- Business newsletter
- Posts
- 2023/12/25
2023/12/25
Powered by:
Гурван өгүүлбэрээр
АХБ-ны санал болгосон орон нутгийн хөгжлийг дэмжих бүсчилсэн хөгжлийн загварын талаар энэ дугаарт онцоллоо.
МХБ-ийн нийт арилжаа 6.8 их наяд төгрөг болж өмнөх оны эцсийн дүнгээс 21 дахин өсөөд байна.
ETF-ийн “Эрэлтийн шок“-той холбоотой мөрий Bitcoin-ийн ханш 2023 онд 160% өсөхөд нөлөөлөв.
Бүсчилсэн хөгжлийн загвар
Азийн Хөгжлийн Банкнаас гаргасан “Монгол Улсын хүн амын суурьшил” шинэ судалгаанд хот хөдөөгийн хөгжил, дэд бүтцийн тэнцвэргүй байдлыг шийдэх бүсчилсэн хөгжлийн сонирхолтой загварыг санал болгожээ.
Нэг хоттой орон
Улаанбаатар хотод нийт хүн амын тал хувь нь төвлөрч, улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 63 хувийг бүрдүүлдэг гэдгээрээ Монгол улсыг “нэг хоттой орон” гэж тодорхойлж болно. Хоёр дахь том хот болох Эрдэнэт нь Улаанбаатараас бараг 15 дахин жижиг байх жишээтэй. Тэгвэл аймгийн төвүүд дэх дэд бүтцийн хомсдол нь хэдий байнга яригддаг сэдэв боловч аж үйлдвэр, үйлчилгээний салбар зэрэг хотын эдийн засгийн өнөөгийн сул дорой байдал төдийлөн хөндөгдөхгүй байгааг АХБ-ны тус судалгаанд онцолсон байна.
Тэр дундаа аймгийн төвүүд дэд бүтцийн хувьд өрсөлдөх чадваргүй, хөдөөгийн бүс нутгийг дэмжих эдийн засгийн зангилаа цэгийн ач холбогдлоо алдсан гэжээ.
Сумын төвүүд ч гэсэн мал аж ахуйг дэмжих үндсэн чиг үүргээ алдсаныг өдгөө сумын захиргаанд бэлчээрийн менежментийг хариуцсан ганцхан хүн ажиллаж буй жишээг аван онцолсон байна.
Гэтэл орон нутагт эдийн засгийн гол сектор хэвээр байгаа мал аж ахуй хямралд орж, зохицуулалтгүй бөгөөд эмзэг эдийн засаг болж хувирчээ. Бэлчээрийн доройтлын шалтгаан болох малын тоо толгойн хяналтгүй өсөлт нь үүний томоохон хэсэг. Иймд малчдын орлогыг нь бууруулахгүй байдлаар малын тоо толгойг багасгаж, нэгж үнэ цэнийг өсгөх нь нэн шаардлагатай гэж үзсэн байна.
Үүнийг хэрхэн шийдэх вэ?
Орон нутаг дахь хүн амын төвлөрөл голчлон мал аж ахуйгаас шалтгаалсан хэвээр байна. Иймд мал аж ахуйн салбарын үр дүнтэй ажиллагааг хангаж, үнэ цэнийн сүлжээг бий болгох тодорхой үүрэг бүхий төвүүдээс бүрдсэн суурин газрын шаталсан тогтолцоог үүсгэх нь АХБ-ны судалгааны гол дэвшүүлсэн санаа юм.
Өнөөдөр Монголд мах, ноос ноолуур, арьс шир гэсэн мал аж ахуйн гурван томоохон үнэ цэнийн сүлжээ бий. Ноолуураар жишээ авбал ангилахаас эхлээд нэхэх, сүлжих хүртэл дийлэнх үе шатууд нь Улаанбаатарт явагдаж байна. АХБ-ны үзсэнээр аймаг ба сумын төвүүдэд илүү их үйл ажиллагаа явагдах ёстой аж. Тухайлбал ноолуурыг урьдчилан ангилах, зэрэглэл тогтоох ажлыг зарим сумын төвүүдэд, харин цэвэрлэх, ангилах үйл явцыг аймгийн төвүүдэд хийх боломжтой.
Судалгаанд санал болгосон шинэ тогтолцоонд бүх аймаг, сумдыг одоогийн чиг үүрэг, эдийн засгийн боломжид нь үндэслэн хамруулсан бөгөөд дараах таван түвшинд ангилан эрэмбэлжээ.
