2023/12/20

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. “Jade Gas” компани “Баруун наран” талбайдаа 104.6 метрийн зузаантай хийтэй нүүрс илрүүллээ.

  2. Монголоос БНХАУ-д экспортолсон нүүрсний үнэ бусад өрсөлдөгч орнуудынхаас харьцангуй доогуур байна.

  3. Дотоодын бондын зах зээлд үгүйлэгдэж буй орон зайн талаар энэ дугаарт онцоллоо.

Дүүргэх ёстой орон зай

Төсвийн тэлэлтээс шалтгаалан мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлэх дохиог Монголбанк өгсөн нь бонд мэтийн тогтмол өгөөжтэй хэрэгслүүдийг илүүд үзэх хөрөнгө оруулагчдын хандлагыг хадгалах төлөвтэй.

Дотоодын бондын зах зээлд

МХБ-д арилжаалагдаж буй компанийн өрийн хэрэгслийн тоог сүүлд Хаан Банк ХК-ийн “Ногоон бонд” нэгээр нэмж, өнгөрсөн долоо хоногоос хоёрдогч зах зээлийн арилжаагаа эхлүүлээд буй. Өнгөрсөн долоо хоногт нийт 5 бондод 693 сая төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа хоёрдогч зах зээлд явагджээ.

Харин биржийн бус зах зээл 2021 оны есдүгээр сард анхны өрийн хэрэгслээ бүртгэснээс хойш энэ оны II хагас хүртэлх хугацаанд нийт 2.1 их наяд төгрөгийн өрийн хэрэгсэл бүртгэгдэж, 1.4 их наяд төгрөг татан төвлөрүүлсэн байна. Мөн энэ оны эхний хагаст 29 үнэт цаас гаргагчийн 677 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бондууд бүртгэснийг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо тайландаа дурджээ.

Биржийн бус зах зээлд оны эхний хагаст бүртгэгдсэн бондуудын дундаж хүү 17.48 хувь байгаа бол хүүгийн төлөлт хийгдэх давтамжийн хувьд 49 хувь нь хагас жил тутам, 36 хувь нь улирал тутам, 9 хувь сар бүр төлөлт хийхээр байгаа аж.

Хоосон орон зайг нөхөх боломж

Хөрвөх чадвар бага, төвлөрөл өндөр зэрэг хөрөнгийн зах зээлийн одоогийн зарим асуудлыг шийдэхэд мэргэжлийн хөрөнгө оруулагчид томоохон нөлөө үзүүлэхийг эдийн засагчид хэлдэг. Тэд их хэмжээний хөрөнгө удирддаг, өндөр зэрэглэлийн судалгаатай, урт хугацаанд хөрөнгө оруулалт хийдэг тул хөрөнгийн захад тогтвортой, найдвартай байдал бий болгож, компаниудын хариуцлагыг нэмэгдүүлэх давуу талтай.

Одоогоор дотоодын биржийн бус зах зээлд хөрөнгө оруулагчдын бүтцийн хувьд жижиг хөрөнгө оруулагчид давамгайлж буй. Мэргэжлийн хөрөнгө оруулагчид бага хүүтэй, бага эрсдэлтэй бонд түлхүү авдаг байхад жижиг хөрөнгө оруулагчид буюу хувь хүмүүс шууд өндөр хүүтэйг нь сонгож, эрсдэлийг нь умартдаг. Үүнээс шалтгаалан худалдаа, үйлдвэрлэл гэх мэт ашгийн түвшин багатай бизнесүүд бондын зах зээлд гарч чадахгүй байгааг Санхүүгийн мэргэшсэн шинжээч М.Мөнхтуяа Medeenomics Podcast-д зочноор оролцохдоо хэлж байлаа.

Энэ байдлыг арилгах шийдэл гэвэл өдгөө зөвхөн хүүгийн орлогоор дийлэнх орлогоо бүрдүүлж буй дотоодын банкнууд олон улсын жишгийг даган арилжаанд оролцож, түүнээсээ орлого олох боломж харагдаж буйг тэрбээр мөн онцолсон юм.

