- Business newsletter
- Posts
- 2023/12/22
2023/12/22
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Өнгөрсөн сард Монгол Улс БНХАУ-д 7.9 сая тн нүүрс экспортолсон нь бүх цаг үеийн дээд хэмжээ болжээ.
2024 оны сонгуулийг Улаанбаатар хотод 6 тойрог, орон нутагт бүсчилсэн 7 тойрогтой хийхээр баталлаа.
Сингапур болон Куала-Лумпурыг холбосон нислэг энэ онд дэлхийн хамгийн өндөр ачаалалтай нислэгийн чиглэл байжээ.
Ангол: Баяртай OPEC!
16 жил гишүүнчлэлтэй байсны эцэст OPEC-оос гарч буйгаа Ангол улс зарлалаа. Шалтгаан нь газрын тосны квоттой холбоотой маргаан бөгөөд OPEC ийнхүү 12 гишүүнтэй үлдэж байна. Тус улсын газрын тосны гарц 8 жилийн хугацаанд ойролцоогоор 40% буурч өдрийн 1.14 сая баррель болоод байжээ. Газрын тосны үнэ сүүлийн 3 сард 20% буураад байгаа юм.
Нүүрсний оргил үе
Уурхайн цуврал ослуудын дараа БНХАУ-ын гангийн үйлдвэрүүд гол түлшнийхээ хомсдолыг нөхөхөөр гадаадын нийлүүлэгчдэд найдсан нь өнгөрсөн сард БНХАУ-ын Монгол Улсаас импортолсон нүүрс түүхэн дээд хэмжээндээ хүрэхэд нөлөөлөв.
Хятадыг нүүрсээр “дарав”
11 дүгээр сард Монгол Улс БНХАУ-д 7.9 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлтээс даруй хоёр дахин давсны сацуу Хятадын сарын нийт импортын хэмжээ мөн рекордоо эвдэхэд түлхэц болжээ. Уурхайнууд хаагдсан, хяналт шалгалт нэмэгдсэний нөлөөгөөр Хятадад нүүрсний олборлолт буурсан бол энэ хугацаанд Монголоос импортолсон нийт нүүрсний дөрөвний гурав орчим нь гангийн үйлдвэрлэлд ашиглагддаг өндөр чанарын коксжих нүүрс байжээ.
Түүнчлэн Монгол улс өмнөх сард БНХАУ-д нийлүүлэх нүүрсний хэмжээгээр ОХУ-ыг гүйцэж, ихэвчлэн доогуур чанарын эрчим хүчний нүүрс экспортолдог Индонез улсын дараа хоёрдугаарт бичигдэж эхэлсэн байна.
Москвагаас саяхан тогтоосон экспортын хориг нь Оросын нүүрсний өрсөлдөх чадварыг бууруулжээ. Харин Хятадын өөр нэг томоохон нийлүүлэгч болох Австралийн нүүрсний экспорт 2020 оноос энэ он хүртэл хэрэгжиж байсан Бээжингийн импортын хоригоос бүрэн сэргээгүй байгаа юм.
11 дүгээр сарын рекорд өсөлт нь Монгол Улс энэ онд 50 сая тонн нүүрс экспортлох зорилтоо биелүүлсэн амжилтыг бататгаж байна. Хэдий тийм боловч цаг агаарын хүнд нөхцөл, шатахууны хомсдол зэргээс үүдэн Монгол Улсын нүүрсний олборлолт, тээвэрлэлтэд сөргөөр нөлөөлж, улмаар энэ сард нүүрсний экспорт эрс багасах төлөвтэй байгааг Fengkuang Coal Logistics онцолжээ.
Оргилдоо хүрэх жил
Дэлхийн хэмжээнд нүүрс олборлолтын чиглэлд оруулж буй банкны санхүүжилт өндөр түвшинд хэвээр байгаагийн дийлэнхийг БНХАУ-аас хийсэн санхүүжилт бүрдүүлж байна. BloombergNEF-ийн судалгаагаар 2022 онд нийт шатах түлшний төслүүдэд оруулсан банкны санхүүжилтийн 13 хувь буюу 120 тэрбум ам.доллар нүүрсний төслүүдэд чиглэжээ.