Төрөл A: Хайпер-метрополис. Улаанбаатар хот
Төрөл B: Метрополис. Бүс нутагтаа эдийн засаг, улс төр, соёлын томоохон төв болох хотууд. Хөдөө орон нутгаас бүрэн хамааралгүй хөгжсөн Дархан, Эрдэнэт хотуудыг энэ ангилалд багтаажээ.
Төрөл C: Тулгуур хотууд. Тойрсон хөдөө орон нутгийн бүсүүдэд үйлчилгээ үзүүлэх төвүүд буюу аймгийн төв.
Төрөл D : Нэг чиг үүрэгт хотууд. Уурхай, аялал жуулчлалын бүс, хилийн боомт зэрэг дотоодын нөөцийг түшиглэн оршин тогтнох хотууд.
Төрөл E: Сум дундын төвүүд. Төрийн үйлчилгээг өндөр түвшинд хүргэх, хөдөө аж ахуйн урьдчилсан боловсруулалтыг дэмжих сумын төвүүд
Төрөл F: Орон нутгийн суурин. Захиргаа, дунд боловсрол, эрүүл мэндийн наад захын үйлчилгээг хүргэх бусад сумын төвүүд.
Могойн гол, тээврийн сорилт
"Уурхайгаас Эрээн хүртэл нүүрс тээвэрлэхэд 2,000 км орчим зайтай, логистикийн зардал асар өндөр тул уурхай дээрх үнээ нэмэхэд хүндрэлтэй байдаг. Тиймээс нүүрсээ уурхайн амнаас борлуулж, худалдаж авсан компани нь бусад өртөг зардлаа төлөөд гаргаж байна. Одоогоор бид эрчим хүчний нүүрсээ алдагдалтай үнээр борлуулж байгаа. Эрчим хүчний зохицуулах хорооноос манай нүүрсний үнэд хяналт тавьдаг” хэмээн “Могойн гол” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Батхүү “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа онцолсон юм.
Хөвсгөл, Завхан аймгуудыг эрчим хүчний нүүрсээр хангаж буй “Могойн гол” ХК өнгөрсөн онд 130 мянган тонн нүүрс олборлон борлуулж, 1.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан бол энэ онд хөрс хуулалтын ажилд хүндрэл гарсны нөлөөгөөр цэвэр ашиг нь буурах төсөөлөлтэй байгаа аж. Харин ирэх онд ашиглалтад орохоор байгаа Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ДЦС-ын эрчим хүчний нүүрсээр хангаж эхэлснээр нийлүүлэлт нь нэмэгдэх төлөвтэйг тэрбээр мөн мэдээлсэн юм.
Хэлэлцээ зогсоогүй шүү!
Монгол Улсын Засгийн газар, “Орано Майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ зогссон гэх мэдээллийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт няцаав. Харин татвар санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалт, гэрээ эрх зүй гэх мэт таван чиглэлд холбогдох сайд нарын ахалсан ажлын дэд хэсгүүд хэлэлцээг үргэлжлүүлж байгааг тэрбээр мэдээлсэн байна. Явцын хувьд өнгөрсөн долоо хоногийн байдлаар талууд нийт 224 саналаас 115 дээр нь тохиролцоод байгаа аж.
Тарифыг индексжүүлэх нь
2022 онд эрчим хүчний салбарын өр төлбөр түүхэн дээд түвшинд буюу 2.1 их наяд төгрөг хүрч, 187 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласныг Эрчим хүчний яам мэдээлж байв. Хэрэв үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний тарифыг аажмаар нэмэгдүүлсээр явбал 2030 он гэхэд үндсэн өртгөөр нь борлуулж, салбарын өр төлбөр 10 дахин буурч, үр дүнд нь Төр зохицуулагч бус өрсөлдөөнт зах зээлд шилжих боломжтой гэсэн тооцооллыг Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн тайланд онцолжээ.
Эдийн засгийн тухайн үеийн үзүүлэлтүүдийг харгалзаж эрчим хүчний тарифыг индексжүүлснээр эрчим хүчний салбарын үйл ажиллагаа тогтворжихыг Ньюком группын Эрчим хүч хариуцсан захирал Д.Ганхуяг бидэнд ярилцлага өгөхдөө хэлж байлаа.
Инновац ба эмэгтэйчүүд
Эмэгтэй захиралтай ААН-үүдийн 8.1 хувь, эрэгтэй захиралтай ААН-үүдийн 7.9 хувь нь 2018-2021 оны хугацаанд үйл ажиллагаандаа шинэ эсвэл мэдэгдэхүйц сайжруулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний инновац нэвтрүүлсэн болохыг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс анх удаа гаргасан "Бизнес эрхлэлт ба жендэр" тайланд онцолжээ.
