- Business newsletter
- Posts
- 2023/12/14
2023/12/14
Powered by:
Гурван өгүүлбэрээр
ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахааргүй болсныг мэдээллээ.
АНУ-д инфляц зорилтот 2% руу дөхсөөр буй энэ үед төв банк нь бодлогын хүүгээ ирэх онд хэд хэдэн удаа бууруулах дохио өглөө.
Apple-ийн хувьцааны ханш 7-р сарын дээд түвшнээ давж, компанийн үнэлгээ $3.08 их наяд болов.
Оргилдоо хүрсэн асуудал
ОХУ-аас нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг хязгаарлахтай холбоотой өчигдөр гарсан мэдээллүүд Монгол Улсын эрчим хүчний тогтолцооны суурь асуудлууд, эрчим хүчний хараат байдлын эрсдэл, сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг дахин анхаарлын төвд орууллаа.
Хүлээх цаг үлдсэнгүй
ОХУ-аас нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахааргүй болсныг Монгол, Оросын ЗГ хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов мэдээллээ. Үүнээс өмнөхөн тус улсын хоёр ЦС-д гэмтэл гарсан шалтгаанаар манай улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчний дээд хэмжээг 345 мВт-аас 150 мВт болгож бууруулах мэдэгдэл хүргүүлж, улмаар шаардлагатай үед эрчим хүч хязгаарлахаас өөр аргагүй байдалд хүрснийг Эрчим хүчний сайд анхааруулаад байв.
Нийт цахилгаан эрчим хүчнийхээ 20 гаруй хувийг импортоор авдаг манай улсад багагүй сандрал үүсгэсэн дээрх мэдээллүүд нь эрчим хүчний найдвартай байдалд амин чухал төслүүдийг удааширч гацсан, шийдлээ хүлээж буй нөхцөл байдлаас яаралтай гаргах ёстойг тод харууллаа.
1980-аад оны сүүлээс хойш яригдсан V цахилгаан станцын байршлыг нь ч сонгож чадахгүй байсаар цаасан дээр үлдсэн төсөл болж үлдсэн. Тэгвэл мөн л олон жил дуншиж буй Тавантолгойн цахилгаан станцын хувьд одоогоор төслийн хоёр оролцогч нь хоорондоо шүүхийн маргаантай байгаа бөгөөд маргаан шийдэгдвэл 2024 ондоо багтаагаад бүтээн байгуулалтын ажил нь эхлэхийг Эрчим хүчний сайд өчигдөр мэдээлж байв. Харин 400 мВт-ын хүчин чадалтай Багануурын цахилгаан станцын төсөл хуучин хөрөнгө оруулагчид нь гарсан шалтгаанаар зогсжээ.
Ажил нь урагшилж буй төслүүд гэвэл 300 мВт-ын хүчин чадал бүхий Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний 150 мВт-ын блокийг 2024 оны III улирлын төгсгөлд ашиглалтад оруулахаар байгаа аж. Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө ОХУ-аас эрчим хүчний импорт тасалдсан тохиолдолд хомсдолыг нөхөх чухал ач холбогдолтой өндөр хүчин чадлын анхны батарей станц ашиглалтад орсон юм.
Хамгийн үр ашигтай хувилбар - СЭХ
Ойрын ирээдүйд болон урт хугацаандаа санхүүжилт олоход хамгийн хялбар, үнэ өртөг хамгийн багатай сонголт нь сэргээгдэх эрчим хүчний төслүүд болж байна. Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн (IRENA) тооцоолсноор Монгол Улс зөвхөн нар, салхины эрчим хүчний нөөцөөсөө жилд 15 мянган тераватт/цаг эрчим хүч үйлдвэрлэх боломжтой нь 18 сая тонн нүүрсийг орлохуйц хэмжээ аж.
Монгол Улс 2019 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг шинэчлэн баталснаас хойш хэрэгжиж буй нарны ЦС-ын төслүүдийг бид өмнө нь танилцуулсан. Харин 266 сая ам.долларын өртгөөр босох Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийг 10 дугаар сард БНХАУ-ын талтай байгуулсан бөгөөд ЭХЯ-ны мэдээлснээр дөрвөн жилийн дотор баруун бүсийг цэвэр эрчим хүчээр хангаж эхлэх хүлээлттэй байна.
Газрын тос, химийн үйлдвэр
Монголд газрын тос боловсруулах үйлдвэр барьсны дараа химийн үйлдвэр барихаар төлөвлөж байгааг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг мэдээллээ. 2026 онд бүтээн байгуулалтын ажил нь дуусах хүлээлттэй байгаа тус үйлдвэрт 1.5 сая тонн газрын тос боловсруулж шатахуун үйлдвэрлэхэд дагалдаж гарах бүтээгдэхүүн нь зөвхөн зуухны түлш байх аж. Тус түлшээр үйлдвэрийн цахилгаан станцын нийлүүлэлтийг хангаж, үлдсэнийг нь БНХАУ тэргүүтэй гадаад зах зээлд борлуулахаар төлөвлөснийг тэрбээр онцолжээ.
