсон нь өмнөх оноосоо 32.47 хувиар өссөн үзүүлэлт болсныг ГЕГ-ын статистик харуулж байна. Мөн экспортын орлого жилийн дүнгээр бараг 40 хувиар өсөж 399 сая ам.долларт хүрчээ.
VIII сард Монгол Улсын экспортолсон төмрийн хүдрийн дундаж үнэ тонн тутамдаа 85.12 ам.доллар байсан нь өмнөх оны мөн үеэс 26 орчим ам.доллароор өссөн дүн болохыг SxCoal онцолжээ. Мөн эхний найман сард нийт 53.7 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийн 40.9 сая тонноос 31.3 хувиар өссөн үзүүлэлт болохыг ҮСХ мэдээлж байсан юм.
XасБанк ХК зэрэглэл ахив
Саяхан Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулаад буй Fitch Ratings агентлаг ХасБанк ХК-ийн зээлжих зэрэглэлийг “B” байснаас нэг түвшин ахиулж, “B+” болголоо. Монголын зээлжих зэрэглэл сайжирснаас банкнуудын үйл ажиллагаа эрхлэх орчин сайжрах нөхцөл бүрдэж, тэр дундаа Монголын дунд хугацааны тогтвортой эдийн засгийн өсөлт нь бизнесийн орчин, тэр дундаа банкны секторт сайнаар нөлөөлнө гэж үзжээ. ХасБанкны хувьд зээлжих зэрэглэл нь зээлийн хүчин чадлаас нь голчлон хамаарч ахисан болохыг Fitch онцолсон байна.
Олборлолт эхэлнэ, гэхдээ саад арилаагүй
Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй Petro Matad компани Дорнод аймаг дахь газрын тосны “Heron-1” цооногийнхоо үйлдвэрлэлийн олборлолтыг ирэх аравдугаар сараас эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдээллээ. Гэхдээ барилга угсралтын ажилд шаардлагатай зөвшөөрлүүд олгогдоогүй хэвээр байгаа тул түр байгууламж байгуулан үйл ажиллагаагаа явуулах юм байна. Үндсэн үйлдвэрлэлийн төвийн эцсийн зөвшөөрлийг орон нутгийн засаг захиргаанаас хараахан олгоогүй байгаа аж.
Үүний өмнө Petro Matad “Heron-2” цооногийнхоо өрөмдлөгийн ажлыг эхлүүлснээ мэдээлсэн. Энэ нь газрын тосны “Heron” талбайн анхны автомат ажиллагаатай өрөмдлөгийн төсөл бөгөөд тус талбай нь 190 сая баррель газрын тос үйлдвэрлэх боломжтой юм.
Япон эмэгтэй удирдагчтай болох уу?
Япон улс АНУ-аас урьтаж эмэгтэй удирдагчтай болж магадгүй байна. Энэ сард санал хураалт нь болох Японы эрх баригч намын даргын сунгаанд анх удаа эмэгтэй нэр дэвшигч өрсөлдөөд зогсохгүй тус нэр дэвшигч ялах хамгийн өндөр магадлалтай топ гурвын нэг нь болжээ. Хэрвээ Японы Эдийн засгийн аюулгүй байдлын сайд Санаэ Такаичи Ерөнхий сайдаар сонгогдвол жендерийн тэгш оролцоо дутмаг тус улсын хувьд томоохон алхам байх болно.
“Хэрвээ эмэгтэй хүн Ерөнхий сайдаар сонгогдвол Японд байдаг нэгэн үл үзэгдэгч хаалт алга болно. Үндэсний хэмжээнд жендерийн эрх тэгш байдлыг бэлгэдэх томоохон үйл явдал байх болно” гэж S&P Global Market-ийн Ерөнхий эдийн засагч онцолжээ.
Үүнээс гадна баасан гарагт Японы Төв банк хүлээлтийн дагуу бодлогын хүүгээ 0.25 хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Мөнгөний бодлогын хорооны гишүүд бодлогын хүүг хэвийн түвшинд хүргэж үргэлжлүүлэн өсгөхөөр зорьж буйгаа илэрхийлсэн ч одоогоор зах зээлийн нөхцөл байдлыг хянах шаардлагатай, ялангуяа санхүүгийн зах зээл тогтворгүй байгаа энэ үед илүү болгоомжтой байх хэрэгтэйг онцолсон байна.
Аравдугаар сарын 2-ноос 5-ны өдрүүдэд зохион байгуулагдах "Mining Week & MinePro 2024" Олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтад Bloomberg TV Mongolia эксклюзив медиа хамтрагчаар нэгдлээ. Чуулга уулзалтын үйл ажиллагааг бид шууд дамжуулж, салбарын манлайлагчдын үнэ цэнтэй байр суурийг хүргэх болно.
Онцлох чарт
Дөрвөн их наяд ам.доллароор хэмжигдэх уул уурхай, металлын салбарын нийт орлогын 80 хувийг ердөө таван түүхий эд бүрдүүлж байгааг McKinsey-ийн шинэ тайлан харуулж байна. Үүнд нүүрс болон гангийн орлого 60-70 хувийг бүрдүүлж байгаа бол үлдсэн 15-20 хувийн орлого зэс, алт, хөнгөн цагаанаас бүрджээ.
Хэдий эрчим хүчний шилжилтэд ач холбогдолтой түүхий эдүүдийн орлого бага хувийг бүрдүүлж байгаа ч хүлэмжийн хийн ялгарал багатай технологиуд нэмэгдэхийн хэрээр орлогод эзлэх хувь нь өсөх хандлагатай байна. Одоогоос 2035 он хүртэл ган болон эрчим хүчний нүүрснээс бусад бүх таваарын эрэлт огцом нэмэгдэхээр байгааг тайланд дурджээ.
Тодруулбал литийн эрэлт 475 хувь, зэсийн эрэлт 30 хувиар өсөж салбартаа тэргүүлэх бол нүүрсний эрэлт 40 хувиар буурахаар байна. Харин никель болон газрын ховор элементийн эрэлт өнгөрсөн 10 жилтэй харьцуулахад өсөлт сайтай байх ч өмнөх төсөөллөөс бага хэмжээгээр өсөх төлөвтэй гэж үзжээ.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Холбооны нөөцийн банкны шийдвэрийн дараа зэсийн үнэ 2 сарын дээд цэгтээ хүрэв
БНХАУ Өмнөд Солонгосын замыг дагаж чадвал Японы “алдагдсан он жилүүд”-ийг давтахаас аврагдана
Тайландын батын ханш 1998 оноос хойших дээд дүнгээр чангараад байна.
Эцэст нь товчхон
ҮСХ: Төсвийн байгууллагад ажиллагчдын сарын дундаж цалин 2.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 883 мянган төгрөгөөр нэмэгджээ. Салбараар нь харвал уул уурхай олборлолтын салбарт ажиллагсдын цалин хамгийн өндөр буюу 5.1 сая төгрөг, харин зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээний салбарынхан хамгийн бага буюу 1.5 сая төгрөгийн цалинтай байна.
МХБ: Өлзий энд Ко капитал ҮЦК болон Коммодити Трэйд Маркетс ХХК-ийг уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалах гишүүн брокероор элсүүлэхээр МХБ-ийн удирдах зөвлөлөөс шийдвэрлэсэн байна.
Өнөөдрийн онцлох зураг
Италийн дарвуулт завины “Luna Rossa Prada Pirelli” ба “Emirates Team New Zealand” багууд “America’s Cup-Luis Vuitton” тэмцээний хагас шигшээд өрсөлдөхөөр Барселон хотоос хөдөлж байна.
Josep Lago/AFP/Getty