2023/12/27

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын чиглэлд энэ онд цойлсон компаниудын талаар энэ дугаарт онцоллоо.

  2. Дэлхийн банк: Монгол Улсын ҮНО болон гадаад өрийн үлдэгдлийн харьцаа 2022 онд 229 хувь болж нэмэгдсэн.

  3. Binance-ийн гүйцэтгэх захирлын ажлаа өгөхөд хүрсэн Чанпэн Жаогийн хөрөнгө 2023 онд $25 тэрбумаар өсжээ. 

Экспортын “битүү морьд”

2000-аад онд Монгол улсын нийт экспортын 50 орчим хувийг эзэлж байсан уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт түүнээс хойш уул уурхайн салбарт тасралтгүй шахагдсаар өдгөө экспортын ердөө 7 хувийг эзэлдэг болоод буй. Хэдийгээр энэ онд эдийн засгийн өсөлт төсөөллөөс давсан ч уул уурхайн бус салбарын идэвхжил харьцангуй сул хэвээр байгаа нь санаа зовоох асуудал болохыг олон улсын байгууллагууд сануулсаар байна.

Оны эхний хагасын байдлаар энэ салбарт экспортын чиглэлд 704 аж ахуйн нэгж ажиллаж, 55 улсад 62 бүлгийн 233 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн экспортлоод хагас тэрбум гаруй ам.долларын орлого олж байгаа юм.

Хөдөлмөр их шингээдэг, орлогын потенциал, эдийн засагт үзүүлэх хувь нэмэр сайтай уул уурхайн бус салбарыг хойш чангааж буй хүчин зүйлсийн тэргүүнд ажиллах хүчний дутагдал, татварын асуудал, нийлүүлэлтийн хүчин чадал зэрэг болохыг салбарын үйлдвэрлэгчид мэдээлж буй.

Ингээд энэ онд уул уурхайн бус салбарт анхаарал татаж, экспортоо өсгөх боломжтой гэдгээ харуулсан зарим бүтээгдэхүүнүүд, экспортлогчдыг онцлон хүргэж байна.

Эмийн ургамал, хунчир

11 дүгээр сарын байдлаар Монгол Улс ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортоос 152.8 сая ам.долларын орлого олсон нь уул уурхайн бус салбарт зөвхөн мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний дараа орох үзүүлэлт. Тус бүлгээс хунчрын экспорт ялангуяа цар тахлын дараа Зүүн Азийн орнуудад эрэлт нэмэгдсэнийг даган огцом өсөж, эмийн ургамлын экспорт ноолууртай өрсөлдөх хэмжээнд очих боломжтойг батлан харуулсан гэхэд болно.

Дотоодын гол тариалагчдын нэг “Астра Рүүт” ХХК өдгөө бүтээгдэхүүнээ Япон, БНХАУ, мөн хунчрын нэг жилийн хэрэглээ нь 10 мянга гаруй тонн байдаг БНСУ-д экспортолж байгаа аж. Гэхдээ энэ чиглэлийн экспортод татварын асуудал саад болдог тул эмийн ургамлыг эрүүл мэнд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэгэн адил НӨАТ-аас чөлөөлөх хэрэгтэй байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Л.Энхбат хэлж байлаа.

Ноолуур

Тэгвэл ноолуур, ноолууран бүтээгдэхүүн экспортлогчдын дундаас энэ онд онцгойрсон нь “Ханбогд Кашимер” ХХК байв. Тус компани 183 тэрбум төгрөгийн борлуулалт хийснээс 96 хувийг нь буюу 175 тэрбум төгрөгийн угаасан болон самнасан ноолуур, бэлэн бүтээгдэхүүнийг Итали, Англи, Бельги тэргүүтэй улсуудад экспортолсон байна. Мөн эцсийн бүтээгдэхүүний экспортоо жил бүр 20-30 хувиар нэмэгдүүлж байгааг тус компанийн Ерөнхий захирал Ч.Ганцэцэг онцолсон юм.