Вьетнамтай найзлах өрсөлдөөн
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин зургаан жилийн дараа анх удаагаа Вьетнам улсад айлчилж, Азийн стратегийн чухал түнш нь АНУ-тай хэт ойртохоос сэргийлэх арга зам эрэлхийлэв. Тиймдээ ч тэрбээр “бүс нутгийг үймүүлэх ямар нэгэн оролдлогыг сөрөх хэрэгтэй” гэж айлчлалынхаа үеэр захисан байна. Хоёр өдрийн айлчлалын төгсгөлд Хятадын тал Вьетнамын экспортын амин судас болох шинэ төмөр замыг санхүүжүүлэхээр гэрээ байгуулжээ.
Үүнээс ердөө гурван сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Вьетнамд анх удаа айлчилж, “тус улстай хамтрах асар их боломж байна” гэж хэлж байв. Тус айлчлалаар АНУ болон Вьетнам хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээс эхлээд батлан хамгаалах хүртэлх олон салбарт хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм.
Түүхэн тохиролцоо
Дубай хотод болсон COP28 уур амьсгалын чуулга уулзалт бүх төрлийн шатах түлшнээс татгалзах шилжилттэй холбоотой хэлэлцээр анх удаа байгуулснаар өндөрлөлөө.
Хэлэлцээрт улс орнуудыг түргэн хугацаанд, мөн эмх журамтай, үнэн шударга байдлаар эрчим хүчний тогтолцоогоо шатах түлшнээс хамааралгүй болгохыг уриалжээ. Түүнчлэн энэхүү шилжилтийг зөвхөн бие даан хийлгүйгээр дэлхий даяарх шилжилтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулахыг уриалсан байна.
Хэдийгээр чуулганы үр дүн дийлэнх орнуудын дэмжиж байсан шатах түлшний хэрэглээг бүрэн халах зорилттой нийцээгүй ч нэгэн шинэ эхлэлийг тавьж чадсан гэдгээрээ онцлог болж байна. Өмнөх COP-ын уулзалтуудаас гарсан баримт бичгүүдэд олон жилийн турш дэлхийн эдийн засгийг тэтгэж ирсэн газрын тос, байгалийн хийнээс татгалзах тухай огт дурдагдаж байгаагүй юм.
iPhone-ийн хамгаалалт чангарна
“iPhone” утас хулгайд алдагдсан, мөн гэмт этгээд хэрэглэгчийн нууц кодыг мэдэж авсан тохиолдолд тухайн утсан дээрх нэн чухал мэдээлэлд хандах боломжийг нь хязгаарлах шинэ функцыг “Apple” нэвтрүүлэхээр болжээ. “Stolen Device Protection” нэртэй тус функцыг агуулсан iOS 17.3 үйлдлийн системийн шинэчлэлийг тус компани мягмар гарагт туршилтын бета хэлбэрээр гаргасан байна.
Уг сайжруулалтаар хулгайлагдсан утаснаас хадгалсан нууц үг харах, Apple ID тохиргоог нь өөрчлөх, төлбөрийн мэдээллийг нь авах, “Find My iPhone” функцийг идэвхгүй болгох үйлдэл хийх үед нууц код бус Face ID болон Touch ID шаарддаг болох юм байна.
Bloombergtv.mn танд санал болгож байна
“Nasdaq 100 Index”-д “DoorDash” шинээр нэмэгдэж, “Zoom” хасагдав
НҮБ: Дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалтын ⅓ нь хүнсний тогтолцооноос үүдэлтэй
Онцлох чарт
Ирэх онд АНУ-ын нар, салхины цахилгаан станцуудын үйлдвэрлэсэн эрчим хүч нүүрсээр ажилладаг ЦС-уудынхаас түүхэндээ анх удаа давахаар байна. Нүүрсний ЦС-уудыг ашиглалтаас гаргах үйл явц үргэлжилснээр энэ онд нүүрснээс 669 тэрбум кВт/цаг эрчим хүч үйлдвэрлээд буй тус улс ирэх онд 599 тэрбум кВт/цаг болгож бууруулах тооцоотой байгааг мягмар гарагт Засгийн газрынх нь гаргасан дата мэдээлэлд дурджээ.
Өнөөдрийн онцлох зураг
“Bloomberg-ийн 2023 оны шилдэг гэрэл зургууд” цувралаас:
БНХАУ-ын Хуаинаньд хуучин нүүрсний уурхайн карьер дээр барьсан хөвдөг нарны цахилгаан станц (Тавдугаар сарын 15)
Qilai Shen/Bloomberg