- Business newsletter
- Posts
- 2023/12/28
2023/12/28
Powered by:
Гурван өгүүлбэрээр
ТОП-20 индекс сүүлийн 22 сар орчмын дээд түвшиндээ хүрч өслөө.
"Бэрс-3" хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа эхлэв.
New York Times зохиогчийн эрхийн асуудлаар Microsoft болон OpenAI компанийг шүүхэд өглөө.
ХБҮЦ энэ онд
Хөрөнгийн захад энэ оны отгон бүтээгдэхүүн болж буй "Бэрс Эй Би Эс Плас ТЗК" ХХК-ийн "Бэрс-3" хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа эхлээд байна. Тус компани нэг бүр нь 100 мянган төгрөгийн үнэ бүхий 150 мянган ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж, 15 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ.
Орон зай нь хумигдав
Өмнөх онтой харьцуулахад 2023 он ХБҮЦ-ны арилжаа ч, гаргаж буй компаниудын тоо ч татарсан жил байлаа. СЗХ-ны тайланд дурдсанаар III улирлын байдлаар нийт 44.7 тэрбум төгрөгийн ХБҮЦ-ны арилжаа хийсэн нь өмнөх оны мөн үеэс 35 орчим хувиар буурсан дүн болжээ. Мөн 2022 оны III улиралд үнэт цаасны зах зээлийн нийт арилжаанд ХБҮЦ-ны эзлэх хувь 21.2 байсан бол энэ онд ердөө 6.8 хувь болсон байгаа юм.
Өмнөх оны есдүгээр сараас хойш ХБҮЦ-ны зохицуулалт, хяналт илүү нарийссан, мөн зардал, цаг хугацаа их зарцуулагддаг болсон нь компаниуд энэ төрлийн үнэт цаас гаргах сонирхол буурахад нөлөөлсөн байх боломжтойг шинжээчид хэлж буй.
Энэ онд гарсан онцлох ХБҮЦ-нуудаас дурдвал жилийн 18.5 хувийн хүүтэй "Бичил 2", 19.2 хувийн хүүтэй "Бэрс-2", 19.6 хувийн хүүтэй “Омни Ассет” байна. Эдгээр үнэт цааснууд бүгд анхдагч зах зээлийн арилжааны эхний өдрөө, зарим нь бүр цаг ч хүрэхгүй хугацааны дотор захиалга нь дүүрч байв.
Харин ХБҮЦ гаргагч компаниудыг харвал ашигт ажиллагаа нь харилцан адилгүй байна. Тухайлбал III улиралд “ЛэндМН Актив ТЗК” 80.2 сая төгрөгийн, “Омни Актив ТЗК” 360.2 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бол “Симпл ассет ТЗК” 1.2 тэрбум төгрөгийн цэвэр алдагдал хүлээжээ.
ХБҮЦ-д хөрөнгө оруулах нь
Эрсдэл бага, тогтмол орлоготой хэрэгсэл болохоос гадна хөрөнгө оруулагчдад дунд хугацаанд хөрөнгө оруулалт хийх боломж олгодог, гуравдагч байгууллагаас тогтмол хяналт тавьж эрсдэлийн түвшинг нь дүгнэдэг зэрэг давуу талууд ХБҮЦ-нуудад бий. Гэхдээ дотоодын зах зээлд зээлжих зэрэглэл гэдэг ойлголт тогтоогүй учраас бонд, ХБҮЦ худалдаж авахад үнэт цаас гаргагч талын барьцаа, баталгаа, ерөнхий үзүүлэлтүүд хэр сайн байгааг харах хэрэгтэйг “Ти Ди Би Секьюритис ҮЦК”-иас өмнө нь онцолж байлаа.
Тэгвэл дэлхийн хэмжээнд ирэх онд шинээр гарах ХБҮЦ-ны арилжаа 2008 оны санхүүгийн хямралаас хойших дээд түвшиндээ хүрэх бөгөөд үүнд автомашины зээл, дижитал дэд бүтэц зэрэг салбарууд түлхэц болохыг “Barclays” банк өнгөрсөн сард гаргасан төсөөлөлдөө дурджээ. Тодруулбал энэ онд шинээр гаргасан ХБҮЦ-ны нийт арилжааны дүн 277 тэрбум ам.доллар байх төлөвтэй бол 2024 онд 280 тэрбум ам.долларт хүрнэ гэж үзсэн байна.