Харин нийт нүүрс олборлолтын салбарт чиглэсэн санхүүжилтийн 76 хувь буюу 93 тэрбум ам.долларын санхүүжилтийг дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох БНХАУ-аас хийсэн байна. Харин АНУ-д 10 тэрбум ам.долларын санхүүжилт хийсэн бол ХБНГУ болон Энэтхэг улсууд тус бүр 3 тэрбум ам.долларын санхүүжилтийг нүүрсний төсөлд оруулжээ.
Олон улсын Эрчим хүчний агентлагийн мэдээлснээр энэ онд дэлхийн нүүрсний хэрэглээ 8.5 тэрбум метр тоннд хүрч түүхэн дээд түвшиндээ хүрэх бол ирэх оноос эхлэн тогтвортой буурах төлөвтэй аж.
Импорт VS экспорт
"Монголд цахилгаан эрчим хүчний хүртээмж нь эдийн засгийн өсөлтийг хязгаарлах хүчин зүйл болоод байна. Жишээлбэл уул уурхайн салбарын эрчим хүчний хэрэглээний 20 хувийг ОХУ болон БНХАУ-аас импортолж байна. Монгол Улс нийтдээ 2 тераватт эрчим хүч үйлдвэрлэх бололцоотой. Өөрөөр хэлбэл хөрш орнуудаас эрчим хүч импортлох биш экспортолдог улс болох боломжтой. Ингэхийн тулд томоохон хэмжээний цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ шаардлагатай байна” хэмээн ЕСБХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач бидэнд өгсөн ярилцлагадаа онцолсон юм.
Дашрамд дурдахад, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны төсөл хэрэгждэг бүсүүдэд 2023 оны эхээр ногоон ажлын байрны эзлэх хувь 14 хувьд хүрч өсжээ. Нийт санхүүжилтийнхээ 50-иас доошгүй хувийг ногоон шийдэлд зарцуулах зорилтоо биелүүлээд буй тус банкны өнгөрсөн онд Монголд хийсэн хөрөнгө оруулалтын 84 хувь нь ногоон салбарт хийгдсэнийг тэрбээр мөн дурдаж байлаа.
Тойргуудыг тогтоов
2024 оны сонгуулийг Улаанбаатар хотод 6 тойрог, орон нутагт бүсчилсэн 7 тойрог байхаар тогтож УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлав. Сонгогчдын тоо, нутаг дэвсгэрийн онцлог, бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөг харгалзан үзэж сонгуулийн тойргуудыг дараах байдлаар зурсан бөгөөд Баян-Өлгий аймгийг тусад нь нэг тойрог болгосон үндэсний цөөнхөөс төлөөлөлтэй байх шаардлагатай гэж үзсэнтэй холбоотойг тайлбарлаж байлаа. Үүнийг чуулганы үеэр зарим гишүүд шүүмжилж байв.
Харин Улаанбаатар хотын хувьд Баянзүрх дүүрэг 8-р тойрог, Баянгол дүүрэг 9-р тойрог, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог, Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог, Хан-Уул дүүрэг 12-р тойрог, Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог байхаар тогтоожээ. Сонгуулийн тойрог том болох тусам шинэ нэр дэвшигчид, эмэгтэйчүүдийн боломж буурч, харин орон нутагтаа олонд танигдсан хүмүүс сонгогдох магадлал нэмэгддэгийг МУИС-ийн Дэд профессор, доктор Б.Эрдэнэдалай онцолж байлаа.
MEC-ийн орлого буурав
Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд гол олборлолтоо явуулдаг “Mongolia Energy Corporation” компани 2023 оны есдүгээр сараар эцэслэсэн зургаан сарын хугацаанд орлого нь 16.6 хувиар буурсныг тайлагналаа. Хэдийгээр тус компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан ч нүүрсний зарагдах дундаж үнэ буурснаас үүдэн ийнхүү орлого нь өмнөх оны мөн үеэс буурчээ.