Мах, махан бүтээгдэхүүн

Оны эхний 11 сарын байдлаар Монгол Улс 154 сая гаруй ам.долларын мах, махан бүтээгдэхүүн экспортолсон нь түүхэн дээд үзүүлэлт болсныг ГЕГ-ын тоо баримтаас харж болно. Тэр дундаа энэ онд Кувейт, Узбекистан, Саудын Араб, Иран улсууд дээр нэмэгдээд Арабын Нэгдсэн Эмират улсад халал аргаар бэлтгэсэн мах нийлүүлж эхэлсэн нь 2.2 тэрбум хэрэглэгчтэй дэлхийн халал махны зах зээлд манай улс нэвтрэх боломжтойг тодотгосон юм.

Түүнчлэн энэ онд дотоодын үйлдвэрлэгчдээс анх удаа “Хүнс комплекс” компани БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн экспортолж эхэлсэн нь томоохон ахиц байлаа.

$1 тэрбум давсан орлоготой салбар

12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар Монгол Улсад 645 мянга гаруй жуулчин ирж, аялал жуулчлалын салбарын орлого 1.3 тэрбум ам.доллар хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсныг БОАЖЯ мэдээллээ. Үүгээр зогсохгүй өнгөрсөн аравдугаар сард Монгол Улсад ирсэн жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 60 орчим хувиар өссөн нь хүйтний улирлын аялал жуулчлал ч нэмэгдэх хандлагатай байгааг харуулж байна. Өмнөх оны өвлийн саруудад аялал жуулчлалын салбар 140 сая ам.долларын орлоготой ажиллаж байжээ.

Орлогод гүйцэгдэхгүй өр

Хөгжиж буй орнуудад өрийн хямрал нэмэгдэж буй энэ үед Дэлхийн банк олон улсын өрийн тайлангаа танилцууллаа. Тайлангаас харвал Монгол Улсын үндэсний нийт орлого болон гадаад өрийн үлдэгдлийн харьцаа 2022 онд 229 хувь болж нэмэгдсэн байна. Тэр дундаа 2010-2022 оны хооронд Монгол Улсын үндэсний нийт орлого 2.7 дахин өссөн ч гадаад өр ойролцоогоор 5.7 дахин өссөн байгаа нь анхаарал татаж байна.

Төсвийн алдагдал, хавтгайрсан халамжийг гадаадын зээл, тусламжаар нөхөж ирсэн нь Монгол Улсын өрийн асуудал ийнхүү хямралын түвшинд хүрэх гол шалтгаан болсныг Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан "Bloomberg TV Mongolia"-д өгсөн ярилцлагадаа дурдаж байлаа.

Sponsored

Тусгай олимп 2025 онд

Спортоор дамжуулан оюуны бэрхшээлтэй хүүхэд залуус, насанд хүрэгчдэд урам дэм өгөх, тэднийг нийгэмшүүлэх, нийгмийн хандлагыг өөрчлөх зорилго бүхий Тусгай Олимпын Өвлийн наадам 2025 оны III сард Италид зохион байгуулагдах ба тус тэмцээнд Монголын тусгай олимпын 24 тамирчин оролцохоор байна.

Тэгвэл энэ онд 10 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлсэн Монголын Тусгай Олимпийн Хороо IX сард оюуны бэрхшээлтэй тамирчдын оролцоог дэмжсэн “Torch Run 2023” болон XI Тусгай Олимпийн спортын төрлүүдийг сурталчлан таниулахад чиглэсэн “National Games- 2023” зэрэг томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ. Мөн тамирчдын оролцоог дэмжих үйл ажиллагаанд хамтран ажилласан Тээвэр хөгжлийн банк тэгш хүртээмжтэй, эрүүл нийгмийг бүтээхэд хувь нэмрээ оруулж буйг тус холбооноос онцолж байна.

