- Business newsletter
- Posts
- 2023/12/18
2023/12/18
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Ирэх онд мөнгөө яах вэ? Хувьцаа, бонд, криптогийн төлөвийг энэ дугаарт онцоллоо.
Төмрийн хүдэр, шингэрүүлсэн байгалийн хий болон нүүрсний үнэ унаж, ирэх 2 жилд экспортын орлого буурна гэж Австралийн ЗГ тооцоолжээ.
ХасБанк эчнээ санал хураалт явуулж ногдол ашиг хуваарилах асуудлыг шийдвэрлэнэ.
2024 онд мөнгөө яах вэ?
2024 он маш чухал жил болно.
Бид зарим хэцүү асуултуудын хариуг ирэх онд мэдэж авна. Холбооны нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл эдийн засгаа зөөлөн газардуулж чадсан уу? Хувьцааны өсөлт үргэлжлэх үү? Сонгууль угтсан төсвийн тэлэлт инфляцыг хөөргөдөх үү? АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч хэн байх вэ?
Хэний ямар байр суурьт итгэж болохыг мэднэ гэдэг хэцүү. Туйлын үнэн гэвэл ирээдүйд юу ч тохиолдож болно. Гэхдээ Bloomberg цөөн хэдэн экспертүүдэд хандаж, аливаа үр дүнд хэт том мөрий тавилгүйгээр ирэх онд хэрхэн бэлдэх талаар зөвлөгөө авсныг бид хүргэхээр шийдлээ.
Эрсдэлийн түвшнээ тооцоол
Хөдөлмөрийн зах зээлийн хөрөлт, өндөр хэвээр байгаа бодлогын хүү, инфляц зэрэг 2024 онд хүлээж буй боломжит хүндрэлүүдийг авч үзвэл хөрөнгө оруулалтын багцдаа хэр их эрсдэл хүлээлгэж буйгаа дахин нягтлах нь ухаалаг шийдвэр болохыг “Newell Wealth Management”-ийн эзэмшигч Кайл Ньюэлл хэлж байна.
“Хүмүүс сэрэмжтэй байж, ямар ч уналтаас эрсдэлгүй гарчих боломжтой байх хэрэгтэй нь тодорхой зүйл. Хувьцаанд хөрөнгө оруулсан хүн бүхэн тэрхүү мөнгө нь дор хаяж 3-5 жилийн хугацаанд хэрэг болохгүй гэсэн бодолтой орох нь зөв” хэмээн Кайл онцолжээ.
Гэхдээ хөрөнгө оруулалтаа бүү зогсоо
Аваарын гарц руу шууд гүйх хэрэггүй. Ирэх онд хувьцаа, бондуудаас өндөр өгөөж хүртээх боломж байсаар байгааг “Marina Wealth Advisors”-ийн ахлах шинжээч Ноа Дамски сануулж буй. Ялангуяа компаниудын орлого сайн хэвээр байвал Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах нь өсөлтөд ташуур өгөх төлөвтэй.
Түүнийхээр бол ивээлээ хайрласан жил ирэхээргүй байгаа ч дараагийн 12 сарын турш өсөлтийг дэмжих хүчин зүйлс байсаар байх нь тодорхой аж.
60/40-ийг бүү хая
Багцынхаа 60 хувийг хувьцаа, 40 хувийг бондоор бүрдүүлэх сонгодог бүтэц нь өнгөрсөн онд 2008 оноос хойших хамгийн тааруу өгөөж хүртээжээ. Үүгээр зогсохгүй сүүлийн үеийн зарим судалгаанууд хөрөнгө оруулагчдыг зүгээр л хувьцаанд бүгдийг хийчихсэн нь дээр гэдгийг харуулж буй.
Гэхдээ 60/40 дээр бууж өгөх цаг одоо биш. Бодлогын хүү оргил цэгтээ хүрсэн, эсвэл дөхөж буй үед багц дахь бондууд эцэст нь сайн өгөөж хүртээж эхэлдгийг экспертүүд хэлж байна.