Шинэ хийн нөөц

“Jade Gas Holdings” компани “Баруун наран” талбайд 104.6 метрийн зузаантай хийтэй нүүрс илрүүлснээ мэдээллээ. Энэ нь Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн болон “Баруун наран” төслүүд байрладаг 40 км-ийн талбайд илрүүлсэн хоёр дахь том хийн нөөц болж байна. Тус компани “BNG-3” цооногийг 850 гаруй метрийн гүнд өрөмдөж, ийнхүү 104 гаруй метрийн зузаан хийтэй нүүрс илрүүлжээ.

Үүнээс өмнө “Jade Gas” компани “BNG-1” болон “BNG-2” цооногуудын өрөмдлөгийн хүрээнд 35 болон 26 метрийн зузаантай хийтэй нүүрс илрүүлж байсан юм. Цаашид тус компани тогтоосон боломжит хийн нөөцөө бататгаж, 2024 оноос эхлэн олборлохоор зорьж байгаа аж.

Хямд нүүрс, зөрүүтэй үнэ

2011 оны 10 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар хүртэлх нүүрс борлуулалтын гэрээний сарын дундаж үнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тухай бүр мөрдөгдөж байсан үнэ тогтоох аргачлалтай харьцуулахад гэрээний үнийн зөрүү ойролцоогоор 826.4 сая ам.доллар болохоор байгааг нүүрсний хэргийн хоёр дахь сонсголын үеэр шинжээч мэдээлэв.

Тэгвэл Монголын нүүрсний экспортын 27.4 хувийг бүрдүүлж буй ЭТТ өнөөг хүртэл 121 сая тонн нүүрс уурхайн амнаас борлуулснаас 54 хувийг нь 7 гэрээний хүрээнд нийлүүлж ирсэн тул дээрх дүнтэй зөрүү гарах боломжгүйг тус компанийн мэргэжилтэн тайлбарласан юм.

Энэ онд Монголын БНХАУ-д экспортолсон нүүрсний хэмжээ өнгөрсөн оныхоос хоёр дахин өсөөд зогсохгүй Хятадын нүүрсний зах зээлд эзлэх хувь нь 36 хувиас 52 хувь болон нэмэгдсэн байна. Гэтэл олон улсад нүүрсний үнэ цар тахлын өмнөх түвшнээс давсан байхад Монголын Хятад руу гаргах нүүрсний үнэ бусад өрсөлдөгч орнуудынхаас доогуур хэвээр байгааг Дэлхийн банкнаас гаргасан Монгол Улсын эдийн засгийн шинэ тойм тайланд онцолжээ.

Тодруулбал оны эхний есөн сард экспортолсон коксжих нүүрсний дундаж үнэ ОХУ-ын экпортолсноос 18 хувиар, бусад түншүүдийнхээс нь 50 гаруй хувиар хямд байсан байна.

Өндрөө авсан жил

Энэ онд 42 улстай агаарын хэлэлцээр байгуулж, дэлхийн 115 цэг рүү шууд нислэг үйлдэх боломжтой болсныг ЗТХЯ-наас мэдээлж байв. Хамгийн сүүлд “Хүннү Эйр” компани Улаанбаатар-Дубай чиглэлд долоо хоногт нэг давтамжтай шууд нислэг үйлдэхээр болоод буй.

Тэгвэл агаарын тээврийн салбарын орлого 11 дүгээр сарын эцсийн байдлаар өмнөх оны мөн үеэс 94.5 хувиар өсөж 872.5 тэрбум төгрөг хүрэхэд зорчигчийн тоо 1.6 сая болж, 97.9 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлжээ. Тайлант хугацаанд агаарын тээврээр зорчигчдын тоо сүүлийн гурван жилийн хугацаан дахь хамгийн дээд түвшиндээ хүрсэн байна.