Эрчим хүчний хэлэлцээ

Энэ оны эцэс, 2024 оны I улирал хүртэлх хугацаанд Монгол Улсад шатахуун, эрчим хүч тогтвортой нийлүүлэх асуудлаар Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах боломжийн талаар Монгол Улс, ОХУ-ын талууд хэлэлцжээ. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак нарын уулзалтын үеэр Дулааны III цахилгаан станцын өргөтгөлийн асуудлыг мөн хэлэлцсэн байна. Тус ЦС-ын өргөтгөл хийгдвэл хүчин чадал нь гурав дахин нэмэгдэх аж.

Банк удирдсан, улсаа удирдана

Тиджани Тиам нь Европын банкийг удирдсан хамгийн анхны хар арьстай захирал болж байв. Тэгвэл өдгөө тэрбээр Кот-д'Ивуар улсын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний намыг удирдаж оролцохоор өрсөлдөж байна. Credit Suisse-ийн Гүйцэтгэх захирал асан түүнийг баасан гарагт маш чухал даваа хүлээж буй.

Кот-д'Ивуарын Ардчилсан намын гишүүд тухайн өдөр намын шинэ дарга нь Тиджани Тиам байх эсэхийг шийдэх юм. Даргын сунгаанд ялсан хүн 2025 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас өрсөлдөх нь бараг тодорхой болно.

1999 оны төрийн эргэлтийн дараа Кот-д'Ивуарыг орхисон Тиамыг эх орноосоо хэтэрхий холдсон нэгэн гэж шүүмжлэгчид, өрсөлдөгчид нь үздэг. Хувийн карьерын хувьд тэрбээр Aviva, Prudential, Credit Suisse зэрэг томоохон банк, компаниудад удирдах чадвараа батлан харуулсан юм.

Солонгост ажиллагчид 1 сая руу

БНСУ-ын статистикийн газрын мэдээлснээр энэ оны тавдугаар сарын байдлаар тус улсад албан ёсны ажил эрхлэн амьдарч байгаа гадаадын иргэдийн тоо 923 мянгад хүрсэн нь жилийн хугацаанд 10 хувиар өсөж бүх цаг үеийн дээд түвшиндээ хүрсэн үзүүлэлт болсон байна. Улсаар нь авч үзвэл БНХАУ-ын иргэншилтэй Солонгос үндэстнүүд нийт гадаад ажиллагсдын хамгийн их буюу 35.3 хувийг эзэлсэн бол 11.3 хувийг нь Вьетнамчууд, 4.9 хувийг Хятад иргэд эзэлжээ.

Цалингийн хувьд тэдний тэн хагас нь 2023 онд дунджаар сарын 2-3 сая воноор цалинжсан байна.

"Ярилцах цаг" нэвтрүүлэгт Их Британийн Парламентын болон ЗГ-ын гишүүн Нусрат Гани оролцож, Монгол Улс болон Их Британийн хамтын ажиллагаа, сэргээгдэх эрчим хүчний салбар дахь боломжууд зэрэг сэдвүүдээр ярилцлаа.

Шинэ дугаарыг ЭНД дарж үзээрэй.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Онцлох чарт

Монголбанк 50 жилийн өмнө анх дурсгалын зоос гаргаж байснаасаа хойш 2023 оны хүртэлх хугацаанд нийт 727 төрлийн онцгой сэдэв бүхий дурсгалын зоосыг үйлдвэрлүүлжээ. Тэгвэл одоо Төв банканд худалдаалагдаж буй хамгийн үнэтэй алтан зоос нь Чингис Хааны дүртэй 1 унцын, 7.7 сая төгрөгийн зоос болохыг Монголбанкны Эрдэнэсийн сангийн Ахлах эдийн засагч Т.Тэлмэн онцолж байлаа.

Өнөөдрийн онцлох зураг

“Bloomberg-ийн 2023 оны шилдэг гэрэл зургууд” цувралаас:

Оюу Толгойн зэсийн ил уурхай - Өмнөговь аймаг, Монгол Улс (Гуравдугаар сарын 14)

SeongJoon Cho/Bloomberg