Оны төгсгөлд онцгойров
Өчигдрийн арилжаагаар ТОП-20 индекс 1.81 хувиар өсөж 40,762 нэгж болсноор сүүлийн 22 сар орчмын дээд түвшиндээ хүрэв. Үүгээр зогсохгүй хөрөнгийн захын үнэлгээ 11.2 их наяд төгрөгт хүрч рекорд үзүүлэлтээ дахин эвдлээ.
Оны төгсгөлийн энэхүү өсөлтийн дийлэнх хувийг уул уурхайн компаниудын огцом өсөлтөөр тайлбарлаж болохоор байна. Тухайлбал Тавантолгой ХК-ийн нэгж хувьцааны ханш 8.89 хувиар өсөж, 18,010 төгрөгт хүрсэн нь 16 жилийн дээд түвшин нь болжээ. Түүнчлэн “Бэрх Уул”, “Шивээ-Овоо” ХК-иудын нэгж хувьцааны ханш тус тус 14 гаруй хувиар өссөн байна.
Хэлцлийн эхний хаалт
Монголбанк БНХАУ-ын Ардын банктай байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний ашиглалтын дүнгээс 1.5 тэрбум юанийн хэлцлийг хаасан байна. Үүнээс өмнө хоёр Төв банкны хооронд байгуулсан 15 тэрбум юанийн гэрээг 2026 он хүртэл буюу гурван жилээр сунгаад байв.
Үүнээс гадна оны сүүлийн байдлаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4.5 тэрбум ам.доллар буюу импортын зургаан сарын хэрэгцээг хангах түвшинд байгааг Төв банк мөн мэдээлэв.
Ахиц гараагүй 10 жил
“10 жилийн өмнөөс л эрчим хүчний хэрэглээ өсөх бүх прогнозууд байсан. Маш олон төслүүд бэлдсэн ч харамсалтай нь аль нь ч хэрэгжээгүй. Тиймээс энэ хугацаанд эрчим хүчний салбарт ахиц төдийлөн гараагүй нь том дутагдал. Цаашид энэ салбарын өсөлтийг нэн тэргүүнд авч үзэх хэрэгтэй. Хүнд, боловсруулах аж үйлдвэрийн томоохон төслүүдийг хэрэгжүүлбэл эрчим хүчний хэрэглээ улам өсөх нь тодорхой. Түүнчлэн агаарын бохирдлыг багасгах бараг цорын ганц арга нь халаалтыг цахилгаан руу аажмаар шилжүүлэх болж таарна” хэмээн Эдийн засагч Ч.Хашчулуун Bloomberg TV Mongolia-д өгсөн ярилцлагадаа онцоллоо.
Экспортын төлөв
Ирэх онд БНХАУ 100 сая гаруй тонн коксжих нүүрс импортлохоос 55-60 сая тонныг Монгол Улсаас авах төлөвтэй байна гэж “Монгол нүүрс ассоциаци” үзэж байна. Хятадад эрчим хүчний нүүрсний эрэлт өсөлттэй, харин коксжих нүүрсний эрэлт тогтвортой, мөн Австралийн коксжих нүүрсний нийлүүлэлт өсөхгүй байх төлөвтэйг үүнтэй холбон тайлбарлажээ. Монгол Улс ирэх онд 60 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч тодорхой эрсдэлүүд байсаар байгаа юм. Тухайлбал БНХАУ нүүрсний импортод ногдуулдаг татвараа ирэх онд сэргээж магадгүйг “SxCoal” саяхан мэдээлж байв.
2023 оныг дүгнэх зарим тоонууд
📍 2023 онд авто замын Гашуунсухайт, Замын-Үүд, Шивээхүрэн, Ханги, Булган, Бичигт боомтуудаар хийсэн тээврийн хэмжээ 70 сая тоннд хүрч өмнөх оноос хоёр дахин өссөнийг ЗТХЯ мэдээллээ. Харин төмөр замаар нийт 35 сая тонн ачаа тээвэрлэсэн нь зам тээврийн салбарын жилийн өсөлт 79 хувьтай гарахад мөн түлхэц болжээ.