60/40 хөрөнгө оруулалт нь ялангуяа гадаад хувьцаа, АНУ-ын ЗГ-ын бонд, компаниудын бондыг холих хэлбэрээр төрөлжүүлбэл давуу талтай хэвээр байгааг Кайл Ньюэлл онцолсон байна.
Криптог бас бодоорой
Криптовалютын хөрөнгө оруулалтаар 100 хувь дагна гэж хэлэх хүн одоо байхгүй болов уу. Гэхдээ өөрийн багцдаа багахан крипто нэмэх нь төрөлжилтөд давуу талтайг зарим экспертүүд хэлж буй. Bitcoin энэ онд цойлж, үнэ нь даруй хоёр дахин өсөөд байгаа. Үүн дээр нэмэгдээд Bitcoin-ийн биржээр арилжаалагддаг сан (ETF) удаан хүлээлгэсний эцэст ирэх онд гарч магадгүй болсон нь хөрөнгө оруулалтыг улам хялбар болгохоор байна.
Хараат бус төв банкны төлөө!
“Макро эдийн засаг тогтворжиж, инфляцыг хяналтдаа авч, төв банк үнэхээр хараат бус болж, сав л хийвэл мөнгө хэвлэдэг байдлаасаа сална гэдэгт гадаадын хөрөнгө оруулагчид итгэлтэй болох ёстой.
Түүнчлэн төв банканд жинхэнэ хараат бус байдал шаардлагатай гэж боддог. Учир нь миний ажигласнаар мөнгөний бодлого тогтооход улс төрчид байх ёстойгоосоо илүү их оролцдог шинж харагдаж байна. Төв банкны хараат бус байдлыг хүлээн зөвшөөрсөн улс төрийн соёлын өөрчлөлт хийх нь Монголбанканд ажлыг нь хариуцуулж өгч буйн маш том дохио болно” хэмээн “Mongoljin” компанийн Дэд ерөнхийлөгч Тоби Филпотт бидэнд өгсөн ярилцлагадаа онцлов.
Хуримтлуур ажиллаж эхлэв
“Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур”-ын төслийн тоног төхөөрөмжүүдийн угсралт суурилуулалтын ажил бүрэн дуусаж, өдгөө туршилтаар төвийн бүсийн эрчим хүчний системд оргил ачааллын үед 40-70 мВт цахилгаан эрчим хүч нийлүүлж байгааг ЭХЯ мэдээллээ. Тус эрчим хүчний хуримтлуур нь жил бүр 58.5 сая кВт/цаг ногоон эрчим хүч нийлүүлэх боломжтойн зэрэгцээ оргил ачааллын үед нэгдсэн сүлжээг 80 мВт хүртэлх хүчин чадлаар дэмжсэнээр импортын цахилгаан эрчим хүчийг тэр хэмжээгээр бууруулах ач холбогдолтой аж.
Инфляц 4-6% руу…
Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал өнгөрсөн 7 хоногт боллоо. Мөнгөний хатуу бодлого барих ёстой гэсэн ОУВС, өрнөдийн зарим орнуудын мөнгөний бодлогыг сохроор хүлээж авч, бодлогын хүүг нэмдэг, удаан хугацаанд түүнийгээ барьж эдийн засгийг царцаах нь манай орны хувьд илүү сөрөг үр дүнд хүргэх эрсдэлтэй байж болохыг Хяналтын зөвлөлийн зарим гишүүд хэлжээ. Мөн ковидын хүнд үе, Олон улсад үүссэн зөрчил, дайн байлдаанаас шалтгаалан тээвэр логистикийн хүндрэл, барааны тасалдал, бензин шатахууны үнэ өсөхөөс өмнө инфляцын түвшин 4-6 хувь руу орсон тэр үеийг 2024 онд дахин харна гэсэн найдлага тээж байгаагаа ч Хяналтын зөвлөл илэрхийлсэн байна.
