2023/12/21

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. “Petro Matad” удаан хүлээсэн газрын зөвшөөрлөө авахад ойртож, хувьцаа нь 27 хувиар өсөв.

  2. “Инновэйшн Инвестмент" компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг "QPAY" үсгэн кодтойгоор эхлүүллээ.

  3. Монголд хэрэгжиж буй метан хийн төслүүдийн ач холбогдлын талаар энэ дугаарт онцоллоо.

Метан хийн зах зээл

Монголд байгалийн хий, ялангуяа нүүрсний давхаргын метан хийн хайгуулын төслүүд эрчимтэй үргэлжилж байна. Нөөцийг нь бүрэн тогтоож, олборлолт болон түүнд түшиглэсэн үйлдвэрлэлийг эхлүүлбэл энэхүү шатах түлш нь эдийн засаг, эрчим хүчний аюулгүй байдалд үлэмж давуу тал авчрах юм.

Гол төслүүдийн ахиц

Өнгөрсөн онд Монгол, Австрали хамтран зургаан сарын турш нөөцийн судалгаа хийсний үр дүнд Монгол Улсын нүүрсний давхаргын метан хийн боломжит нөөцийг 7.4 их наяд метр куб гэж үнэлжээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд бүтээгдэхүүн хуваах гэрээтэй дөрвөн компанийн зургаан талбай байгаа юм. Түүнчлэн 2019 оноос эхлэн Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй гурван компани Өмнөговь аймгийн нутагт метан хийн хайгуул хийж, туршилтын цооногуудаа өрөмдөж байна.

Төслүүдийн ахицаас танилцуулбал “Гурвантэс XXXV” төслийг эзэмшдэг "TMK Energy" энэ оны дөрөвдүгээр сард өрөмдлөгийн хөтөлбөрөө эхлүүлж, одоогоор Нарийнсухайт хайгуулын бүсэд өрөмдсөн туршилтын гурван цооногтоо хийн тогтмол урсгалыг бий болгоод байна. Компани 2023 оны наймдугаар сард цооногуудын үйл ажиллагааг эхлүүлснээс хойш гарган авсан хийн хэмжээ нь сар бүр бараг хоёр дахин нэмэгдэж байгаа аж.

Харин “Elixir Energy” компани есдүгээр сард “Nomgon X” цооногийг амжилттай өрөмдөж, олборлолтын үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Компани энэ онд “Номгон” талбайн өргөтгөсөн туршилтын хөтөлбөрөө үргэлжлүүлж, нийт есөн цооног өрөмдөхөө зарлаад байгаа. 30 мянга орчим км.кв талбайг хамардаг “Номгон” төсөл нь Хойд Хятадын хий дамжуулах гол сүлжээнээс ердөө 400 км зайтай нь давуу тал болохыг тус компани онцолж буй.

Эцэст нь Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төслийг удирдаж буй “Jade Gas” компани саяхан “Баруун наран” талбайдаа 104.6 метрийн зузаантай хийтэй нүүрс илрүүлснээ мэдээлсэн юм. Цаашид тус компани тогтоосон боломжит хийн нөөцөө бататгаж, 2024 оноос эхлэн олборлохоор зорьж байгаа аж.

Олборлолоо, тэгээд яах вэ?

Агаарын бохирдлоос салах, эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлж найдвартай болгох Монголчуудын хэрэгцээ шаардлага метан хийн олборлолттой яах аргагүй холбогдоно. Хамгийн цэвэр шатах түлшид тооцогддог метан хий түүхий нүүрсний хэрэглээг орлохоос гадна олборлож байгаа газарт нь цахилгаан станц барих, эсвэл шингэрүүлсэн хий хэлбэрээр ашиглавал бүр ч том давуу талтайг мэргэжилтнүүд хэлж байна.

Төслийн талбай нь хилтэй ойрхон тул дээрх компаниуд БНХАУ руу метан хий экспортлох, цаашлаад тус улсын сүлжээтэй холбогдох зорилго тавьж буй. Тухайлбал “Elixir Energy”-ийн метан хий болон устөрөгчийн төслийн аль алинд нь дамжуулах хоолой шаардлагатай болох бөгөөд хоолойн урт харьцангуй богино байх тул инженерчлэлийн хувьд тийм ч их сорилт үүсэхгүйг тус компанийн Гүйцэтгэх захирал Нейл Янг онцолж байлаа.

QPAY, ногдол ашиг…

"Инновэйшн Инвестмент" ХК хоёрдогч зах зээлийн арилжаагаа МХБ-ийн III ангилалд QPAY үсгэн кодтойгоор эхлүүлэв. IPO-гоор 8.3 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн тус компанийн зах зээлийн үнэлгээ одоогоор 40.8 тэрбум төгрөг хүрээд байна. Түүнчлэн “Монос Хүнс” ХК 2022 оны ногдол ашиг болох 278.1 сая төгрөгийг, “Монгол Базальт” ХК 300.4 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдийнхээ дансанд байршуулжээ.

Хувьцаа эзэмшүүлэлт

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 34 хувийг Монголын нийт ард иргэд бүрэн эзэмших, мөн 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд тус компанийн хувьцааг эзэмшүүлэх шийдвэрийг ЗГ гаргаж, тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар болов. Одоогоор Монгол Улсын 2.5 сая гаруй иргэн ЭТТ ХК-ийн 18.04 хувийг эзэмшиж байгаа юм.

