2024/09/20

Powered by:

Гурван өгүүлбэрээр 

  1. Fitch Ratings Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "B" түвшнээс "B+" түвшин рүү ахиулав.

  2. БНХАУ БНСУ-ын замыг дагаж чадвал Японы “алдагдсан он жилүүд”-ийг давтахаас аврагдана.

  3. Цагаачлалыг хумих бодлого хэрэгжүүлж буй Канад улс гадаад оюутнуудад олгох визийн тоогоо 2025 онд 10 хувиар бууруулах төлөвтэй.

Японы зам уу, Солонгосын зам уу?

Улс даяар ужгирсан орон сууцны үнийн уналтыг зогсоохоор Бээжин аргаа барж буй энэ үед эдийн засагчид тус улсын нөхцөл байдлыг Японтой харьцуулах боллоо.

Алдагдсан он жилүүд

БНХАУ-ын бизнесүүд, өрхүүдэд олгогдсон банкны зээл сүүлийн 20-иод жилд анх удаагаа агшсан, үүний өмнө жижиглэн худалдааны борлуулалт хэдэн сар дараалан сул гарсан зэрэг сүүлийн тоон мэдээллээс харвал Хятад улсад Япон маягийн “тайлан тэнцлийн хямрал” явагдаж буй нь батлагдаж байна.

Азийн хамгийн том эдийн засагтай хоёр орны хооронд ижил төстэй үзэгдлүүд үүгээр хязгаарлагдахгүй нь санаа зовоом. Хятадын үнийн ерөнхий индекс таван улирал дараалан бууралттай буюу дефляцтай гарсан нь 1990-ээд оноос хойш хамгийн удаан үргэлжилсэн тохиолдол болжээ. Мөн Эх газрын Хятад, Хонконгийн биржид арилжаалагддаг хувьцаануудын үнэлгээ сүүлийн гурван жилд 5 их наяд ам.доллароор буураад байна. 1990-ээд оны эхээр Японы үл хөдлөхийн зах зээлийн хөөс хагарсны дараа хөрөнгийн үнэ унаж, эдийн засгийн өсөлт бараг зогсонги байдалд орсон “алдагдсан он жилүүд” залгасан түүхтэй.

Гэхдээ энэхүү “Японжилт”-ийг үгүйсгэх нэг том зүйл бий. БНХАУ-ын нэг хүнд ногдох ДНБ болон хотжилтын түвшин 1990-ээд оны Японы түвшинд хүрэх яагаа ч үгүй, өөрөөр хэлбэл Япон хөгжингүй орон, харин Хятад хөгжиж буй орон хэвээр. Тиймээс мянган солигдох үед Азийн санхүүгийн хямралтай нүүр тулж, хямралаас өмнөхөөсөө илүү хүчирхэгжин гарч ирсэн БНСУ-тай одоогийн Хятадыг адилтгаж болох юм.

БНСУ-ын сайн жишээ

БНХАУ-ын эрх баригчдад өдгөө хамгийн том дарамт болж буй сорилт бол эдийн засгийг хойш чангааж буй орон сууцны зах зээлийн уналтын нөлөөг багасгаж чадах өсөлтийн хөдөлгөгч хүч олох явдал. Яг л энэ асуудалд Өмнөд Солонгос замын зураглал нь болж чадахаар байна. Олон арван жилийн үсрэнгүй өсөлт дууссаны дараа БНСУ-ын “хямралын дараах” удирдагчид бодлогын чиглэлээ өөрчилсөн юм.

Санхүүгийн фронтод тэд төлбөрийн чадваргүй болсон бизнесүүдэд бүтцийн өөрчлөлт хийж, болзошгүй дампуурлаас сэргийлэхийн тулд компанийн засаглалыг сайжруулжээ. Эсрэгээрээ Япон “зомби” компаниудаа ямар ч байсан хөл дээр нь тогтоохыг илүүд үзсэнээр бүтээмж, өсөлтийн тал дээр томоохон хохирол амсаж байв.

