- Business newsletter
- Posts
- 2023/12/26
2023/12/26
Powered by:
Гурван өгүүлбэрээр
МХБ-ийн ТОП-20 индекс 40 мянган нэгжийн босгод дөхөж, сүүлийн 10 сарын дээд цэгтээ хүрлээ.
Sxcoal: БНХАУ нүүрсний импортод ногдуулдаг татвараа ирэх онд сэргээж магадгүй.
Ирэх онд хамгийн их хөрөнгө оруулалт татах технологийн таван чиглэлийг Verdict нэрлэлээ.
Хуулийн өөрчлөлт, рекорд өсөлт
Дотоодын хөрөнгийн зах зээлд анхдагч зах зээлийн арилжааг шимтгэлгүй болгох өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлээд буй Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ. Энэ нь анх удаа болон нэмж үнэт цаас гаргах ажиллагааг хялбаршуулж, зардал өртгийг бууруулах ач холбогдолтойг онцолсон байна.
Харин хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх, эрх зүйн орчныг бий болгох хүрээнд биржийн болон биржийн бус зах зээлийг ялгаатайгаар тодорхойлох, мөн мэргэжлийн, урт хугацаат хөрөнгө оруулагчдыг бий болгох зорилгоор хамтын болон хувийн хөрөнгө оруулалтын сангийн зохицуулалтыг ялгаж өгөх байдлаар үнэт цаасны зах зээлийн зохицуулалтын хүрээг өргөтгөхөөр тусгасан байна.
Рекорд өсөлтөөр оныг үднэ
Даваа гарагийн арилжаагаар ТОП-20 индекс 2.73 хувь өсөж 39,922 нэгж болсноор сүүлийн 10 сарын дээд түвшиндээ хүрлээ. Гуравдугаар сарын 1-ний арилжаагаар тус индекс 40 мянган нэгжийн босгыг давснаас хойш ерөнхийдөө уналт давамгайлж байсан юм. Түүнчлэн хөрөнгийн захын нийт үнэлгээ 11 их наяд төгрөгт, арилжааны нийт дүн он гарсаар 6.3 их наяд төгрөгт хүрсэн түүхэн амжилтуудаар 2023 оныг үдэхээр байна.
Харин 2024 онд
Түүнчлэн 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн МХБ-ээр хийгдэх хувьцаа, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн арилжааны үнийн дүнгээс үл хамааран 0.3 хувиар шимтгэл тооцож эхлэхээр болоод байна. Энэ нь үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалт хийх зардлыг бууруулах, хөрөнгө оруулагчдыг дэмжихэд чухал ач холбогдолтойг МХБ мэдээллээ.
АПУ анхаарал татав
Дотоодын хөрөнгийн захын үнэлгээний 12 хувийг дангаараа бүрдүүлж буй АПУ ХК 100 жилийн ойгоо тохиолдуулан 1.2 сая ширхэг халаасны хувьцааг дахин гаргаж хаалттай хүрээнд эзэмшүүлэх замаар нийт ажилтнуудаа урамшуулахаар болжээ. Түүнчлэн тус компанийн гол хувьцаа эзэмшигч “Шунхлай” групп нийт 7,500 ажилтандаа АПУ-ийн өөрийн эзэмшлийн хувьцааг үнэ төлбөргүй олгохоор болсноо зарлаад байна.
Нийт 3.4 тэрбум төгрөг зарцуулж буй тус урамшууллаар ажилтан бүрийн ажилласан жилийг нь 100 хувьцаатай үржүүлж нийт 3 сая гаруй ширхэг хувьцаа эзэмшүүлж байгаа аж.
$200 саяын өр дарав
Монгол Улс “Самурай” бондын 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлснийг Ерөнхий сайд мэдэгдэв. 2013 онд 10 жилийн хугацаатай, жилийн 1.5 хувийн хүүтэй гаргаж байсан 30 тэрбум иений тус бондын эргэн төлөлтийг ийнхүү хугацаанд нь бүрэн төлж барагдуулснаар ирэх онд Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжрах суурь болж байна гэдгийг Сангийн яам мөн онцолж байлаа.
Засгийн газар 2012 оноос хойш 12 бонд гаргасан бөгөөд энэ оны III улирлын байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 34 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна.
Ховор боломж
Монгол Улс газрын ховор элементийн нөөцөө ашиглах арга хэмжээг шуурхайлж чадвал шатах түлшнээс сэргээгдэх эрчим хүч рүү шилжих шилжилтэд чухал хувь нэмэр оруулах боломжтой гэж Азийн Хөгжлийн Банк үзэж байна. Гэхдээ энэ чиглэлд Монгол Улс өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд геологийн судалгааг илүү нарийн нягт нямбай хийх, үүний тулд хөрөнгө оруулалт татах, мөн хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлэх хэрэгтэйг онцолжээ.
Тариф эргэн ирэх үү?
