2023/12/19

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Цасан шуурганаас шалтгаалан Монголоос БНХАУ руу нэвтрэх нүүрс тээврийн автомашины тоо даруй хоёр дахин буурав.

  2. Хүннү эйр ХХК Улаанбаатар-Дубай чиглэлийн шууд нислэгээ эхлүүллээ.

  3. Гурван жил зогсолтгүй унасан иенийн ханш 2024 оноос сэргэх төлөвтэй.

Бүтээмжийн ирээдүй

АНУ, Япон болон Европт хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт 1980-аад оноос хойш бараг 50 хувиар саарчээ. Харин Монгол Улс бүтээмжээр төдийлөн ахиц гаргаагүй хэвээр байна. Тэгвэл өдөр сараар бус цаг минутаар хөгжиж буй хиймэл оюуны технологи хүн төрөлхтөнд шинэ “супер хүч” өгч, хийж буй ажилдаа илүү өндөр үнэ цэн шингээх боломжийг нээх үү?

Ажиллаад л байдаг, гэхдээ бүтээмж…

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын (ILO) 2022 оны статистикаас харвал монголчуудын долоо хоногт ажилладаг дундаж хугацаа 48 цаг байгаа нь дэлхийд эхний 10-т багтах үзүүлэлт. Харин тус байгууллагаас гаргадаг хөдөлмөрийн бүтээмжийн индекст монголчуудын ажилласан нэг цагт ногдох ДНБ-ий хэмжээ 13.67 ам.доллар буюу манай улс Намиби, Венесуэль, БНХАУ, Молдав, Палестин зэрэг улсуудтай мөр зэрэгцэж, жагсаалтын дунд хэсэгт бичигдэж байна.

Монгол Улс ижил төстэй эдийн засагтай орнуудтай харьцуулахад хөдөлмөрийн бүтээмж харьцангуй доогуур үзүүлэлттэй байгаа нь эрдэс баялгийн салбарт хэт төвлөрснөөс, мөн ажиллах хүчний ур чадвар сул байгаагаас шалтгаалж буйг Дэлхийн банк өнгөрсөн оны судалгаандаа дурдаж байв.

ҮСХ-ны мэдээлснээр манай улсын хөдөлмөрийн бүтээмжийн ерөнхий түвшин буюу нэг ажиллагчид ногдох ДНБ гуравдугаар улиралд 6.4 сая төгрөг болж цар тахлын өмнөх үеэс 9 орчим хувиар нэмэгджээ. Харин салбараар нь задлаад харвал уул уурхайн салбарт бүтээж буй үнэ цэн ажиллагч тус бүрд бараг 18 сая төгрөг байхад ХАА, аж үйлдвэр, барилга, үйлчилгээний салбарт энэ нь 5 сая орчмоос хэтрэхгүй байна.

Хиймэл оюунаар өдөөгдөх тэсрэлт

“McKinsey & Co”-ийн судлаачдын төсөөллөөр хиймэл оюун жил бүр дэлхийн эдийн засагт 4.4 их наяд ам.долларын үр ашиг шингээхээр байгаа нь 2022 оны ДНБ-ий 4.4 хувьтай тэнцэх үзүүлэлт юм. Ажил эрхлэгч энгийн механик ажиллагааг хиймэл оюунд шилжүүлснээр илүү өндөр үнэ цэн бүхий ажилд төвлөрөх боломжтой болох нь дээрх өсөлтөд нөлөөлнө гэж үзжээ.

Генератив хиймэл оюун, их хэлний моделийн (LLM) хийж чадах шинэ зүйлийн тухай мэдээ бараг өдөр алгасалгүй гарч байгаа нь хиймэл оюуны учруулах эрсдэл, ялангуяа олон хүний ажлын байрыг булаах вий гэсэн болгоомжлолыг улам нэмж буй.

Гэхдээ юу гээч…

Хиймэл оюун нь ажилчдыг бүрэн орлохоос илүүтэй бүтээлч ажилд илүү их цаг зарцуулах, шинэ асуудлууд дээр ажиллах боломжийг нээнэ хэмээн “Finance and Development” сэтгүүлд онцолсон байна. Өөрөөр хэлбэл яваандаа ажиллах хүчний өсөн нэмэгдэж буй хэсэг нь судлаач эрдэмтэд, шинийг санаачлагчидтай илүү төстэй болсны үр дүнд эдийн засаг бүтээмжийн өндөр түвшинд хүрнэ гэжээ.