Инфляц ирэх онд

Bloomberg Intelligence-ийн явуулсан судалгаагаар дэлхийн хэмжээнд инфляц 2024 оны IV улиралд 5.4 хувь болж буурна гэж эдийн засагчид тооцоолсон байна. Тэр дундаа хөгжингүй орнуудын хувьд инфляц энэ оны эцэст 3.4 хувь хүртэл саарах бол 2024 оны эцэст 2.2 хувь хүртэл буурах төлөвтэй аж.

Харин хөгжиж буй орнуудын хувьд байдал өөр байх төлөвтэй. БНХАУ-аас бусад хөгжиж буй орнуудын инфляц 2024 оны I улирлын туршид эргэн өсөж, харин IV улирал гэхэд 11.8 хувь хүртэл саарахаар байгаа аж. Тэгвэл сүүлийн байдлаар 8.6 хувь болж саарсан Монгол Улсын инфляц хэрэв төсвийн бодлого өөрчлөгдөхгүй бол ирэх оны сүүлээр дахин өдөөгдөх магадлалтайг олон улсын байгууллагууд, Монголбанкнаас анхааруулж буй.

Саад арилна

“Petro Matad” ирэх хавраас өмнө “Heron-1” талбайн газрын зөвшөөрлөө авч, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэхэд ойртсоныг тус компанийн Гүйцэтгэх захирал Майк Бак мэдэгдсэнээр хувьцааны ханш нь 27 хувиар өслөө. Удаан хүлээлгэсэн газрын зөвшөөрлийн асуудал нь энэ өвлийн сүүлээр бүрэн шийдвэрлэгдэнэ гэж тус компани үзэж байгаа аж.

Нэг шат дээшээ

Монгол Улс, БНСУ хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн эхний шатны хэлэлцээ явагдлаа. Хэлэлцээрийн хүрээнд хоёр улс хоорондын нэмүү өртөг шингээсэн экспорт, тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулах зэрэг ажлууд хийгдэх аж. Үүнээс гадна БНСУ газрын ховор металлын чиглэлд Монгол Улсыг түншээ болгон хамтран ажиллах хүсэлтэй байгааг тус улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний орлогч сайд онцолж байв.

Apple Watch баяртай!

Эцсийн мөчид Ерөнхийлөгчийн хориг хэрэгждэггүй л юм бол Apple Watch АНУ-д лангуунаас буух нь тодорхой болжээ. Энэ нь Америкийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болон Гүйцэтгэх захирал Тим Кукийн барцадтай жилийн бүр ч тааруу төгсгөл болж байна.

Эрүүл мэндийн технологийн Masimo Corp. компанитай хийж буй патентын маргаанд Apple ерөнхийдөө ялагдсан байна. Тэрхүү компани нь цусан дахь хүчилтөрөгч хэмжигчтэй холбоотой оюуны өмчийн эрх зөрчсөн асуудлаар технологийн аварга Apple-ийг буруутгаад байсан юм. Ингэснээр пүрэв гарагаас эхлэн Apple ухаалаг цагныхаа хамгийн сүүлийн үеийн загварыг цахим дэлгүүрээсээ буулгах бол Зул сарын өмнөх өдрөөс эхлэн үндсэн дэлгүүрүүддээ борлуулахаа зогсоох аж.

Байгаль=Тансаг үйлчилгээ

Fife Arms нь Шотландын хамгийн тансаг зочид буудлуудын нэг юм. Таван одтой, язгууртнуудын хүрээлэлд алдартай тус зочид буудлын өрөөний үнэ ерөнхийдөө 461 фунт стерлингээс эхэлдэг. Гэхдээ тэдний санал болгож буй шинэхэн үйлчилгээ нь зочдыг галын дэргэд виски шимж суулгах бус харин кинон дээр гардаг шиг байгальд хэрхэн амьд үлдэхийг заах сургалт аж.

Fife Arms-д саатсан зочид амралтынхаа хажуугаар хамгийн бөглүү, хүнд нөхцөлд хэрхэн хоолоо олж, унтаж, дулаацахад суралцахаар 600 фунт стерлинг төлж байна.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Онцлох чарт

Энэ онд хиймэл оюуны стартапуудын шинэ давлагаа Цахиурын хөндийг доргиосон ч технологийн аварга компаниуд энэ чиглэлд хамгийн нөлөөтэй хэвээр байна. Microsoft-оос гадна Nvidia, Salesforce, Google, Amazon тэргүүтэй компаниуд өрсөлдөгчидтэйгөө уралдан хиймэл оюуны стартапуудад хөрөнгө оруулалт хийжээ.

Тухайлбал Salesforce, Google, Amazon компаниуд OpenAI-ийн өрсөлдөгч Anthropic-т 7 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан бол Nvidia бараг бүх хиймэл оюуны стартапуудыг санхүүжилтээр дэмжжээ.

Харин Apple болон Meta компаниуд өөрсдийн хиймэл оюуны бүтээгдэхүүндээ төвлөрч, аливаа стартапт хөрөнгө оруулалт хараахан хийгээгүй байгаа аж.

Өнөөдрийн онцлох зураг

“Bloomberg-ийн 2023 оны шилдэг гэрэл зургууд” цувралаас:

ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен нар Германы Дрезден хотод Infineon Technologies-ийн барьж буй хагас дамжуулагчийн шинэ үйлдвэрийн шав тавих ёслолын үеэр - Тавдугаар сарын 2

Krisztian Bocsi/Bloomberg