2023/12/15

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Ногоон чиг хандлагаар хөгжих төлөвтэй амины орон сууцны зах зээлийг энэ дугаарт онцлов.

  2. Монголбанк бодлогын хүүгээ 13%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Бодлогын хүүгээ бууруулах гэж яарах шаардлагагүйг шинжээч хэлж байна.

  3. АНУ-ын Холбооны Нөөцийн банк шиг бодлогын хүүгээ бууруулах чиглэлд алхам хийхгүй, энэ тал дээр яарахгүй хэмээн Европ болон Английн төв банкны удирдлагууд мэдэгдлээ.

Амины сууц, амин чухал шилжилт

Агаарын бохирдол, хэт төвлөрлийн асуудал даамжрах хэрээр эрүүл агаарт, өөрийн гэсэн газартаа тав тухтай орчин бүрдүүлж амьдрах нь тааламжтай сонголт болох нь дамжиггүй. Тэгвэл Улаанбаатар хотын амины сууц, хаусны зах зээл, чиг хандлагын талаарх мэдээллийг товчхон хүргэе.

Хаусны зах зээл

III улирлын байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд хаусны дундаж үнэ 1 м.кв нь 4.7 сая төгрөг болж өмнөх улирлаас 3.81 хувиар буурчээ. Үл хөдлөхийн салбарт нийлүүлэлт хумигдсанаар 2022 оны сүүлийн хагасаас хойш нэг болон хоёр өрөө байрны үнэ зарим байршилд бүр 2-3 дахин өссөн байхад хаусны үнэ ижил хугацаанд 11.65 хувиар өссөн байна.

Байршлаар нь харвал Хан-Уул дүүрэгт хаусны дундаж үнэ хамгийн өндөр буюу 5.32 сая төгрөгөөр захиалга авч байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу 4.4 сая төгрөг байгааг Barilga.mn мэдээлж байна. Харьцуулбал шинэ орон сууцны дундаж үнэ III улирлын байдлаар 3.75 сая төгрөг байгаа юм.

Өндөр үнээс шалтгаалан өдгөө ялангуяа залуусын дунд үл хөдлөх хөрөнгийг өмчлөх бус түрээслэх сонирхол их болсныг салбарын мэргэжилтнүүд хэлэх болсон. Үүнийг дагаад хүмүүс сүүлийн үед амины орон сууцанд хөрөнгө оруулалт хийж, бүрэн тохижуулаад түрээслэх хандлага ажиглагдаж байгааг “Arcus Agency” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Найгалмаа онцолж байлаа.

Дашрамд дурдахад III улирлын байдлаар Улаанбаатар хотод 7,084 айлын хаус бүхий нийт 157 төсөл хэрэгжиж байгаа аж.

Ногоон чиг хандлага

Дэлхий дахинд, мөн Монголд амины орон сууц эрчим хүчинд хэмнэлттэй, ашиглалтын зардал бага байх нь томоохон шалгуур болж, цаашдаа энэ чиглэлд ногоон зээл, татаас олгох нь улам нэмэгдэх төлөвтэй. Иргэд ч мөн нүсэр том хаус гэхээсээ илүүтэй өөрийн хэрэгцээ шаардлага, ашиглалтын давуу талуудыг нарийн тооцоолж, 80-100 м2 хүртэлх талбайтай, нэг давхар амины орон сууцыг түлхүү сонирхож байгааг Barilga.mn онцолжээ.

Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төсөлд өдгөө банкнууд 12-16 хувь хүртэлх хүүтэй, дээд хэмжээ нь 1 тэрбум төгрөгийн ногоон зээл олгож буй. Түүнчлэн энгийн амины орон сууцны дулааны хэрэглээний 10 хувьтай л тэнцэх дулааны нийлүүлэлт шаардагддаг пассив сууц нь сүүлийн жилүүдэд ихээхэн дэмжлэг авч буй шийдэл болоод байна.

Монгол Улс эрчим хүчний алдагдал ихтэй барилгуудыг пассив барилгаар сольсноор нүүрснээс гарган авах дулааны зардлыг 90 хувиар хэмнэх боломжтой гэж Олон улсын пассив барилгын хүрээлэнгийн сургагч багш, профессор Лий Пил-Рюл Bloomberg TV Mongolia-д ярилцлага өгөхдөө хэлж байсан юм.

Төсвийн тэлэлт & бодлогын хүү

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлаараа бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Ийнхүү бүтэн жил орчмын хугацаанд бодлогын хүү 13 хувьд хадгалагдаж байна.

Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчин болон инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бодлогын дараагийн алхмыг хэрэгжүүлнэ гэж Монголбанк мэдээлсэн. Бодлогын хүүг бүтэн нэгж хувиар бууруулах орон зай байсан ч ирэх онд төсөв 20 орчим хувиар тэлж, энэ нь инфляцыг хөөргөдөх эрсдэлтэй учраас бодлогын хүүг хэвээр үлдээхээр шийдвэрлэснийг төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлж байв.