Сансраас ирэх боломж

“Сансрын технологи гэхээрээ л сансар огторгуйн судалгаа, сансрын нисэгчтэй холбогддоггүй болсон. Улс орны сансрын бодлого гэдэг нь уур амьсгалын бодлого, аж үйлдвэрийн бодлого, тогтвортой хөгжлийн бодлого, батлан хамгаалахын бодлогыг багтааж байгаа. Тухайлбал уурхайн даланг нураахгүй байх арга хэмжээг сансраас авч болж байна. Тэгэхээр байгаль орчны мониторинг чиглэлд ашиглах маш том боломж бас бий” хэмээн "Digital Twins 4 Tailing Dams" төслийн ахлагч, Оксфордын Их сургуулийн оюутан Б.Марал бидэнд өгсөн ярилцлагадаа онцоллоо.

Тэрбээр хиймэл оюун ашиглан сансраас уул уурхайн хаягдлын далангуудын мониторинг хийх төслөөрөө COP28 чуулганы үеэр шилдэг төслийн шагнал хүртээд байгаа юм.

Боомтын эргэн тойронд

Цасан шуурганаас шалтгаалан Монголоос БНХАУ руу нэвтрэх нүүрс тээврийн автомашины тоо даруй хоёр дахин буурчээ. “SxCoal”-ийн мэдээллээр БНХАУ-ын Ганцмод боомтоор 12 дугаар сарын 13-ны өдөр 1,142 автомашин нэвтэрсэн бол 14-ний өдрөөс 499 автомашин болж огцом буурсан байна. Мөн тухайн өдөр Ханги-Мандал боомтоор гуравхан автомашин гарчээ.

Тэгвэл Замын-Үүд автозамын боомтын ачаа тээврийн хэсгийн урсгалыг Монголд анх удаа 24 цагийн горимд шилжүүлэх туршилтыг эхлүүлсэн байна. 14 хоногийн хугацаанд энэхүү туршилт амжилттай үргэлжилбэл ачаа тээврийн хэсэг цаашид 24 цагаар үйл ажиллагаагаа явуулах аж. Ингэснээр БНХАУ-ын хуурай газрын 315 боомтоос тасралтгүй үйл ажиллагаатай хоёр дахь боомт нь Эрээн боомт болох юм.

Том тойргоор

УИХ-ын 2024 оны сонгуулийг бүсчилсэн том тойргоор явуулахаар тогтож, энэ асуудлаар улс төрийн намуудтай санал солилцож, зөвшилцөх чиглэл гаргасныг УИХ дахь МАН-ын бүлэг мэдээллээ. Тэгвэл Баян-Өлгий аймгийг үндэсний цөөнхийн хувьд Парламентад заавал төлөөлөл оруулах олон улсын нийтлэг зарчмын дагуу тусад нь бүс болгохоор яригдаж байгааг дурджээ.

5.2 сая тн нүүрс “дутав“

Нийт 5.2 сая тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй дүн мэдээг нүүрсний хэргийн хоёр дахь сонсголын үеэр танилцуулав. Давхардаагүй тоогоор 246 тээвэрлэгчийн 9,254 тээврийн хэрэгсэл нэг болон түүнээс олон удаагийн давтамжтайгаар нүүрс гаргасан байж болзошгүй бөгөөд 5.2 сая тонн нүүрснээс 1.1 сая тонн нүүрсний тээвэрлэгчийг нь тогтоох боломжгүй байгааг шинжээч мөн онцолсон байна.

Гэвч шинжээчийн танилцуулсан мэдээлэлтэй санал нийлэхгүй байгаагаа сонсголын үеэр зарим төлөөлөгчид илэрхийлж байв.

ББСБ ба НББ

СЗХ-ны дарга, Сангийн сайдын энэ сарын 08-ны өдрийн хамтарсан тушаалаар "Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын дагаж мөрдөх нягтлан бодох бүртгэлийн журам"-ыг СТОУС-д нийцүүлэн шинэчлэн баталлаа.