Ковидын уршиг дуусахгүй
Ханиалгаасаа болж ажлынхнаасаа санаа зовдог болсон уу? Тийм бол та ганцаараа биш. Баяр ёслолууд ойртож, ажлын болон олон нийтийн цугларалт, арга хэмжээнд очих шахалт хүн бүрд нэмэгдэж буй. Гэхдээ цар тахлын дараах энэ үед нусаа татах төдийд бусдад сэжиг төрүүлэхэд хангалттай болжээ.
Энэхүү хоёрдмол байдлыг давж гарахын тулд Америкчууд ханиадны болон харшлын эмүүдийг ихээр авч хураах болсон байна. Тодруулбал 2019 онд харьцуулахад ханиадны эмийн борлуулалт энэ онд 23 хувиар нэмэгджээ. өсөлт нь хүмүүс ханиадаа эдгээхээр өөрсдийгөө хэт хүчилж, улмаар гэртээ амрахын оронд гадуур вирусийн тархалтыг нэмэгдүүлж байна гэсэн болгоомжлолын шалтгаан болжээ.
Хамгийн ачаалалтай нислэг
2023 онд Сингапур болон Малайзын Куала-Лумпур хот хоорондох нэг цаг үргэлжилдэг нислэг дэлхийн хамгийн өндөр ачаалалтай нислэгийн чиглэл болжээ. Цар тахлын дараах агаарын тээврийн сэргэлт ялангуяа Азид эрчимжсэнээр тус чиглэлийн нислэг энэ онд зөвхөн нэг талдаа 4.9 сая зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн оныхоос 50 хувиар өссөн үзүүлэлт болсныг “Official Airline Guide” мэдээлсэн байна.
Тэгвэл 2023 онд хамгийн хөл хөдөлгөөнтэй байсан нисэх буудлаар Атлантагийн олон улсын нисэх онгоцны буудал дахин тодорсон бол хоёрдугаарт Дубай, гуравдугаарт Токиогийн Ханеда буудлууд бичигджээ. Харин үүнээс өмнө дэлхийн хамгийн шилдэг нисэх буудлуудын жагсаалтыг “AirHelp” компани гаргаж, Оман улсын Мускат нисэх буудал шилдгээр шалгарсан юм.
Bloombergtv.mn танд санал болгож байна
“S&P Global Ratings” агентлаг “Codelco”-ийн зээлжих зэрэглэлийг бууруулж, “BBB+” болгов
Тайланд улс цахилгаан автомашин үйлдвэрлэлийн төв болоход $970 саяыг зарцуулна
Онцлох чарт
Малын тоо толгойн хяналтгүй өсөлтөөс шалтгаалсан бэлчээрийн даац хэтрэлт нь уур амьсгалын өөрчлөлттэй хавсарнаар Монголын нийт бэлчээрийн газар нутгийн 70 хувь нь доройтолд өртөөд байгааг АХБ-ны шинэ судалгаанд дурджээ. Иймд малын тоо толгойг бууруулах нь бэлчээрийг сэргээж, мөн мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангахад нэн чухал болохыг онцолсон байна.
Байгаа бүх малаасаа ашиг шим хүртдэг болж, шинжлэх ухаан, технологи, инновацаар малчдынхаа ахуй амьдрал, мал маллах арга барилыг дээшлүүлэх нь чухал болохыг Монгол Улс дахь НҮБ-ын Суурин Зохицуулагч Тапан Мишра Bloomberg TV Mongolia-д ярилцлага өгөхдөө хэлж байсан юм.
Өнөөдрийн онцлох зураг
“Bloomberg-ийн 2023 оны шилдэг гэрэл зургууд” цувралаас:
Японы Үндэсний батлан хамгаалахын академийн төгсөлтийн баярын үеэр төгсөгчид малгайгаа шидэж буй нь - Гуравдугаар сарын 26
Toru Hanai/Bloomberg