Түүнчлэн Өмнөд Солонгосын эрх баригчид үйлчилгээний салбараа сайжруулж, мэдлэгт суурилсан аж үйлдвэрлэл босгохоор зориг шулууджээ. Хариуд нь үйлдвэрлэгчид өндөр технологийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл рүү шилжиж, экспортоо үлэмж нэмэгдүүлсэн байна. Япон ч гэсэн ижил арга хэмжээ оролдож үзсэн ч үр дүн нь дээрхтэй адил байгаагүй. Өдгөө БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин шинжлэх ухаан, технологийн инновацыг тус улсын эдийн засгийн шилжилтийг хөтлөх “шинэ хүч” хэмээн тунхаглаад буй.

S&P Global-ийн Ахлах эдийн засагч Луис Куис хямралын дараах БНСУ болон өнөөгийн БНХАУ хоорондын ижил төстэй шинж тэмдгүүдийг тодотгосон ч Хятадын хувьд анхаарах ёстой хоёр том ялгаа байгааг онцолжээ. БНХАУ-ын эдийн засагт төрийн оролцоо өндөр, мөн аль хэдийн экспортын хүчирхэг гүрэн болсон Хятад өдгөө АНУ, Европын эсэргүүцэл, хориг хязгаарлалттай улам ихээр нүүр тулж байна.

10 жилийн дараа үнэлгээ ахив

Үнэлгээний Fitch Ratings агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "B" түвшнээс "B+" түвшин рүү ахиулж, төлөвийг "тогтвортой" хэвээр үлдээснээ мэдээллээ. Уул уурхайн салбарын сайн гүйцэтгэл үргэлжилж, ЗГ-ын болон гадаад өрийн дарамт Fitch-ийн өмнөх төсөөллөөс давж буурсан нь Монгол Улсын үнэлгээг ахиулах шалтгаан болсныг тус агентлаг тайлбарласан байна. Мөн гадаад валютын нөөц тэлж, өрийн хэмжээ багассанаар түүхий эдийн зах зээлийн уналт зэрэг шокуудыг тэсвэрлэх чадамжийг нэмэгдүүлсэн гэв.

Гэхдээ Монгол Улс гадаад нөхцөл байдалд маш эмзэг хэвээр байгааг анхааруулсан байна. Тухайлбал ЗГ-ын орлогын 30 хувь, экспортын орлогын 90 хувь нь БНХАУ-д худалдах уул уурхайн бүтээгдэхүүнээс өндөр хамааралтай нь гол эрсдэл хэвээр байгааг онцолжээ. Fitch сүүлд 2018 онд Монгол Улсын зэрэглэлийг "B-" түвшнээс "B" түвшинд ахиулж байсан юм.

Өөдрөг төсөөлөл

Монголбанкнаас улирал тутам хийдэг түүвэр судалгаанд оролцсон эдийн засагчид, их сургуулийн багш нар, ҮЦК-иудын шинжээчид III улирлын төгсгөлд инфляц 6.1 хувьтай гарна гэж үзжээ. Энэ нь өмнөх түүвэр судалгааны үр дүнтэй харьцуулахад 1.1 нэгж хувиар буурсан нэлээд өөдрөг төсөөлөл болж байна. Харин ирэх оны II улиралд инфляц эрчимжиж 7 хувьд хүрэхээр байгааг судалгаанд оролцогсдын дундаж төсөөлөл харуулж байна.

Тэгвэл эдийн засгийн өсөлт III улирлын төгсгөлд 5.9 хувь, ирэх оны II улиралд 6 хувьтай байна гэж үзсэн байна. Төв банкны хувьд инфляц зорилтот түвшинд тогтвортой байгаа тул санхүүгийн нөхцөлийг сулруулж, дунд хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор бодлогын хүүг бууруулах шийдвэр гаргаснаа мэдээлсэн юм.

Нууцлаг дэлбэрэлт

Сүүлийн хоёр өдөр дараалан Ливан улс даяар олон мянган холбооны төхөөрөмж дэлбэрсэн учир битүүлэг хэрэг гарлаа. Тухайлбал IX сарын 18-нд Ливаны иргэд, тэр дундаа Ираны дэмжлэгтэй Хезболла бүлэглэлийн гишүүдийн ашиглаж байсан пэйжерүүд нэгэн зэрэг дэлбэрсэн бол 19-нд радио холбоонууд мөн адил дэлбэрсэн. Зохион байгуулалттай халдлага байж болзошгүй энэ хэргийн улмаас багадаа 26 хүн амь үрэгдэж, 3000 гаруй шархадсаныг Bloomberg мэдээлж байна. Ливаны ЗГ болон Хезболла бүлэглэлээс уг хэрэгт нэн даруй Израилыг буруутгасан юм.