Байр суурь

“Ирэх онд Монгол Улсын эдийн засаг БНХАУ-тай адил хэмжээнд буюу 5 хувийн өсөлттэй байна гэж харж байна. Энэ нь Монгол Улсад өөрийн мөнгөний бодлогоо тодорхойлж хэрэгжүүлэх орон зай байна гэсэн үг. Гэхдээ одоо бол бодлогын хүүгээ бууруулах гэж яарах шаардлагагүй гэж харж байна. Ирэх онд эдийн засгийн өсөлт бага зэрэг удаан байж болно. Гэсэн ч Холбооны нөөцийн банк мөнгөний бодлогодоо ямар нэг өөрчлөлт оруулах хүртэл Монгол Улс бодлогын хүүгээ бууруулах шаардлага байхгүй” хэмээн Bloomberg Intelligence-ийн Бодлогын хүүгийн ахлах стратегич Стефен Чу онцоллоо.

Зөөлрүүлэх дохио

АНУ-ын Холбооны Нөөцийн банк мөн бодлогын хүүгээ 5.25-аас 5.5 хувийн түвшинд хэвээр хадгалах шийдвэр гаргаад зогсохгүй 2024 онд гурван удаа бууруулах дохио өгөөд буй. Тэгвэл JPMorgan болон Goldman Sachs банкнууд бодлогын хүүг бууруулж эхлэх хугацааг 6-р сард гэж үзэж байна.

Мөн АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен ирэх оны эцсээр АНУ-ын инфляцын түвшин зорилтот хоёр хувийн түвшинд очино гэж таамаглаж буйгаа CNBC-д өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ.

Хэт олон ББСБ

Үнэлгээний "Fitch Ratings" агентлагаас Монгол Улсын банкны салбарыг 2024 онд "neutral" түвшинд буюу одоогийн түвшнээс муудахгүй ч бас сайжрахгүй гэж дүгнэжээ. Ирэх онд Монголын банкнуудын чанаргүй зээлийн харьцаа аажмаар буурч, зээлийн өртөг бас үргэлжлэн буурна гэж үзсэн байна. Харин зээлийн өсөлт 2024 онд энэ оноос харьцангуй удаан байх боловч хоёр оронтой тоонд хадгалагдана гэж тооцоолжээ.

Өдгөө манай улсад системийн нөлөө бүхий 5 банк нийт банкны салбарын хөрөнгийн 80 хувийг бүрдүүлдэг бол 522 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа аж. Эдийн засгийн хэмжээ, бусад хөгжиж буй орнуудын санхүүгийн салбарын бүтэцтэй харьцуулахад Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ББСБ-уудын тоо маш их байна гэж "Mongolian Investment Rating Agency"-ийн Хамтран үүсгэн байгуулагч Мохаммед Тажул Ислам хэлж байлаа.

Цалин өсөв

Ажиллагчдын сарын медиан цалин 1.55 сая төгрөг байгаа нь өмнөх улиралтай харьцуулахад 8.4 хувиар буюу 121.2 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт болохыг ҮСХ мэдээлэв. Эдийн засгийн салбарууд дундаас олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн газарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 5.1 сая төгрөг байжээ.

Тэрбумтны их сургууль

Цар тахлын үеэр Техас руу бизнесээ нүүлгэсэн Илон Маск өдгөө тус мужийн Остин хотод их сургууль байгуулахаар төлөвлөж буйг тэрбумтны хандивын сан болох The Foundation-ийн татварын тайланд дурджээ.

Тус боловсролын байгууллага нь Илон Маскаас бэлэглэл хэлбэрээр 100 гаруй сая ам.долларын гарааны хөрөнгө оруулалт авсан бөгөөд Шинжлэх ухаан, Инженерчлэл, Математик, Технологийн (STEM) хөтөлбөрт суурилсан бага, дунд сургууль хэлбэрээр байгуулагдах аж. Харин үйл ажиллагаа нь эхэлсний дараа дээд түвшний боловсрол олгох их сургууль болон өргөжин тэлэх зорилготойг ойрын эх сурвалж мэдээлжээ.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • Монгол Улс бизнесийн эрх чөлөөний үзүүлэлтээр 176 улсаас 73 дугаарт бичигдлээ

  • Хөрөнгийн топ менежерүүд 2024 онд иен болон Энэтхэг, Индонезийн хувьцаануудыг авахыг зөвлөв

Онцлох чарт

БНХАУ-ын төсвийн алдагдал 2023 онд уламжлалт дээд хязгаар болох ДНБ-ий 3 хувийг даваад байна. Хэдийгээр мөнгөний бодлогыг идэвхтэй ашигласнаар тодорхой эрсдэлүүдийг хязгаарлаж болох ч эдгээр дэмжлэг төсвийн алдагдал нэмэгдэхэд нөлөөлөх магадлалтайг “Fitch” тайландаа дурджээ.

Тус агентлаг БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2023 онд 5.3 хувь байсан бол 2024 онд буурч 4.6 хувьд хүрэхээр байгааг лхагва гарагт гаргасан тайландаа мөн онцолсон байна.

Өнөөдрийн онцлох зураг

“Bloomberg-ийн 2023 оны шилдэг гэрэл зургууд” цувралаас:

Гадаад арилжааны брокер “Gaitama.com Co”-ийн нэгэн дилер арилжааны дэлгэцийг хянангаа үдийн хоолоо идэж буй нь - Токио хот, 10 дугаар сарын 5

Kiyoshi Ota/Bloomberg