📍 Улсын хэмжээнд 2023 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 64.7 сая толгой мал тоологдсон нь өмнөх онтой харьцуулахад 9.1 хувиар буурсан үзүүлэлт болов. Мөн энэ онд хаваржилт хүндрэлтэй байсны улмаас төл бойжуулалт өмнөх оноос 14.9 хувиар буурч 18 сая болжээ.
Төлөвлөөгүй худалдан авалтын эсрэг
Жилийн энэ цагт, ялангуяа хаа сайгүй хямдрал зарлагдаж буй үед хэрэглэгчдийн мөнгөө үрэх сэдэл дээд цэгтээ хүрч байгаа нь гарцаагүй. Тэгвэл энэхүү "загатнаа"-г дарах ямар аргууд байна вэ? Сэтгэл хөдлөл өндөр үед олон хүмүүс түр зуурын эндорфиний ялгарлын төлөө шаардлагагүй худалдан авалт хийх хандлагатай байдаг. "Одоо аваад дараа төлөх" нөхцөлтэй аппликэйшн, үйлчилгээнүүд яагаад өндөр эрсдэлтэй байдгийн шалтгаан нь үүнтэй зарим талаараа холбогдоно.
Тэгвэл аливаа барааг сагсандаа хийхийн өмнө өөртөө 24 цагийн хүлээх хугацаа өгөх хэрэгтэйг зөвлөх үйлчилгээний GuidePoint Financial Planning компанийн Үүсгэн байгуулагч Райан Филлипс зөвлөж байна. Үүний дараа тэрхүү бараа өөрт тань үнэхээр хэрэгтэй эсэх талаар та илүү сайн ойлголттой болох магадлалтай аж.
Үүнээс гадна цалингийнхаа тодорхой хувийг "зугаацах төсөв" болгон гаргаж, дараа нь түүнийгээ гэмшилгүйгээр зарцуулж болохыг Envest Asset Management санал болгожээ.
"Ярилцах цаг" нэвтрүүлэгт Их Британийн Парламентын болон ЗГ-ын гишүүн Нусрат Гани оролцож, Монгол Улс болон Их Британийн хамтын ажиллагаа, сэргээгдэх эрчим хүчний салбар дахь боломжууд зэрэг сэдвүүдээр ярилцлаа.
Шинэ дугаарыг ЭНД дарж үзээрэй.
Bloombergtv.mn танд санал болгож байна
2023 онд эрчим хүчний салбарт оруулсан хөрөнгө оруулалт $2.8 их наяд хүрнэ
Ногоон ажлын байрны эрэлт нэмэгдсэн ч хүний нөөцийн хомсдол сорилт дагуулж байна
Онцлох чарт
БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгч BYD энэ улиралд бүрэн цахилгаан автомашины борлуулалтаар Tesla-ийг гүйцэж дэлхийд тэргүүлэх нь бараг тодорхой болжээ. Toyota, Volkswagen, GM зэрэг танил нэрс ноёлсон хэвээр байгаа зах зээлд BYD, SAIC тэргүүтэй Хятадын үйлдвэрлэгчид ширүүхэн дайралт хийж байна.
Хятад улс сүүлийн хэдхэн жилийн дотор АНУ, Өмнөд Солонгос, Германыг ардаа орхиж, суудлын автомашины экспортоор дэлхийд тэргүүлэх байр суурийн төлөө Японтой өрсөлдөх болжээ. Аравдугаар сард эх газрын Хятадаас нийлүүлэгдсэн 3.6 сая автомашины 1.3 сая нь цахилгаан хөдөлгүүртэй байсан байна.
Өнөөдрийн онцлох зураг
“Bloomberg-ийн 2023 оны шилдэг гэрэл зургууд” цувралаас:
Apple компанийн Гүйцэтгэх захирал Тим Кук Энэтхэгийн Мумбай дахь шинэ дэлгүүрийнхээ нээлтийн үеэр “Macintosh SE” компьютер барьсан хэрэглэгчтэй таарсан нь - Дөрөвдүгээр сарын 18
Indranil Aditya/Bloomberg