БНХАУ нүүрсний импортод ногдуулдаг татвараа ирэх онд сэргээж магадгүй байгаа тул ОХУ, Монгол зэрэг тус улсын голлох нүүрс нийлүүлэгч орнуудын экспортын зардал нэмэгдэж болзошгүйг SxCoal мэдээлжээ. 12 дугаар сарын 20-нд БНХАУ-ын танилцуулсан зохицуулалтад чулуун нүүрс, хүрэн нүүрс багтаагүй боловч 2023 онд хугацаа нь дуусаж буй тарифыг тэглэх арга хэмжээгээ сунгахгүй, харин өмнө нь ногдуулж байсан тарифыг сэргээж магадгүй гэж ойрын эх сурвалж үзсэнийг мэдээлсэн байна.
Импортын тарифыг сэргээвэл ОХУ, Монгол, Канад болон АНУ-аас БНХАУ-д нүүрс нийлүүлэхэд антрацит, коксжих нүүрс, хүрэн нүүрсэнд гурван хувийн татвар, эрчим хүчний нүүрсэнд 5-6 хувийн татвар ногдуулах юм.
Ирээд буцсан Hyperloop
Зорчигчид, бараа материалыг хот хооронд тавигдсан тусгай хоолойгоор нисэх онгоцтой дүйцэхүйц хурдаар тээвэрлэх футурист төсөл хөгжүүлж буй Hyperloop One компани татан буугдахаар болжээ.
Нэгэн үе нэлээн шуугиан тарьж байсан тус стартап 2014 онд анх байгуулагдсанаасаа хойш 450 сая гаруй ам.доллар татан төвлөрүүлснийг PitchBook-ийн тайлангаас харж болохоор байна. Компани тус технологийг хөгжүүлэхээр Лас Вегас хотын ойролцоотой жижиг хэмжээтэй туршилтын зам барьсан төдийгүй тэрбумтан Ричард Брэнсоны Virgin компаниас санхүүжилт авсныхаа дараа нэг хэсэг "Virgin Hyperloop One" хэмээн нэрлэгдэж байв.
Харин өдгөө тус компани ихэнх ажилтнуудаа цомхотголд хамруулж, мөн туршилтын зам, машин механизм зэрэг үлдсэн хөрөнгүүдээ зарахаар ажиллаж буйг ойрын эх сурвалж мэдээлсэн байна.
Анхаарал татах 5 технологи
Хэдийгээр 2023 онд геополитикийн асуудлууд даамжирч, эдийн засаг тогтворгүй байсан ч технологийн салбарт хөрөнгө оруулалт огцом нэмэгдэж, шинэ нээлт ч олон хийгдсэн. Тэгвэл Verdict судалгааны байгууллагаас 2024 онд хамгийн их хөрөнгө оруулалт татах технологийн таван чиглэлийг тодорхойлсон байна. Үүнд:
Хиймэл оюун. Уг зах зээлийн үнэлгээ 2030 он гэхэд 908.7 тэрбум ам.долларт хүрнэ гэж Globaldata тооцоолжээ.
Үүлэн тооцоолол. 2027 он гэхэд үүлэн тооцооллын системийн зах зээл 1.4 их наяд ам.долларт хүрэх тооцоотой.
Кибер аюулгүй байдал. 2030 он гэхэд кибер аюулгүй байдлын компаниудын орлого 344 тэрбум ам.долларт хүрэх таамагтай байгаа.
Роботын технологи. 2030 онд роботын технологийн зах зээл 218 тэрбум ам.долларт хүрэх тооцоотой.
IoT буюу зүйлсийн интернэт. Энэ зах зээл 2027 он гэхэд 1.2 их наяд ам.доллароор хэмжигдэхээр байна.
Bloombergtv.mn танд санал болгож байна
“S&P Global Ratings” агентлаг “Codelco”-ийн зээлжих зэрэглэлийг бууруулж, “BBB+” болгов
Тайланд улс цахилгаан автомашин үйлдвэрлэлийн төв болоход $970 саяыг зарцуулна
Онцлох чарт
Mongolian Mining Corporation компанийн хувьцааны ханш өнгөрсөн баасан гарагт 15 гаруй хувиар өсөөд зогсохгүй арилжааны хэмжээ нь дундаж түвшнээсээ даруй хоёр дахин давжээ. Жил орчмын хугацаанд 279 хувиар өсөөд байгаа компанийн нэгж хувьцааны үнэ Хонгконгийн хөрөнгийн биржид 7.43 хонгконг долларт хүрсэн нь 2014 оны 10 дугаар сараас хойших дээд цэг юм.
Өнөөдрийн онцлох зураг
“Bloomberg-ийн 2023 оны шилдэг гэрэл зургууд” цувралаас:
FTX криптовалютын биржийн Хамтран үүсгэн байгуулагч Сэм Бэнкман-Фрид Нью-Йорк хотоос гарч ирж буй нь - Хоёрдугаар сарын 16