Бодлогын хүүгийн нөлөөлөл
Бодлогын хүү сүүлийн 12 сар дараалан 13 хувьд хэвээр хадгалагдаж байгаатай зэрэгцээд банкны салбараас аж ахуйн нэгжид олгох зээл олголт харьцангуй саарч буйг Монголбанк онцолж байна.
Арилжааны банкнуудын зээлийн төлөвийн түүвэр судалгаанаас харахад ирэх гурван сард зээлийн эрэлт нэмэгдэх төлөвтэй. Үүнийг дагаад том болон дунд банкнууд нийлүүлэлтээ бага зэрэг нэмэгдүүлэх бол жижиг банкнууд хэвээр хадгалах төлөвтэй байгаагаа илэрхийлжээ.
Blackstone ба Тэйлор Свифт
Хувийн хөрөнгө оруулалт поп хөгжимтэй хосолбол юу болох вэ?
1 их наяд ам.долларын хөрөнгө удирдсан анхны хувийн хөрөнгө оруулалтын фирм болох Blackstone жил бүр баярын үеэр цацдаг мэндчилгээний видеогоо энэ жил бүхэлд нь Тэйлор Свифтийн сэдэвтэй хийж, зоригтойхон хөдөлжээ.
Зүүдний мэт зургаан минутын бичлэгийн турш тус компанийн ахмад ажилтнууд "алтернатив эрин үе"-ийн сэдэвтэй дууг ам барин дуулцгаасан байна. Түүгээр зогсохгүй компанийн Гүйцэтгэх захирал Стив Шварцман Тэйлор Свифтийн аялан тоглолтынхоо үеэр өмссөн солонгын өнгөөр гялалзсан хүрмээр гоён гарч иржээ.
Хиймэл оюун ба хайгуул
АНУ-ын Сан Франциско хотод төвтэй “KoBold Metals” компани хиймэл оюун ашиглан литийн хэд хэдэн орд илрүүлснээ мэдээллээ. Ингэснээр кобальтад түлхүү төвлөрөн ажиллаж байсан тус компанийн хувьд шинэ боломжууд гарч ирж байгаа аж.
Билл Гэйтс тэргүүтэй томоохон хөрөнгө оруулагчдыг татаад буй энэхүү стартап БНСУ, Австрали, Намиби, Канадын Квебек муж болон АНУ-ын Невада мужид литийн орд илрүүлснийг Гүйцэтгэх захирал нь мэдэгдсэн байна.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 27 хувьтай явагдаж байна
Стефен Чу: АНУ бодлогын хүүгээ эрчимтэй бууруултал Монголбанк хүүгээ бууруулах гэж яарах шаардлагагүй
Бүтээгдэхүүн дэх сахрын хэмжээг бууруулах үүрэг хариуцлага бүхий хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжив
Онцлох чарт
Хиймэл оюуны трендээс хоцрох вий гэсэн айдас Парис, Берлинд хүчтэй байна.
Франц, Герман улсууд технологи-аж үйлдвэрийн өөр нэгэн хувьсгалыг өдгөө дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй технологийн компаниудын эрэмбэд ноёлж буй АНУ, Азид дахин алдахыг хүсэхгүй нь дамжиггүй.
Зохицуулалт хэдий чухал боловч Европыг технологийн салбарт хөндлөнгийн оролцогчийн байр сууринаас нь холдуулахад хангалттай бус байгааг шинжээчид бичиж байна.
Өнөөдрийн онцлох зураг
“Bloomberg-ийн 2023 оны шилдэг гэрэл зургууд” цувралаас:
БНПУ тусгаар тогтносны 105 жилийн ойн баярын жагсаалд оролцогсод Варшав хотын төв хэсэгт, 11 дүгээр сарын 11
Kiyoshi Ota/Bloomberg