Израилын тагнуулын албадад мэдээлэл алдагдахааргүй хуучны, бүдүүн баараг технологитой тул Хезболла гишүүд хоорондоо гар утасны оронд пэйжер ашиглан харилцаж байжээ. Дэлбэрэлтийн шалтгаан тодорхойгүй байгаа ч нийлүүлэлтийн сүлжээнийх нь хаа нэгтээ төхөөрөмжүүдэд өөрчлөлт хийж, алсаас удирдах боломжтой тэсрэх бөмбөг суулгасан байх магадлал өндөр байна.

Дэлбэрсэн пэйжер дээр брэндийн нэр нь байсан учраас уг хэрэгт Тайванийн нэгэн жижиг компани хутгалдаад байна. Gold Apollo нэртэй тус компани пэйжерүүдийг үйлдвэрлээгүй гэж мэдэгдсэн ч брэндийнхээ лицензийг дор хаяж нэг компанид худалдсанаа хүлээн зөвшөөрчээ. Харин радио холбоонууд дээр брэнд нэр нь байгаа Японы Icom компани тухайн загварын радио холбооны үйлдвэрлэлийг арваад жилийн өмнө зогсоосноо мэдэгджээ.

Израил ба Ливаны Хезболла бүлэглэлийн зөрчил ийнхүү даамжирсан нь удахгүй том дайн дэгдэх вий гэсэн болгоомжлолыг өдрөөс өдөрт нэмэгдүүлж байна.

Канадад сурах хэцүү болох нь

Цагаачлалыг хумих бодлого хэрэгжүүлж буй Канад улс гадаад оюутнуудад олгох визийн тоогоо 2025 онд энэ оны түвшнээс 10 хувиар бууруулах төлөвтэй. Ингэснээр 2023 оноос хойш тус улсын гадаад оюутнуудад олгосон виз 36 хувиар буурахаар байна. Канадын хүн амын хэт өсөлттэй холбоотойгоор тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдогийн Засгийн газар цагаачлалын бодлогоо эрчимтэйгээр чангатгаж эхэлсэн юм.

Тус улс 2024 онд бакалаврын түвшний гадаад оюутнуудад олгох визийн тоог бууруулсан бол 2025 оноос мастерын түвшний оюутнуудын гэр бүлд олгох визийн тоог мөн багасгана гэдгийг Канадын Цагаачлалын асуудал хариуцсан сайд Марк Миллер мэдээлжээ.

Аравдугаар сарын 2-ноос 5-ны өдрүүдэд зохион байгуулагдах "Mining Week & MinePro 2024" Олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтад Bloomberg TV Mongolia эксклюзив медиа хамтрагчаар нэгдлээ. Чуулга уулзалтын үйл ажиллагааг бид шууд дамжуулж, салбарын манлайлагчдын үнэ цэнтэй байр суурийг хүргэх болно.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Эцэст нь товчхон

НЗДТГ: Баянзүрх дүүргийн 26-р хороонд болсон дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг энэ онд багтаан буулгаж, ирэх оноос шинээр барихаар болжээ. Байрыг буулгаж шинээр барихад 2.4 тэрбум орчим төгрөгийн төсөв шаардлагатай гэж тооцсон байна.

МХБ: Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нь цуцалсан "Гэрэлт ассэймоор капитал ҮЦК" ХХК-ийг МХБ-ийн гишүүнчлэлээс хассан байна. Ингэснээр МХБ-ийн гишүүн үнэт цаасны компанийн тоо 51 боллоо.

Өнөөдрийн онцлох зураг

Шатаж буй нүүрсэн дээгүүр хөл нүцгэн гүйх зан үйл гүйцэтгэж буй эр - Жинхуа хот, БНХАУ

Stringer/AFP/Getty