Түүнчлэн эмэгтэй захирлууд инновацын үйл ажиллагаанд эрэгтэй захирлуудаас хол давуу дүнтэй хөрөнгө оруулалт хийсэн байна. Тухайлбал 2020 онд эрэгтэй захиралтай компаниуд инновацын үйл ажиллагаанд дунджаар 48.8 сая төгрөг зарцуулсан бол эмэгтэй захиралтай компаниуд 205.1 сая төгрөг зарцуулжээ.
Тооны цаана
21
Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Монголын хөрөнгийн биржийн нийт арилжаа 6.8 их наяд төгрөг болж өмнөх оны эцсийн дүнгээс 21 дахин өсжээ. Нийт арилжааны дийлэнх буюу 6.2 их наяд төгрөгийг түүхий эдийн арилжаа бүрдүүлсэн бол 501.7 тэрбум төгрөгийн хувьцаа, 137.4 тэрбум төгрөгийн компанийн бонд арилжаалагдсан байна.
Ахмад, чинээлэг Америкчууд
Хэдий дийлэнх нь ажил эрхлэхээ больсон ч 70 болон түүнээс дээш насны Америкчуудын хураасан хөрөнгийн хэмжээ огцом өсөж байна. Их төрөлтийн үеийнхний ахмад төлөөллүүд 2019 оны сүүлээс хойш нийт хуримтлуулсан хөрөнгөө 14 гаруй их наяд ам.доллароор нэмэгдүүлснийг Холбооны нөөцийн банкны тайлан мэдээлэл харуулжээ.
Тэдний хувьд АНУ-ын хүн амын 11 хувийг бүрдүүлж байгаа ч тус улсын өрхийн нийт хөрөнгөд эзлэх хувь нь өнгөрсөн улиралд 30% давсан нь түүхэн дээд үзүүлэлт болсон байна. Энэхүү өсөлтийн тодорхой хувийг хүн амын насжилттай холбон тайлбарлаж болно. 2019 онтой харьцуулахад АНУ-д 70-аас дээш настай иргэдийн тоо 2.3 сая орчмоор нэмэгдээд байгаа аж. Түүнчлэн өөр нэг томоохон хүчин зүйл нь цар тахлын үеэрх орон сууцны үнийн болон хувьцааны өсөлт болжээ.
600% өссөн хувьцаа
Өмнөд Солонгосын жижиглэн худалдаа эрхлэгчид цахилгаан автомашины цэнэг хураагууртай холбоотой бүхий л бүтээгдэхүүнээр зах зээлийг хуйлруулсан нь катод үйлдвэрлэгч нэгэн компани гэрлийн хурдаар цойлж, хувьцаа нь энэ онд дэлхийн хамгийн өндөр өсөлттэй хувьцаа болоход нөлөөлжээ. Ecopro компанийн хувьцаа "Bloomberg World Index"-д багтдаг 2,647 компанийн хувьцааг өсөлтөөрөө төвөггүйхэн ардаа орхиж, энэ онд 571 хувиар өссөн нь хоёрдугаарт бичигдэж буй хувьцаанаас 200 гаруй нэгж хувиар давсан үзүүлэлт аж.
2023 оны эхэнд тус компанийн нэгж хувьцааны ханш 110 мянган вон байсан бол ердөө долоон сар орчмын хугацаанд 10 дахин өссөн байна.
Bloombergtv.mn танд санал болгож байна
“S&P Global Ratings” агентлаг “Codelco”-ийн зээлжих зэрэглэлийг бууруулж, “BBB+” болгов
Тайланд улс цахилгаан автомашин үйлдвэрлэлийн төв болоход $970 саяыг зарцуулна
Онцлох чарт
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустинийг хүлээн авч уулзаж, тус улстай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ гэдгээ амласан юм. Өнгөрсөн сард хоёр талын худалдаа жилийн зорилтот түвшин болох 200 тэрбум ам.долларт хүрсэн нь хамтын ажиллагааны бат бөх байдлын илрэл болсон гэж Хятадын төв телевиз мэдээлжээ.
Өнөөдрийн онцлох зураг
“Bloomberg-ийн 2023 оны шилдэг гэрэл зургууд” цувралаас:
Мароккогийн Аснид болсон газар хөдлөлтөөр нурсан барилга - Есдүгээр сарын 12