Starlink-тэй хүч үзнэ

Amazon-ийн удирдлагууд тус компанийн хиймэл дагуулын бизнес Project Kuiper-ийг тайлбарлахдаа хүмүүнлэгийн үйл ажиллагаатай түлхүү холбож, алслагдсан болон буурай хөгжилтэй бүсүүдийн иргэдийг дэлхий дахины боловсрол, худалдаатай ойртуулах бололцоог нь илүүтэй тодотгодог. Харин бизнес талаасаа гэвэл Amazon-ийн зүгээс 10 тэрбум ам.доллар давсан өртөгтэй тус төсөл нь дэлхийн харилцаа холбооны аварга болох замыг нь засна гэсэн найдлага тээж буй.

Тус компани 2025 оноос эхлэн интернэтийн хувь хэрэглэгч бүрд сансрын хүлээн авагч, бизнесүүдэд үүлэн тооцоолол ба дата сэргээлтийн үйлчилгээ, мөн утасгүй үйлчилгээний компаниудад үүрэн холбооны цамхгуудаа сүлжээнд холбох холболтыг борлуулж эхлэхээр төлөвлөжээ. Зарим ажиглагчдын үзэж байгаагаар Project Kuiper нь Жефф Безос ба Илон Маск нарын өрсөлдөөний өөр нэгэн фронт болж байна.

Zoom-ийн эрин дуусав

Цар тахлын үед мандсан хувьцаануудын хамгийн том төлөөлөл "ангиасаа" хасагджээ. 2023 онд хөрөнгийн захын бүхий л томоохон индексүүдээс өсөлтөөрөө хоцорсон Zoom Video Communications компани технологийн салбарынхнаас бүрддэг Nasdaq 100 индексд багтахаа больсон байна.

Тус компанийн хувьцаа 2020 онд бараг 400 хувь өссөн нь хөрөнгө оруулагчид цар тахлын хөл хорионоос ашиг олох магадлалтай компаниудын хувьцааг хамсантай холбоотой. Гэтэл ажиллагчид оффистоо эргэн ирж, мөн Microsoft Teams-ийн өрсөлдөөн ширүүссэн нь Zoom-ийн хувьцааг хавцлын ирмэгээс түлхсэн юм.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • “Audi” 2026 он гэхэд цахилгаан автомашины 20 шинэ загвараа танилцуулна

  • Mongolian Green Farmer: Монгол байцайнд агуулагдах С витамины агууламж, импортынхоос 8-9 дахин их

  • Томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх 7 хоногоос 1.5 хувиар нэмэгджээ

Онцлох чарт

АНУ-ын Эрчим хүчний яамны тооцоолсноор тус улс нүүрстөрөгчгүйжүүлэх зорилтуудаа биелүүлэхийн тулд атомын цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлаа 2050 он гэхэд гурав дахин нэмэгдүүлж, 300 гВт-д хүргэх ёстой аж.

Харин нөгөө талд Владимир Путины Украинд эхлүүлсэн эзлэн түрэмгийлэл нь шатах түлшнээс татгалзах хэрэгцээг 10-20 жилийн дараа бодох асуудал бус яг одоо тулгамдаад буй асуудал болгож хувиргав.

Ингэснээр сонирхол татахаа болиод нэлээн удаж байсан цөмийн эрчим хүч нь Оросын байгалийн хий, нүүрснээс хамааралтай байдлаа бууруулахаар зорьж буй Европын орнуудад найдвартай, нүүрстөрөгчийн ялгаралгүй цорын ганц сонголт болж хувираад байна.

Өнөөдрийн онцлох зураг

“Bloomberg-ийн 2023 оны шилдэг гэрэл зургууд” цувралаас:

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Нью-Йорк мужийн дээд шүүхээс гарч ирж буй нь - 11 дүгээр сарын 6

Jeenah Moon/Bloomberg