Хамгийн том оффис

Хэмжээгээрээ Пентагоноос ч том оффисын шинэ цогцолбор ням гарагт Энэтхэгийн Сурат хотод албан ёсоор нээлтээ хийлээ. Үүгээр Энэтхэгийн баруун бүсийн тус хот дэлхийн очир эрдэнийн нийслэл болох амбицаа бодит болгож байгаа аж.

620 мянган м.кв талбайтай, 384 сая ам.долларын өртгөөр боссон “Surat Diamond Bourse” цогцолбор өнгөрсөн долоодугаар сард баригдаж дууссанаар дэлхийн хамгийн том оффисын цогцолборт тооцогдох болжээ.

“Очир эрдэнийн хот” гэгддэг Сурат нь тус үнэт эрдэнийн боловсруулалтаар дэлхийд тэргүүлдэг төдийгүй дэлхий даяарх боловсруулаагүй очир эрдэнийн 90 хувийг тус хотод зүсэж, өнгөлж, АНУ, БНХАУ зэрэг орнуудын худалдан авагчдад борлуулдаг. Тэгвэл тус шинэ цогцолбор нь дээрх бүх үйл ажиллагааг нэгэн дээвэр доор төвлөрүүлэх зорилготой аж.

Фрийдландад юу хэрэгтэй вэ?

Зах зээлийг шинэ уурхайнууд нээх хэмжээнд өдөөхийн тулд зэсийн үнэ тонн нь 15 мянган ам.доллар хүрэх хэрэгтэй гэж “Ivanhoe Mines”-ийн Үүсгэн байгуулагч Роберт Фрийдланд үзэж байна.

“Зэсийн үнэ тонн нь 9,000 ам.долларт хүрнэ гэх төсөөлөл нь асар том, хөрөнгө оруулалт ихтэй уурхайг эрсдэл хүлээж барихад хангалттай өдөөлт болохгүй байна. Уламжлалт томоохон зэсийн уурхайнуудыг барьж байгуулахад 5-20 тэрбум ам.доллар зарцуулж, 15-20 жилийн хугацаа шаардагдана. Тиймээс зэсийн үнэ барагцаагаар тонн тутамдаа 15,000 ам.долларт хүрч, тогтвортойгоор хадгалагдсанаар эдгээр аварга уурхайнуудыг барих боломж бүрдэх юм” хэмээн тэрбээр өгүүлжээ.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • Улсын төсвийн орлого XI сард ₮20.6 их наяд болж, өмнөх оны мөн үеэс 43.6 хувиар өсөв

  • WEF: Дижитал инновац эрчимжиж буй энэ үед шийдвэр гаргагчид урт хугацааны алсын хараатай байх шаардлагатай

  • “Gazprom”-ийн БНХАУ-д экспортолсон байгалийн хийн нэг өдрийн нийлүүлэлт дээд түвшинд хүрэв

Онцлох чарт

Иен гурван жил дараалж үргэлжилсэн чөлөөт уналтаа 2024 онд зогсоох төлөвтэй байна. Японы төв банк дэлхийд цор ганц болоод буй хасах утгатай бодлогын хүүгийн мөчлөгөөсөө гарч, харин бусад төв банкнууд бодлогын хүүгээ бууруулснаар ирэх онд иений ханш огцом өснө гэж Bloomberg-ийн судалгаанд оролцсон хөрөнгө оруулагчид санал нэгджээ.

Хэдийгээр 2023 онд иен сэргэнэ гэсэн төсөөлөл бүр хоёрдугаар сараас эхлэн ташаарсан ч одоо бол тэр үетэй харьцуулахад томоохон ялгаатай байдлууд үүссэн гэж шинжээчид үзэж байгаа аж.

Өнөөдрийн онцлох зураг

“Bloomberg-ийн 2023 оны шилдэг гэрэл зургууд” цувралаас:

Испанийн Хирона дахь La Molina цанын баазад гол замаас бусад хэсэгт цас хайлсан байгаа нь, нэгдүгээр сарын 5

Kiyoshi Ota/Bloomberg